Шууд Chart

Аугаа их Эх орны дайны ялалт бидний хамтын ялалт юм

2021-05-09 06:55:55

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиож байна. Хүн төрөлхтний түүхэнд гай гамшиг учруулсан II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн билээ. Энэ дайн нь ОХУ болон Монгол Улсын түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, хоёр орны ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн билээ. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж, ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн.

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг дайн эхэлсний маргааш өдрөөс нь эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг дурдахгүй байхын аргагүй. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм. Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ.

1941 оны ХI сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ.Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн байлдааны зэвсэг бол ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цуваа юм. Зөвлөлтийн баатарлаг Улаан цэрэгт бэлэглэх, уг танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлыг Засгийн газар хариуцсан бөгөөд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулж, 1943 оны I сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд Монголын ард түмний бэлгийн гурав дахь ээлжийг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Энэ бригад хожим нь гвардийн танкийн 44 дүгээр бригад хэмээн нэрлэгдэх болж, Москвагийн дэргэдээс аян дайны түүхэн замналаа эхэлж Берлин хүртэл байлджээ.

Тус бригад нь 7 удаа одонгоор шагнагдсаны дээр бригадын дарга, хурандаа И.И.Гусаковский ЗХУ-ын хошой баатар, 15 хүн ЗХУ-ын баатар цолоор, дарга, байлдагч 7770 хүн Зөвлөлт, Монгол, Польшийн одон тэмдгээр тус тус шагнагдсан байдаг.Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол Ард” нисэх онгоцны эскадриль билээ. Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадриль Белорусс, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөх байлдааны үүргийг амжилттай биелүүлж, Монголын ард түмний итгэлийг биелүүлсэн билээ. “Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан янз бүрийн фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны ҮII сард Оршийн нэрэмжит болжээ.Улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх нь Эх орны дайны фронтод туслах нэг чухал ажил байлаа. Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 морьд худалдаж, 32,538 шилдэг хүлгийг бэлэглэжээ. Улаан армид бэлэглэсэн монгол морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, ялалтад хувь нэмрээ оруулсан билээ.Тухайн үед ЗХУ-д сурч байсан оюутан, сонсогч нар бэлэг хуримтлуулах ажилд идэвхтэй оролцож, чадах бүхнээ хийж байсан бөгөөд тэд суралцаж буй хотдоо дайсны тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх, нисэх буудлыг хамгаалах, танк эсэргүүцэх саад байгуулах, нуувч, шуудуу ухах, эргүүл, манаанд гарах, дайсны хаясан шатаагч бөмбөгийг унтрааж аюулгүй болгох, өвчтөн, шархтныг асрах, донор болох зэргээр гар бие оролцож байжээ.

Тусламжийн өөр нэг хэлбэр нь Монголд амьдардаг Зөвлөлтийн харьяат нарт үзүүлсэн тусламж юм. Тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдийг улаан армид татах болсонтой уялдаж тэдний ар гэрт, мөн байлдаанд оролцож тахир дутуу бологсод, амь үрэгдэгсдийн ар гэрт тусгай тэтгэвэрээс эхлээд орон сууц олгож байсныг дурдахгүй байхын аргагүй. Монголын ард түмэн ЗХУ-ыг тус улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа бологч төдийгүй ах хэмээн хүндэлж, хайрлаж байсны илэрхийлэл нь энэхүү дайн байсан билээ.

1945 оноос өнөөг хүртэлх хугацаанд Орос-Монголын харилцаа, тэр дундаа цэрэг, армийн түүхэнд олон тэмдэглэлт, эргэн дурсагдах үйл явдлууд байсан бөгөөд Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулахад зэвсэглэл, байлдааны техник хэрэгслээр хангасан, цэрэг, дарга нарыг цэргийн эрдэмд шамдан боловсроход бүх талаар тусалж байсан зэргийг түүхийн онцлон тэмдэглэж байна. Мөнхийн хөрш, ах дүүгийн найрамдалт Оросын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын баярын мэндийг дахин хүргэж, Орос-Монголын найрамдалт харилцаа улам батжиж, түүхийн алтан хуудаснууд улам баяжин дэлгэрсээр байна.

Эх сурвалж: ЗХЖШ


Аугаа их Эх орны дайны ялалт бидний хамтын ялалт юм  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй