Шууд Chart

Д.Гантулга: Тушаал аваад очсон газар бүртээ үр бүтээлтэй ажиллах юмсан л гэж боддог

2021-05-11 10:29:21

“Онцгой мэдээ” сонины энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантулгыг урьсан юм. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө хүргэе.

-Хүүхэд насны дурсамж хамгийн гэгээхэн бөгөөд мартагдашгүй зүйлсээр дүүрэн байдаг гэдэг. Тэгэхээр хоёулаа таны хүүхэд наснаас яриагаа эхэлье?

-Хүүхэд нас гэдэг мэдээж хамгийн гэгээн цайлган үе шүү дээ. Миний хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрж, өссөн. Таван хүүхэдтэй айлын дундах нь. Аймагтаа 10 жилийн сургуулиа төгссөн. Хүүхэд нас маань тэр үеийн хүүхдүүдийн л адил сурч, хүмүүжиж, дэггүйтэж л өнгөрсөн. Аав маань насаараа хуулийн байгууллагад ажилласан. Өмнөговь аймагтаа прокурорын туслахаас эхлээд аймгийн прокурор хүртэл ажилласан. Харин ээж маань санхүүгийн мэргэжилтэй. Хуучнаар усны аж ахуйн газар, газрын алба, аудит зэрэг газруудад нягтлан, эдийн засагч хийж байсан. Би дээрээ нэг ах, нэг эгч, доороо хоёр эрэгтэй дүүтэй. Одоо бүгд л төрийн албан зүтгэцгээж байна даа. Өөрийнхөө тухай болоод гэрийнхнийхээ тухай товчхон танилцуулахад ийм байна.  

-Хүүхэд насны мөрөөдөлд ч олон өнгөтэй байдаг. Тэр дундаа хөвгүүд ихэвчлэн атаман, цагдаа, цэргийн хүн, нисгэгч болно гэсэн мөрөөдөлтэй байх нь бий. Таны хувьд цэргийн хүн болох багын тань мөрөөдөл байв уу, эсвэл…?

-Миний хувьд эсрэгээрээ. Ийм, тийм мэргэжилтэй болно гэж яриад байдаггүй, сургуулиа ямарч байсан төгсчих  юмсан гэсэн бодолтой л хүүхэд явлаа. Тэр дундаа цэргийн хүн болно гэж бодох нь битгий хэл цэрэгт ч явахгүй гэж боддог, аавыгаа намайг цэрэг татлагаас аргалж өгөөрэй гэдэг байлаа шүү дээ.

-Гэтэл яагаад  энэ бодол 180 градус эргэчихдэг билээ?

-Аравдугаар ангиа төгсөөд конкурс өгөхдөө аав маань хуулийн хүн учраас цагдаагийн сургуульд орно оо гэж бодож байсан юм. Тэгээд л шалгалтаа өгсөн. Цагдаагийн сургууль, цэргийн сургууль адилхан нийгмийн хичээлээр суурь шалгалт өгдөг. Тэр үед цагдаагийн сургуулиас гадна хилийн цэргийн сургуулийн хоёр хуваарь, ерөнхий цэргийн сургуулийн нэг хуваарь ирсэн байсан юм. Ингээд суурь шалгалтадаа тэнцээд л цэргийн сургууль руу хөрвөөд орчихсон доо. Конкурсдээ хоёроор гарсан учир Хилийн цэргийн сургуулийн соёл хүмүүжлийн ажилтан, эрхзүйч гэдэг ангийг сонгож авсан.

Мэдээж цэргийн сургуульд орсон хүн хамгийн түрүүнд каринтинд ирсэн байх. Цэргийн сургуульд орох нь байтугай цэрэгт ч явахгүй гэж боддог байсан хүн гэнэтхэн сонсогчийн амьдралд ороод ирэхээр ямар санагдаж байв?

-Тэгэлгүй яах вэ, сургууль эхлэхээс өмнө каринтинд ирсэн. Аав маань намайг сургуульд хүргэж ирсэн юм. Тэр үед хүүхдүүдэд эргэлт их ирнэ. Гэтэл аав маань намайг хүргэж ирснээсээ хойш долоо хоногийн дараа нэг ирчихээд л “за одоо аав нь нутаг буцлаа” гэчихээд яваад өгсөн. Би уг нь бусад хүүхдүүд шиг ойр ойрхон эргэлт авмаар санагдаад байгаа шүү дээ, дөнгөж арван зургаа, долоотой л хүүхэд хойно. Гэлээ гээд яах вэ, за гээд л үлдсэн дээ.

-Зам харуй муутай тэр үед Өмнөговиос хот руу ойр ойрхон ирэх боломж нөхцөл нь ч хомс байсан биз?

-Хожим аав маань “Би ойр ойрхон эргээд байвал чадалгүй л яах вэ. Гэхдээ дахиж нэг л удаа очсон бол энэ хүүхэд намайг дагаад буцаад ирэх байсан юм” гэж ярьж байсан.

Тухайн үед зам харгуй бол үнэндээ муу байсан шүү. Унаа тэрэг ч олдоц муутай. Оросын УАЗ-469, фургон гэсэн автомашинууд олдвол хачин сайхан унаа таарлаа гэж бодно шүү дээ. Тэр байтугай би нэгдүгээр курсээ төгсөөд дүүрэн хүнсний ногоо ачсан ЗИЛ-131 машины ачаан дээр хоёр хоног яваад харьж байлаа.

Ингэж л эргэлтгүйгээр цэргийн хүн болсон. Сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн 8 дугаар отрядын 6 дугаар заставт орлогчоор томилогдож ажилласан. Тухайн үед хилийн застав эл хульхан, хөгжил муутай байлаа. Дээрээс нь залуу хүний тогтворгүй зан ч нөлөөлсөн биз. Хэсэг хугацаанд ажиллаж байгаад ерөөсөө төвд орж ажилламаар санагдаад 2004 онд Өмнөговь аймгийн Гамшгаас хамгаалах штаб дөнгөж байгууллагдаад байхад хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр орсон. Түүнээс хойш Онцгой байдлын байгууллагадаа тасралтгүй ажиллаж байна даа.

-Хилийн цэргээс гурван байгууллага нэгтгэн шинээр байгуулж байгаа газарт орж ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Эрс тэс өөр л дөө. Гэхдээ өөрийнхөө хүсэл зоригоор төв бараадая гээд орж ирсэн болохоор эрс өөр орчинд ирсэн нь надад сайхан байсан. Гурван байгууллага дөнгөж нэгдэж, шинэ байгууллага бүрэлдэн тогтож байгаа болохоор асуудал бэрхшээл байлгүй яах вэ. Адаглаад л хилийн цэргийн хувцастай, армийн хувцастай,  галын ногоон хувцастай гээд  гурав дөрвөн өөр хувцастай нөхдүүд нэг өрөөнд сууна. Тэгээд дандаа өөр өөрсдийнхөө онцлогийг ярих.  Намайг бол галын мэргэжилгүй хүн орж ирлээ гэх жишээний. Гэтэл би сургалтыг давхар хариуцдаг учраас  жинхэнэ галын мэргэжлийн хүмүүст сургалт хийхийн тулд сайн сурч, боловсрох гээд зөндөө асуудлууд байсан. Тэр болгоныг даван гарсан. Хамт олон маань ч нэг санаа зорилгын дор ажиллах болсон гэдгээ ч ухаарсан. Тэгээд ч хууль эрхзүйн орчинд өөрчлөлт орж, Онцгой байдлын байгууллага болоод, чиг үүрэг ч өргөжөөд ирсэн, хувцас хунарын хувьд ч жигдрээд ирсэн. Тухайн үед удирдаж байсан удирдлагууд маань ч мундаг удирдсан. Өнөөдөр эргээд харахад түүхийг бүтээж чадсан байна. Байгууллага маань үнэхээр сайхан хөгжиж байна.

-Ажил, амьдралын ийм эргэлт дунд нэг хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл ч юм уу, эсвэл ямар нэгэн үйл явдал тухайн хүний амьдралын мартагдашгүй дурсамж болон үлдсэн байх нь бий. Таны хувьд тийм дурсамж байвал хуваалцахгүй юү?

-Хилийн цэргийн сургуульд сурч байхдаа олон газраар явж дадлага хийдэг байлаа. Увс, Завханы чиглэлд “Хавар-99” гэдэг операцид явж байсан. Тухайн үед малын хулгай ихсээд тийм ажиллагаа зохион байгуулсан юм. Тэгж явахад говийн хүн чинь хангай газар явж үзээгүй болохоор бэрхшээл гарч ирдэг л байсан. Тухайн үед бусдын адил даван туулаад л гарсан.

Мөн зун болохоор наадмын хүчлэн хамгаалалтад гарна гэх мэтээр дадлагаар олон газар, янз бүрийн юм хийж үзсэн. Эргээд дурсахад сайхан байдаг юм.

Ер нь тушаал аваад очсон газар бүртээ үр бүтээлтэй ажиллах юмсан л гэж боддог. Бид 2012 онд Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аваргын тэмцээнийг анх удаа хөдөө орон нутагт буюу Өмнөговь аймагтаа зохион байгуулж байлаа. Тухайн үед Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар Буянтогтох хурандаа ажиллаж байсан юм. Мөн одоогийн Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Адьяабаатар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч Бат-Эрдэнэ гээд бид нэгдээд гамшгаас хамгаалах говийн бүсийн сургалтыг төвийг байгуулна гээд сайхан цогцолборын үйл ажиллагааг эхлүүлж байлаа. Тэр үедээ л шинэлэг юм хийхээр зүтгэж, эхлүүлж байсан юм. Энэ болгоноо эргээд санахад мартахын аргагүй л байдаг.

-Та өөрөө спортын ямар нэгэн төрлөөр хичээллэж байв уу?

-Би волейболын спортын гуравдугаар зэрэгтэй. Хүүхэд байхдаа тэмцээн уралдаанд нэлээд ордог байсан. Ажлын талбарт гараад ч хамт олонтойгоо баг болоод тэмцээн уралдаанд орж л байлаа. 

-Тэгвэл Өмнөговиос яаж яваад Улаанбаатар ороод ирэв. Тушаалаар уу, эсвэл…?

-Би Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогчоор 2011 оноос эхлэн ажиллаж байгаад 2014 онд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академид суралцахаар болсон. Ингээд 2016 онд академиа төгсөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын орлогчоор томилогдон ажиллаж байгаад Уул уурхайн аврах ангийнхаа штабын даргаар томилогдож, өнгөрсөн оноос ангийнхаа захирагчаар томилогдоод ажиллаж байна. Цэргийн хүн тушаал хаашаа гарна, тийшээ л явна шүү дээ.

-Аливаа нэг газар шинэ албанд томилогдоход заавал нэг онцлог, сурч дадах зүйл гарч ирдэг. Магадгүй Уул уурхайн аврах анги таны бусад ажиллаж байсан газруудыг бодвол арай илүү онцлогтой байсан байх. Ажлаа юунаас эхэлж байв?

-Мэдээж очсон газар болгон өөр өөрийн онцлог, суралцах зүйлүүдтэй. Дорноговь аймагт томилогдож очоод удаагүй байтал мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчихсан. Тэр чинь бараг л улс орон даяарын юм болсон шүү дээ. Тэгээд ирэхээр шүлхий өвчинтэй яаж тэмцэх ёстой юм бэ, яаж үүнээс урьдчилан сэргийлэх ёстой вэ гээд бараг л малын эмчийн дайтай мэдэх хэрэгтэй болсон. Манай орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч дарга нар аймгийнхаа Онцгой комиссын нарийн бичгийн дарга нар байдаг шүү дээ. Бүх л юмыг төлөвлөдөг, онцгой комиссоороо оруулдаг, шийдвэрийг нь гаргуулдаг. Тэгэхлээр нарийн бичиг нөхөр зөв оновчтой шийдвэр төлөвлөж оруулж, танилцуулж байхгүй бол бүх юм буруугаар эргэчих гээд болдоггүй. За тэгээд шүлхийтэй тэмцэх ажилд нэлээд үзлээ.

Дараа нь Уул уурхайн аврах ангид ороод ирсэн чинь тэс өөр орчинд ороод ирсэн. Урд өмнөхөөс огт өөр. Яах вэ, тэр штабын дотоод ажил бол дүрэм, журмынхаа дагуу явчихаж байгаа юм. Гэтэл уул уурхайн аврах ангийн маань аврагчдын маань ажиллах орчин маш эрсдэлтэй. Ирээд удаагүй байтал дуудлага гардаг юм. Налайхын гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дээр хувиараа нүүрс олборлодог иргэд байдаг шүү дээ. Тэнд дуудлага гарлаа л гэж байна. Тэр газар руу би очиж үзээгүй байсан юм. Аврагч нартайгаа хамт яваад очлоо. Тэр орчныг ээ. Би урьд өмнө нь Монгол Улсад ийм газар байдаг гэж төсөөлөө ч үгүй. Аягүй тийм сонин орчин хүлээж байсан. Нэг ёсондоо эх орны дайнтай кинон дээр гардаг дайны дараах эвгүй орчин байдаг даа, тиймэрхүү л орчин шиг санагдаад байсан.

Хоёр иргэн агааргүй орчинд дарагдчихсан байсан. Туршлагатай аврагчид, дээрээс нь ажиллагааг удирдаж байгаа хүн нь байгаа болохоор тэр аврах ажиллагаанд би ажиглагчийн байрнаас л оролцсон. Манайхан ч нэг иргэнийг нь эсэн мэнд авраад гаргаад ирсэн. Нэг нь осолдсон байсан. Тийм аваар ослын орчинд зөвхөн манайхан ажиллана гэж байдаггүй. Биднээс түрүүлээд осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн оччихсон байдаг. Тэгээд л уйлсан, хашгирсан их сонин орчинд очиж байгаа юм.

Анх тэгж очоод л олон хүний дунд ирчихээд зүгээр хараад зогсоод байна гэдэг бол бүтэхгүй юм байна, ар гэрийнхэн нь удирдаж байгаа хүн нь хаана байна гэж ирээд юм асуухаар нь мэддэггүй.  Тэгэхээр уул уурхайн чиглэлийн тодорхой хэмжээний ойлголтыг олж авахгүй бол болохгүй юм байна гэж бодоод хамгийн эхлээд Уул уурхайн аврах ангийн дүрмээ судалж эхэлсэн дээ. Мэдээж уул уурхайн сургууль төгсөөгүй учраас мэргэжлийн талын асуух юмнууд байна.  Манайд уул уурхайн сургууль төгсчихсөн мэргэжлийн хүмүүс байгаа хойно тэднээсээ асууна. Тэгсээр  одооноос л арай дөртэй болж байна.

-Уул уурхайн аврагчдын бусдаас ялгарах гол онцлогийг тодорхойлооч гэвэл?

-Манай Онцгой байдлын байгууллагын аврагч бүр өөр өөрсдийн хүлээсэн үүргээ сайн мэдэж, гүйцэтгэдэг. Гэхдээ манай бусад чиглэлийн аврагчдын аврах үйл ажиллагаа нүдэн дээр ил харагдаад байдаг бол уул уурхайн аврагчдын аврах ажиллагаа далд орчинд, газрын гүнд, агааргүй, давчуу, хүндрэлтэй нөхцөлд явагддагаараа илүү эрсдэлтэй, онцлогтой. Аврагчид маань газрын гүнд байгаа тэр хүнийг аль болох л амьд мэнд гаргаад ирэх юмсан гэсэн зорилготой. Гэтэл өөрсдөө гарч ирэхгүй ч байж магадгүй эргэлзээтэй орчин руу л ордог. Ганц нэг уурхай руу нь дагаж орж үзсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн 2020 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд болсон аваар дээр багаа ахалж очсон. Тэнд 80 гаруй метрийн гүнд хоёр иргэн дарагдсан байсны нэгийг нь бид 30 гаруй цагийн дараа эсэн мэнд авсан. Нэг нь яалт ч үгүй амиа алдсан байсан. Хоёр өдөр, хоёр шөнө тасралтгүй ажилласан. Тухайн үед очиход их л хүндрэлтэй орчин хүлээж авч байсан.

Бид эндээс дуудлага аваад  тав, зургаан цагийн дараа очиж байгаа юм. Тэгэхэд Бэрх тосгонд байдаг Гал түймэр унтраах, аврах ангийнхан маань эхний ээлжийн арга хэмжээгээ авцгаачихсан, Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авчихсан байсан. Мэдээж ар гэрийнхэн нь мэргэжлийн хүмүүс ирлээ гээд  бөөн итгэл найдвар л хүлээж авсан.

Тэгээд хоёр офицероо оруулж орчин нөхцлийг нь үзээд, зураглалаа хийгээд, аврах ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр хоёр өдөр, хоёр шөнийн хугацаанд ар гэрийнхэн нь мөнхийн эргэлдээстэй. Одоо яаж байна, яах вэ гэж асуугаастай. Заримдаа та нар ажлаа хийхгүй байна гэж загнана. Мэдээж хүнээ эрсдэлд оруулчихсан хүмүүс ямар л олиг байх вэ дээ. Тэр болгоныг хүлээж авч тайлбарна гэх мэтчилэнгээр шинэ орчинд ирээд ажил үүргээ гүйцэтгэж л байна.

-Тийм эрсдэлтэй орчинг мэдсээр байж аврагчдаа үүн рүү ор гэж тушаал өгөхөд юу бодогддог вэ?

-Бэрхийн уурхайн тэр осол дээр яг тийм байдалтай тулгарсан шүү. Үнэхээр хүнд орчин байсан. Нуралт нь зогсдоггүй. Тэгээд нөхцөл байдлыг үнэлээд эхний очсон шөнөө аврах ажиллагааг нь зогсоосон. Өөрсдөө эрсдэлд орчих гээд. Аврагчдынхаа амь насыг бодохгүй бол болохгүй шүү дээ. Нөгөө талаар аврах ажиллагааг хурдан эхлүүлмээр байдаг. Яагаад гэхээр яалт ч үгүй нэг иргэн нь амьд байх магадлалтай байгаад байдаг. Гэтэл нуралтыг зогсоож байж аврагч нараа оруулмаар байдаг. Ийм хоёр туйлын дунд аврах ажиллагаагаа түр зогсоосон. Зогсоож байх хоорондоо бид чинь зүгээр байхгүй шүү дээ. Бэлтгэл ажлаа хангана. Тэр хооронд чинь ар гэрийнхэн нь яагаад ажлаа эхлэхгүй байгаа юм бэ, ажлаа хийхгүй байна гээд орилоод, хашгичаад л…

Ийм үед би тэр хүмүүсийн хэлж байгааг ер хүлээж авья гэж боддоггүй юм. Нэг чихээр ороод, нөгөө чихээр гарч л байна биз. Мэдээж бид өөрсдийнхөө үндсэн хийх ёстой зүйлээ хөндлөнгийн хүмүүсээр заалгахгүйгээр явуулна. Хамгийн гол нь аврагч нарынхаа амь насыг бодох ёстой. Тиймээс нэг аврагчийг хэзээ ч дангаар нь ажил гүйцэтгүүлдэггүй. Заавал хоёр, гурваар нь хамт ажиллуулдаг.

-Уул уурхайн аврах анги маань Үндэсний аврах бригадын харьяанд нэг хэсэг орсноо одоо дахиад бие даасан анги болчихлоо. Тэгэхээр шинэчлэлт өөрчлөлт хэр явагдаж байна даа?

-Үндэсний аврах бригадын бүтцэд нийлсэн ч, дахин бие даасан анги болсон ч бидний үндсэн үйл ажиллагаа хэвийн л явагдаж байна. Яах вэ, орон тооны хувьд жаахан өөрчлөлтүүд гарсан байсан бол одоо эргээд хэвийн байдалдаа очиж байна.

-Ингэхэд уул уурхайн аврагч болох сонирхолтой залуус ер нь хэр олон байдаг бол. Залгамж халаагаа та бүхэн хэрхэн бэлтгэдэг вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн ахлагчийн сургууль төгссөн залуучуудаасаа бид хүний нөөцийн нөхөн хангалтаа хийгээд явж байна. Шинээр томилогдсон залуусаа 2-3 сар өөрсдөө дахин бэлтгэдэг. Яагаад гэхээр ахлагчийн сургуульд тусгайлан уул уурхайн аврагчаар бэлтгэдэггүй. Дээрээс нь залуус маань дадлага хийхдээ ихэвчлэн аль нэг гал түймэр унтраах, аврах анги дээр очоод дадлагаа хийчихдэг. Тиймээс шинээр ирсэн хүмүүсээ өөрсдөө сургаж дадлагажуулдаг юм. Байнгын амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллахаас эхлүүлээд манай онцлог их. Тэгэхээр баганд нь дасгахаас эхлээд л зааж, сургадаг. Шигшигдсэн залуус л ажиллахаар ирж байгаа гэж би ойлгодог. Ажиллая гэсэн  хүсэл зорилготой залуус ирж байгаа болохоор няцаж шантрах асуудал гардаггүй. Орчин үеийн залуус гэж утас, компьютерээс салдаггүй, биеийн амрыг харсан нөхдүүд гэсэн бидний ойлголт одоо хоцрогдсон байна. Сүүлийн үеийн залуус их өөр болсон шүү. Дээрээс нь манай Онцгой байдлын сургуулийн ахлагчийн сургууль залуусыг боломжийн сайн түвшинд бэлтгэж байна гэж харж байгаа.

-Таны хувьд тэгвэл шинээр ажилд орж ирж буй залууст хамгийн түрүүнд юу захиж хэлдэг вэ?

-Хамгийн түрүүнд байгууллагынхаа онцлогийг танилцуулдаг. Урьд өмнөхөөс чинь эрс өөр орчин угтаж байгаа шүү гэдгийг танилцуулдаг юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлийн сургалтыг заавал оруулдаг. Тэгээд өөрийн хүсэл зоригоор ажиллахаар ирсэн учраас буцаж, няцалгүй сайн ажиллаарай гэж захидаг.

-Амьдралдаа баримталдаг таны зарчим гэвэл?

-Амалснаа биелүүлэх юмсан л гэж боддог.  Ерөөс аливаа зүйлийг хийнэ гэж бодож, төлөвлөсөн бол түүнийгээ ямар ч байсан биелүүлэхийг хичээдэг. Алба хаагчидтайгаа сайхан ярилцах дуртай. Ганцаараа шийдвэр гаргахаасаа илүүтэй алба хаагчдынхаа санал бодлыг сонсохыг боддог.

-Уул уурхайн аврах ангийн ой энэ жил тохиож байгаа. Ойн бэлтгэл гээд ажил их байна уу?

-Уул уурхайн аврах анги маань 1951 оны 07 сарын 16-нд байгуулагдсан түүхтэй. Энэ онд 70 жилийн түүхэн ой маань тохиож байна. Бид ойдоо 2019 оноос л эхэлж бэлдсэн. Хамгийн түрүүнд ажиллах орчин нөхцлөө сайжруулчих юмсан гээд нэлээд бүтээлч ажлуудыг хийлээ. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэх талаар чамгүй ажлуудыг хийсэн. “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 45001:2018 стандарт”-ыг нэвтрүүлж, 2020 онд баталгаажилтаа гардан авсан. Энэ стандартыг нэвтрүүлсэн нэг жилийн хугацаанд маш их ажлыг хийсэн. Уялдаа холбоотой ажилладаг байгууллагуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан сургалт дадлага, үзлэг шалгалт зохион байгуулсан гээд шат дараатай олон ажлыг өрнүүлээд байна. Аврах бүлэг маань Онцгой байдлын байгууллагын “Шилдэг бүлэг” болсон гэх зэргээр амжилт бүтээлч байна. Ингээд 2021 оны есдүгээр сард ойгоо тэмдэглэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Мөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд алба хаагчид маань тусгаарлалтын байранд үүрэг гүйцэтгэж байна гэх мэтчилэнгээр ажлууд ч нэлээд байна. Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт бичил уурхай ихтэй. Бид энэ газарт байнга урьдчилан сэргийлэх ажлууд, хяналт шалгалтыг хийдэг. Нэгэнт ажиллаад эхэлчихсэн хүмүүсийн үйл ажиллагааг нь хаа, зогсоо гэхээсээ илүүтэй аюулгүй ажиллагааг нь хангуулах заавар зөвлөмж өгч ажилладаг. Долоо хоногт 2-3 удаа явна. Харин Улаанбаатарт түүхий нүүрс түлүүлэхээ больсноос хойш осол аваар харьцангуй гайгүй болчихоод байна. Үүний хажуугаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууддаа бид хүрч ажиллахыг зорьдог. Сургалт явуулчих юмсан, хяналт шалгалтыг хамтраад хийчих юмсан гээд л төлөвлөөд ажилладаг. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас болоод зарим ажлууд маань тасалдах маягтай байгаа ч боломж бололцоондоо тулгуурлаад үндсэн ажлаа хэвийн явуулахыг хичээж ажиллаж байна.

-Тэгэхээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хамгийн том дэмжигч, найдвартай ар тал бол гэргий нар байдаг. Таны хувьд ч мөн ялгаагүй байх гэж бодно?

-Тэгэлгүй яах вэ. Миний гэргий Өмнөговь аймгийн Хүрмэн сумын бүсгүй. Бид 2006 онд нутагтаа танилцсан юм. Ханилж суугаад одоо гурван хүүхдийн ижий, аав болоод сайхан амьдарч байна. Манай хүн чинь анх танилцахад Өмнөновь аймгийн Онцгой байдлын газарт бичиг хэргийн ажилтан байсан юм. Сүүлд Улаанбаатарт шилжиж ирээд ажлаа өөрчилсөн.

Үнэндээ бол ажлыг минь хамгийн сайн ойлгодог, хамгийн найдвартай ар тал минь шүү дээ. Заримдаа бодоход гэр бүлийн амьдралд миний оролцоо маш бага ш дээ/инээв/.

-Амьдралдаа мартахааргүйгээр хамгийн их баярлаж байсан мөчийг дурсаач гэвэл?

-Анхныхаа хүүхдийг төрөхөд, тэгээд бүр хүү төрлөө гэхэд маш их баярлаж байсан.

-Амралт чөлөөт цагаараа сонирхдог зүйл, хобби бий юу?

-Болж өгвөл зааланд бөмбөг өшигчөөд зогсч байх дуртай. Багадаа сагс, волейбол сонирхож, хичээллэж явсан болохоор ер нь спортоор хичээллэх зав зай, цагийг бол өөртөө гаргаад байдаг юм.

-Таны бахархал гэвэл?

-Олон байна л даа. Ааваараа бахархаж явдаг. Цэргийн хүн болсноороо бахархдаг. Дээрээс нь жил болгон ажлаа дүгнэхдээ алба хаагчид маань аваар осолгүй ажилласанд бахархаж байдаг.  

-Тэгвэл энэ олон жилийн хугацаанд цэргийн байгууллагаас шантрах үе байв уу?

-Ер нь цаашаа яваад байхыг л бодож байснаас шантарч үзээгүй шүү.

-“Дайсангүй бол нөхөргүй” гэсэн нэг үг байдаг. Үүнтэй санал нийлэх үү. Та ер нь “дайсантай” болов уу?

-Мэдэхгүй. Миний хувьд шүүмжлэлийг өөрөө өөрийнхөө алдааг цэгнэхэд тустай гэж хүлээж авдаг болохоор дайсантай эсэх талаар бодож байгаагүй юм байна. Өөрөө ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ер нь тэгээд ажил хийж байхад шүүмжлэл гэдэг зүйл байх л ёстой зүйл, өөрийгөө өмөөрөөд байх ч шаардлага байхгүй гэж боддог. Харин алба хаагчдаа бол өмөөрнө шүү. Танайхан тэгээд, танайхан ингээд гэсэн үгэнд л дургүй.

-Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Цаг зав гаргасан танд баярлалаа.

-Баярлалаа. Ингээд удахгүй болох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ хүргэе ээ.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин


Д.Гантулга: Тушаал аваад очсон газар бүртээ үр бүтээлтэй ажиллах юмсан л гэж боддог  
Үзсэн: 1828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй