Шууд Chart

“Эрдэнэс силвер ресурс” ахмадуудтай зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн талаар уулзалт хийлээ

2021-05-14 18:21:47

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэлд хүрч, Салхитын мөнгөний ордын ирээдүйн орлогоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх болсныг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-өөс 2020 он солигдох мөчид зарласан. Дараа нь Улсын Их хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.

Уг хуулиудад 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарч байгаа.

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Эрдэнэс силвер ресурс” Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хууль”-иар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ энэ сарын 7-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үедээ мэдэгдсэн. Ийн төрийн өмчийн Салхитын мөнгөний ордыг монгол инженерүүд өөрсдөө менежмент хийснээр байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн анхны төсөл болж байна.

Тэгвэл Зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож байгаа, энэ сарын 21-нээс нэг сая төгрөг олгох, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүү олгохоор болсонтой холбоотойгоор ахмадуудад лавлах зүйлс байсан тул “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн удирдлагатай уулзаж, мэдээлэл авах хүсэлтээ өнгөрсөн сард гаргажээ.

Энэ дагуу

Энэ үеэр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал Ш.Дэлгэрмаа “Эрдэнэс силвер ресурс” ХХК 2019 оны 5 дугаар сарын 22-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь эзэмшлийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. 2019 оны 10 дугаар сард “Салхит” мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч, 2020 оноос тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.

Одоогийн байдлаар компанийн өөрийн болон туслан гүйцэтгэгч 1500 гаруй ажлын байранд монгол инженер, мэргэжилтэн, ажилчид тогтмол ажиллаж байна. Бид “Салхит” мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан, олох орлогыг барьцаалан бонд гаргах замаар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж байгаа нь Монгол Улсад бусад ижил төстэй орд газарт зөв менежмент хийвэл байгалийн баялгийг иргэдэд хүртээх боломж бий гэдгийг харуулж байгаа” хэмээв. Мөн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа, онцлох үзүүлэлтүүд, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хамрах хүрээ болон Эрдэнэс бондын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэтгэврийн зээлгүй болон нэг саяас бага зээлтэй иргэдэд олгох мөнгийг 237993 иргэн авна

Энэ үеэр ахмадууд яагаад хагас тэрбум төгрөг зарцуулж үнэт цаас буюу ваучер хэвлэсэн талаар асуухад “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр: “Улсын Их хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуулиудад 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан. Зээлгүй байсан ахмадуудад олгох 1 сая төгрөгийн ваучер өнгөрсөн онд иргэдийн гар дээр очиж, энэ онд бэлэн мөнгө болох ёстой байсан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал болон бусад нийгэм цаг үеийн асуудлаас болж үнэт цаас буюу ваучер олгох хугацаа хойшилсон. Үнэт цаас буюу ваучер “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс өнгөрсөн онд хэвлэгдсэн” гэсэн юм.

Мөн ахмадууд тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст олгох зөрүү мөнгө яг тавдугаар сарын 21-нээс иргэдийн гар дээр очих уу гэдгийг лавлаж асуухад “Эрдэнэс силверресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр: “Манай компани “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг хэрэгжүүлэгч болж хуулиар хүлээсэн үүрэг, зорилго тээн ажиллаж, зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөгийг дансандаа хэдийн төвлөрүүлсэн. Зээлгүй, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст олгох 216,2 тэрбум төгрөг манай компанийн дансанд бэлэн байгаа. Хуулийн хугацаанд нь олгох бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Энэ сарын 21-нээс олгох мөнгийг 237993 иргэн авна. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан болон зээлийн үлдэгдэлтэй байж байгаад нас барсан иргэд ч хамрагдаж байгаа” гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн “Салхитын орд 2887 га газартай жижиг уурхай ч үр өгөөж нь их сайн байгаа. Үүнээс гадна хүсэлт гаргаж Хармагтайн Овоот хярын ордод дөрвөн сар хайгуул хийж, 53.1 тонн алтны нөөцтэйг тогтоож улсын нөөцөд бүртгүүлсэн. Бидний үндсэн зорилго уул уурхайдаа монгол инженер, мэргэжилтнүүд өөрсдөө эзэн болж, баялгийн хувийг монголчууддаа хүртээх. Цаашлаад уул уурхайгаас олсон орлого хөрөнгө мөнгөө үйлдвэрлэл ажлын байрууд бий болгох, боловсрол, хөдөө аж ахуй, инноваци, старт-апыг хөгжүүлэх зэрэг шинэлэг зүйл рүү зарцуулвал зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Мөн Сангийн сайд Б.Жавхлан төрийн өмчит компаниудын 34 хүртэлх хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулж, хувьцаат компанийн зарчимд оруулна гэсэн. Энэ шийдлийг зөв зүйтэй гэж дэмжиж байна” гэлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эрдэнэс силвер ресурс” ахмадуудтай зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн талаар уулзалт хийлээ  
Үзсэн: 4153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй