Шууд Chart

Д.Сэргэлэн: Өнөөдрийн олсон мөнгөө ирээдүйд эмчилгээндээ зарцуулна гэхээр харамсалтай биз дээ

2021-05-21 13:25:28

Бөөрний архаг дутагдалтай, бөөр орлуулах эмчилгээ зайлшгүй шаардлагатай байсан эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээндээ оролгүй, гэрээр дур мэдэн эмчилгээ хийж, хугацаа алдаж явсаар биеийн байдлаа хэт дордуулсныхаа дараа эмнэлэгт хүргэгдэж нас барсан харамсалтай тохиолдол энэ сард гарсан.

-Сайн байна уу та. Цаг зав гарган ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа.

-Сайн байна уу. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе.

-Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч эмчилгээндээ оролгүй хугацаа алдсанаас болж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Ийм харамсалтай явдлууд болдог нь нэг талдаа иргэд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хомс байгаатай холбоотой юу?

-Бөөрний үйл ажиллагааг энгийнээр тайлбарлавал бөөр нь хос эрхтэн, цусанд эргэлдэж буй бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн буюу хортой бодисуудыг шүүгээд шээсээр ялгаруулах үндсэн гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, бөөрний усжилт, олон уйланхайт эмгэг, амьдралын буруу хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс болж бөөрний үйл ажиллагаа алдагддаг. Биеийг хоргүйжүүлж шүүх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болсон үед цусанд эргэлдэж буй хортой бодисууд нь хүнийг хүчтэй хордлогод оруулна. Үүнийг иргэд шээсэндээ хордоно ч гэж ярьдаг. Уг зарчмын хувьд иргэд зөв яриад байгаа юм. Дээрх эмгэгүүдийн улмаас бөөрний үйл ажиллагаа 30 хувиас /ТШХ 30мл/мин/ доош болоод ирэхээр бөөрний архаг дутагдал болж байна гэж үзэж бөөр орлуулах эмчилгээнд зайлшгүй орох шаардлагатай гэж бэлдэж эхэлдэг.

Бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализын аппарат, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах гэсэн үндсэн гурван төрлийн эмчилгээ дэлхий дахинд хийгдэж байна. Гемодиализын аппаратыг 1945 онд зохион бүтээсэн. Энэ нь хүн төрөлхтний агуу ололт бөгөөд хүний бүхэл бүтэн эрхтнийг орлуулах аппарат зохион бүтээсэн байгаа юм. Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс гемодиализын аппаратанд дунджаар 7 хоногт 1-3 удаа ордог. Тухайн эмчлүүлэгч тогтмол аппаратандаа ороод явбал хэвийн хүмүүс шиг ажиллаа хийж, урт наслах бүрэн боломжтой. Харамсалтай нь иргэдийн дунд “Гемодиализын аппаратанд орох нь муу, аппаратанд орвол л биеийн байдал хурдан муудаж, амьдрах хугацаа багасч, эрт нас бардаг” гэсэн худал ташаа мэдээлэл их явдаг. Үүнээс үүдэн гемодиализын аппаратанд орохоос зугтаах, татгалзах хандлага нэлээдгүй гарч байна. Таны хэлсэн харамсалтай тохиолдол энэ сард баруун аймагт гарсан тохиолдол байгаа юм. Орон нутгийн эмчдээ үзүүлж бөөрний архаг дутагдал оношлогдож, зайлшгүй хугацаа алдахгүй бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализын аппаратанд орох шаардлагатайг эмч эмчлүүлэгчид хэлсэн байсан.

Эмчлүүлэгчийг аппаратанд орохоос өмнө судас бэлдэх мэс ажилбарыг тухайн аймгийн эмчтэй холбогдож орон нутагт нь тусламж үйлчилгээ үзүүлье гэж ярилцсан боловч эмчлүүлэгч утасаа авахгүй, олон хоногоор эмчдээ, эмнэлэгт үзүүлэхгүй явж байгаад гэнэт биеийн байдал маш хүнд сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд хоёр хоноод нас барсан харамсалтай тохиолдол болсон.

-Төрөөс бөөр орлуулах аппарат, эмчилгээний зардлыг бүрэн даадаг болсон. Энэ төрлийн эмчилгээ ямар өртөг зардалтай байдаг вэ?

-Бөөр орлуулах аппарат манай улсад 1975 онд орж ирсэн. 2017 он хүртэл хот, хөдөө орон нутгийн улсын цөөхөн эмнэлэгт цөөн тооны тус аппаратаар тусламж үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд энэ нь бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч нарт их хүндрэлтэй байсан. Аппарат нь хүрэлцэхгүй, өөрийн аймагт нь аппарат байхгүйн улмаас өөр аймагт  нүүж очих, эсвэл Улаанбаатар хотын гемодиализын хувийн эмнэлгийг зорьдог байсан. Тухайн үед төлбөртэй эмчилгээ хийгддэг, нэг удаа аппаратанд ороход 150 мянган  орчим төгрөг төлдөг ингээд долоо хоногт гурван удаа гэхээр эмчлүүлэгч түүний ар гэрийнхэнд эдийн засгийн хувьд хүнд тусна. Төлбөр мөнгөний боломжгүйн улмаас орон байр, өөрт байгаа бүхий л зүйлээ зарж эмчилгээндээ орж эцэст нь цөөнгүй тооны хүн бөөрний архаг дутагдлын улмаас нас барж байсан тохиолдол бий. Ингээд 2017 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын ажлыг хашиж байсан Анагаах ухааны доктор, клиникийн профессор А.Цогцэцэг эмч энэ асуудлыг туйлын чухалчилж авч үзэж, УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлж батлуулснаар гемодиализ эмчилгээний төлбөрийг жил бүр улсын төсөвт суулгаж, одоо улсаас 100 хувь үнэ төлбөргүй гемодиализын эмчилгээнд хамрагдах боломжтой болсон. Ингэснээр цаашлаад улсын томоохон эмнэлгүүд болон хөдөө орон нутгийн төрийн өмчит эмнэлгүүдэд гемодиализын тасаг байгуулж, аппаратууд суурилуулж, эмч сувилагч, техникч нарыг бэлдэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн дор хувийн гемодиализ эмчилгээ хийгддэг байсан эмнэлгүүдтэй гэрээ байгуулж аппарат хүрэлцээгүй байсан иргэдийг хамруулж эхэлсэн. Тухайн үед энэ төрлийн хувийн 2-3 эмнэлэг байсан бол одоо 11 эмнэлэгтэй болж, Монгол Улсад байгаа бөөрний архаг дутагдалтай 1000 гаруй эмчлүүлэгч аппарат хүрэлцэхгүй гэх зовлонгүй болсон.

Гэтэл төр засгаас ингэж анхаарч байхад иргэд, эмчлүүлэгч нар эрүүл мэнддээ анхаардаггүй, хэнэггүй, буруу ташаа мэдээллийг бие биедээ өгдөг зэргээс үүдэж бөөр орлуулах аппаратандаа орохгүй, зугтаад байгаа нь эмч бид нарын санааг зовоож буй гол асуудал болчихоод байна. Үүнээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг мөн сэрэмжлүүлмээр байна.

-Монголын бөөр орлуулах оношлогоо, эмчилгээний нэгдсэн төв өвчтөнүүдэд эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч нарт олон төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээ шаардлагатай болдог. Үүнд судас залгах, энэ төрлийн мэс заслын дараах хүндрэлийг арилгах, эмчлэх, хиймэл судас суулгах, хос болон туннел гэсэн хоёр төрлийн гуурс суурилуулах, хэвлийн диализын гуурс суулгах зэрэг олон төрлийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Манай улсад дээрх мэс заслын тусламж үйлчилгээг нэг газар цогцоор нь үзүүлдэг эмнэлэг хуруу дарам цөөхөн байдаг бөгөөд биеийн байдал хүнд, хот руу тээвэрлэх боломжгүй эмчлүүлэгч нарт аймаг орон нутагт нь тогтмол очиж тусламж үзүүлдэг эмнэлэг одоогоор байхгүй. Тиймээс манай төв бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдэд бүх л төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээг чанартай, цаг алдалгүй үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Энэ зорилгын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн хүрээнд хувийн диализын эмнэлэгтэй хамтран ажилладаг. Мөн орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг энэ төрлийн мэс засалд сургаж, чадваржуулах зэрэг өргөн хүрээг хамарсан том ажил эхлүүлээд гурван жил болж байна.

Жишээ нь 2020 онд л гэхэд бид 12 аймагт тус бүр 2-3 удаагийн давтамжтай очиж мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн. 2021 он гарснаас хойш зургаан аймагт тус бүр 1-2 удаа  очиж тусламж үзүүллээ.

-Иргэд бөөрний архаг дутагдлаас сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Монголд бөөрний дутагдалд хүргэж буй үндсэн гурван шалтгааны нэгдүгээрх нь бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл. Хоёрдугаарт, цусны даралт ихсэх эмгэг. Гуравдугаарх нь чихрийн шижин өвчин. АНУ-ын иргэдийн дунд хийсэн 2020 оны судалгаагаар бөөрний дутагдалд хүргэж буй үндсэн шалтгааны нэгт чихрийн шижин орж байна. Энэ нь тухайн улсын иргэдийн хоол хүнс, таргалалттай холбоотой. Араас нь цусны даралт ихсэх болон бөөрний эмгэг нь ордог.

Манай иргэдийн хувьд бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл яагаад зонхилоод байна гэхээр “бөөр өвдлөө” гэж хүмүүс ярьдаг ч эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай авдаггүй. Тухайлбал, Хааяа бөөр нь өвддөг, хавагнадаг, шээс улаан өнгөтэй гардаг эсвэл ууц нуруугаар нь чилж өвдөнө. Эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд шээсээр уураг, улаан эс гарсан гэж гардаг. Тэгвэл энэ төрлийн зовуурь илэрсэн хүмүүс бөөрний эмгэгээ шинж тэмдэг илэрсэн даруйд нь эмчлүүлэхгүй, эрүүл мэнддээ хайхрамжгүй хандсаны улмаас бөөрөө үрэвсүүлж, үйл ажиллагааг нь алдагдуулж байна.

Даралт ихсэх эмгэгийг хувьд Монголд нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны эмгэг ордог. Зүрх судасны тэр дундаа артерийн даралт ихсэх эмгэгтэй хүмүүс мөн л даралтаа хянуулдаггүй, эмчлүүлж тогтмол хянадаггүй олон жил явсны улмаас бөөрний архаг дутагдалд ордог.

Чихрийн шижин артерийн даралт ихсэх эмгэгтэй адил артерийн судсыг хатууруулдаг. Судасны хөндий хатуурна гэдэг нь судасны хөндийд товруу сууж эхэлнэ. Ингэснээр судас нарийсч бөөр рүү очих цусан хангамж муудсанаар бөөрний үйл ажиллагаа алдагдаж дутагдалд ордог. Дээрх эмгэгүүдийг бүгдийг нь Монголд эмчилж, хянадаг. Гэтэл өвчтөнүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах тал дээр хайхрамжгүй хандаж байна. Артерийн даралт ихсэх болон чихрийн шижингийн эмгэгтэй хүмүүс эмчилгээ хийлгэхгүй явсаар 15-аас дээш жил болвол бөөрний дутагдалд орох магадлал өндөр болдог. Тиймээс иргэд эмчийн хяналтад хамрагдаж, эмчилгээгээ хийлгэснээр бөөрний дутагдлаас сэргийлж, үйл ажиллагааг нь хэвийн байлгах, дутагдалд орохгүй удаан хугацаанд явах боломж бүрдэнэ.

Сүүлийн үед 30-с доош насны залуучууд гемодиализын аппаратанд орох нь ихсэж байна. Энэ нь нимгэн хувцасладаг, даарч хөрдөг, бөөрний эмгэгийн шинж тэмдэг илрэхэд шууд эмчид ханддаггүйтэй холбоотой. Үүнээс гадна ажиглаад байхад автомашин угаалгын газруудад дандаа дунд, ахлах ангийн сурагчид болон оюутнууд ажиллаж байна. Өвөл хүйтний улиралд гадаа хүйтэрчихээд байхад дотор ууранд, цан цохисон орчинд ажилладаг. Хаалга үүд нь байнга нээгдэж, хаагдана. Ийм орчинд удаан ажиллах, даарч хөрөх нь бөөрний эмгэг үүсгэх шалтгаан нөхцөлийн нэг болж байна. Гэтэл тэд өнөөдрийн олсон мөнгөө ирээдүйн эмчилгээндээ зарцуулна гэхээр харамсалтай биз дээ.

-Монголд хийгдэж буй бөөр шилжүүлэн суулгах мэс заслын талаар мэдээлэл өгөөч?

Монгол Улсад анх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлсэн. Одоогоор 250 гаруй хагалгаа хийгдсэн байна. 2021 оны хоёрдугаар сараас өмнө жилд 28-30 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах төсөв суугдсан байсан бөгөөд өвчтөн нийт зардлыг 25 хувийг гаргадаг байсан бол одоо энэ хязгаар байхгүй болж улс 100 хувь төлбөрийг нь даахаар зохицуулалт хийгдсэн.

-Манай улсад эмчилгээгүй болсон өвчтөнүүдээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Нас барсан донорын эрхтнээр хэдэн хүний амийг аврах боломжтой вэ?

-Анх амьд донороос буюу хамаатан садан, гэр бүлийнх нь хүнээс бөөр шилжүүлэн суулгадаг байсан. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор 2018 оноос Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдаж олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхий дахинд одоо амьд донороос эрхтэн авах нь эрс багассан. Харин тавилан тодорхой, цаашид эмчилгээгүй болсон эмчлүүлэгч нарын ар гэрийнхэнтэй зөвшилцсөний үндсэнд бөөрийг нь авч шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа. Ар гэр нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн хүний хоёр бөөрийг хоёр хүнд, мөн элгийг нь нэг хүнд шилжүүлэн суулгаснаар гурван хүний амийг аварч, амьдрах хугацааг нь уртасгах боломж бүрдэж байна.

Энэ төрлийн мэс засал буюу цогцосны донороос эрхтэн шилжүүлэх асуудал нь манай улсад сэтгэлгээ, шашин шүтлэгтэй холбоотойгоор удаашралтай байгаа. Гэхдээ таван жилийн дараа гэхэд хүмүүсийн ойлголт нэмэгдэж, бусдад амьдрал бэлэглэх энэ төрлийн мэс заслын тоо нэмэгдэх байх гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Хүний эрүүл мэнд, амийг авран хамгаалах, насыг уртасгах таны ариун гэгээн үйлсэд өндөр амжилт хүсье.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Сэргэлэн: Өнөөдрийн олсон мөнгөө ирээдүйд эмчилгээндээ зарцуулна гэхээр харамсалтай биз дээ  
Үзсэн: 6892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй