Шууд Chart

"Тайзгүй жүжигчид" гэж болохоор радиогийн нэвтрүүлэгчдийн ур чадварт бахархаж байна

2021-06-04 13:33:32

МҮОНР-ийн нэвтрүүлэгч С.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндэт цол тэмдгээр шагнуулсан.

Ерөнхийлөгч түүнд гардуулах үеэрээ “Олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ олон мянган залууст үлгэр дууриал болж, ажил хөдөлмөрөөрөө сурган хүмүүжүүлж байгаад талархал илэрхийлье” хэмээн бусад гавьяатуудаас төлөөлөл болгон цохон хэлсэн юм.

Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цэнджав дараах нийтлэл бичсэнийг уншигч танаа хүргэе.

Энэ билэгт сайхан өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон алдартан төрийнхөө эрхэм дээд шагналаар шагнагдсан бүх хүмүүст баяр хүргэхийн ялдамд түүний дотор ном соёлын нэгэн анд нөхөр Монголын радиогийн нэртэй нэвтрүүлэгч С.Гантөмөр маань Монгол Улсын Соёлын гавьяат цолоор шагнагдсанд бүүр ч онцолж чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт ерөөе. Яагаад онцлов гэхлээр тэр үеийн Монголын Радиогийн даргаар ажиллаж байсан яруу найрагч, зохиолч Бидэрийн Баярсайхан над руу залгаж, таны "Цагаагчин гахай жил" романыг "Их хөлгөн туульс" уран зохиолын нэвтрүүлгээр явуулахаар шийдвэрлэлээ. Таны роман чинь 850 гаруй хуудастай том роман. Эхлээд нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нэлээд бүлгийг уншиж явуулна. Энэ завсар тэр маань завгүй ажилтай болохоор нэвтрүүлэгч С.Гантөмөрөөр үлдсэн бүх бүлгийг уншуулна. Манай өмнөө барьдаг нэвтрүүлэгчид. таны романыг чадварлаг амилуулнаа. Ер нь том юм барьж хийхэд өөрсдөд нь ч унацтай, амжилтад хүрэхэд нөлөөлнө, найруулагчаар Н.Даваадорж гэдэг туршлагатай хүн ажиллана гэлээ. Олон зохиолчийн ном бүтээлээс сонгогдоно гэдэг надад маш их урам хайрлалгүй яахав. Энэ яриа даргын өрөөнд 2013 оны зургаадугаар сард болж, тэр гайхалтай уран уншлага 1 жил гаруйн туршид 11:30 цагаас тасралтгүй уншиж сонсогчдод хүргэсэн нөр ажлыг ихэд хичээнгүй, гайхалтай уран тод, түүгээр ч үл барам дуу хоолойгоо тухайн 200 гаруй дүрийн хутагт хувилгаад, лам ноёд, хүрээний хүүхэн, ядуу дордос зэрэг янз бүрийн бүлэг давхаргын дүрийн онцлог, тус бүрийн үг яриа, дотоод ертөнц, хайрлах, өшрөх, үзэн ядах зэрэг бүхий л сэтгэлийн үй түмэн хөдлөл, ааш араншин, яриа хоолойн өвөрмөц аялга зэргийг "дотоод сэтгэлд хөрвөөсөн" дүнжгэр бүтээл болсон. Уран дүрслэл зэргийг угалз хээ мэт тодотгосон. Зүгээр уншаагүй ээ... амилуулж, жүжигчилж уншсанд жинхэнэ "доторлож" чадсанд л байгаа юм. "Тайзгүй жүжигчид" гэж болохоор радиогийн нэвтрүүлэгчдийн ур чадварт бахархаж байснаа санаж байна. Хөгжмийн найруулга ч сайхан болсон доо. Энэ хооронд олон сайхан бүтээл хийснээрээ Ш.Бямбацогт ч, С.Гантөмөр ч Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртжээ. Энэ ташрамд, нэгэн сонин тохиолдлыг хэлэхэд, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд янз бүрийн албан тушаалын ажил хашиж явсан ахмад зүтгэлтэн эмчилгээгүй гэсэн оноштойгоор хэвтэрт оржээ. Тэрээр "Их хөлгөн туульс" нэвтрүүлгээр С.Гантөмөрийн уг романыг уншсаныг чихээ нааж байгаад сонсдог байсан гэнэ. "За хүүхдүүд минь...би энэ романыг уншаад дуустал нь заавал амьдарна" гэжээ. Хүүхдүүд нь өнөө маргаашгүй болчихсон хүн шүү дээ, тэр нь аль хэр урт явах юм бол?" гэж хоорондоо хэлцэж байсан гэдэг. Мань ахмад ажилтан өөртөө асар их сэтгэлийн тэнхээ өгч хэлсэндээ хүрч жил гаруй насалсан. Манай өвөөд нас хайрласан танд баярласан шүү" гэж үр хүүхдүүд нь уртсаар баяр хүргэж билээ. Энэ бол онцгой тохиолдол шүү. Гол нь С.Гантөмрийн маань гайхалтай дуу хоолой, жүжиглэж хүргэх чадвар ямархууг харуулж байгаа хэрэг ээ. Урлаг, уран зохиолын хүч ч агуу. Энэ бүхнийг өлзийт энэ сайхан өдөр, эрхэм анд найз С.Гантөмөр гавьяат цол хүртсэнд нэгэн зуурын дурсамж болгон сэтгэлээ өргөлөө.


"Тайзгүй жүжигчид" гэж болохоор радиогийн нэвтрүүлэгчдийн ур чадварт бахархаж байна   
Үзсэн: 3621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй