Шууд Chart

Энэ сард зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг вакцинд бүрэн хамруулж дуусна

2021-06-14 12:03:50

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад О.Гэрэлмаа Зэвсэгт хүчний хэмжээнд явагдаж байгаа дархлаажуулалтын явцын талаар "Соёмбо" сонины сурвалжлагчид дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр, "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулах тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар зөвшөөрөгдсөн “Астразенека” вакцинаар дархлаажуулах ажлыг 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн. Зарим алба хаагчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын онцлогоос шалтгаалан БНХАУ-ын “Синофарм”, ОХУ ын ”Спутник В” вакцинаар дархлаажуулж байна.

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, анги, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн дархлаажуулалтын нэг түр цэг, дөрвөн хөдөлгөөнт бүлгийг томилгоожуулж, БХЯ, түүний харьяа байгууллага, ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчдыг “Астразенека” вакцины нэгдүгээр тунд найман хоногийн хугацаанд хамруулсан. Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргийн алба хаагчид болон өмнөд бүсийн Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүн 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нэгдүгээр тунд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 93 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан гэсэн үг.

Үлдсэн долоон хувь нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа болон тухайн вакцины эсрэг заалттай, эрүүл мэндийн заалтаар хасагдсан бүрэлдэхүүн. Мөн Батлан хамгаалахын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын хамтарсан шийдвэрийн дагуу өмнөд бүсийн “Таван толгой” бүлэг ордод ажиллаж байгаа уул уурхайн 10200 ажилчныг “Синофарм” вакцины нэгдүгээр тунд хамруулах ажлыг зохион байгуулсан. Орон нутгийн зарим анги, салбарын байрлал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийн онцлог, дархлаажуулалтад хамрагдах боломж зэргийг харгалзан гэр бүлийн гишүүдийг нь вакцинжуулалтад хамруулсан. Вакцины тун хоорондын хугацаа нь 6-8 долоо хоног. Дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулах ажил 4 дүгээр сарын 30-наас эхэлсэн бөгөөд нэгдүгээр тунг хийсэнтэй адил зохицуулалтаар явагдлаа. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар тунгийн тарилга 85.6 хувьтай байгаа" гэсэн байна.

 


Энэ сард зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг вакцинд бүрэн хамруулж дуусна   
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй