Шууд Chart

Унтаж байхдаа хэл сурч болох уу

2021-06-21 15:07:18

Унтах үед хүн тухайн өдөр хүлээн авсан мэдээллээ кодолж, урт хугацааны ой санамж болгон хадгалдаг аж. Энэ үед ухамсаргүйгээр шинэ мэдээлэл суулгах боломжтой эсэх дээр судлаачид өнөөг хүртэл санал нэгдээгүй байгаа ч 2019 онд “Current Biology” сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд хүн унтаж байхдаа үгсийн утгын хамаарлыг кодлох боломжтой гэж дүгнэсэн байна. Туршаад үзэж яагаад болохгүй гэж?

Харин үүнийг турших боломжийг МҮОНРТ-ийн “Монголын дуу хоолой” радиогийн хамт олон сонсогчдодоо олгожээ. 1964 оноос хойш олон улсад Монгол Улсынхаа дуу хоолойг хүргэж байгаа тус радио өдгөө англи, орос, япон, хятад, монгол хэлээр бэлтгэсэн нэвтрүүлгээ олон улсад цацаж байгаа билээ. “Гадаад хэлний мэдлэг маш чухал болсон өнөө үед бид олон улсад чиглэсэн уламжлалт нэвтрүүлгүүдээсээ гадна монголчуудынхаа хэлний боловсролд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна” гэж “Монголын дуу хоолой” радиогийн ерөнхий редактор З.Дэнсмаа ярьсан юм.

“Монголын дуу хоолой” радиогийн орчуулагч, редакторууд. Тус радио 16 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Одоогийн байдлаар тус хамт олон эфирийн дөрвөн хэлээрээ “Амрах зуураа хэл сурцгаая” гэдэг контент бэлдсэн бөгөөд цаашид герман, франц зэрэг хэлээр баяжуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Та энэхүү контентийг доорх “Youtube” сувгаар хүлээн авч сонсох боломжтой.

Хэдийгээр технологийн чиг хандлага нөлөөлж байгаа ч радио сонсох зуршил дэлхийн дахинд хадгалагдсаар байна. “Монголын дуу хоолой” радио дэлхийн олон оронд өөрийн гэсэн тогтмол сонсогчтой. Тус радио дэлхийн 40-өөд орны сонсогчдоосоо жилдээ 3000 гаруй захидал хүлээн авдаг байна. “Бид техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, дэлхий даяарх сонсогчдодоо улам ойртож ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлж ажиллаж байна. Үүний хүрээнд гадаадын сонсогчдодоо Монгол Улсын онцлогийг танилцуулсан Монгол хэлний хичээл зэрэг сонирхолтой ажлууд төлөвлөсөн” гэж З.Дэнсмаа редактор ярьж байв.

Олон улсын сонсогчдоос 2021 онд ирсэн захидлууд. Эдгээр захидал болгонд “Монголын дуу хоолой” радиогоос хариу захидал илгээдэг.

Сонсогч та “Монголын дуу хоолой” радиог дотооддоо vom.mn сайтаар, харин “Монголын радио” (УБ-ФМ106), P3 (УБ-ФМ100.9)-г mnb.mn сайтаас шууд хүлээн авах боломжтой юм.

МҮОНРТ үйл ажиллагаагаа шинэ платформуудад амжилттай нэвтрүүлж, үзэгч, сонсогчдодоо  улам ойртох зорилгоор “MNB New Media Project” төсөл хэрэгжүүлж байна.


Унтаж байхдаа хэл сурч болох уу  
Үзсэн: 4835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй