Шууд Chart

Т.Пялзай: Ванган аавтайгаа танилцуулсныхаа дараа “Тогооны минь хүн болооч” гэж хэлсэн

2021-06-23 10:32:20

Жүжгийн зохиолын агуу мастер, бичгийн их хүмүүн Ламзавын Ванган Монголын тайз, дэлгэцийн урлагийн гол ачааг нуруундаа үүрч явсан хүний нэг. Тэрбээр “Сэрэлт”, “Өглөө”, “Түмний нэг”, “Хүний мөр” уран сайхны кино “Хөхөө Намжил”, “Эмч нар” жүжиг зэрэг давтагдашгүй олон бүтээлийн “амин сүнсийг” үгээр урласан билээ. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Л.Ванган агсныг цэл залуугаараа бурхан болоход “Монголын урлагийн ноён нуруу гулзайлаа” хэмээн шарил дээрх хөшөөг нь зориуд хазгай байрлуулсан гэдэг. Энэ агуу хүмүүний гэргий,

-Урлагт хөл тавьснаар агуу Вангантай учирч, амьдралаа холбосон минь бурхнаас хүртсэн хишиг гэж та нэгэнтээ хэлсэн. Харин таныг урлагт замчилсан хүн хэн бэ?

-Намайг өсгөж, хүн болгосон тулгын гурван чулуу миний ээж Т.Түмэнбаяр, нагац ах Т.Баасанжав, бэр эгч Дуламжав нар юм. Энэ дундаас миний ажил, амьдралын зам мөрийг адисласан хүн бол ээж минь. Намайг хүүхэд байхад манайх олон малтай, элбэг хангалуун айл байлаа. Нагац ах маань Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” романд гардаг Итгэлт шиг баян цатгалан, гүйлгээ ухаантай хүн байж билээ. Тухайн үед олон малтай хүн хамгийн сайн наймаачинд тооцогддог байж. Мал нь өсөж үржихийн хэрээр мал, хөрөнгөө алт, мөнгөн эдлэл болгодог байсан. Намайг 16 нас хүрэх үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, айлуудын мал, хөрөнг өний талыг хурааж эхэлсэн юм.

Тэр үед ээж минь хот ороод Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” дуурь үзээд намайг урлагийн хүн болгохоор шийдэж, танил найз нөхдөөсөө ямар сургуульд оруулах вэ гэж асууж лавласан гэдэг. Тэгээд гэртээ ирээд “Энэ хоршоо малын маань хагасыг хурааж авч байгаа юм чинь цаашдаа бүгдийг нь авна. Тиймээс миний охин урлагийн зам мөр хөө” гэж хэлээд урлагийн сургуулийн бүжгийн ангид шалгалт өгүүлж билээ. Үнэхээр ээжийн хэлснээр хожим нэгдэлжих хөдөлгөөн эрчээ авч айлуудын бүх малыг хурааж авсан. Ээж минь гарын үсгээ зурж мэддэггүй мөртлөө амьдралын ухаантай, холыг хардаг хүн байсан юм.

-Та ажлын гараагаа бүжигчнээр эхэлсэн үү?

-Шалгалтанд тэнцээд бүжгийн ангийн оюутан болоход Зөвлөлтийн мэргэжилтэн Н.Романовский, Г.Лувсангунгаа гэсэн хоёр мундаг багш байлаа. Энэ сайхан хүмүүсээр бүжиглэх эрдмийг гурван жил заалгасан. Бид 10-уулаа төгсөж, зургаа нь Хөгжимт драмын театрт хуваарилагдсан юм. Дараа нь 1963-1967 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд бүжгийн багшаар ажилласан. Тэнд би гавьяат жүжигчин Ж.Цэцэг, Б.Алтанцэцэг нарт багшилж байлаа. Бүжигчин хүн тэсвэр тэвчээртэй болж төлөвшдөг учир урлагийн бүх л төрөл рүү хувирах чадвартай байдгийг олон мундаг бүжигчин надад харуулсан.

-Та Ванган гуайгаас 11 насаар дүү байсан гэдэг. Та хоёр хэрхэн танилцсан бэ?

-Бүжгийн ангийн оюутан байхдаа тэр хүний нүдэнд өртөж, сэтгэлийг нь татсан юм болов уу. Намайг бэлтгэлээ хийж байтал зураачийн ангийн оюутан ирээд “Чамтай уулзуулаад өгөөч гээд нэг хүн гуйгаад байх юм. Чи нэг уулзаатахаач” гэлээ. Би хариу хэлсэнгүй. Бэлтгэлээ тарж сургуулиас гараад нөгөө залуугаас гуйсан хүн нь Ванган байсныг мэдсэн юм. Тэгээд намайг гэрт минь хүргэж өгч билээ. Олон өдөр бид хамт алхсан даа. Алхаж байхдаа аав, ээж, төрсөн нутаг ус, яагаад бүжигчин болохоор шийдсэн гээд л миний тухай их асууна. Тэр хүн циркийн жүжигчин болохоор их овор багатай харагддаг байсан юм болов уу. Хүмүүс хэлэхгүй л бол надаас ах гэж харагдахгүй.

-Тухайн үед тантай амьдралаа холбохоор шийдсэнээ хэрхэн хэлж байв?

-“Очно шүү” гэж урьдчилж хэлээгүй хэрнээ хичээл тарахад сургуулийн үүдэнд зогсож байлаа. Намайг хүргэж өгөхөөр л ирсэн байх гэж бодтол “Хоёулаа манайд очъё” гэсэн. Дагаад гэрт нь очтол аав нь гээд жижигхэн өвгөн тогоо дүүрэн мах чаначихсан сууж байна. Тэгээд намайг аавтайгаа танилцуулсныхаа дараа “Тогооны минь хүн болооч” гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй нэг гэрт орсон доо.

-Зохиолчдын хайрыг булаасан эмэгтэйчүүд их хувьтай санагддаг. Учир нь тэд сэтгэлд нь хайрын гал ноцоосон хүнээ бүтээлдээ мөнхөлж байдаг. Ванган гуай хэр романтик хүн байсан бэ?

-Би залуудаа их яриа, инээд муутай, юм л бол тачигнатал инээдэг хүүхэн байлаа. Ванган минь “Чи өөрийнхөө ярианд согтоод л инээгээд байх юм” гэж хэлдэг байж билээ. 1960 онд хөдөө тоглолтоор жил шахам явсан юм. Тэр үед нэг удаа Ванган ээжид минь “Пялзай байхгүй, инээд нь сонсогдохгүй болохоор манай гэр дүв дүлий болчих юм” гэж хэлж байсан юм билээ. Намайг инээхээр яриандаа согтоод л гэж хэлдэг хүн чинь байхгүйд инээдийг минь санасан байгаа юм. “Түмний нэг” кинонд Цолмон Чинбатад “Чи ер нь намайг харж явдаг уу” гэж хэлдэг дээ. Тэгэхээр нь Чинбат “Хардаг л юм даа” гэж хариулдаг. Цолмон “Худлаа яриад л” гэхэд цаадах нь “Онгоцоор нисэж явахад чиний энэ инээж байгаа царай тэнгэр газрын хооронд харагддаг л юм даа” гэж хариулдаг. Энэ мөртийг Ванган зохиол бүтээлээрээ дамжуулж надад хэлсэн болов уу гэж санадаг.

-Урлагийн ажил хүнд. Гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Хамгийн удаан нь хэдий хугацаагаар гэрээсээ хол явж байсан бэ. Гэрийн эзэгтэй эзгүй болохоор гэр орон тоос шороонд дарагдахаас эхлээд хүүхдүүд ч нүднээс гарчихдаг шүү дээ?

-1960-1961 онд Ардын хувсгалын 40 жилийн ойгоор ардын жүжигчин Д.Ичинхорлоо, гавьяат жүжигчин Ж.Лувсан, бүжигчин Булуухүү, төмөр хоолойт дуучин Баатар, Дулмаа, уртын дуучин Ж.Дорждагва нарын арван хүний бүрэлдэхүүнтэй баг аймаг, сумдаар тоглолтоор явсан юм. Энэ хугацаанд ээж, хадам аав хоёр ар гэрийг минь сахиж, үр хүүхдүүдийг маань харж ханддаг байлаа. Ванган тэр гуравтаа би их баярладаг юм. Тэд минь арын албыг бат даадаг байсан тулдаа л би урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж чадсан. Тиймдээ ч бүжигчнээс бүжгийн багш цаашлаад найруулагч, “Монгол кино” нэгтгэлийн эвлүүлгийн цехийн дарга гээд үргэлж дээшээ шат ахиж явсан. Хэрвээ гэр орны ажилдаа дарагдсан нэгэн байсан бол “Баянбулагийнхан”, “Чимгээгийн төрсөн өдөр” зэрэг кинонд II болон туслах найруулагчаар ажиллаж, өдий төдий баримтат кино найруулах зав чөлөө олдохгүй байсан биз.

-Монголын тайз, дэлгэцийн сор бүтээлүүдийн зохиолч тэр суут хүмүүн амьдралын ямар хэмнэлтэй байсан бэ?

-Одоо санахад Ванган ихэнх цагаа зохиол бүтээлээ бичихэд зарцуулдаг байсан. Гэртээ байх үедээ ихэнхдээ бичгийн ширээнийхээ ард суудаг байв. Мал дээр өссөн болохоор гурилтай шөл, чанасан мах идэх их дуртай. Ленинградын “Беломорканал” татдаг байсан. Би боодлоор нь тамхи аваад ширээн дээр нь тавьчихна. Хоол, цайг нь ч ширээн дээр нь зөөж аваачиж өгнө. Хааяа бүтэнсайн өдрийн амралтаар гэр бүлээрээ салхинд гардаг байлаа. Соёлын дэд сайд болоод их завгүй болсон. Ажлынх нь цаг дууссан ч ажил дээрээ л сууж байдаг байсан. Театр 22.00 цагт тарахад намайг ирж аваад, цуг харина. Ванган Соёлын дэд сайдаар ажиллаж байхдаа театр, цирк, аймаг, сумын соёл урлагийн бодлогыг зангидан, тун ч их зүйл хийсэн дээ.

-Ванган гуайн бүтээлүүдэд бодит үйл явдлыг уран сайхны аргаар тусгасан нь элбэг. Зохиолчид үүнийгээ зохиол бүтээлийнхээ нууцад хамруулж тэр бүр дэлгэдэггүй. Харин танд хэлж байсан уу?

-Миний ээжийг 16 настайд нь өөрөөс нь нэлээд ах, баян хотгойд эр богтолсон гэдэг. Тэнд хоёр жил болоод ээж минь оргоход нутгийн залуучууд тусалсан юм билээ. Ванган энэ түүхийг сонсоод “Түмний нэг” кинонд Өгөр толгой Гүрсэд, Цэрмааг богтолж авдаг хэсэгт энэ санааг цухасхан авч оруулсан байх гэж боддог. Мөн манайд Сүхбаатар жанжны цэрэг явсан, анхны партизануудын нэг Мятавсүрэн гуай их ирдэг байлаа. Ванган түүний яриаг чих тавин сонсоно. Нэг удаа Зэлтэрийн гацаанд жижиг тулалдаан болсон талаар ярьсан юм. Дараа нэг өдөр нь банкнаас алт дээрэмдсэн цагаантны цэргүүд рүү дайрсан талаар хуучилсан. Энэ хоёр үйл явдлыг уран сайхны аргаар нэгтгэн “Өглөө” кинонд оруулсан байсан.

-Зохиолчид голдуу ойр тойрны хүмүүс болон анхаарал татсан онцгой нэгнийг зохиолдоо “шургуулчихсан” байдаг. Таны анзаарснаар тийм дүр хэр олон бий вэ?

-Дүйнхэржав гэж тультраа хэлтэй, танихгүй хүн харвал мэдрэл муутай юм шиг хэрнээ уран цэцэн яриатай 20-иод насны залуу манайд их ирдэг байлаа. Гараа сарвагануулж ирээд л цам харайж байгаа юм шиг хөдл өөд сүртэй нь аргагүй ярьдаг хүн байсан юм. Түүнээс санаа авч “Өглөө” киноны Дүйнхэр зайрангийн (ЧимэдОсор гуайн) дүрийг бий болгосон гэж боддог. Ванган гэр, ажлын өрөөгөө утга зохиолын дугуйлан болгосон хүн дээ. Найруулагчид, зохиолчид, шавь нар нь манайхаар байнга ирнэ. Ванганг гэртээ байхад хүний хөл тасарна гэж үгүй. Хааяа ээж бид хоёр том тогоогоор дүүрэн хоол хийдэг байлаа. Ванган “Та хоёр минь ингэж их хоол хийж өөрсдийгөө ядраагаад” гэхээр нь “Удахгүй өөр хүмүүс чамтай уулзахаар ирэх биз” гээд хэлж дуусаагүй байтал ороод ирдэгсэн.

-Ванган гуай зохиолоо бичихийн өмнө юунд их анхаардаг байсан бол?

-Би яг нарийн мэдэхгүй байна. Ямартай ч зохиолынхоо талаар олон хүнтэй ярилцдаг байсан юм. Надтай, ээжтэй, гудамжинд явж байгаа навсгар авгайтай хүртэл очоод яриад зогсчихно. Тэр яриа нь зохиолоо туурвих “идэш”, гал дөл нь болдог байж. Хэд хоног тэгж хавийн хүнтэй ярьсныхаа дараа бичгийн ширээнийхээ ард суучихна шүү дээ. Анхандаа уйгаржин монгол бичгээр зохиолоо бичдэг байсан бол сүүлдээ бичгийн машинаар цохидог болсон. Бичиж буй зохиолоо толгой дотроо тунгааж, редакторлоод ямар ч алдаа мадаггүйгээр эцсийн бүтээгдэхүүнээ цаасан дээр буулгадаг. Гар бичмэл дээр нь баллаж, цохолсон, үг үсэг өөрчилсөн юм харагддаггүй. Бичгийн машинаар бичиж байхдаа ч энд алдаа гаргачихлаа гээд цаасаа сугалж хаяж байгаагүй хүн дээ.

-1968 оны өвлийн нэгэн өдөр Монголын урлагт том гай тохиож, Ванган гуай бурхны оронд одсон гэдэг?

-Тийм ээ, их хүнд үе байсан. Намрын сүүл үеэр ханийн минь шар өвчин нь хүндэрч эмнэлэг, сувилал дамжсан ч дээрдэхгүй байсаар арванхоёрдугаар сарын долоонд амьсгаа хураасан даа. Гурван сарын дараа ээж минь өөд болсон. 37 насандаа сайхан хань, ээж хоёроо алдчихаад би гэдэг хүн алхах ч тэнхэлгүй болж, 5-15 насны дөрвөн хүүхэдтэйгээ үлдсэн. Үхье гэж бодох үе ч байсан. Тэгтэл манай нэг найз эмэгтэй “Нөхрийн чинь ажил явдалд оролцсон урлагийн ажил хийдэг хоёр хүүхэн “Энэ Пялзай 40 ч хүрээгүй, дөрвөн нялх хүүхэдтэйгээ хоцорлоо. Ванган даргын авчирсан цүнхтэй мөнгийг үрж явсан амьтан одоо яана. Цуглуулсан жаахан эд хогшил, хүүхдүүдийг нь яаж хөнтрөх бол” гэж ярьсныг надад хэлсэн юм.

Би энэ тухай сонсчихоод хүн гэдэг чинь ямар муухай юм бэ гэж бодоод хоолой зангираад л явчихсан. Тийм хорон үг хүнийг 360 градус эргүүлдэг юм билээ. Би урьдын Пялзай биш, огт өөр хүн болсон. Тухайн үеэс л би хатуу чанга болсон байх. Аавынхаа нэрийг дуудуулж, муу авав гэж хүүхдүүддээ байнга захиж хэлдэг байлаа. Тэд минь бүгд сургуулиа онц төгсөж, дээд мэргэжил эзэмшин одоо эх орондоо, гадаадад сайхан амьдарч байна. Хүний хэлсэн хорон үгийг өөрт хэрэгтэйгээр засаж авбал амьдралд хэрэг болдог гэдгийг сүүлд ойлгож тэр найздаа, нөгөө хоёр хүнд ч баярласан.

Ийн ярьсны эцэст Пялзай гуайг чийгтэй зовхитой үлдээгээд явчихаж чадсангүй. Цай ууж хэсэг суулаа. Тэгтэл Пялзай гуай зурсан зургаа үзүүлэв. “Эмээ нь өдөртөө гадуур дэлгүүр хоршоогоор их явна. Гэртээ байхдаа Отгонтэнгэр хайрхан, Төвдийн Хайлас уул, дэлхийн хоёр дахь том ноён оргил Гималайн К2 гээд долоон оргилын зургийг сонгож зурж байгаа. Гурван оргилын хар зургийг нь гаргачихсан. Нэг зурган дээр их удаан ажиллах хэрэг гардаг юм. Багадаа би их сайн зурдаг хүүхэд байсан. Бүжгийн ангид сураад зураг зурахаа больсон. Бас би хүний нүд зурах их дуртай. Ванган минь их сайхан нүдтэй хүн дээ. Нүдийг нь харахад баярласан, сэтгэл санаа нь тогтворгүй, нэг хундага татсаныг нь хүртэл мэддэг байсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг дурсамж, дурдатгалаа өөрөө бичдэг юм. Чи сая альбом үзэхдээ энэ зургийг харсан уу. 1954 онд Ванган бид хоёр том охин В.Оюунбилэгтэйгээ авахуулсан. Вангантайгаа танилцахад яг л ийм дэгжин, гал цогтой залуу байлаа” гээд сая нэг инээмсэглэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Пялзай: Ванган аавтайгаа танилцуулсныхаа дараа “Тогооны минь хүн болооч” гэж хэлсэн  
Үзсэн: 16897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй