Шууд Chart

МАН эрх баригчдыг төрөөр тоглож байна гэв

2014-05-15 14:57:10

Өнөөдөр МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийлээ.

Тус мэдээллийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар өгсөн бөгөөд МАН-аас хүний эрх, төрийг тоглоом болгож буй эрх баригчдыг буруутгаж байгаа ажээ. Тэд мэдэгдэлдээ:
 
“Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшилээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчимыг ард түмний үнэт зүйл байх ёстой гэж Монгол Ардын Нам хатуу баримталсаар ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Бас хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, хагарал талцал айдас хүйдэсээр нийгмийг дүүргэж байгаа нь сүүлийн үед болсон үйл явдалууд харуулж байна.
 
Төрийн сайд нарын алдаа завхрал хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо.
 
Эрх баригч намуудын хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ Улсын Их Хурлын үйл ажиллагааг хоёрЭ сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.
 
Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ. Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН эрх баригчдыг төрөөр тоглож байна гэв  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй