Шууд Chart

О.Цэнд-Аюуш: Амьдрах хугацаа хязгаартай, амьдралыг амгалан тайван, аз жаргалтай өнгөрөөвөл л сайхан

2021-07-05 10:39:03

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор О.Цэнд-Аюушийг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

-Бага Зохиолчдын хорооноос хоёр жил дараалж “Болор цом”-ын эзэн төрсөн баяртай сайхан үйл явдал тохиолоо?

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз өөрийн тань сая хэлдгээр Зохиолчдын бага хороо гэдэг албан бус хэрнээ албан ёсны нэртэй явсаар ирсэн. Би Монголын радиод 10 гаруй жил ажиллаж байна. Өмнөх үеийн том том зохиолч, яруу найрагчид энд ажиллаж, амьдарч урлан бүтээж, агаар тэнгэрийн цэнхэр долгионоор, айл бүгдийн хойморт цуурайтаж байсан. МҮОНРТ-ээс Бавуу ах (Төрийн Соёрхолт, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж), Очир ах (Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Арлааны Эрдэнэ-Очир), Мийгаа ах (Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Мягмаржав), Чимээ ах (Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Чимэддорж) бүр хоёр авч байсан гээд “Болор цом”-ын олон эзэн төрсөн.

Өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Б.Жамбалдорж байсан. МҮОНРТ-ээс жил дараалан “Болор цом”-ын тэргүүн шагналтан төрсөнд баяртай байгаагаа манай хамт олны зүгээс ирүүлж, амжилт хүссэн. Би ч үүндээ баяртай байна.

АНХНЫ ТӨРТ УЛС АГУУ ИХ ХҮННҮ ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУХАЙ 25 ЦУВРАЛ НИЙТЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ БИЧЭЭД ДУУСЧ БАЙНА

-“Болор цом” наадмын өмнө яруу найрагт хайртай олны дунд тэргүүн найрагч хэн болох вэ гэсэн таамаг төрдөг. Таныг олон хүн олон жил тэргүүн найрагч болно гэж хардаг хүлээдэг байсан. Олны энэ хүлээлт өөрт тань ачаа болж байв уу?

-Урьдны жилүүдэд “Энэ жилийн “Болор цом”-ыг чи авах байх шүү” гэсэн урмын үг сонсдог л байсан. Айхтар догдлоод л, айхтар ачаа болсон юм байхгүй ээ. Урам хайрладаг байсан та бүхэнд баярлалаа гэж хэлье ээ. Надад хэлэх дуртай хоёр үг байдаг юм.

Нэг нь “Баярлалаа”, нөгөөх нь “За”. Ер нь л хүнд үгүй гэж хэлэх дургүй шүү. Гэвч “Үгүй” гэдэг үгийг зоригтойхон хэлчих нь зүйтэй юм байна гэдгийг сүүлийн үед бодоод байдаг болчихсон. Цаг хугацаа өнгөрөх тусам бид хүүхэд наснаасаа холдон одож байна. Угаасаа тийм байх ёстой юм уу даа. Насаараа хүүхэд байх ёстой л гэдэг. Гэвч тэгэх аргагүй шүү дээ.

-Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж “Болор цом” наадмын өмнөх өдөр Соёлын Гавьяат зүтгэлтэн болж бүгд л хөөр баяр болсон. Маргааш нь та Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар тодорсон сайхан үйл явдлууд ар араасаа боллоо?

-Бавуу ах, доктор Галсангийн Болормаа бид гурав нэг өрөөнд ажилладаг. Нутгийн эрхэм ахад дандаа талархаж явдаг. Надад итгэж найдаж МҮОНРТ гэдэг энэ өндөр босготой айлд ажилд авч байлаа. Тэр их итгэл найдварыг нь алдчихгүй байх юмсан гэж дандаа хичээж ажиллаж ирсэн. Эрхэм ах Соёлын Гавьяат зүтгэлтэн болсонд бид бүхэн бөөн баяр болсон. Маргааш нь “Болор цом – 38” наадам боллоо. Хүний амьдралын баярт эгшин хормууд юм даа.

-Таны бэлтгэн хүргэж буй “Хүннүгийн хураангуй” цуврал Монголын үндэсний олон нийтийн радио, MNB.mn сайтаар сонсогч, уншигчдад хүрч байгаа. Энэ цуврал нэвтрүүлгээ хийж байх явцад “Хүннү хүн” шүлгээ бичих санаа төрсөн үү?

-Энэ жил аугаа их Хүннү гүрний 2230 жил тохиож байна. МЭӨ 209 онд Модун Шаньюй анх тулгар төр байгуулсан талаар ном судруудад бий. Монголын радиод Хүннү гүрний тухай 25 цуврал нийтлэл нэвтрүүлэг бичих зорилго тавиад сонсогч олонд хүргээд явж байна. Яг 23 дахь дугаараа бичиж байхад та орж ирлээ. Өнгөрснөө сайн харж байж ирээдүйгээ их сайхан бүтээнэ гэж би боддог юм. Гэхдээ түүхээ ярьж цээжээ дэлдэхээс илүүтэй өнгөрсөнд өвөг дээдэс юуг эрхэмлэж, юуг эс эрхэмлэж байсныг сайн судлаад, бахархал, сургамжаа зөв шингээгээд явбал аятай таатай байх болов уу. Хүний хөгжлөөс хамаг хөгжил эхэлнэ, тийм үү. Гэвч хүний хөгжил гэж ярихын тулд бас олон зүйлийг бодох хэрэгтэй байх. Ер нь аливаа зүйлийн дундыг нь олно гэж чухал юм байна. Өөрөөр хэлбэл нэг тийшээ хэт хэлбийгээд байж ерөөсөө болохгүй гэдгийг бид харж байгаа биз. Дан түүх, соёлоо уншиж, судална гэвэл худлаа. Дандаа гадаад хэл сурна, дандаа бизнес, эдийн засаг, шашин яривал бас худлаа. Аль алийг нь тохируулж, тааруулах л хэрэгтэй. Дээр нь сэтгэл зүй гэж нэг чухал юм байна. Яг одоо юу чухал гэхээр монгол хүний эрүүл мэнд их чухал байна. Биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд. Тийм ээ, сэтгэлийн эрүүл мэнд чухал шүү. Яагаад гэвэл бидний амьдрах хугацаа хязгаартай. Тийм учир энэ хязгаар дотор сэтгэлээ амгалан байлгая, тийм ээ. Ерөөсөө аз жаргал гээд байгаа чинь сэтгэлийн амгалан юм байна. Өөр юу ч биш. Шүлэг бүтсэн тухайд бол...

“Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна” гэсэн эхний дөрвөн мөр орж ирчихээд л нэг сар бодоод бодоод л яваад байсан. “Болор цом” наадам болохоос хоёр хоногийн өмнө бичиж дуусгасан даа. Ажлын буян юмаа. Би одоо ч “Хүннүгийн хураангуй” нийтлэл нэвтрүүлгээ хийгээд л сууж байна.

Ажлын буянаар эх орныхоо түүхийг эргэж харах, унших, өөрийн хэмжээнд мэдлэгтэй болох боломжууд олдож, судалж яваад агуу Хүннү гүрнийг дээдлэх, бишрэн шүтэх, хүсэл сэтгэлдээ хөтлөгдөн тэдний тухай яаж бичих вэ? гэж бодож явсаар энэ шүлэг бүтсэн юм. Тэгээд юу ч хүсч, хүлээлгүй очоод л уншсан.

ХҮННҮ ХҮН

Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алтанхан ясыг бид

Хугарахад нь дуу алдан харамсаж

Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж

Халахад нь инээд алдан баярлаж

Хөрөхөд нь эмгэнэн гашууддагаа

 

Хүннү хүний цус

Цагаан хэрмэн дээр байхгүй

Хүн болж төрсөн бидний

Улаан бие дотор байна

Энэ л ариухан цусыг бид

Асгарахад нь нүд халтиран шимширч

Урсахад нь шүд зуун тэсч

Буцлахад нь эрт урдын цаг шиг ээ болж

Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдогоо

 

Хүннү хүний сэтгэл

Өөр хүнд үгүй ээ

Хүй цөглөж төрсөн бидний

Амин дотор байна

Энэ л сайхан сэтгэлийг бид

Гунихад нь нугаран унаж

Баярлахад нь сугаран ургаж

Асахад нь хүлэг мориндоо мордож

Амирлахад нь хөх тэргэндээ ачдагаа

 

Хүннү хүний зүрх

Хүний, хүний энгэрт байхгүй

Хүйтэн, халуунд дассан

Бидний цээжинд байна

Энэ  л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булиглахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдагаа

 

Хүннү хүний дуу

Харийн хэлэнд байхгүй

Хүний л ээ үр болж төрсөн

Бидний л ээ хоолойд байна

Энэ л гунигтайхан дууг бид

Сонсохдоо зангиран хөндрүүрлэж

Аялахдаа ахыгаа санаж

Дуулахдаа алсыг харуулдаж

Дуусахад нь адуу тангаралдахыг үздэгээ

 

Хүннү хүний зовлон

Хан улсын шар сударт байхгүй ээ

Хүч чадлаа алдаж яваа бидний

Гашуун нулимсан дотор байна

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөгөө

 

Ай Хүннү хүн

Алаг морьдоо

Алтайн нуруунд орхисон

 

Ай Хүннү хүн

Хар морьдоо

Хангайн нуруунд орхисон

 

Ай Хүннү хүн

Хээр морьдоо

Хэнтийн нуруунд орхисон

 

Ай Хүннү хүн

Алдар суугаа

Монголын нуруунд л орхисон

 2021-6-24-ны 23:45

Би бусдын хүчээр амьдарч, эх орон, эх нутгийнхаа хүчээр газар дээр гишгэж, энэ хөх тэнгэрийн хүчээр амьсгалж, бодож байна, бичиж байна

-“Болор цом”-д 12 жил “зодогложээ”. Анхны жилүүдэд хүлээлт их байсан уу?

-Дөнгөж хорин настай оюутан байсан үед бол залуу хүний зүрх сэтгэл догдлох эрхтэй шүү дээ. Догдолдог байсаан байсан. Даруу төлөв байх юмсан даа гэсэндээ тэр догдлолоо их барина.

Номын ах, эгч нарын “даруу төлөв байгаарай” гэдэг үг хүмүүжилд суусан байх. Дээд үеэ дээдэлнэ, хайрлана. Тэдний үг, харцанд явнаа. Үг, харцны үнэн худал нь бас мэдрэгдэнэ.

-“Хүннүгийн хураангуй” цувралаа бэлтгэхдээ зөвхөн уншихаас гадна газар орноор их явж түүхэн дурсгалуудын судалгаа нэлээдгүй хийсэн байх.

-Хүннү гүрний хөшөө дурсгал монгол орон даяар бий. Ажлын шугамаар явж байхдаа заримыг нь очиж үзэж байлаа. Г.Мэнд-Ооёо багшийн “Сувдан сондор” аяллаар Сүхбаатар аймгийн Хүнт ухаа, Дарьгангын сав газрын хөшөө дурсгалуудыг очиж нэлээн нарийн үзсэн. Тэр үед энэ хагарч, цуурчихсан түүхийн хөшөө дурсгалуудыг устах эрсдэлээс сэргийлж бодлогоор хамгаалах цаг нь болжээ гэж бодсон шүү. Тэгэхгүй бол бутраад дууслаа. “Манжууд маньд гэм хийгээгүй” гэж ярих болж. Тийм ч биш байх аа. Хамгийн түгээмэл жишээ нь манай өвөг дээдсийн хөшөө дурсгалуудын толгойг тас цавчсан байна шүү дээ. Өсөрхөөд тэгж байж, муу золигууд. Энэ тал дээр ажил хийгээсэй.

-Та уулын хүн ч гэсэн тал нутагтай холбоотой юм шиг санагдсан. Тал нутгийн найрагчидтай холбоотой биз?

-Тийм ээ, их тал нутагтай салшгүй холбоотой. Тиймээс Г.Мэнд-Ооёо, Ай.Төмөр-Очир, С.Амартайван нарын их талын сайхан найрагч ах нарыг хүндэтгэж, үг сургаалыг нь сонсож явна. Тэд намайг дагуулж уудам тал нутгаа үзүүлж, надтай холбоотой алдагдсан цаг хугацааг олж өгч, амьдралын зориг олж өгсөн юм шүү. Талархаад ханашгүй.

-Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлээч. Нэг сонин түүх байгаад байна даа.

Үгүй ээ. Саяхан жаахан сэтгэл хөдлөөд нэг цухуйлгасан чинь цаг нь болоогүй байна лээ (Инээв). 

-Та уул ус, хүмүүсийн тухай их ярих юм. Яагаад өөрийнхөө тухай ярихгүй байна?

-Би өөрийнхөө тухай ярих болоогүй байна. Би, би гээд эхлэвэл дэмий биз дээ. Яахав энэ цагт тэгж хашхичиж байгаа нь сонин, содон болж, араасаа хүмүүсийг дагуулж байж мэдэх юм, тийм ээ. Гэхдээ би тэгэхгүй ээ. Надад тийм санаа ёстой байхгүй. Би, би-ийн санаа алга. Би бусдын хүчээр амьдарч, эх орон, эх нутгийнхаа хүчээр газар дээр гишгэж, энэ хөх тэнгэрийн хүчээр амьсгалж, бодож байна, бичиж байна. Тэгэхээр чинь надад юу хүч өгч байна, би түүндээ талархах нь, мөргөх нь зөв биз дээ. Тэр хүч өгч байгаа зүйлсийн тухай ярих нь л зөв биз дээ.

-Хайр дурлалын өнгө аястай шүлэг “Болор цом”-д түрүүлсэн тохиол ховор байх шүү.  Энэ жилийн тэргүүн шүлэг хэрхэн бүтсэн бэ?

-Энэ хавар их л сонин бороо орох цаг аль хэдийн болчихоод өвс ногоо, яргуй гарчихаад байхад л цасаар нүдээд байсан. Тавдугаар сарын дунд үед ганцаараа гэрийнхээ тэнд Зүрх хайрхандаа алхаж явахад цасан шуурга толгой түрүүгүй нүдээд явчихсан. Тэр үед хайр дурлалын, хагацал харууслын өнгө аястай, цас, мөстэй, сүйрэл, мөхөлтэй шүлэг байж болох юм гээд л ороод ирсэн. Би үлгэр, домог их сонирхдог л доо. Энэ цасан шуурга бүх юмыг хийсгээд аваад явбал яах вэ гэж хүүхэд шиг юм бодсон. Гэхдээ хаашаа авч явах вэ гэж бодлоо. Харьж явах замдаа эмэгтэй хүний араас аваад явсан байж болох юм байна гээд...

“Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо сүйрч байна” гэсэн хоёр мөрт орж ирсэн. Хүний зүрх сэтгэлд болж буй үзэгдлүүд энэ гадаах цасан шуургатай төстэй байж болох нь гэж бодсон. Хариад тэр оройдоо энэ шүлэг (“Цасан шуурга”)-ээ нухсан даа.

Цасан шуурга

 

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар, тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нүүж байна

 

Хоёр хөл минь

Хоосорч ханхайсан цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

 

Өмнүүр уул, нурууд нүргэлэн өнгөрч

Араар гол мөрөн шургалан холдож

Ой модод чиний араас шажигналдан хийсэж

Ой дурсамжууд чиний хойноос шивнэлдэж одож байна

 

Шуурах цасан гаднаас дайравч

Шүүрэх зүрхэн дотроос хайравч

Мэдээ алдсан хөл минь

Алхам бүртээ чам руу л тэмүүлж

Зүгээ алдсан нүд минь

Аних бүртээ чамайг л харж байна

 

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нуугдаж байна

Хоёр хөл минь

Хүндээс хүнд цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хүйтнээс хүйтэн нүүрээ дараад

Хонгор минь би ч бас чиний араас явж байна

 

Дээшээ хот суурин хашгиралдан хөөрч

Доошоо хад чулуу харшилдан бууж

Өвс, ногоо чиний араас зулгаран шуугиж

Өвөл, хавар чиний хойноос урагдан унаж байна

 

Шуурах салхин гаднаас түлхэвч

Шүүрэх зүрхэн дотроос татавч

Хүнийх болсон хөл минь

Чиний төлөө алхаж

Чинийх болсон итгэл минь

Миний төлөө зовж байна

 

Галзуу догшин...

Галзуу догшин цасан шуурга ульж байна

Газар тэнгэр үгүй болж

Орхиод явсан амраг чиний араас

Орчлон хорвоо нурж байна

 

Хоёр хөл минь

Хов хоосон цээжээ өргөөд

Хоёр гар минь

Хойноос чинь гудайсан толгойгоо бариад

Хонгор минь би чамаас хагацаж байна

 

Шуурах цасан дотор орж ирлээ

Шүүрэх зүрхэн гадагш гарч одлоо

Шархиран өвдөхийг ч мэдэхээ болилоо

Шаналан харуусахаа ч мэдэхээ байлаа

2021-5-16

-“Хүннү хүн” шүлгийг сүүлийн шатанд уншихаар зэхэж байсан юм билээ. Наана нь уншсаныг бодохоор “Болор цом - 38” наадмын түрүү таван тийшээ байжээ л гэж санагдлаа?

-Тийм шүү. Шүүгчид сайн шүлгээ эхний даваанаасаа уншаарай гэсэн шаардлага хэлж байсан. Хоёрын даваанд ч тийм л шаардлага тавьсан. Бүгд л нэг, хоёрын даваанд сайн шүлгээрээ буудсан. Хоёрын даваанд тэнд уншиж байсан яруу найрагчид бужигнуулсан шүү. Хэдий танхимын үзэгчгүй зохион байгуулагдсан ч амаргүй, ширүүхэн наадам болсон.

Мөн залуус нэлээн ширүүн байлаа. Удахгүй “Болор цом” наадам Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэлгэцээр, радиогийн өргөн долгионоор цацагдана. Тэр үеэр манай үзэгчид, сонсогчид яруу найрагчдынхаа шинэ шүлгүүдийг шимтэн сонсоорой.

ЧҮДЭНЗНИЙ ХАЙРЦАГАН ДЭЭР БИЧСЭН ДӨРВӨН МӨР ШҮЛЭГ МИНЬ “ҮҮЛЭН ҮСТ” ДУУ БОЛСОН

-“Үүлэн үст” дууг сонсоогүй монгол хүн бараг үгүй биз ээ. Таны энэ дуу хэрхэн бүтэж байв?

-20 настай оюутан байх даа бичсэн.

“Үүлийг үсийг чинь гэж боддог

Цасыг царай чинь гэж боддог

Салхийг уруулыг чинь гэж боддог

Сарыг гунигийг чинь гэж боддог” гэсэн дөрвөн мөр ороод ирэхээр нь чүдэнзний хайрцаган дээр биччихээд цүнхнийхээ мухар луу шидчихсэн юм. Би МЗЭ-ийн “Цог” сэтгүүлд дадлага хийдэг байлаа. Тэгсэн нэг өдөр утас дуугарлаа... “Би “Никитон”-ы Батчулуун байна, өөртэй чинь уулзъя” гээд Улсын филармониос МЗЭ-н байранд хүрээд ирсэн. Би тэр том дуучнаас чинь сүрдээд, давхиад ирэхээр нь дагаад Улсын филармони орлоо. Батчулуун ах надад “Үүлэн үст”-ийн хөгжмөө төгөлдөр хуур дээр тоглож сонсгосон юм. Энэ хөгжим дээр ахдаа үг хийгээд өгөөч гэлээ. Тэр жил “Болор цом” наадам циркт болж би аман хүзүүдсэн юм.

Тэр наадмыг Батчулуун ах зурагтаар үзээд энэ залуу руу ая аа аваад очно гэж шийдсэн юм билээ. Тэгсэн миний чүдэнзний хайрцаган дээр бичсэн дөрвөн мөр аянд нь яг таараад байсан юм. Батчулуун ах уран бүтээлийн төлөө бол шаргуу дайчин хүн. Гурав хоног суугаад л энэ дуу маань бэлэн болчихсон. Гэхдээ дарж дарж байгаад олон нийтэд цацсан. Цомгоо ч “Үүлэн үст” гэж нэрлэсэнд нь их баяртай байдаг. Гэхдээ анх өөр нэртэй байж байгаад Баачка ах эхний мөрийн эхний үгээр нь “Үүлэн үст” гэж нэр өгсөн.

Харин одоо бол ая зохиогч, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Д.Бердибек дүү тансаг аялгуу хийж өгсөн нэг дуу миний компьютерт дуулах эзнээ хүлээгээд л байж байна. Ганц нэг дуучинд хэлсэн чинь тоогоогүй. Зарим нь “Фэйсбүүкийн чатаар шидчих” гэсэн. Би шидээгүй, шидэхгүй л дээ (инээв).

-Ярилцсанд баярлалаа, уншигчдад яруу найраг, утга зохиолд хайртай олон түмэнд хаяглаж юу гэж хэлмээр байна?

-Одоо ерөөсөө нэг л юм хэлнэ. Түмэн олондоо эрүүл энхийг хүснэ. Та бүхэнд эрүүл энх, амар амгалан, элэг бүтэн, сэтгэл нь амгалан, урт удаан сайн сайхан амьдралыг ерөөж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

О.Цэнд-Аюуш: Амьдрах хугацаа хязгаартай, амьдралыг амгалан тайван, аз жаргалтай өнгөрөөвөл л сайхан  
Үзсэн: 4910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй