Шууд Chart

П.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн төлбөрөө өмнө нь хойшлуулсан зээлдэгчээс дахин хүсэлт шаардахгүй

2021-07-05 15:39:52

-Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 2021 оныг дуустал дахин хойшлуулахаар боллоо. Өмнө нь энэ арга хэмжээнд хэчнээн зээлдэгч хамрагдсан бэ?

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Монголбанкнаас Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээг нийтдээ гурав дахь удаагаа авч хэрэгжүүлэх гэж байна.

Хамгийн анх 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд нийтдээ хоёр их наяд орчим төгрөгийн зээлтэй 38152 зээлдэгчийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Үүний дараа дээрх хуулийн хугацаа сунгагдсантай холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт гурав орчим их наяд төгрөгийн 55728 зээлдэгчийн зээлийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. 

Хоёр дахь удаагийн арга хэмжээгээр зээлийн төлбөрийг хойшлуулахад дунджаар нэг зээлдэгч нэг сарын эргэн төлөлт 590 мянга орчим төгрөгийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Ийн 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оныг дуусталх хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулснаар цар тахлын хүндрэлтэй үед иргэдийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөгөө талд банкны секторын эрүүл аюулгүй, тогтвортой байдлыг хангах зэрэг олон давхар ач холбогдолтой гэж харж дээрх гурван удаагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн нийтдээ буюу 18-19 сарын хугацаанд нэг зээлдэгч, нэг өрх цар тахлын хүндрэлтэй үед 11.2 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан.

-Өмнө нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгөөгүй зээлдэгч нар хэрхэх вэ?

-Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа дахин сунгагдсантай холбоотойгоор гурав дахь удаагийн арга хэмжээг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах буюу автоматаар хойшлуулна.

Мөн өмнө нь зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгөөгүй зээлдэгч нар энэ сарын 31-нийг өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очиж зээлийн эргэн төлөлтөө 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй хойшлуулах боломжтой.

-Энэ он гарсаар хэчнээн зээлдэгчид  ипотекийн зээл олгосон бэ?

-2017, 2018 оноос зөвхөн Монголбанкны эх үүсвэр гэлтгүйгээр Засгийн газар, арилжааны банкуудын эх үүсвэрээс хамааран ипотекийн зээлийг олгож эхэлсэн. 2020 он болон энэ жилийн тухайд Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээс ипотекийн зээлийг олгож байна. Ялангуяа энэ жилийн тухайд цар тахлын сөрөг нөлөөллүүдийг арилгах зорилгоор ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн хэмжээг нэмэх чиглэлээр Монголбанкнаас холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, өнгөрсөн 2020 оны туршид нийт 457 тэрбум төгрөгийн санхүүжилт ипотекийн зээлд олгож байсан бол 2021 он гарсаар эхний хагас жилд буюу өнгөрсөн зургаадугаар сарыг дуустал нийт 478 тэрбум төгрөгийн ипотекийн зээл 6475 зээлдэгчид олгосон. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилт болон олголт хэвийн явагдаж байгаа. Бүр энэ оны эхний улиралд өнгөрсөн оныхтой харьцуулахад санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн.  

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

П.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн төлбөрөө өмнө нь хойшлуулсан зээлдэгчээс дахин хүсэлт шаардахгүй  
Үзсэн: 12390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй