Шууд Chart

Бид хүчирхийллийн үндсийг сугалж чадна

2014-05-19 10:49:12

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

-*-

Эхлэл
Нэлээд халамцсан Н намхан гэрийн бор хаалгыг уур савсуулсаар зад татах шахуу орж ирэн хөгшин болсон ээж рүүгээ хялалзан харахад зуухныхаа урд мойног хуруугаараа зул имрэн суусан ээж нь муу хөлөндөө түүртэн өндөсхийн босоод түшиж авахыг хичээсэн ч хүү нь гараараа түлхээд шороо, цас болсон гадуур хувцастайгаа ор руу зүглэв. Ээж нь зузаан хувцсанд ороосон савтай хоолоо барин дөхсөн ч хүү идэх шинжгүй, хий огиулна. Ядаж аяга халуун цай оочуулах санаатай дөхсөн ч бачимдсан хүү нь “Намайг орхи” хэмээн гарыг нь түлхэхэд аягатай цай хоймроор нэг цацагдав. Архинд орж, эхнэр хүүхэдтэйгээ түнжин хагаран, сүүлдээ эхийнхээ тэтгэврийн хэдийг бор дарсанд зориулаад дуусч байгаа Н хурхиран унтана. Харин хүүгийнхээ шороо шаварт “будагдсан” хүнд гутлыг хүч мэдэн сугалж аваад хөлийг нь бөөцийлөн хучих ээжийн сэтгэлд юу бодогдож байгаа бол...Эхүүн муухай үнэр сэнгэнүүлэн хурхирах хүүгийнхээ дэргэд хувин дөхүүлж, үсийг нь илэх ээжийн сэтгэлд юу бодогдож байна вэ.
Буурал сууж, нүдний цог нь унтарсан, зовлон шаналалын гэрч түмэн үрчлээг нүүрэндээ суулгасан энэ хөгшний дотор юу болж байгааг үнэндээ төсөөлөхийн аргагүй. Ямарч байсан сэтгэл нь урагдаж, дотор нь харанхуйлж байгаа биз. Өвлийн жихүүн салхийг арай ядан халхлах энэ умгар гэрийн хойморт залсан бурханы жижиг хөргөөс өөр хань болчих зүйл энэ хөгшинд алга

Ээжийгээ хүчирхийлж байна

Итгэхэд бэрх ч энэ үнэн. Өнөөдөр хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хүчирхийлэлд өртөж байгаа. Гэтэл бидний төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй ахмадууд дээрх иргэдээс дутахгүй хүчирхийлэлд өртөж байна. Энэ тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртөж байна хэмээн ярьдаг ч ахмадуудад энэ асуудал бас их байна” хэмээсэн. Үүнээс үүдэлтэйгээр Ахмадын эрхийн тухай хуулийг санаачлан батлах шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Тэгвэл ахмадууд хүчирхийлэлд өртөж буй тухай яагаад тэр бүр яригдахгүй, дурсагдахгүй байна вэ. Шалтгаан нь их энгийн. Үрээ гэх эцэг, эхийн хайр дэндүү агуу учраас тэр юм. Нийтлэлийн эхэнд дурдсан согтуу Н-ийн эх хүүгээсээ болж хичнээн шаналж, тэтгэврийн хэдээ албан татвар мэт хураалгаж байгаа ч үр хүүхдэдээ муу санаж чадахгүй. Эсвэл халамцуу хүүгээсээ “алганы амт” хүртсэн өвгөн энэ тухай цагдаагийн газар хэлэх нь бүү хэл хүүгээ бусдад муулж төвддөггүй. Тийм учраас хөгшид хүчирхийлэлд огт өртөхгүй байгаа мэт харагддаг. Харин бодит байдал хөгшид рүү чиглэсэн хүчирхийлэл маш олон хэлбэрээр илэрч байна.
Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгчийн эцэг, эхийн хэн хэн нь ялгаагүй давхар хүчирхийлэлд өртдөг
Гэр бүлийн гишүүд хэрэлдэх, нөхөр нь эхнэртээ агсам тавих, цаашлаад зодох, үр хүүхэдтэйгээ зүй бус харьцах зэрэг үйлдлийн цаана хамгийн их шаналж, зовж байдаг хүмүүс бол хөгшид юм. Үүнд нэг онцлог зүйл нь хүчирхийлж байгаа хүний эцэг, эх нь хүүхдэдээ нэг санаа зовно, мөн хүчирхийлэлд өртөж буй эхнэр, хүүхдийг нь бодож сэтгэл эмтэрдэг. Түүнчлэн, хүчирхийлэлд өртөж байгаа хүний эцэг, эх үр хүүхдээсээ илүү шаналж зовох нь ойлгомжтой. Энэ мэт хүчирхийлэл үйлдэгч, хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн цаана байгаа хөгшид байнгын сэтгэл зүйн дарамттай байж санаа зовох, хоол ундандаа муу болох, хууч өвчин нь хөдлөх, даралт ихсэх, хурдан өтлөх зэргээр бие мах бодь, сэтгэл санаагаараа хүчирхийллийн золиос болдог. Цаашлаад байнгын сэтгэл зүйн дарамтаас болж даралт харваж хөгжлийн бэрхшээлтэй болсон, хорвоогоос явах ёстой жамаасаа эрт хальсан хөгшин олон байгааг үгүйсгэх аргагүй. Энэ бол хөгшид хүчирхийлэлд өртөж, хохирогч болж байгаа хамгийн нийтлэг хэлбэр юм. Гэхдээ энэ тохиолдолд хэн нэгнийг шүүж, шийтгэл оноож чаддаггүй онцлогтой. Хөгшин болсон эцэг, эхээ зовоож, сэтгэл зүйн хувьд тайван биш, байнгын тогтворгүй болгож, даралтыг нь ихэсгэж, цаашлаад үхэлд хүргэх суурь шалтгааныг нь тавьсны төлөө үр хүүхдийг нь буруутгахаас бус шийтгэсэн нь үгүй.

Ахмадуудын хүсэл зорилгыг үгүй хийж байна

Хүчирхийллийн дараагийн хэлбэр нь ахмадууд тэтгэвэрт гарсны маргаашаас сэтгэл зүйн дарамтад орох магадлал өндөр байдаг. Учир нь олон жилийн турш ажилласан байгууллагадаа, дадсан мэргэжлээрээ нэг л өдөр ажиллахаа больсноор өмнө нь харьцаж байсан хүмүүс байхгүй болж, хүндлэлийн орчин алга болдог. Үүнээс хамаарч ихэнх хүн тэтгэвэрт гарсны маргаашаас сэтгэлзүйн хувьд стресст орж эхэлдэг. Амархан бухимдана. Гэтэл үүнийг үр хүүхэд нь ойлгох нь бүү хэл, тэтгэвэрт гараад зав чөлөөтэй болсон юм чинь хүүхэд хар, өдөрт хувцас угаа, орой ирэхэд хоол хий гэж бараг л захиргааддаг. Улмаар тэтгэврийнх нь мөнгийг хоол унд, байрны төлбөрт нэмэртэй гэх зэргээр хураагаад авчихдаг. Тэгвэл тэтгэвэрт яах гэж гардаг вэ. Энэ бол тухайн ажлыг гүйцэтгэх ямар ч тамир тэнхээгүй болсон хэмээн үзэж, залуу үедээ зай тавьж өгөхийг хүсч буй хэлбэр биш юм. Харин төрд насаараа зүтгэж, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсний төлөө үлдсэн насаа өөрийн хүссэнээр өнгөрүүл хэмээн төрөөс үзүүлж буй хүндлэл юм. Гадаадад тэтгэвэрт гарсныхаа маргаашаас төрөөс сар бүр авах тэтгэврийнхээ мөнгөөр аялал зугаалгаар явах, өөрийнхөө сонирхсон зүйлдээ цаг заваа зориулдаг. Харин манайд ихэнх тохиолдолд эсрэгээр байна. Тэтгэвэрт гарсны маргаашаас хүүхэд харах, хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх зэргээр их ажилд цаг заваа зориулдаг. Уг нь ямар ч хүнд хүсэл, сонирхол, зорилго гэж бий. Гэвч үүнийг нь хэн ч сонирхдоггүй, асуудаггүй. Тэтгэврийн тухайд бүр хүнд. Тэтгэврийнхээ мөнгөөр өөрийнхөө сонирхсон зүйлдээ зориулж, аялаж зугаалах нь бүү хэл,  албан татвар мэт хураалгаад дуусдаг. Мөнгөний эрх мэдэл үндсэндээ алга болдог. Мэдээж үр хүүхэд чухал. Гэвч хорвоо дээр амьдрах үлдсэн хугацаандаа өөрийн хүсэл мөрөөдөл, бодож санаснаа гүйцэлдүүлэх “сүүлийн” хэмээж болох боломжоо алдаж байгааг хүчирхийлэлд өртөж буй нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй. Зарим хүн үүнтэй санал нийлэхгүй байх. Гэхдээ залуу хүнд л хүсэл мөрөөдөл, зорилго, сонирхол гэж байдаг гэвэл өрөөсгөл ойлголт шүү дээ.

Хүү нь эцгээ зодож, ээждээ агсам тавьж байна

Энэ бол илүү ноцтой хүчирхийлэл. Хамгийн аймшигтай нь үр хүүхдийнхээ гарын дор, үг хэлэнд хүчирхийлүүлж байгаа явдал юм. Хөгшин эцэг, эхээсээ архины мөнгө нэхэх, үнэтэй цайтай эд хогшлыг нь зарж архи уух, тэтгэврийг нь дээрэмдэх, агсам тавих, зодох зэргээр бие сэтгэлээр нь хүчирхийлж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн оны наймдугаар сард Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд 52 настай эрэгтэй Г-г хүү нь болох 23 настай эрэгтэй Т нь зодож, биед нь гэмтэл учруулсан явдал юм. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 28 настай эрэгтэй Ц гэгч нь хадам аавыгаа зодсон хэрэг гарсан. Үүний цаана үр хүүхдэдээ зодуулж, хэл амаар доромжлуулж, тэтгэврийн мөнгөө дээрэмдүүлсэн ч дотроо шаналж дуугүй яваа хэчнээн хөгшин байгааг тааварлахын аргагүй. Ялангуяа, архинд донтсон залуус мансуурлын төлөө төрсөн эцэг, эхдээ хүний үнэргүй хандаж байгаа нь харамсалтай. Жаргаж өтлөх насан дээрээ үр хүүхдээ зодуулж, тэтгэврээ дээрэмдүүлэн, гал голомтоо өшиглүүлэн агсам тавиулж байгаа хөгшдийн сэтгэлд ямар их харуусал, гомдол хурдагийг төсөөлөхийн аргагүй. Гэвч үхэхэд үр харам гэдэг. Үүний төлөө үр хүүхдээ шүүхэд дуудах “зоригтой” эцэг, эх байхгүй.

Хүчирхийлэл юунаас үүсч байна вэ

Үүнд ямар ч эргэлзээгүйгээр тэргүүн шалтгаан нь архидалт. Энэ бүхнийг батлах ямар нэг тоо баримт дурдах шаардлагагүй. Хамгийн ойлгомжтой үйл явц бидний нүдэн дээр өрнөж байна. Монголын залуусыг архидалтаас ангижруулах нь зөвхөн тухайн хувь хүний асуудал биш. Үүний цаана олон олон гэр бүл, тэр дундаа хөгшдийн сэтгэлд үүрлэсэн бул хар чулууг авч хаях болно. Архидан мансуурсан, нэг шил архины төлөө өөртөө хамгийн ойрхон, гарын дор байх хөгшин болсон эцэг, эхээ дарамталж байгаа нь байж боломгүй үйлдэл юм. Тиймээс архидалттай тэмцэх нь хүчирхийлэлтэй тэмцэж байгаа томоохон хүчин зүйл гэж үзэж байна. Мөн төр хөгшдөд тэтгэвэр өгөөд орхих бус ахмадуудыг Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэх баялаг хэмээн харах нь зүйтэй. Олон оронд тэтгэвэрт гарсан хүмүүсийн туршлагыг шинээр бизнес эрхэлж байгаа залуус руу чиглүүлж, холбож өгдөг. Ингэснээр хөгшид тэтгэвэрт гарсан ч өөрийн мэдлэг чадвараа бусдад түгээн дэлгэрүүлж, хамт олонтой байж, шинэ зорилготой болж амьдралын утга учир нь сэргэж ирдэг. Нөгөө талаас хөгшдийн дуу хоолойг сонсож, шаардлагатай тохиолдолд хамгаалдаг байх ёстой.

Хүчирхийллийг багасгах хамгийн чухал зүйл бол үзэл суртал юм. Үзэл суртал гэхээр социализмын үеийн уриа лоозон эхэлж буухыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Хүннүгийн төрт ёс 2000 жилийг туулахад үзэл суртал чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд эрт дээр үеэс эцэг, эхээ бурхан мэт шүтэж, тэднийг энэрэн хайрлах, сэтгэлийг нь амар амгалан байлгах нь хичнээн чухал болохыг хэлж сургаж ирсэн. Ингэж багаас нь зөв үзэл, зөв үлгэр дуурайлалаар хүмүүжсэн хүүхэд хэзээ ч бусад руу гар далайдаггүй, асуудлыг ухаанаар шийдэхийг эрмэлздэг. Бүхнийг хууль дүрмээр шийднэ гэвэл хэцүү. Эзэн Богд Чингис хаан сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ хэмээн хэлсэн байдаг. Багаас нь зөв үлгэр дууриалал үзүүлж, зөв шударга хүн болж өсөн төлөвших нь яагаад чухал болохыг тайлбарлан таниулснаар том болоод заавал хууль дүрмэнд захирагдахгүйгээр ухамсраараа бусдыг хүндэлж, муу бусармаг бүхнээс татгалздаг. Бид ийм л дадал, үзэл суртлыг хүүхэд багачууддаа төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүчирхийллийн үндсийг сугалж чадна. Чанга хатуу хууль дүрэм хэрэгтэй ч хүний дотоод сэтгэхүй, ертөнцийг зөв төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.

Г.Батзориг /ntn.mn/

 


Бид хүчирхийллийн үндсийг сугалж чадна   
Үзсэн: 2222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй