
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэд, хэдэн асуудлын хүрээнд хуралдсан байна. Намын бүлгийн хуралдааны дараа бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Газрын тосны тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжсэнгүй гэх зүйл яригдаж байна?
-Бид парламентад цөөнх. Олонх асуудлаа шийддэг. Өөрсдөд нь таалагдахгүй байгаа зүйлээ МАН-ын бүлгээс боллоо гээд бидэн рүү чихээд байх шаардлагагүй. Бидэнтэй, бидэнгүйгээр төсвөө баталж, сайд нараа томилж, сайд нараа хамгаалаад үлддэг. Алдаатай болсон зүйлээ бидэн рүү чихэх шаардлагагүй. Газрын тосны тухай хууль дээр нухацтай ярих зүйл байна гэдгийг Засгийн газар өөрөө хуралдаад Засгийн газрын тогтоолоор Газрын тосны хуулийг татаж авах шийдвэр гарчихсан байсан юм байна лээ. Хуулийг хэлэлцэх үед ноцтой асуудал үүссэн учраас Засгийн газар хуулиа татаж авах шийдвэр гаргасан байх.
-МАН-ын бүлэг Өрийн асуудлаар улс төржиж байна гэдэг зүйлийг бие даагчид, эрх баригчд хэлж байна?
-Өрийн хэмжээ нэмэгдэж байгаа бол асуудал яригдах ёстой. Монгол Улс бол нэг гэр бүл. МонголУулсаа өрийнхөө барьцаанд тавиад алдчих вий гэдгээс айж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний тухайд өсөлт алга. Өр тавьснаар 2014 онд Монгол Улсын төсвийн орлого 6.8 их наяд байсан бол 7.2 их наяд болж байна. Өөрөөр хэлбэл, 2016 онд 6.1 их наядын өр тавих гэж байна. Нөгөө талдаа орлого маань 400 тэрбумаар нэмэгдэнэ. Бидний тавьсан өрөөс 15 дахин бага орлого нэмэгдэх нь. Уул нь тавьсан өрөөсөө 15 дахин их орлогоо нэмэгдүүлж чадаж байвал өр тавихад айх зүйл байхгүй. Өр тавиад байдаг, бидний орлого нэмэгддэггүй. Гаднаас авах зээл нэмэгдээд байдаг. Энэ үүднээс бид дэмжихгүй байгаа юм.
-Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж Бие даагчдын зөвлөл мэдэгдлээ. МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Хариуцлагагүй хүмүүстээ эрх баригчид өөрсдөө хариуцлага тооц гэж хэлсэн. Биднийг ярихаар сонсдоггүй, биднийг худлаа ярилаа гэдэг юм чинь та нар өөрсдөө эхлээд хариуцлага тооц гэсэн. Бид хүлээж л байна.
-Өнгөрсөн хугацаан дахь Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ. Засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан шүү дээ?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улс төрийн нам дүгнэлт өгөхөөсөө илүү Монгол Улсын иргэд дүгнэлт өгчихсөн байх гэж бодож байна. Иргэн болгоны авдаг цалин, тэтгэвэр багасч байгааг бүгд мэдэж байна. Монгол төгрөг дэлхийд хамгийн хүчтэй суларсан гурван валютын нэг болсон байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувиар суларчихаад байна. Монголбанк зургаадугаар сарын 1-ний дотор УИХ-д асуудлаа оруулж ирэх тогтоол гарчихсан байгаа.
-АН-ын зүгээс МАН-тай хамтраад засаг байгуулж өрийн хэмжээг нэмэгдүүлье гэсэн санал тавибал яах вэ?
-Засагт орохгүй гэдгээ хэлсэн. Яах аргагүй Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрччихсөн. Монгол Улсын өрийн тааз 40 хувь байх ёстой. Гэтэл өнөөдөр Олон улсын валютын сангийн тооцооллоор 62 хувь, Дэлхийн банкны тооцсоноор 58 хувь байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан. Монгол Улс нэг төсөвтэй, нэгдсэн бодлоготой нэг л улс. Энэ Чингис, Самурай бонд төсвөөс тусдаа явах нь буруу, нэгтгэ гэсэн. ҮАБЗ-ийн зөвлөмжөө тоодог юм байна уу, тоодоггүй юм байна уу бид харж байна.
-Д.Амарсайхан агсны талаар холбогдох албаныхан ямар мэдээлэл өгсөн бэ?
-Талийгаачийн тухайд нэлээд суурь өвчтэй байсан юм байна. Харамсалтай нь өвчтэй байхад нь эмчилгээ хийгээгүй байна. Ер нь хилсээр гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан асуудал нь буруу. Энэ нь тогтоогдсон юм байна. Анх шалгаж байсан үндэслэл нь тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болчихсон юм байна. Уг нь гадуур байцаагаад, эмнэлэгт хэвтүүлэх бололцоо байсан гэж байна.
С.Бямбацогт: Монгол Улсаа өрийнхөө барьцаанд тавиад алдчих вий гэдгээс айж байна | ||
Үзсэн: 1645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.