Шууд Chart

Японы ард иргэд Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ

2021-08-07 10:24:17

Японы ард түмэн өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 06-ны өдөр Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх, нэг минут дуугаа хураах ёслол гүйцэтгэлээ. Одоогоос 76 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц Японы Хирошима хотын дээрээс цөмийн бөмбөг хаясны улмаас Японы олон мянган хүн амь үрэгдсэн түүхтэй. Үүнийг түүхчид дайны үеийн хамгийн аймшигт үйл явдлуудын нэгд тооцдог юм.

Тодруулбал, баасан гарагийн өглөө орон нутгийн цагаар 08:15 минутад буюу цөмийн бөмбөг хаясан цагт Хирошима хотын иргэд нэг хором дуугаа хурааж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ. Хирошима хотын дээрээс хаясан цөмийн бөмбөгний дэлбэрэлтийн долгион, цацраг туяаны улмаас 1945 оны сүүл гэхэд 140 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэж албан ёсны баримтанд дурьдсан байдаг аж.

Түүнчлэн энэхүү аймшигт үйл явдлаас амьд үлдсэн хүмүүс цацраг туяанд хордсоноосоо болж хорт хавдар болон бусад өвчнөөр нас барж, өнөөг хүртэл шаналж байгаа тохиолдол ч олон байдаг. Хирошима хотын дарга Мацуй Казуми өнгөрсөн онд энэхүү гамшигтай холбоотойгоор нас барсан 4800 гаруй хохирогчийн нэрсийн жагсаалтыг дурсгал хүндэтгэх самбарт нэмж оруулсан байна.

Мөн тэрээр дурсгал хүндэтгэх үгэндээ: миний бие Япон улсын засгийн газрыг цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй улс орнуудын хооронд бүтээлч зуучлагч болохыг хүсэж байна. Цаашилбал Хибакушагийн хүсэлтийн дагуу цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэн даруй гарын үсэг зурж, соёрхон батлахыг шаардаж байна. Зуучлагчийн үүргийг биелүүлэхийн тулд цөмийн зэвсгээс хамааралгүйгээр олон улсын итгэлцэл, аюулгүй байдлыг сэргээх орчныг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцолжээ.

Одоогоор Америк Орос зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүд уг гэрээг дэмждэггүй юм байна. Мөн Америкийн цөмийн шүхэр дор байдаг Япон улс уг гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм. Энэ жил цар тахлын улмаас Хирошимагийн дурсгал хүндэтгэх ёслолд оролцогчдын тоог 800 орчим болгож бууруулжээ. Энэ нь өмнөх жилүүдэд оролцсон хүний аравны нэгтэй тэнцэхүйц бага тоо юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы ард иргэд Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ  
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй