Шууд Chart

Раул Дельгадо Консепсион: Монголын хөдөөгийн хүн ард язгуур уламжлалаа өнөөг хүртэл хадгалсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн

2021-08-09 08:08:40

Монголын Мэдээ суваг БНКУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Раул Дельгадо Консепсионыг эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол, Куба Улсын харилцаа, хамтын ажиллагаа, аж байдлын талаар ярилцлаа.

- Сайн байна уу? Элчин сайд аа. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.

- Их баярлалаа. Манайхыг зорин ирсэн Үндэсний телевизийн хамт олон та бүхэнд баярлалаа. Куба Улсын элчин сайдын яаманд тавтай морил.

- Та Монгол Улс дахь албан томилолтоо дуусгаад удахгүй эх орон руугаа буцаж гэж байгаа юм байна. Тиймээс ярилцлагаа хоёр орны харилцаанаас эхлэе. Таны бүрэн эрхийн хугацаанд хоёр орны харилцаанд ямар шинэ уур амьсгал орсон бэ?

- Юуны өмнө, манай элчин сайдын яаманд зорин ирж, ярилцлага авахаар болсонд талархаж байгаагаа илэрхийлье. Бид өнгөрсөн 60 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллаж ирлээ. Миний хувьд, олон жилийн уламжлалтай хамтын ажиллагааг бүх салбарт улам бэхжүүлэх зорилготой ажиллаа. “Ковид-19” цар тахлын улмаас хоёр орны аль алинд нь амаргүй нөхцөл байдалтай тулгарсан, их ажлын 5 жилийг үдэж байна. Гэхдээ хамтын ажиллагааг нягтруулах ажил амжилттай урагшилж байна.

- Куба Улсын зүгээс Монгол Улсын аймаг орон нутагт ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ?

- Манай Куба Улсын зүгээс Монголын аль нэг аймаг суманд чиглэсэн гэхээсээ илүүтэй, улс үндэстний хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Нэгэнт улс үндэстний хэмжээнд ажиллаж байгаа учраас Монголын байгууллагуудаар дамжин аймаг сумдад үр өгөөж нь хүрч байгааг бид ажигласан.

- Элчин сайд бүр шинэ томилолт авахдаа өөр өөрийн өнцгөөс шинэ зорилт тавьдаг. Та Монголд ирэхдээ ямар зорилт тавьсан бэ? Түүндээ хүрсэн үү?

- Тийм ээ, би бүр анхнаасаа хоёр орны хоорондын харилцааг улам бэхжүүлэх, гүн нөхөрлөлийг бататгах зорилготой байсан. Монголын төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, нийгмийн амьдралыг гүнзгий таньж мэдэх, цаашлаад Монголын түүхийг судлах нь миний эрхэм зорилго байлаа. Ингэж судалж мэдсэнээр, Куба Улс Монголын аль салбарт дэмжлэг үзүүлэх боломжтой вэ, бид юун дээр хамтран ажиллаж болох вэ, яавал Монголын ард түмэнд өгөөжтэй байх вэ гэсэн бодлоор ажиллалаа. Ингэж ажиллах хугацаандаа саяын дурдсан энэ хүсэл зорилгодоо хүрсэн гэж бодож байна.

- Таны Монгол Улсад гаргасан хамгийн том хүчин чармайлт юу вэ?

- Куба-Монголын найрамдалт харилцааны хүрээнд Куба Улсын зүгээс Монголын нийгэмд тулгарч буй асуудлыг ойлгож, монголчуудын ирээдүйдээ тавьж буй зорилгод нь ажлаа нийцүүлэхийг миний бие ихэд чармайлаа. Монголын төрийн эрх барих дээд байгууллагуудын зорилго, засгийн газрын төлөвлөгөө чиглэлд бид ажлаа нийцүүлж байж хоёр улсын хамтын ажиллагаа бат бэх, амжилттай үргэлжилнэ. Тиймээс төрийн байгууллагуудын зорилгыг судалж, тэр зорилтуудад хүрэхэд нь дэм болох гэж нягт хамтран ажилласаар ирлээ. Монголын нийгмийг улам сайхан болгоход Куба улс хэрхэн тусалж болохоор байна, Куба Улсаас ямар мэдлэгийг авчирч түгээвэл эндхийн хүмүүст тустай вэ гэдгийг танин мэдэхийн төлөөх чармайлт миний Монгол Улсад ажиллахдаа гаргасан хамгийн гол чармайлт гэж хэлмээр байна.

- Бид өнгөрсөн онд хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Таны бодлоор өнгөрсөн жилүүдэд хоёр орны харилцааны хөгжилд хэр их ахиц гарсан бэ?

- Баярлалаа, их сайхан асуулт байна. Энэ бол хоёр орны харилцааны хувьд маш чухал алхам байсан. Дипломат харилцаа тогтоосны 60жилийн ой бол харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг мөн. Энэ 60 жилийн хугацаанд бид хамтдаа нэлээн үр дүнтэй ажиллалаа, олон жилийн турш яригдаж байсан төсөл хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. 60 жил гэдэг бол багагүй хугацаа, энэ хугацаанд бид хамтдаа маш олон зүйлийг хийж амжуулсан ч би энд нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Куба, Монгол орны харилцаа бол зөвхөн засгийн газар хоорондын бус харин ард түмэн, иргэд хоорондын харилцаа юм.

Бид энэ олон жилийн хугацаанд аль алиныхаа түнш нь байж ирсэн. Хэдийгээр манай хоёр орон хоорондоо асар хол зайд оршдог, газар зүйн хувьд хол боловч бидэнд хүмүүсийн зан байдал гэх мэт нийтлэг, ижил төстэй зүйлс олон бий. Энэ ижил төстэй шинжүүдээрээ нягтарч чадсанаараа хоёр улсын 60 жилийн харилцаа бат бөх, найрсаг сайхан, дээд түвшинд байгаа гэж үзэж байна. Тиймээс манай хоёр орон 60 жилийн ойгоо баяр хөөр дүүрэн, бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн.

- Миний бодлоор хоёр орны хооронд боловсролын харилцаа илүү хөгжиж байна. Иймд цаашид харилцааны аль салбарыг өргөжүүлэх сонирхолтой байгаа вэ?

- Тийм ээ, яг зөв. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон цагаас хойш Куба Улс Монголын боловсролын салбарт өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Тийм ч учраас жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж өдгөө нийтдээ 160 гаруй монгол оюутныг Куба Улсад тэтгэлгээр сургаад байна. Үүнд олон салбар чиглэл, тухайлбал, нүүр ам судлал, анагаах ухаан, инженер, хууль, хөдөө аж ахуй, биеийн тамир гэх мэт чиглэлээр түлхүү суралцаж байна. Ийнхүү бид монгол оюутныг тэтгэлгээр сургаж байгаа нь Монголын хүний нөөцийг чадавхижуулахад оруулж буй хувь нэмэр юм.

Куба Улсад суралцсан оюутнууд Монголд ирээд тус бүрийн салбартаа амжилттай ажиллаж байгааг би бахархалтайгаар хэлмээр байна. Ингээд бодохоор, боловсролын салбар бол хоёр орны хамтын ажиллагааны ахицыг төлөөлөх гол үзүүлэлтийн нэг юм. Нөгөөтээгүүр, Куба Улс анагаахын сургалтаар дэлхийд шилдэгт тооцогддог. Монголоос ч олон оюутан суралцаж байна. Ингэж Куба Улсад суралцаж эмч болсон залуус яг одоо "Ковид-19" цар тахал гэх мэт онцгой нөхцөл байдалд Монголын эрүүл мэндийн салбарын нэгээхэн хэсэг байж, ард түмэнд нэмэр тусаа хүргэж байгаа нь гарцаагүй.

- Куба Улсад суралцаж төгссөн Монгол мэргэжилтэнүүдтэй хэр харилцаатай байдаг вэ?

- Тийм ээ, Куба Улсад суралцаж төгссөн оюутан залуус нэгдэж Куба Улсад Төгсөгчдийн Холбоо байгуулан ажиллаж байна. Энэ төрийн бус байгууллага нь Куба Улсад төгсөгчдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, Куба Улсад суралцаж байгаа монгол оюутнууддаа туслах ажлыг хийдэг, манай элчин сайдын яамны зүгээс тэдний ажлыг дэмжиж ойр ойрхон уулзалт зохион байгуулдаг. Тэдний Куба Улсад байхдаа олж авсан мэдлэг туршлагыг Монголд яаж хэрэглэж болох вэ, ямар байдлаар ажиллах вэ гэдэгт төвлөрдөг юм. Куба Улсад Төгсөгчдийн Холбоо байгууллага нь Куба Улсад боловсрол эзэмшсэн залуусын тасралтгүй ажиллагаа, залгамж халааг бэлдэх чухал гүүр юм. Тэр утгаараа манай элчин сайдын яам тэдэнтэй нягт хамтын ажиллагаатай. Тэд манай яаман дээр үе үе ирнэ, ер нь ойр харилцаатай байдаг даа.

- Монгол Куба Улсын хооронд эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх ямар боломж байна вэ?

- Эхлээд би нэг тайлбар хэлмээр байна. Куба бол хөгжиж байгаа орон. Монгол Улсын нэгэн адил бидний асуудал мундахгүй их. Та бүхний мэдэж байгаачлан, Америкийн Нэгдсэн Улсын тавьсан эдийн засгийн хоригоос болж Кубийн ард түмэн 60 жилийн турш үндсэн хэрэгцээгээ ч хангаж чадахад бэрх, хүнд нөхцөлд аж төрж байна. Энэ хоригоос болж эдийн засаг үргэлж хүнд байдаг. Куба Улсад эдийн засгаа сэргээх нь үнэхээр амаргүй. Хэдий тийм ч гэлээ, Куба улс өөрсдийнхөө хамгийн сайн хийж чаддаг, дэлхийд танигдсан, цаашид хөгжих боломжтой салбарууд дээр Монгол улстай хамтран ажиллаж байна. Тухайлбал: Боловсрол, эрүүл мэнд, биотехнологи, эмийн үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг онцолж болно.

Энэ ташрамд хэлэхэд, АНУ-ын тавьсан эдийн засгийн хоригт олон жил бэрхшээлтэй тулгарч буй Куба Улсын ард түмэнд сэтгэл санааны дэм үзүүлдэг Монголын засгийн газар, ард түмэнд талархдагаа илэрхийлье. Куба Улс санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч “юу байна, түүгээрээ дайлна” гэдэгчлэн Монголд чадах чинээгээрээ тусалж байгаа. Куба Улсын хувьсгал анх бий болохдоо л ийм зорилго, ийм гадаад бодлоготой байсан. Үүний дагуу бид олон салбарт хөрөнгө оруулж байна. Биеийн тамир, спортыг нэрлэж болно, бас биотехнологийн бэлдмэлүүдийг Монголын эмийн бүртгэлд оруулж, хэрэглээнд гаргаж эхэлж байна. Куба Улсад чихрийн шижин, хорт хавдар өвчнүүдийн эмчилгээнд амжилттай ашиглаж байгаа зарим эм бэлдмэлийг Монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, олон олон өвчтэй хүнийг өвчнөөс нь ангижрахад тусалж байна. Энэ мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Дахиад хэлэхэд, Куба Улсын эдийн засаг энэ Ковидын нөхцөл байдалд улам хүнд сорилттой тулгарч байгаа ч гэлээ бид Монгол улстай хамтын ажиллагаагаа зохих түвшинд нь хадгалсаар байхыг зорьж байна.

- Таны бодлоор Монгол Куба хоёр бие биенээсээ юуг суралцах хэрэгтэй вэ?

- Тийм ээ, бид бие биеэсээ харилцан суралцах зүйлс их байгаа. Таны хэлсэнчлэн, бид Монголоос их зүйлийг сурдаг. Аливаа эргэлтэд Монгол улс ямар хариу үйлдэл үзүүлж байна, юу хийж байна гэдгийг бид анхааралтай ажиглаж, Куба улсад ижил байдлаар хийж болох эсэхийг дүгнэдэг. Тийм ээ, олон зүйл дээр харилцан суралцаж болно. Монгол мөн л маш олон талбарт их туршлага, мэдлэг хуримтлуулсан улс. Бид тэр туршлага мэдлэгийг Куба руу түгээх, нөгөөтээгүүр Куба Улсын туршлага, мэдлэгийг нааш нь түгээхээр хичээж байгаа. Энэ бол нэг чиглэл бус хоёр чиглэлтэй, хоёр талт харилцаа. Мэдээж, суралцах зүйлс их бий.

- Куба Улсын шинээр хөгжиж байгаа салбар бол аялал жуулчлал, анагаах ухааны салбар. Эдгээр салбарт Монгол улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд та бүхэн ямар ажлууд хийсэн бэ?

- Тийм ээ, яг зөв. Аялал жуулчлал бол Куба Улсын эдийн засгийн хамгийн том хөшүүрэг, гол салбар. Цар тахлын өмнөх үед Куба улс ойролцоогоор жилд 5 сая шахам жуулчин хүлээн авч байсан. Дээр дурдсанчлан, АНУ-ын эдийн засгийн хоригоос болж санхүүгийн бэрхшээлтэй хүнд нөхцөлд байгаа ч гэсэн бид ийм тооны жуулчин хүлээн авч байсан. Бид энэ салбарыг маш тогтвортой, цэгцтэйгээр хөгжүүлж чадсан. Тиймээс тэр мэдлэг туршлагаа Монгол улстай хуваалцах үүднээс БОАЖ-ын сайд болон салбарын бусад байгууллагатай хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. Нэгэнт хоёр орны газар нутаг өөр, газарзүйн онцлог, уур амьсгал нь тэс өөр ч Куба Улсын туршлагаас Монголд аль нь тохирох, алийг нь нэвтрүүлбэл оновчтой талаар зөвлөлдөж ярилцсан.

Куба Улсад аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлж байгааг Монголын салбарын хүмүүст танилцуулж, байгууллагуудад туршлага хуваалцаж ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын тухайд, та зөв хэллээ. Куба Улсын эрүүл мэндийн салбар дэлхийн шилдэг 25-д багтдаг. Үүнд ганц л шалтгаан бий. Тэр бол төрийн бодлого. Куба Улсын төрийн бодлого, үндсэн хуульд хүн эрүүл явах эрхийг тунхагласан. Иймээс эрүүл мэндийн үйлчилгээг куба хүн бүр ямар ч үнэ төлөлгүйгээр, чөлөөтэй авах эрхтэй. Хүний энэ суурь эрхийг хангахын тулд Куба Улс хувьсгал хийснээсээ хойш 100 гаруй мянган эмчийг сургаж төгсгөөд байна. Тэдний олонх хэсэг нь хамтын ажиллагааны хүрээнд хилийн чанадад ажиллаж байна.

Энэ олон эмч нарын хуримтлуулсан мэдлэг, туршлагын ачаар манай улсын эмийн үйлдвэрлэл, биотехнологийн салбар мөн амжилттай хөгжиж байна. Бид эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ, өвчтөнөө ч эмчилж чадаж байна. Өөрөөр хэлбэл, бид вакцинаа өөрсдөө үйлдвэрлэнэ, эмээ өөрсдөө үйлдвэрлэнэ, эмч эмнэлгийн ажилтан хүний нөөцөө ч өөрсдөө бэлдэнэ. Бидний зүгээс эрүүл мэндийн салбарт Монголын төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагатай хамтран ажилладаг. Өнгөрсөн хоёрдугаар сард эрүүл мэндийн сайдтай эмч мэргэжилтэн бэлдэх, чихрийн шижин өвчний эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй эмийн бүтээгдэхүүнийг эмийн бүртгэлд оруулж нийлүүлэх тухайд хэлэлцээр хийлээ. Эрүүл мэндийн салбарын тухайд бид янз бүрийн байдлаар хамтарч болно, манайд бааз суурь, мэдлэг нь бий. Цаашдаа ч олон эмийн бүтээгдэхүүнийг Монголын эмийн бүртгэлд оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Монголын хүн амыг өвчин зовлонгүй, эрүүл байлгахад хувь нэмэр болох юм.

- Хоёр орны хооронд жуулчны тоо ямар хэмжээнд байна вэ?

- Жуулчны тухайд... Куба Улсаас Монголд жуулчин бараг ирдэггүй. Монгол руу Куба улсаас яг жуулчлах зорилгоор хүн бараг л ирдэггүй, эсрэгээрээ Монголоос Куба руу цөөн тооны жуулчин очдог. Жилд ойролцоогоор 300 орчим жуулчин очдог. Аялал жуулчлалын салбарт яг энэ чиглэлээр бид хамтрах боломжгүй. Манай хоёр улс хоорондоо хол байрладаг, онгоцны тийз маш үнэтэй. Тийм болохоор, аялал жуулчлалын салбарт манай улсын зүгээс Монголтой хүний нөөцийг чадавхижуулах, дэд бүтэц бүтээн байгуулалт барих тал дээр хамтарч болно. Яг жуулчин ирүүлэхийн тухайд бол хэцүү юм, Куба улсаас Монголд ирэх жуулчин маш цөөн.

- Куба Улсын хичнээн иргэн Монгол Улсад ажиллаж амьдардаг вэ?

- Маш цөөхөн. Хэдийгээр хоёр улс олон жилийн харилцаатай боловч энд байдаг кубууд тун цөөхүүлээ. 15 орчим хүн байна. Түүнээс илүү гардаггүй. Монголд амьдардаг куба иргэдийн тухайд ихэнх нь социалист системийн үед Орос гэх мэт оронд сурч байгаад монгол хүнтэй танилцаж, хожим нь гэр бүл болж Монголд ирсэн хүмүүс байдаг. Цөөхүүлээ, үнэхээр цөөхүүлээ, ердөө 15н куба хүн л одоогоор Монголд амьдарч байна. Тэд Янз бүрийн ажил хийж байгаа. Зарим нь ресторан ажиллуулж байна, эмч нар байна, авто засварчин хүмүүс байна гэх мэт... янз бүрийн салбарт ажиллаж байна. Тэдний ихэнх нь энд олон жил амьдарсан, тогтсон гэр бүлтэй, ерөнхийдөө сэтгэл хангалуун амьдарч байгаа хүмүүс байдаг.

- Куба Улс олон улсын жуулчдыг хэрхэн татаж байгаа талаар туршлагаасаа хуваалцахгүй юу?

- Сайхан асуулт байна, Бид энэ салбарт маш сайн ажиллаж байгаа. Бодоод үз л дээ, 1990 ээд онд манай улс жилд 300 мянга хүрэхгүй тооны жуулчин хүлээн авч байсан. Энэ тооноос түрүүн дурдсан 5 сая жуулчин гэсэн тоонд хүргэхийн тулд бид их зүйл хийсэн. Социалист систем нуран унаснаас хойш аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтуудыг хамгийн түрүүнд хийсэн. Европ, Канад гэх мэт зах зээлүүд рүү түлхүү хандсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, жуулчны зорин очих үзвэр үйлчилгээний газруудыг тасралтгүй барьж байгуулж, гадна дотнын томоохон аялал жуулчлалын байгууллага, салбарын бусад оролцогчтой ойр хамтран ажилласны ачаар Куба улс аялал жуулчлалын салбараа бүтээж чадсан юм.

Улс орондоо жуулчин авна гэвэл зочид буудал барих хэрэгтэй, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй, жуулчдын анхаарлыг татах үзмэрийг байгуулах хэрэгтэй. Хил гаалийн уян хатан бодлого хэрэгтэй, агаарын тээврийг чөлөөлөх гэх мэт... 1990 оноос хойш бид энэ бүхнийг хийсэн. Одоогоор Куба руу нисдэг маш олон агаарын тээврийн компани байна, бид тэдэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Ингэж өдөр бүр, тасралтгүй ажиллаж байх нь цорын ганц арга зам юм.

- Куба Улс олон улсын оюутнуудад тэтгэлэг өгөх замаар гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлж байна. Яг өнөөдрийн энэ цар тахалтай нөхцөлд Куба улс анагаах ухааны салбарын туршлагаа хэрхэн ашиглаж байна?

- Тийм ээ, энэ бол хувьсгалын эхэн үеэс л удирдагч Фидел Кастрогийн алсыг харсан бодлого байсан юм. Түрүүн би хэлсэнчлэн, хувьсгалаас хойш Куба улс 100 гаруй мянган эмчийг бэлтгэн гаргасан. Нэг харьцуулалт хэлье л дээ. Африк тив, 52 улсыг багтаасан бүхэл бүтэн тив, бүхэл бүтэн тив шүү дээ, ердөө 52 мянган эмчтэй. Тэгээд харьцуулаад үзье. Энэ тоог харахаар манай улс дангаараа бүхэл бүтэн тивээс олон эмчтэй байна. Хүний нөөцийг ингэж бэлтгэх нь энэ цар тахал мэтийн шинээр үүсэж болох сорилтуудыг даван гарах цорын ганц арга зам юм.

Куба Улс маш олон орны хүний нөөцийг бэлтгэхэд чадах чинээгээрээ тусалж байна. Одоогоор Куба улс эрүүл мэндийн салбарт 96 оронтой хамтын ажиллагаатай байж, 40 гаруй мянган куба эмч хилийн чанадад ажиллаж байна. Энэ эмч нар зөвхөн өвчтэй хүмүүсийг эмчлээд зогсохгүй, тэдгээр улсын эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжлийн хувьд чадавхжихад нь ихээхэн дэм болж байгаа. Энэ бол тухайн улсуудын иргэдийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө Куба Улсын үзүүлж байгаа дэмжлэг юм, тэднийг гэх сэтгэл юм. Энэ бол үнэхээр чухал дэмжлэг.

- Таны Монголд анх ирэхэд мэдрэгдсэн сэтгэгдэл өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ?

- Монголчууд бүр анхнаасаа таатай сэтгэгдэл төрүүлсээр ирсэн. Монголд ирээд танилцсан, хамтран ажиллаж байгаа бүх хүнд талархаж байна. Үнэхээр ажилсаг, даруухан хүмүүс. Ялангуяа хөдөө нутгийн хүн ард язгуур уламжлалаа өнөөг хүртэл хадгалсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн. Манай гэр бүлийнхэн Монголд байх хугацаандаа Монгол Улсын түүх, гэр бүлийн уламжлал, монголчуудын үнэ цэнийн талаарх ойлголтыг авч чадсандаа туйлын баяртай байгаа. Тийм ээ, Монголын түүх, монгол айл гэрийн эрхэмлэн дээдлэх зүйлс, үнэ цэнэ нь биднийг үнэхээр гайхшруулдаг даа.

- Та Монгол орны хөдөө нутгаар хэр аялав?

- Тийм ээ, бага зэрэг аялсан. Хүссэнээрээ их аялж чадаагүй л дээ. Улаанбаатар хоттой ойролцоох аймгууд, үзэсгэлэнт байгальтай газруудаар аялсан. Монголын хөдөө байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй, хүмүүс нь бас сайхан зан ааштай, зан заншил, уламжлал нь сэтгэл татдаг. Би гэр бүлийнхнийхээ хамтаар хотын ойролцоох жуулчны бүсүүдээр түлхүү аялсан, Монголын соёл, гэр бүлийн уламжлал нь маш сайхан сэтгэгдэл үлдээсэн шүү.

- Монголын өвөл танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

- Өвөлд дуртай, маш их дуртай. Бид өмнө нь Канадад амьдарч байсан л даа. Халуун орны цаг агаарт дассан бидэн шиг улсад Канад өөр санагдаж байлаа. Манай улсад бараг үргэлж зун байдаг болохоор Канадад очсоныхоо дараа өвлийг мэддэг болчихлоо л гэж бодож байсан. Гэтэл Монголд ирээд, эндхийн өвлийг мэдэрсний дараа Канадын өвөл бараг зуны улирал шиг л санагдсан. Эндхийн өвөл амаргүй л дээ, гэхдээ их өөр шүү дээ. Монголчууд өвлийн улирлыг хэрхэн давж байгааг харахад үнэхээр гайхмаар, бидний хувьд үнэхээр шинэ мэдрэмж, амьдралын өөр нэг туршлага.

Манай гэрийнхэн өвлийн улиралд дуртай, эндхийн өвөлд бас дуртай. Би тэгж л хэлэх байна. Тэгэхээр удахгүй нутаг буцах гэж байгаатай холбогдуулан ярилцлагаа өндөрлөхийн өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. Би энд байх хугацаандаа, нэг ч хором мөчийг дэмий гарздалгүй ажилласаар байгаа. Монголын соёлд би дуртай. Би болон манай гэр бүлийн гишүүд монгол соёлд суралцаж, мэдлэгээ тэлсээр байна. Энд бид таван өвлийг өнгөрөөжээ. Монголчууд сайхан хүмүүс, өөрийн үнэт зүйлстэй, гэр бүлийн тансаг уламжлалтай. Удахгүй Монголоос буцна гэхээр гунигтай боловч цаашдаа үргэлж холбоотой байх болно. Бидний амьдралын сайхан дурсамж энд байна. Ямартай ч, таван жилийн хугацаанд зорьсон бүхнээ хийж чадсан гэж итгэж байгаа.

- Элчин сайд таны хоёр орны харилцааны хөгжилд оруулсан хувь нэмэр, Монголын засгийн газар, ард түмэн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ойр хамтран ажилласны тань төлөө Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой яриа өрнүүлсэн зочин танд маш их баярлалаа.

- Маш их баярлалаа... Их баярлалаа... Монголын үндэсний телевизийн удирдлага, хамт олонд бидний гүн талархлыг дамжуулаарай. Намайг үүрэгт ажлаа хүлээж авсан цагаас эхлэн танай хамт олон бидэнд нааштай хандаж, үргэлж хамтран ажиллаж, одоо Монгол улстай үдэлт хийх мөчид минь ч энд хамт байна. Хоёр улсын харилцааны жинхэнэ үнэнийг, Куба орны түүхийг, Куба Улсын хувьсгалын түүхийг, түүнчлэн илүү сайхан нийгэм бүтээх Монголчуудын хүслийг дамжуулж байдагт та бүхэнд хувийнхаа зүгээс болон Куба Улсын ард түмний нэрийн өмнөөс талархаж явдгаа илэрхийлье. Маш их баярлалаа.

В.Ариунчимэг
Монголын мэдээ сувгийн гадаад мэдээний тоймч

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Раул Дельгадо Консепсион: Монголын хөдөөгийн хүн ард язгуур уламжлалаа өнөөг хүртэл хадгалсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн  
Үзсэн: 3390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй