Шууд Chart

ПЭТ компьютер томографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов

2021-08-26 15:24:38

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютертомографи оношилгоог Монгол Улсад шинээр хийж эхлэхээр боллоо. Монгол Улсын хүн амын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байрыг эзэлж байна. Энэ оношилгоо эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой” гэлээ. Мөн ПЭТ компьютертомографи оношилгоо болон цацраг идэвхт эмийн үйлдвэр байгуулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гарган ажилласан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд төдийгүй Бүгд Найрамдах Солонгос Улсын түншүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр талархал илэрхийлэв.

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгалыг арилгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютертомографи оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм.

Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.


ПЭТ компьютер томографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй