Шууд Chart

Б.Хэрлэнбат:Миний цуглуулгад дэлхийн 100 гаруй улсын мөнгөн тэмдэгт бий

2021-10-01 12:25:01

Хүн бүр олон янзын хоббитой. Тэдний төлөөлөл болсон нэгэн эрхмийг “Редакцийн зочин” буландаа урив.

Түүнийг Батсайханы Хэрлэнбат гэдэг. Тэрбээр УБТЗ-ын Дархан өртөөний шуурхай ажил харуицсан орлогч дарга бөгөөд мөнгөн тэмдэгт цуглуулах хоббитой.

Түүнтэй уулзахаар нэлээд хэдэн сарын өмнө товлосон боловч хорио цээрийн улмаас уулзаж ярилцах боломж олдохгүй байлаа. Харин энэ удаа ярилцах боломж нээгдэв. Б.Хэрлэнбат эхнэрийнхээ хамт төмөр замын хөгжилд хөдөлмөр зүтгэлээ зориулахын зэрэгцээ урлаг уран сайхнаар мэргэжил нэгт залуусаа уриалж, цуглуулгын арвин сангаар өөрийгөө хөгжүүлж яваа нийгмийн идэвхтэй залуу гэр бүлийн төлөөлөл юм.

-Хүүхэд байхдаа ундааны бөглөө цуглуулдаг байсан тухайгаа ярилцлага эхлэхийн өмнө дурдсан. Тэрхүү сонирхол нь өдгөө мөнгөн тэмдэгт болж өөрчлөгдсөн үү?

-Ундааны бөглөөгөөр тоглож байхдаа л ямар нэгэн зүйл цуглуулах хоббитой болсон гэж боддог. Тухайн үед орон орны мөнгөн тэмдэгт яагаад ч юм миний сонирхлыг маш их татдаг байсан. Аав ээж маань БНХАУ, ОХУ-руу явахдаа хэрэглээд үлдсэн задгай мөнгөнүүдээ авч ирж надад өгдөг байсан. Би "Яаж үүнээс өөр улсын мөнгө олох вэ" гэж их боддог байлаа. Тэгээд л таньдаг ах, эгч нараасаа асуугаад л заримаас нь аваад л их баярладаг байж билээ. Гэхдээ аль болох байж магадгүй гэсэн хүн рүүгээ ханддаг байсан. Тухайн үед гадны мөнгөн тэмдэгт тийм ч элбэг байсангүй. Хүмүүс "Түрийвчний мөнгө" гээд хадгалсныг нь хүртэл "Панаалдаад" авчихдаг байлаа. Өгөхгүй байхаас өөр аргагүй болтол гуйдаг байсан даа (инээв). Одоо бол миний цуглуулгыг хүмүүс үзээд өөрт байгаагаа бэлэглэх хэмжээнд хүртэл сэтгэлийг нь хөдөлгөдөг болсон.

-Мөнгөн тэмдэгтээс өөр ямар төрлийн цуглуулгатай вэ?

-Зоосон мөнгө, үүрэн телефоны ярианы картууд, автобусны тасалбар, хөргөгчний наалт гээд цуглуулгууд бий, бий. Ер нь, цуглуулга гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам л үнэ цэнэтэй болдог юм билээ. Хятадад сурах дөрвөн жилийн хугацаанд цуглуулгаа чамгүй арвижуулсан шүү. Тэнд Дэлхийн орон бүрээс оюутнууд ирдэг. Энэ нь миний хувьд их аз завшаан шүү дээ. Хэл сураагүй байх үедээ дохио зангаа, биеийн хэлэмжээрээ ойлголцоод хүртэл улсынх нь мөнгөн тэмдэгтийг авчихдаг байлаа. Хүний сонирхол гэдэг нөхцөл байдлаас шалтгаалаад улам нарийсаад, гүнзгийрээд байдаг. Анх ямар ч хамаагүй улсын мөнгөн тэмдэгт олдож л байвал авчихдаг байсан. Олшроод ирэхээр арай шинэвтэрийг нь сонирхож эхэлнэ. Цаашаа лавшраад сетээр нь цуглуулахыг хичээнэ. Дараа нь бүр давраад үйлдвэрлэсэн он, серийн дугаараар нь цуглуулахыг  хүснэ. Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүдийг 1955, 1990 онд гарсаныг л одоогийн байдлаар сетээр нь цуглуулгандаа оруулаад байна. Түүнээс өмнөхийг хараахан олоогүй. Эрэл маань зогсолтгүй үргэлжилсээр л байгаа даа.

-Цуглуулгын сан хэр арвин болсон бэ?

-Саяхан цуглуулгаа гаргаж, тухтай үзсэн. Дэлхийн 110 гаруй улсын мөнгөн тэмдэгт цугласан байна билээ. Миний цуглуулгад БНСУ, АНУ, Энэтхэг, БНХАУ зэрэг улсын мөнгөн тэмдэгт сетээрээ бүрдсэн. Мөн дээрээс нь Монголын 1955, 1990 оны хуучны мөнгөн тэмдэгт бий. Зооснууд бол нэлээд арвин шүү.

-Мэргэжлийн цуглуулагчидтай хэр харилцаа холбоотой байна вэ?

-Фэйсбүүкийн группт л байдаг. Өөрөөр албан ёсны харьяалалгүй ээ. Телевизийн нэвтрүүлэгт оролцсон цуглуулагчдыг харсан. Үнэхээр үнэлшгүй их цуглуулгатай хүн олон байдаг юм билээ. Минийх бол хажууд нь юу ч биш. Хааяа "Найман шарга"-ын орчмоор очиж валют сольдог хүмүүстэй уулздаг.  Гэхдээ амжилт олсон тохиолдол бага л даа.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?

-Би айлын бага хүүхэд. Нэг ахтай. Бид хоёр нас ойролцоо, тэрсхэн өссөн. Аав, ээж маань ажилдаа явчихаар ихэнх цагийг ахтайгаа өнгөрөөнө. Хамтдаа тоглоно, бас ахаасаа суралцана. Бидний үеийн эрэгтэй хүүхдүүд дугуй түрэх, "дидандах", ундааны бөглөөгөөр тоглох гээд л... Нэг л мэдэхэд орой болчихдогсон. Ах маань сургуульд ороод цагаан толгой үзэж эхлэхэд би зэрэг уншиж, бичээд сурчихсныг ээж маань ихэд магтаж ярьдаг юм. Ер нь, аливаад идэвхтэй, хичээнгүй хүүхэд байсан юм болов уу. Ундааны бөглөөг их идэвхтэй цуглуулж, нямбай хураана.  Бас дуу хөгжимд их дуртай. Таван настайдаа анх тайзан дээр гарч байлаа. Тэгэхэд анхны шагналаа аваад их урамшиж билээ. 

-Төмөр замчин болох завшаан хэрхэн олдсон бэ?

-Манайх 1998 онд Дархан-Уул аймаг руу шилжсэн юм. Би тус аймгийн 16 дугаар сургуулийг төгссөн. Манай гэр "древен" буюу төмөр замын цаад талд байдаг байв. 1998-2007 он хүртэл есөн жилийн хугацаанд би төмөр замаар нэвтэрч гэр, сургуулийн хооронд явдаг байсан. Магадгүй энэ үеэс төмөр зам сэтгэлд ойр болсон байх. Дунд сургуулиа төгсөх жил элсэлтийн шалгалтаа өгөх гээд гэрээсээ гараад явж байтал Дарханы вокзалын гадаа олон хүн цугларсан байхтай таарсан. Одоо санахад Дархан өртөөний техникийн сургалтын танхим байсан юм билээ. Ямар учиртайг нь лавлатал ТЗДС-ийн хуваарьт бүртгүүлцгээж байсан. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод тэнд бүртгүүлчихээд явсан. Элсэлтийн шалгалтад миний математикийн оноо гайгүй өндөр байсан л даа. Тэр өдрөө аймгийн Боловсрол, соёлын газрын үүдэнд их сургуулийн хуваариа хүлээгээд л зогсож өнжсөн. Үдийн цайны цаг болж, түр завсарлахаар нь гэр рүүгээ буцаж явтал вокзал дээр өглөө бүртгүүлсэн хүүхдүүдийн хуваарийг тарааж байхтай нь яг таарсан. Ингэж л азаар ч гэхүү, хувь төөргөөр ч гэхүү ТЗДС-ийн хуваарийг авсан юмдаг. Намайг ТЗДС-ийн хуваарь авсныг сонсоод аав минь маш их баярлаж билээ. Ийнхүү 2007-2011 онд Тээврийн менежмент мэргэжлээр суралцан төгссөн.

-Танай гэр бүлийн хүн бас төмөр замын мэргэжилтэй юм билээ ...

-Тийм ээ. Намайг анх ТЗДС-ийн оюутан болж очиход эхнэр маань дээд курсийн эгч байсан. Анх Төмөр замчдын дунд "Манлай дуучин" дууны уралдаан болж, оюутнуудыг төлөөлж би гоцлол дуугаар оролцсон юм. Сургуулийн захиргаанаас хөгжөөн дэмжигчдийг хичээлээс нь чөлөөлөөд "Соёлын ордон" руу оруулахад би тайзан дээр дуулж таарсан юм билээ. Тэгэхэд л эхнэр маань намайг анх харсан тухайгаа сүүлд ярьсан. Би ч тэр цагаас нэлээд хойно танилцсан л даа. Тухайн үед би чинь хамгийн гоё хувцасаа өмсөөд л тайзан дээр гарч байлаа. Манай хүн харин "Нэг их томдсон цагаан пиджактай хүүхэд дуулж байсан" гээд л ярьдаг (инээв).

-Хоёул төмөр замчин болохоор нэг талаараа амар эсвэл нөгөө талаараа ар гэртээ зориулах цаг зав хомс тул хүндрэл учирдаг уу?

-Эхнэр маань бас ашиглалтын мэргэжилтэй болохоор хэн хэнийхээ ажлыг сайн мэддэг, ойлгодог. Тиймээс ажил мэргэжилтэй холбоотой асуудал гэр бүлийн хүрээнд гарахгүй, амар байдаг. Бид хоёр хамтдаа БНХАУ-ын "Нанжин хотын Southeast university"-д дөрвөн жил суралцаж, магистрын зэргээ хамгаалсан. Төмөр замчин гэр бүл байна гэдэг ер нь сайхан л даа. Яагаад гэхээр нэгнийхээ ажлыг сайн ойлгоно. Бас хүндэлнэ, биенээсээ асуух зүйл гарвал тэр дор асуугаад тодруулчих зэрэг давуу талтай. Хамгийн гол нь улс эх орны хөгжилд зам, тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг учраас "Манай гэр бүл улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа шүү" гээд бодохоор сэтгэлд өег, бахархмаар байдаг.

-"Манлай дуучин-2020" тэмцээний үеэр танай гэргий цэцэг барьж ирээд л дэмжиж харагдсан. Ер нь, урлагт хайртай уран сайханч гэр бүл байх, тийм үү?

-Дуу хуургүйгээр өнгөрүүлсэн өдөр хоног бидэнд ер нь үгүй дээ. Хүүхдүүд маань ч урлагт хайртай. Эхнэр ээлжийн ажилтай болохоор ерөнхийдөө буухианы мод дамжуулдаг тамирчид шиг л ажил амьдралаа зохицуулдаг. 48 цагийн амралтаар гэр бүлээрээ тоглож наадан, хөгжилдөж аль болох сонирхолтой байцгаахыг хичээдэг. Би нэг хэсэг Дарханд урлаг, соёл гээд л их хөөрцөглөж явсан. Тухайн үед БНХАУ-д магистраар сурч байсан л даа. Өвлийн амралт тааруулаад Дарханы байгууллагуудын шинэ жилүүдийг ёстой "баздаг" байлаа шүү дээ(инээв). Орой бүр шинэ жилийн үдэшлэгтэй. Эхнэр маань ч түүнд их дуртай. Үс гэзэг, царай зүс, хувцас хунарыг бүгдийг манай хүн яс зохицуулна. Тухайн үед би "Х МАSS" гээд продакшнд харьяалагдан ажилладаг байсан. "Хөтлөгч-дуучин" статустай болохоор байгууллагууд ч намайг их урина. "Нэг сумаар хоёр туулай буудна" гэдэг шиг л явдаг байв. Сургуулиа төгсөж, үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээсээ хойш урлагаас жаахан хөндийрсөн.

-Амьдралын хамгийн том сургамж?

-Аав минь намайг хүний ухаан орохоос л "Олонтой бай, хүний итгэлийг бүү алдаарай" гэж захьдаг байсан. Аливаа зүйлд хариуцлагатай хандаж, хийж чадах зүйлдээ сэтгэл гаргаж хийхийг хичээдэг. Амьдралдаа авсан хамгийн том сургамж гэвэл "Хүний итгэлийг алдана гэдэг маш том асуудал юм байна" гэдгийг сурагч байхдаа мэдэрсэн. Энэ нь миний хувьд хамгийн том сургамж болсон доо.

-Хувь хүнийхээ хувьд баримталдаг гол зарчим юу вэ?

-Хүн ер нь хийж чадах юмаа л хийх нь зүйтэй. Тэрнээс чадахгүй зүйлээ оролдох нь тийм ч таатай зүйл биш.  Ажилдаа дуртай, амьдралдаа аз жаргалтай байхыг л хичээж явна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Хэрлэнбат:Миний цуглуулгад дэлхийн 100 гаруй улсын мөнгөн тэмдэгт бий  
Үзсэн: 3568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй