Шууд Chart

ОХУ: Хойд урсгал-2 хийн хоолойг ашиглах зөвшөөрөл өгвөл Европ руу хий нийлүүлэлтээ нэмж болно

2021-10-25 11:14:17

Өөрөөр хэлбэл ОХУ шинэ хоолойгоо ашиглах зөвшөөрөл авч байж нэмэлт хий нийлүүлэх улс төрийн наймаа хийх сонирхолтой байна гэж эдийн засгийн гол хэвлэлүүдэд онцоллоо. Яг одоо Оросын Германтай хамтран хэрэгжүүлсэн Хойд урсгал-2 хийн хоолойн бүтээн босголтын ажил дуусаж, хий нийлүүлэхэд бэлэн болсон. Энэ хоолойгоор Оросын байгалийн хийг Балтын тэнгисийн ёроолоор Баруун Европ руу гаргах юм. Гэтэл Германы ард Америк болон Европын зарим орнууд уг хоолойг ашигласнаар Европын орнуудын Оросын байгалийн хийнээс хамааралтай байдал улам нэмэгдэнэ гэж болгоомжилж, эсэргүүцэж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ онд Европ руу чиглэсэн байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн, харин Хойд урсгал-2 шинэ хоолойг ашиглаж эхэлвэл Европт өгөх хийг нэмэгдүүлэх боломжтой гэж Олон улсын харилцаа судлаачдын Валдай клубийн уулзалтын үеэр мэдэгдлээ. Одоогоор Балтын тэнгисийн ёроолоор тавьсан шинэ хийн хоолойн техникийн бэлэн байдлыг хангах үүднээс нэг шугамыг хийгээр дүүргэсэн байгаа аж. Хоолойн хоёр дахь шугамыг энэ оны сүүлч гэхэд хийгээр дүүргэнэ, хоёр шугамаар нийт 55 тэрбум шоо метр хийг дамжуулах хүчин чадалтай юм байна. Оросын хувьд Европын байгалийн хийн импортын 50 орчим хувийг дангаараа хангадаг. Европ эрчим хүчнийхээ 90 орчим хувийг байгалийн хийгээр хангадаг, Оросоос гадна Норвеги Алжираас байгалийн хий авдаг. Энэ үүднээсээ Европын байгалийн хийн зах зээлд маш том орон зай эзэлдэг юм. Оросын төрийн өмчит Газпромын эзэмшилд байгаа, Европын хэд хэдэн компанийн хөрөнгө оруулалттай, 1225 км-ийн урттай, Хойд урсгал-2 хийн хоолойг 2015 оноос Польш Украиныг тойруулан, Балтын тэнгисийн ёроолоор тавьж эхэлсэн.

Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Европын зах зээлийн хомсдол бидний тооцсоноор 70 тэрбум шоо метр байна. Үүний 55 тэрбумыг Хойд урсгал-2 хийн хоолойгоор нийлүүлэх боломжтой. Германы тал хийн хоолойг ашиглах зөвшөөрлийг өглөө л бол бид маргааш нь хийгээ нийлүүлж эхэлнэ. Манай байгалийн хийнээс ялгарах нүүрстөрөгчийн хэмжээ АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийнээс 3 дахин бага” гэжээ.

Европт байгалийн хийн үнэ өсөхөд Европын эрх баригчид байгалийн хийн өөр зах зээл рүү ач холбогдол өгч, Оросын талаас санал болгодог хий нийлүүлэлтийн урт хугацааны гэрээнээс татгалзаж ирсэн эрчим хүчний бодлого нь нөлөөлсөн гэж Москва үзэж байгаа юм. Украин одоо хэрэгжиж байгаа хий дамжуулах төлбөр мөнгө нь буурна гэсэн үүднээс уг төслийг эсэргүүцэж байна. Хөрөнгө оруулалтын хувьд Газпром 50 гаруй хувийг нь, үлдсэн хувийг Европын талаас гаргасан нийт 9,5 тэрбум евро гэж тооцож байгаа юм. Хийн хоолойг тавих зөвшөөрлийг Герман Финлянд, Дани, Швед зэрэг орон олгосон. Хойд урсгал - 2 хийн хоолойг дэмжсэн эсэргүүцсэн хоёр тал байна. Европын зарим орнууд Баруун Европыг дэлхийн байгалийн хийн хамгийн том нөөцтэй холбосноор хийн нийлүүлэлтийн аюулгүй байдал улам бэхэжнэ, нөгөө талаар нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлого барьж байгаа Европын орнуудад хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрийг өргөжүүлэх сайн талтай гэж үзэж байна. Германы улс төрчид энэ хийн хоолойгоор байгалийн хий авснаар Герман улс байгальд ээлтэй эрчим хүч рүү шилжих бодлогод эерэг нөлөө үзүүлнэ гэж дэмжиж байна. Харин Америк болон байгаль хамгаалагч байгууллагууд, Германы зарим улс төрчид, Зүүн Европын орнууд Хойд урсгал - 2 төслийг эсэргүүцэж байгаа. Тэд энэхүү хийн хоолой байгаль экологийн системд хор хөнөөл учруулахын зэрэгцээ хүлэмжийн хий ялгаруулдаггүй эдийн засаг болох Европын холбооны бодлогод сөргөөр нөлөөлж, Европ Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлыг улам өргөжүүлнэ гэж эсэргүүцэж байна. Мөн Москва энэ хийн хоолойгоо геополитикийн дарамт шахалт болгон ашиглах вий гэж болгоомжилж байгаа юм. Америкийн Барак Обама, Трампын засаг захиргаа энэ хийн хоолой ашиглалтанд орсноор Европыг эрчим хүчний хувьд Оросоос хэт хараат болно, дээрээс нь хийг газар нутгаараа дамжуулж орлого олдог Украины эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж эсэргүүцэж, 2019 онд хориг арга хэмжээ хүртэл авч байсан. Үүний улмаас Шведийн компани төслөөс гарч, төслийн ажил хэдэн сар хойшилж байсан. 2020 оны дундуур Америк хоригоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэн нь Хойд урсгал хоёрыг ашиглах эрхийг Германы талаас олгох улс төрийн шийдвэрийг хойшлуулж байгаа юм. Гэхдээ Германы Засгийн газар Хойд урсгал - 2 хийн хоолой бол цэвэр эдийн засгийн төсөл, энэ улс орны дотоод байдалд нөлөөлөхгүй гэж олон жил байр сууриа хадгалж ирсэн. Одоо Германы шинэ засаг захиргааны шийдвэрийг Орос хүлээж байна. хэрвээ зөвшөөрлөө авч чадвал Балтын тэнгисээр жилд дамжуулдаг Оросын байгалийн хийн экспортын хэмжээ 110 тэрбум шоо метр болж өсөх юм байна. Өөрөөр хэлбэл Европын эрчим хүчний хямралыг зогсоож, үнийн хөөрөгдлийг намжаахад хангалттай нийлүүлэлт хийх юм байна. ОХУ өнгөрсөн 8 дугаар сараас эхлээд Европ руу өгөх байгалийн хийн нийлүүлэлтээ аажмаар хязгаарлаж ирсэн. Үүнийгээ дотоодод нь хийн эрэлт өссөн, өвлийн улирлаас өмнө дотоодынхоо нөөцийг бүрдүүлэх зорилготой, нөгөө талаар дэлхий даяар цар тахлын хөл хорионы улмаас байгалийн хийн эрэлт буурснаас хийн экспортоо бууруулсан гэж тайлбарлаж, Украин, Беларусиар дамжуулж нийлүүлдэг хийн нийлүүлэлтээ бууруулсан юм. Үүнээс үүдэж сүүлийн хэдэн долоо хоногт Европт байгалийн хийн нийлүүлэлт хомсдож, эрчим хүчний үнэ огцом өссөн нь эрчим хүчний хямралд хүргээд байна. Харин Европ цаг агаар сэрүүсч эрчим хүчний хэрэглээ өссөн, дэлхийн зах зээл дээр зун, намар эрчим хүчний үнэ өссөн нь худалдан авалтыг хойшлуулсан, Норвегийн нийлүүлэлт хязгаарлагдсан, салхины эрчим хүч зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэр багассан, дэлхий даяар байгалийн хийн эрэлт өссөн зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Өдгөө Европт байгалийн хийн нөөц 10 жилийн дунджаас доогуур буюу хадгалах хүчин чадлынхаа 75 хувьтай тэнцэх нөөц байгаа юм. Оросын Газпром Европ руу хоёр төрлийн гэрээгээр хий нийлүүлдэг. Нэг нь 10-25 жилийн хугацаатай урт хугацааны гэрээ. Нөгөөх нь янз бүрийн хэмжээгээр нэг удаагийн худалдан авалт хийх гэрээгээр хий нийлүүлдэг юм байна. Өнгөрсөн долоо хоногт Газпром эрчим хүчний гэрээг урт хугацаагаар хийх нь нийлүүлэлт тогтвортой байх суурь үзүүлэлт болдог гэж мэдэгдсэн. Энэ нь нэг талаар Оросын эрчим хүчийг урт хугацаанд тогтмол авч байх гэрээ хий гэдэг шахалт гэж Европын орнууд хүлээж авсан. Нөгөө талд ОХУ Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард Оросын Алс Дорнодод байгалийн хий боловсруулах үйлдвэр нээж, эндээсээ Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж байгаа. Үндсэндээ Оросын байгалийн хийн зах зээл улам өргөжиж, олон хүн амтай том хэрэглэгч, байнгын худалдан авагч Хятадын зах зээл нэмэгдэж орж ирж байна. Газпромын урт хугацааны гэрээ байгуул гэсэн мэдэгдэл, Европ руу хий нийлүүлэлтээ бууруулсан зэрэг нь Орос улс Хойд урсгал - 2 хийн хоолойг нээх зөвшөөрлийг гаргуулахад Европт шахалт үзүүлэх зорилготой гэж шинжээчид тэмдэглэж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ: Хойд урсгал-2 хийн хоолойг ашиглах зөвшөөрөл өгвөл Европ руу хий нийлүүлэлтээ нэмж болно  
Үзсэн: 1932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй