Шууд Chart

Ж.Хайдав: Яг үнэндээ Д.Галдандагва бид, хоёр “Мөнх”-ийн амны бөх байлаа

2021-11-12 09:11:49

Уншигч таныг 1960-1970 онд үндэсний бөхийн спортод цойлж явсан “Увсын долоон хар”-ын нэг Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын арслан Жамбалын Хайдавтай уулзуулж байна.

-Залуучуудын барилдаан танд ямар санагддаг вэ?

-Сүүлийн үед тэр энэ гэж хэлэх арга үгүй болсон. Залуучууд сайн бэлтгэл хийж техникжчихсэн. Тиймээс хэн нь ч түрүүлж магадгүй. Гэхдээ Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нарыг нэрлэж байлаа. Тэд тун онцгой байж болзошгүй. Тэднийг нэрлэхээр хэн нь түрүүлэх вэ гэдэг асуудал бас гарна. Тэгэхээр тааж болдоггүй юм энэ болоод байгаа. Дээхнэ дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг ид байхад энэ хоёрыг л нэрлэдэг байлаа. Дараа нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар яригддаг болсон. Тэд бусдаасаа үнэхээр тасархай явсан юм чинь аргагүй л дээ. Тэгээд ч тухайн үед бөхийн бэлтгэл сургуулилт тэр бүр тууштай хийгдэж байгаагүй.

-Өөрсдийн хөдөлмөрөөрөө л гэсэн үг үү?

-Тийм. Морь уургалах, уулнаас мод буулгах, ачаа хөсөг татах зэрэг бидний гол бэлтгэл болдог байлаа. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөхийн клуб, дэвжээ байгуулагдсан байхад хэн сайн хөдөлмөрлөсөн нь л дээшээ гарч барилдана. Мөн багаас нь тэмцээнд оролцуулахаар жигд хөгжихөөс арга үгүй л дээ.

-Аль нэг барилдаанд олноор оролцдог болсон нь өрсөлдөөнийг улам ихэсгэсэн байх...

-Тэгэлгүй яах вэ. Бид аль нэг заалны барилдаанд оролцоход 32-64-үүлээ л үзэлцдэг байлаа. Цөөхөн тооны бөх байсан болохоор гурав, дөрвөн өдөр тойргоор барилдана. Гэтэл Бөхийн өргөөд ямар нэгэн компанийн ой боллоо гэхэд доод тал нь 128 бөх барилдаж байна. Тэгэхээр үндэсний бөхийн хөгжихгүй байна гэж хэлэх үндэслэлгүй болж байгаа юм. Манайхан чинь 6002 бөх барилдуулж Гиннесийн номд бүртгүүлчихлээ шүү дээ. Тоо нь гүйцсэн гээд барилдаагүй үлдсэн бөх ч байсан гэсэн. Энэ мэтчилэн зүйлийг ярихаар Монголын үндэсний бөхийн холбооныхон юм хийгээд байгаа юм шүү. Үүнийг зохих хэмжээгээр үнэлэх хэрэгтэй. Гэтэл зарим нь үзэл бодлын зөрчил гаргаад маргалдаад л байх юм. Тэргүүнийг нь солино, энэ тэр гээд.

-Та хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Наймдугаар ангид байхдаа ангийнхандаа унадаг байлаа. Бид хичээл тараад л барилдчихдаг байсан юм чинь. Би дээлээ урж ирчихээд ээждээ их загнуулдаг байлаа. Харин аравдугаар ангид орсон чинь өнөө хэдийгээ авч шиддэг болсон байж билээ. Өмнө нь олон барилдсан болохоор задарч л дээ. Тэр үед манай хажууханд байсан гарын дүйтэй нэг өвгөн намайг харчихаад “Энэ ер нь барилдах шинжтэй шүү” гэж хэлдэг байсан. Түүнээс хойш л бөхийн спорт руу хөл тавьсан даа.

-Улсын аварга Д.Хадбаатар агсныг үнэхээр ясны бөх байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Тийм. Хэрэв Хадаа буруу замаар ороогүй бол ямар ч байсан таван удаа улсад түрүүлэх байсан гэж би боддог юм. Арван жил хэцүү нэртэд байсан. Энэ асар их хугацаа шүү дээ. Тэр үед тийшээ ороогүй байсан бол ядаж нэг удаа түрүүлэх боломж байсан.

-Та ахмад бөхчүүдээс хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг байв?

-Х.Баянмөнх бид хоёр нэг нутгийнх болоод ч тэр үү, дотно. Тэгээд ч нэг жил хот бараадаж ирж билээ. 1961 онд заалны барилдаан болоход Увс аймгийн нэр дээр гарч барилддаг хүн бид хоёроос өөр байгаагүй. Тухайн үед би арав, Х.Баянмөнх долдугаар анги төгсөөд ирсэн байсан юм. Бид хоёрыг зааланд орж ирэхээр засуул болон ахмад бөхчүүд “Увсын энэ хоёр гозгор хархүү юм дуулгана шүү. Сайн барилдах шинжтэй” гэж ярьдаг байлаа. Х.Баянмөнхөөс гадна улсын арслан Л.Сосорбарам надтай дотно байсан.

-Яаж танил болов?

-Намайг ХААИС-д оюутан байхад Л.Сосорбарам манай сургуульд багшилдаг байсан. Тэр тухайн үед ид барилдаж байлаа. Намайг оюутан гэж бодолгүй хал балгүй сайхан бөхийн тухай ярилцана, заана. Говь-Алтай аймгийн харьяат улсын заан У.Пүрэвээ ч надтай дотно байсан. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай бид хоёр цолны зөрөөтэй ч найзууд. Тэр үед би тамхи татдаг байлаа. Ө.Эрдэнэ-Очир гуай ч татна. Хааяа надаас “Алив Хайдав аа, тамхи байгаа юу” гээд нарийн дуугаар хэлнэ. Тэгээд л хамтдаа Спортын ордны арын хув-цас сольдог өрөө рүү орж байгаад татдаг байсан. Ер нь би найзууд их ээ. Хэн хэнтэйгээ ч тэрсэлдэхгүй.

-Дэвжээн дээрээ л хэн хүчтэйгээ үзэхээс биш үү?

-Харин тийм. Барилдахаараа танихгүй юм шиг өрчихөөд барилдаан дуусахаар би чамд, чи надад унасан шүү гэж бодохгүй инээлдээд л гарцгаана. Гарсныхаа дараа шагналынхаа мөнгөөр аль нэг ойрхон дэлгүүрээс хиам, талх авч гараараа тасдаж идчихээд харьцгаадаг байлаа. Тэр үед ресторан энэ тэр гэж байсангүй. Архи бол бүр цээртэй.

-Та хэдэн онд начин цолын “босго” алхсан юм бэ?

-1965 онд улсын арслан П.Дагвасүрэнгээр тав давсан. Харин дараа жил нь С.Цэдэвсүрэн начинд тавын даваанд унасан. Түүнээс хойш дөрвөн жил начин цолоо баталсан. Тэр үед Ө.Эрдэнэ-Очирт хэд хэд нухуулсан. Дараа нь Х.Баянмөнх бид хоёр хотоос холгүй майхан барин гарч бэлтгэлээ сайхан хангасан. Гэтэл их үер болж бидний өнөө бэлтгэлийн форм алдагдсан удаатай.

-Тэгээд тэр жил гавиагүй юу?

-Д.Данзанд амархан ойчсон. Хавирч татах гээд өөрөө өнхөрчихсөн. Хэдэн жилийн дараа буюу 1971 онд Х.Баянмөнх бид хоёр Зүүн салаа руу бэлтгэлд гарсан. Залуу ч байж, бэлтгэл жаахан хийсэн болоход л болчихдог байлаа. Сэргэлт л авч байгаа юм чинь. Өмнө нь байнга заалны барилдаанд зодоглодог байсан болохоор тэр. Тухайн үед тавын даваа л чанга байсан. Тэр жил би ам авах ёстой боллоо. Яг үнэндээ амлахаа ч мэдэхгүй явж байтал радио узелиээр миний нэрийг хэлээд дуудаад байна. Яваад очсон чинь “Ам ав” гэнэ. Тэр үед Булганы улсын начин Д.Галдандагва, Ц.Лхамаа, Т.Артаг гурав үлдээд байсан юм. Би нэгийг нь амлавал үлдсэн хоёр нь тунахаар болоод байв. Би алийг нь амладаг билээ гээд бодож байтал “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч Даш хажууд ирээд “Чи Артагийг амла” гэв. Яагаад гэсэн чинь “Чиний барилдаанд наадах чинь л тохирно” гээд бараг загнах шахуу хэллээ.

-Тэгээд та үгээр нь болсон уу?

-Үгүй. Д.Галдандагвыг амласан.

-Яагаад?

-Хэрвээ би Ц.Лхамаа, Т.Артаг хоёрын аль нэгийг амласан ч мэдээж би давна. Тэр хоёрын үлдсэнийг Д.Галдандагва амлаад хаячихна. Тэгэхээр Д.Галдандагва бид хоёр зургаагийн даваанд таарах болно. Тиймээс зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэж бодоод түүнийг амласан юм. Миний бодсоноор зургаагийн даваанд Д.Галдандагватай таарч би давсан л даа.

Яаж давав?

-Бид хоёрын барилдаан үзэгчдийг их шуугиулсан л даа. Тэр жил Д.Галдандагва үзүүр, түрүүнд үлдэх хэмжээнд хүртэл яригдаж байсан юм. Хэдхэн хоногийн өмнө Спартакиад болоход Х.Баянмөнхөөс өөр хүнд унаагүй. Тэгэхээр сайн байсан байгаа биз дээ.

-Тийм байна. Та арслан цолоо хэдэн онд авсан юм бэ?

-Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдсэн гээд энэ цолыг олгосон юм. Түүхэн ойгоор гэсэн үг шүү дээ. Гэхдээ дараа жил нь би цолоо хамгаалсан л даа.

-Д.Галдандагвыг амласан нь та өөртөө бардсаны шинж байсан уу?

-Тооцоо хийж байсан. Бид хоёр өмнө нь заалны барилдаанд их таардаг байв. Гэхдээ бидний тал таардаггүй, хэцүү. Тиймээс наадмын өмнөх бэлтгэл хийж байхдаа би түүнд зориулж мэх бэлтгэсэн юм.

-Зориулж уу?

-Яг үнэндээ тийм. Тэгэхгүй бол давахгүй шинжтэй байсан юм чинь. Тэгээд би баруун хөл шүүрдэг мэх давтсан. Үүнийг Х.Баянмөнх хэлсэн юм шүү. “Чи ийм л мэх хийсэн нь дээр дээ” гэж. Бэлтгэлийн үеэр өнөө мэхээ давтахдаа бэлтгэлд хамт гарсан бүх хүнийг хаясан. Мягмар гэж намхан залууг ч суган доогуур нь шургаж ороод хаядаг болсон. Намхан хүнд тэр мэхийг хийх үнэхээр хэцүү л дээ.

-Тэгвэл гойд бэлдсэн байжээ?

-Ханасан байсан. Д.Галдандагватай өрсөн чинь учиргүй л дайраад байна шүү. Тэгэхээр нь би жаахан зугтсан болж ухарч байгаад тохойг нь дээш нь цохиод суганд нь шургаад хөл рүү нь орчихсон. Дараа жилийн цагаан сарын барилдаанаар бид хоёр оноолтоор таарсан. Тэр үед зурагтаар өнгөрсөн жилийн улсын наадмаар энэ хоёр бөх тавын даваанд таарч байлаа гээд ярьж л байсан. Д.Галдандагва дайрдгаараа дайраад л байв. Би сиймхийг нь харж байгаад дахиад хөлд нь орж давсан.

-Зааны давааг алхчихаад шөвгийн дөрөвт үлдэж арслан цол шууд авна гэдгээ та төсөөлөөгүй байсан уу?

-Төсөөлөөгүй. Заан цолны болзол хангачихаад наймын даваанд С.Цэрэн аваргатай таарахдаа би юу ч хийж чадалгүй унасан.

-Яагаад?

-Цолдоо ханачихгүй юу. Гэтэл шөвгөрөөд цолоо бүр нэмээд авчихдаг байгаа. Наадмын хоёр хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж Тэрэлжид барилдаан болсон юм. Тэнд би С.Цэрэнг хаяж түрүүлсэн. Түүнээс хойш энд тэндхийн наадмыг би түүсэн. Ардын хувьсгалын 51 жилийн ойн наадамд С.Цэрэнтэй дахин таарч би давсан. Тэгэхээр шинэ цолд хүрнэ гэдэг хүнийг асар их баярлуулдаг байгаа биз. Бас хэтэрхий их догдлохоор мэх хийж чаддаггүй юм билээ.

-П.Галдандагва агсан Х.Баянмөнх аваргаас бусдыг нь үнэхээр юм болгодоггүй байсан юм уу?

-Хүчтэй. Гэхдээ буруу л яриатай хүн байсан даа. Бие, бярны талаар ярих юмгүй.

-Аархуу юу?

-Аархана. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрыг хүртэл би айлгадаг байсан гэж ярьдаг байлаа. Яг үнэндээ бол Д.Галдандагва бид хоёр дээрх аваргуудын амны л улс байхгүй юу. Тэр хоёр биднийг улсын наадмаар амлаад яах юм бэ дээ гэж бодоод л тойрч өөр хүн амладаг байсан юм чинь. Амласан бол бид арчуулахгүй юу.

-Таныг ид байхад хоёр “Мөнх”-өөс гадна дархан аварга Д.Дамдин хариагүй байсан гэдэг...

-1961 онд биднийг орж ирэхэд Д.Дамдин аварга ир нь жаахан буусан байсан. Улсын наадамд таван удаа түрүүлээд байсан цаг нь шүү дээ. Уулын оргил гэж үзвэл Д.Дамдин агсан биднийг цолны эрэмбээрээ дээрээс харж байгаа юм чинь. Би Х.Баянмөнхтэй цуг ирж байсан гэж хэлсэн шүү дээ. Тэр үед Ж.Мөнхбат улсын заан цолтой байлаа. Харин 1963 онд Х.Баянмөнх улсын начин болж тэр жилийнхээ спартакиадаар Л.Сосорбарам арслантай үлдэж түрүүлээд заан цол хүртсэн. Их түргэн хугацаанд өсч гарсан шүү.

-Таныг “Хавираа Хайдав” гэж нэрлэдэг байсан юм билээ. Энэ таны унаган мэх үү?

-Ер нь тэгж хэлж болно. Хав дөрвөлжин барьцтай болчихвол хүний хурд тогтчихдог юм. Ийш тийш хурдан хөдөлж чадахгүй. Тийм үед би хавирдаг байсан. Намайг тийм барьцтай болохоор бөх сонирхогчид “Энэ барилдаан Хайдавынх боллоо” гэж хүртэл хэлж хүлээн зөвшөөрдөг байсан.

-Та ямар мэхэнд үлдэж чаддаг байв?

-Дэгээ хийсэн хүнд амархан ойчихгүй шүү. Тэгсэн хэрнээ шургаад ороод ирсэн хүнийг дагуулаад гуядчихдаг байсан. Улсын заан Ё.Ишгэн бид хоёр сайхан найзууд байлаа. Түүнтэй хэд, хэд таарсан. Нэг удаа УАШТ-д таарсан юм. Тэр над руу дайраад ороод ирэхээр нь дагуулаад тонгорчихсон. Тэгсэн өвдөглөж суучихаад босохгүйгээр над руу хараад байж билээ. Юу болчихов гэж бодсон байх л даа. Түүний дараа тэр намайг “Ах лам ер нь эвгүй шүү” гэж билээ. Манай Д.Сэрээтэр бараг хамрын нүхээр шургаж ордог айхтар хүн байлаа шүү дээ. Харин Д.Түвшин заан суганд гараа хийчихвэл дайраад хамаад явчихна. Бид тэрийг нь мэддэг болохоор сугаа хавчаад л өрдөг байлаа. Тэр тийм их хурдтай, бяртай байсан хэрэг.

-Хавирах мэхээрээ та олон бөх давсан байгаа. Энэ мэхээрээ хэнийг сэтгэлд үлдтэлээ давав?

-Тэр мэхийг байнга л хийдэг байсан юм даа. Ижил дасал болчихсон шахуу. Л.Сосорбарам арслан манай сургуулийн багш байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Багш, шавь ч гэлээ бид хоёр барилдааны ээлж их хийнэ.

-Ээлж гэдэг нь хэн, хэндээ даваагаа өгдөг гэсэн үг үү?

-Тийм. Нэг барилдаанд нь би давсан бол дараагийнхад нь “Та дав” гээд тахимаа өгчихдөг байсан юм. Заалны барилдааны найраа гэх үү дээ. Нэг барилдаанд хамт очлоо. Тэр барилдаанд би давах ёстой байлаа. Би “Энэ барилдаан минийх байх аа” гэсэн чинь мань хүн “Хоёулаа хүчээрээ үзчихье” гэнэ. Тэгэхээр нь би “За тэгье” гээд гарч өрөөд би түүний элэг бүснээс барьж байгаад хавираад давчихсан. Тэр барилдаанаас гарч Биеийн тамирын ордонд болж байсан барилдаанд очоод би түүнээс “Та давах уу” гэсэн чинь “Үгүй ээ. Хүчээрээ үзнэ” гэж байна.

-Шартай байна шүү...

-Харин тийм. Тэр барилдаанд би дахиад давсан. Дараа нь морин тойруулгад болсон барилдаанд таарч би дахиад “Та давах уу” гэхэд “Үгүй” л гэж байна. Тэгээд бас л би хавирч давсан. Түүний дараа босч ирээд “За хоёулаа больё. Тохиролцоогоороо байя” гэсэн (инээв). Улсын наадмын долоогийн даваанд бас л надад хавируулж ойчсон. Тэр барилдаанд Со их эвгүй дайрсан.

-Яаж?

-Учиргүй л дайраад байсан. Би тогтоох гээд байдаг, бардаггүй. Тэгэхээр нь би “Та өнөөдөр яасан ширүүн байна аа” гэж хүртэл хэллээ. Гэтэл юу ч хэлэхгүй дайраад байна шүү. Тэр үед нь би хөдөлгөөнийг нь жаахан завсардуулах гээд холдоод цааш алхчихсан. Гэтэл газарт Ардын хувьсгалын 50 жилийн ойн тэмдэг байхаар нь авч очоод “Би медаль оллоо” гээд санааг нь саатуулах гэсэн чинь “Наадах чинь ямар хамаатай юм” гээд авч хэлэлцдэггүй дээ. Тэгэхээр нь өнөө тэмдгээ түрийндээ хийчихээд өрлөө. Гэтэл өнөөх чинь дайраад ороод ирдэг байгаа. Тэгэхээр нь дагуулаад гуядаж давж билээ. Тэр барилдааныхаа дараа надад хэлэхдээ “Дайрч барилдахгүй бол чамайг маазарч мэднэ гэж бодсон юм” гэж билээ. Санадаг санаа л даа. Заалны барилдаанд бол хааяа таарна. Нэлээн дээхнэ гудамжинд би Ж.Мөнхбат аваргатай таарсан. Аархуу яриагаа хаяагүй байсан. Ямар сайндаа “Залуу байхад гудамжаар явсан ямар ч машины жолооч намайг хөл өргөхөд зогсдог байсан. Одоо гар өргөөд ч байдаггүй шүү” гэж байсан хүн дээ.

-Ю.Цэдэнбал даргын өөдөөс хүртэл юм хэлж байсан гэдэг юм билээ?

-Тийм. Тэмцээнд явах гэхдээ Улс төрийн товчоогоор орно. Тэгсэн “Хүзүү багтах цамц олдохгүй байна” гэж хүртэл хаагаж байлаа. Тэгэхэд нь Улс төрийн товчооны гишүүн хар Дүгэрсүрэн дарга “Битгий дэмий юм ярь. Ертөнцөөр дэмий тэнэж байхдаа чи хүзүүндээ таарах цамц олж авахгүй яасан юм” гэж загнаж байсан удаатай. Улстөрийн товчоонд орчихоод тэгж ярьж байгаа хүнийг юу гэх вэ дээ (инээв).

-Та эрт зодог тайлсан юм билээ?

-Зодог тайлах ч юу байх вэ, барилдахаа л больсон юм. Хүн хөгширсөн хойноо барилдахаар биеийн гоо сайхан алдагдана. Тэгээд ч залуучууддаа зам тавьж өгөх хэрэгтэй. Гэхдээ зодог тайлаад удаагүй байхдаа бөх үзээд сууж байхад давчихмаар бөх харагддаг л байсан.

-Та олон шавьтай юу?

-Олон жил багшлаагүй болохоор нэг их байхгүй ээ. Гэхдээ начин болгосон хүн бий. Дэмжсэн ч байгаа. Нэрлэвэл нутгийнхаа Г.Даваасамбуу, Сэжээ нарыг өөрөөрөө начин болгосон. Тэр үед би нэлээн гайгүй барилдаж байхдаа шүү. Тухайн үед манай аймгаас нэг их цойлж гарч ирсэн хүн байгаагүй юм. Сүүлд Д.Бумбаяр, Өмнөговийн Д.Төмөрбаатар нарыг дэмжиж начин болгосон. Одоогийн залууст найраа гэж мөнгө төгрөгөөр өгч авалцдаг юм байдаг гэсэн. Бидний үед зүгээр л хэн нэгнийг сэтгэлээрээ дэмжих ёстой юм шиг санадаг байсан. 

-Дээр та биеийн гоо сайхан алдагдана гэж ярилаа. Ер нь таныг залуудаа их сайхан биетэй хүн байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Гайгүй байсан байх. Гоёх ч дуртай.

-Юугаар гоёх уу?

-Үсээрээ. Дээхнэ бидний үеийн залуус үсээ тахианы залаа шиг босгочихдог байсан юм. Унтахдаа хэвийг нь алдуулахгүй гээд марлиар бооно. Цагаан цамцыг өдөр бүр шахуу угааж өмсөнө. Дээрээс нь шидэмсэн зангиа зүүдэг байлаа. Костюмын хувьд их нарийнхныг сонгодог байсан. Гутал гэвэл шөвгөр хар ботинк. Сургуулийнхаа степентийг цуглуулж байгаад худалдаж авна. Түүнийгээ өвөл солино гэж байхгүй. Зуны ботинктой өвөлжинө. Сайхан л харагдаж байвал хамаагүй гэж боддог байсан уу, даардаггүй байсан юм уу, бүү мэд. Нэг ботинкийг нэг жил өмсөнө. Х.Баянмөнх байнга гадаад руу тэмцээнд явна. Түүнийг явахаар нь би “Намайг гоёчих гайгүй шиг ботинк байвал аваад ирээрэй” гэж захидаг байсан. Баянаа ч миний сонирхлыг мэдэх хойно аваад л ирнэ. Намайг зарим хүн “Ганган бөх” гэж нэрлэдэг байлаа.

-Тийм ботинк ямар үнэтэй байсан юм бэ?

-250 төгрөг. Тухайн үед үнэтэйд орно шүү.

-Сард хэдэн төгрөгийн степент авах уу?

-225 төгрөг. Сайн сурвал 240. Онц сурвал түүнээс арай дээр. Би хааяа энд тэндхийн заалны барилдаанд оролцож хөөрхөн хэдэн төгрөг хүртчихнэ. Тэр үед хагас, бүтэн сайнд зургаан барилдаан болдог байлаа. Дөрөв давчихвал 60 төгрөг. Тэгэхээр хөөрхөн хэдэн бор юм авч байсан байгаа биз. Хичээлдээ ирэхээр ангийнхан надаас мөнгө зээлж степентээ авахаараа өгдөг байсан. Тэд “Чи бид нарын сар хэрэглэх хоолны мөнгийг нэг өдөр олж байна шүү” гэдэг байсан.

-Таныг тийм ганган байсан болохоор ч тэр үү, бүсгүйчүүд танилцах гэж их хичээдэг байсан гэсэн байх аа?

-Охидууд тийм байдал гаргадаг байсан. Гаднаас нь л харахад мэдэгдэнэ. Гэхдээ би тэр болгонтой уулзаж, учирч байгаагүй. Тухайн үед би зөвхөн барилдах л үүрэгтэй гэж явсан. Оройтож гэр бүлтэй болсон л доо.

-Орой гэж хэдэн настайдаа?

-29. Тухайн үед миний үеийнхэн 20 дөнгөж гараад л эхнэр, хүүхэдтэй болдог байлаа.

-Гэр бүлтэй болсноор өнөө танилцах гэсэн бүсгүйчүүд сураггүй болсон уу?

-Тэгэлгүй яах вэ дээ. Тэр үед чинь одооных шиг илэн далангүй байгаагүй. Суугаад хоол идэх ч газар байхгүй. Утас ч үгүй байсан юм чинь. Уулзахыг хүсвэл нэг хүүхэд гүйлгээд юм янзлуулах гэсэн юм гэж дуудна. Тэр нь танилцах гэсэн оролдлого нь байсан байх л даа.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Хөгшин маань манайхтай залгаа сумынх. Хадам аав, ээж манай аав, ээжтэй нэг сургуульд ажилладаг байсан юм. Эртний танилууд. Хөгшин маань Халдвар судлалын төвд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. С.Наряд гэдэг. Байгууллагын тэргүүний ажилтан, магистр, профессор ч гэнэ үү, олон шагнал авсан.

-Хүүхдүүдийн хувьд?

-Хоёр охин, нэг хүүтэй байсан. Том охиноо алдчихсан юм аа, ах нь. Одоо хүү, охинтой. Охиныг маань Нэргүй гэдэг. Их засаг их сургуульд ажилладаг. Гэр бүлийнх нь хүн “Сод Монгол” группт ажилладаг. Хүүг Баярхүү гэдэг. Замын-Үүдэд чөлөөт бүс гэж байдаг даа. Тэнд алба хааж байгаа.

-Хүүгээ бөхийн спорт руу оруулах сонирхол байгаагүй юм уу?

-Байсан. Гэхдээ сүмогоор хэсэг явуулсан. Монгол сумочдыг харахаар япон хүнтэй суучих юм. Тэгээд ч гэрээсээ хол. Бэртэл энэ тэр нь айхтар бололтой. Дээд зиндаанд орж байж л гайгүй хөлөө олдог юм шиг. Тэр нь ч хэзээ юм. Ийм шалтгаануудаар буцаачихсан. Сайхан биетэй залуу бий.

-Үндэсний бөхөөр яагаад хичээллүүлээгүй юм бэ?

-Энэ талд би алдаа хийчихсэн юм аа. Хоршооллын Баатаржавд хүүгээ үндэсний бөхөөр хичээллүүлэхээр даалгасан. Чойдоржид охиноо гар бөмбөгөөр хичээллүүлэх гэж аваачиж өгсөн. Баатаржав яг үнэндээ хүүд маань юм хийлгээгүй. Арын өрөөндөө орж архи уугаад суучихдаг байсан гэсэн. Тэгэхээр анхлан суралцаж байгаа хүүхдүүд биеэ дааж бэлтгэл хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр байдлаас болж хүү маань бөх сонирхохоо больчих шиг болсон. Одоо бол өнгөрсөн л дөө.

-Та бөхийн удамтай юу?

-Бий. Хоёр талдаа бөхийн удамтай. Аавын талд нутаг хошуундаа алдартай ахар хүзүү Гончиг гэдэг лам хүн байсан юм билээ. Ээжийн дүү нь ч сайхан бие хаатай, найранд дуутай хүн байсан юм. Дарамзагд гэдэг. УДЭТ-ын захирал Цэрэнсамбуу байна шүү дээ.

-Тийм?

-Түүний аав нь юм. Бид хоёр эгч дүүгийн хүүхэд.

-Та морь хэр сонирхдог вэ?

-Сонирхолтой. Бага байхдаа хурдан морь унаж, айраг, түрүү авч байлаа. Морь бугуйлдахдаа сайн байсан. Явган байвал бүр илүү. Гишгэгдлийг нь тааруулаад тогтоочихно. Харин морьтой байвал толгойг нь алдахгүй ч эргүүлэхдээ муу.

-Нум сум харваж байв уу?

-Үгүй. Харин шагай харвана. Хашлагыг нь захиал¬гаар хийлгэсэн. Үүнийгээ ач, зээдээ өгнө дөө (үзүүлэв).

-Та ойрд нутаг явсан уу?

-Гурван жилийн өмнө явсан. Тэр жил “Их хурд” уралдаан манай аймагт болсон. Тэгэхэд аймгийнхан биднийг урьсан юм. Нутагт манайхан байхгүй болсон. Ахмадууд маань хөдөөлөөд үлдсэнгүй. Гэхдээ нутагтаа очихоор багадаа морь унаад давхиж явсан талаа харах үнэхээр сайхан байдаг шүү. Тэнд адуу тууж байлаа, энд мориноосоо унаж билээ гээд л дурсамжаа сэргээсэн.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Хайдав: Яг үнэндээ Д.Галдандагва бид, хоёр “Мөнх”-ийн амны бөх байлаа  
Үзсэн: 6590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй