Шууд Chart

Монгол яруу найргийн антологи бенгал хэлнээ хэвлэгджээ

2021-12-08 15:55:59

“Монголын яруу найраг” (Mongoliar Kabita) нэртэйгээр хэвлэгдсэн тус антологид Монголын эртний яруу найргийн дээж болох Ертөнцийн гурав, Хүннүгийн дуу, Уяхан замбуутивийн наран, Чингисийн билиг сургаал болон В.Гулиранса, В.Инжиннаши, Д.Данзанравжаа, Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Н.Нямдорж, Р.Чойном, Д.Нямсүрэн, О.Дашбалбар түүнчлэн өнөө цагийн яруу найрагчдын төлөөлөл болох Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Ичинхорлоо, М.Амархүү, Г.Бямбажав, О.Цэнд-Аюуш зэрэг найрагч нарын тавь орчим бүтээл багтжээ. Мөн номыг зураач, яруу найрагч Ж.Саруулбуянгийн таталбар зургуудаар чимэглэжээ.

Энэтхэгийн яруу найрагч Амарендра Чакроварти нь 2006, 2017 онд Монголд болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцсон бөгөөд Монголын яруу найргийн англи хэл дээрх олон номуудаас сонголт хийн антологио бүтээжээ. Тэрбээр яруу найрагч, хүүхдийн зохиолч, аялагч, хэвлэн нийтлэгч, баримтат кино бүтээгч, бенгал хэлт уран зохиолын нэртэй төлөөлөгч ажээ.

Тэрбээр уг антологийнхоо өмнөтгөлд Монголчуудын бичиг үсгийн түүх соёл, Монголтой холбогдсон түүхээ хуваалцаж “...тэдний шүлэг найргаас үндэснийх нь аз жаргал, уйтгар гуниг, хүсэл мөрөөдөл, түүхийн дурсамжуудыг барьж тогтоож болохоор байна” хэмээн бичсэн байна. Мөн “Яруу найргийн хэл дэх үгсийн судал хийгээд сэтгэл хөдлөлийг ойлгоход амаргүй. Тухайн үндэсний зүрхний цохилтыг хадгалж, үргэлж сэрээж байдаг учраас яруу найраг гэдэг тухайн орны яруу найрагчдын дуу хоолойг хөрс шороо хийгээд цаг үетэй нь тэврэн хадгалдаг… Хэдий англи хэлнээс эдгээр шүлгийг орчуулсан ч газар зүйн алслалтыг туулан эрс тэс уур амьсгалтай тал нутгийн дуу хоолойг зөөлөн намуун Бенгалын буланд хүргэж ирсэндээ баяртай байна” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол яруу найргийн антологи бенгал хэлнээ хэвлэгджээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй