Шууд Chart

Хөдөлмөрийн баатар, уртын дуучин Н.Норовбанзадын 90 жилийн ой өнөөдөр тохиож байна

2021-12-10 10:45:46

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай, уртын дуучин Намжилын Норовбанзад агсны мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Их дуучин 1931 оны арванхоёрдугаар сарын 10-нд Дундговь аймгийн (одоогийн Гурвансайхан, Цагаандэлгэр, Баянжаргалан сумын уулзвар) Сүүдэртийн Улаановоо гэдэг газар эхээс мэндэлж, Дэрэн суманд балчир бага насаа өнгөрүүлжээ.

Тиймдээ ч Дэрэн сумын уугуул гэж дуудуулах болсон байна.  

Бага байхдаа саахалтын газраас сонсогдохоор сайхан гийнгоолдог байсан гэдэг. Эрхэм дуучин хүүхэд байх үеэ МҮОНРТ-ийн ярилцлагад дурсан ярихдаа “Намайг хүмүүс ширээн дээр өргөж голд нь зогсоогоод л дуулуулна. Тэгэхэд Намжилын шар охин сайхан дуулах юм. “Нүдээ харж байна уу, аниад байна уу” гэдэгсэн. Би чинь онигор юм шүү дээ” гэж байжээ.

Ногоон морины толгойд

Ногтон зангиа бөнжийнө

Ноён харуулын Гүнжидмаа

Нойр нь хүрээд талимаарна ... гэсэн үгтэй дууг ээжээрээ заалгасан нь хожим их луучин болох замынх нь эхлэл байжээ.

1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойг угтсан бүх ард түмний урлагийн үзлэгт шалгарч, урлагийн нэрт зүтгэлтнүүдтэй нүүр тулж, танилын хүрээгээ өргөжүүлжээ.

1957 онд Москва хотноо болсон ДЗО-ны Vl их наадамд оролцох төлөөлөгчдийн бүхэлдэхүүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Янжинлам нарын алдартнууд шалгаруулахад Н.Норвбанзад "Сэрүүн сайхан хангай" дуугаараа их наадмын алтан медаль хүртжээ. Ийнхүү их дуучны уран бүтээлийн урт зам эхэлсэн байдаг.

Агуу дуучны авъяас билиг, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан гавъяа зүтгэлийг ийнхүү үнэлжээ.

1961 онд Монгол Улсын гавъяат жүжигчин

1969 онд Монгол Улсын ардын жүжигчин

1984 онд Монгол Улсын төрийн шагнал

1999 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Мөн 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртсэн байдаг. 


Хөдөлмөрийн баатар, уртын дуучин Н.Норовбанзадын 90 жилийн ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй