Шууд Chart

Иргэд энэ жилийн цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй гэв

2022-01-21 13:18:03

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жил айсуй. Хэдхэн хоногийн дараа Монголчууд бидний уламжлалт Цагаан сар болох гэж байгаа тул зарим айл өрх энэхүү баярт зориулж хэдэн төгрөг зарцуулж байгааг сонирхсон юм. Мөн “Ковид-19” цар тахал ихэсч байгаа энэ үед гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх хүсэлтэй байгаа иргэдийн сэтгэгдлийг сонслоо.


С.Нямренчин: Өвчин зовлонгүй байвал цаг сайхан болохоор ахмадууддаа очно оо

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын дөрөвдүгээр баг, "Чандмань" хорооллын иргэн.

Энэ жилийн Цагаан сараар хүн харьцангуй бага ирэх болов уу гээд 1.5 сая төгрөгөөр бэлтгэлээ базаалаа. Өнгөрсөн жилүүдэд үүнээс арай илүүг төсөвлөж, бэлддэг байлаа. Манай сумын иргэдэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт маш их нөлөөлж байна. Зарим айл манайхан шиг цомхон тэмдэглэнэ гэж ярилцаж байна билээ. “Ковид-19” цар тахал ихэсч байгаа энэ үед ийм санаачлагчтай байх нь сайн хэрэг л дээ. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг шиг өвчин зовлонгүй байвал цаг сайхан болохоор ахмадууддаа очно оо.


С.Мөнхсүх: Залуу хүн болохоор ер нь жил бүр даруухан тэмдэглэдэг

Хан-Уул дүүрэг дөрөвдүгээр хорооны иргэн.

Энэ жил нэг их сүйдтэй тэмдэглэхгүй ээ. Залуу хүн болохоор ер нь жил бүр даруухан тэмдэглэдэг. Энэ жил 300-400 мянган төгрөг л зарцуулна даа. Ширээ засч, ёслох төдий л. “Ковид-19” цар тахал гараагүй байхад нэг сая орчим төгрөгөөр нь сар шинийнхээ юмыг бэлдчихдэг байлаа. Тэгээд ч нэг их хэсдэггүй юмаа. Энэ жил бүр ч хэсэхгүй.


М.Дүгэрсүрэн: Аав ээж, хүүхэд багачууддаа зориулж бэлэг сэлт ч бэлдсэн байгаа

Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн.

Монгол ёс заншлаа хадгалаад сар шинээ сайхан тэмдэглэнэ ээ. Аав ээж, хүүхэд багачууддаа зориулж бэлэг сэлт ч бэлдсэн байгаа. Ах нь хөдөө байдаг болохоор манай нутагт жил бүр л өргөн тэмдэглэдэг. Гэхдээ “Ковид-19” цар тахлын улмаас арай хумигдах шинжтэй. Тиймээс манайхан ч нэг их айл хэсэхгүй байх талд анхаарч байгаа. Гэртээ ууц, өвчүүгээ зэхээд, идээ будаагаа засна аа. Бурхан танилдаа ч дээшээ өргөнө. Одоо бид ид бууз, баншаа хийж байна.


Э.Хонгорзул: Хоёр сая төгрөг бараг хүрэхгүй байна шүү дээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн.

Миний хувьд Төв аймагт ажиллаж, амьдардаг. Энэ жилийн цагаан сарыг ээжийндээ ирж туслалцангаа тэмдэглэх гэж байна. Саяхан ээж аймгийн төв орж сар шинийнхээ бэлтгэлийг базаагаад ирсэн. Хоёр сая төгрөг авч гараад л бүрэн цуглуулахад хүрсэнгүй гэж ирж байна. Бүх барааны үнэ нэмэгдсэн болохоор танья гэж бодсон ч ялгаагүй юм байна өө. Манай ээж гэрээсээ хамгийн том нь болохоор манайд их хүн цугладаг. Цар тахалтай ч гэсэн тэд ирэх байх гээд юм бэлдээд л байна.


Т.Пагмаа: Юмны үнэ бараг 2-3 дахин өссөн болоод ч тэр үү мөнгө мөнгө биш болжээ

Сонгино-хайрхан дүүрэг 18 дугаар хорооны иргэн.

Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Тарагт суманд хөдөө ээждээ очиж золгож чадаагүй. Энэ жил хөдөө явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ нутгийн айлуудаар нэг их хэсэхгүй л болов уу. Юмны үнэ бараг 2-3 дахин өссөнөөс болоод ч тэр үү мөнгө мөнгө биш болчихжээ. Энэ жил 1,5 сая төгрөгт л багтааж шинэлэх шинжтэй. Өнгөрсөн жил манай гэр бүлийн хувьд нэг ч айл хэсээгүй. Гэр зуурдаа даруухан тэмдэглэсэн болохоор 400 мянган төгрөг л зарцуулагдсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Иргэд энэ жилийн цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй гэв   
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй