Шууд Chart

“Эрхэм төрийн тамгат баатрууд” түүхэн дуулийг Оюуны өмчийн газарт бүртгүүллээ

2022-01-29 12:52:35

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулга нь мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд урлаг, соёлын үйлчилгээ нь цагдаагийн алба хаагчийн ёс зүй, ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэх, урлаг, уран сайхны мэдрэмж, гоо зүйн боловсрол олгох хүрээнд оюуны өмчийг дээдлэх зорилгоор “Эрхэм төрийн тамгат баатрууд” түүхэн дуулийг Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж, “Зохиогчийн эрхийн гэрчилгээ”-г энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авлаа.

Одоогоос 97 жилийн тэртээ Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон.

Эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааг баталгаажуулж улс гэрээ тунхагласан өдрийг тохиолдуулан, түүнчлэн 2021 онд Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан “Сүлд” чуулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар найруулсан бөгөөд ерөнхий продюсероор “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, туслах найруулагчаар тус чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Амарболд нар ажиллаж түүхэн дуулалт дуульд "Сүлд" чуулгын уран бүтээлчид тоглосон юм.

Бид түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт баатруудын эр зориг, амьдрал тэмцлийн тухай ард түмний аман болон бичгийн уламжлалаар бидэнд үлдээсэн аман яриа, ардын дуу хөгжим, түүх домог, магтаал, бүжгэн дэгэнд дуурсагдсан бүтээлүүдийг судалгааны явцад тодруулан эх сурвалж, түүхэн баримтуудад тулгуурлан энэхүү түүхэн дуулийг бүтээлээ.

Дээрх бүтээлээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1924 оны тусгаар тогтнолоо зарлан тунхаглахад эх орон, элгэн түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн, өнөөдрийн бидний эрх чөлөөт амьдралыг бэлэглэсэн эрэлхэг зоригт түүхэн баатрууд, эх оронч ноёдуудын байгуулсан түүхэн гавьяаг зуун зуунаар дурсан, үеийн үед мөнхлөн үлдээх, ирээдүй хойч үеэ ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, эх орноороо бахархах итгэл үнэмшил, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгыг агуулсан юм.

.


“Эрхэм төрийн тамгат баатрууд” түүхэн дуулийг Оюуны өмчийн газарт бүртгүүллээ  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй