Шууд Chart

Г.Ариунтуяа: Би энэ онд 30 дахь гараагаа хийнэ

2022-02-10 13:34:56

Монголын авто спортын УАЗ ангиллын ягаан өнгийн хүлгээ 84 дугаараар тодорхойлсон бүсгүй бол спортын мастер Ганбатын Ариунтуяа юм. Тэрбээр мастер кросс уралдааны анхны эмэгтэй тамирчин билээ. Түүнийг энэхүү спортод хөл тавихад хамгийн их нөлөөлсөн хүн бол аав нь.

Учир нь аав нь мөн л дээрх ангилалд уралддаг байсан тамирчин билээ. Мөн “Алдар” спорт хорооны дугуйн спортын тамирчин байсан бол ээж нь ч дугуйн спортын хүн юм билээ. Тэгэхээр охин нь яах арга үгүй спортын хүн болох нь дамжиггүй. Ийнхүү түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.

-Таны хувцас, авто хүлэг чинь ягаан өнгөтэй юм билээ. Дуртай өнгө чинь үү эсвэл ээлтэй өнгө үү?

-Олон эрчүүдийн дунд анхны эмэгтэй тамирчин болсон болохоор энэ өнгийг сонгосон. “Эмэгтэй хүн шүү” гэдгээ илүү тодотгох гэж тэр л дээ. Намайг дэмждэг хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд. Тэд намайг байхгүй байсан ч миний машинтай зургаа авахуулдаг. Аав, ээж нь хүүхдүүдийнхээ тэрхүү зургийг фэйсбүүк болон бусад байдлаар надад ирүүлдэг нь хөөрхөн санагддаг. Зарим нь бүр сууж үзнэ гэдэг. Хүүхдэд бол би машиндаа суухыг зөвшөөрдөг.

-Мөн 84 гэсэн дугаар ямар учиртай вэ?

-Монголын авто мастеруудын холбооны  “Мастер кросс” тойргийн уралдаанд тамирчид хувийн дугаар эзэмшиж уралддаг. Энэ том дэвжээнд намайг хөл тавих үед хоёр оронтой дугаараас сонголт хийх олон боломж надад байсангүй. 14, 84 гэсэн хоёр сонголтоос би 84 дугаарыг эзэмшдэг болсон.

-Таны аав Монголын авто спортын УАЗ ангилалд өрсөлддөг байсан юм билээ. Аавын хобби таныг энэ спорт руу хөтөлсөн үү?

-Тийм. Гэхдээ аав минь намайг “Энэ спорт руу ороосой” гэж бодоогүй байх. Учир нь эрсдэл өндөр спорт шүү дээ. Охин үрээ хэн ч хайрлана. Би багаасаа л аавыгаа дагаж уралдаанд нь цуг явдаг байлаа. Уналга машинд нь ч “Кабины бор” гэдэг шиг машиных нь кабинаас буух дургүй хүүхэд байж билээ. Аав машинаа бариад давхихыг, аавынхаа машин барихыг харах үнэхээр дуртай. Харин өөр хүн жолоо барих ч дээ, надад барагтай таалагддаггүй байсан. Одоо ч ялгаагүй.

-Аав тань “Алдар” спорт хороонд дугуйн спортын тамирчин байсан гэдэг. Мөн ээж тань. Тэгэхээр танд дугуйн спортоор хичээллэх сонирхол байгаагүй юм уу?

-Багадаа унадаг дугуйгаа аавынхаа машинд өглөө эрт ачаад хамт явна. Яг л албандаа явж байгаа хүн шиг. Тэр үед аав надад “Машинаасаа холдож болохгүй шүү” гэж захина. Тэгэхээр нь би дугуйгаа машинаас нь буулгачхаад тойроод л жийгээд байдаг байж билээ. Зуны амралтаар унадаг дугуй унаж л өнгөрөөдөг байлаа. Зуны оройн сэрүү орохыг хүлээж байгаад РЦНК-ийн талбай дээр очиж дугуйгаа унана. Аав намайг уулын өгсүүрт, шороон зам дээр хүнд араагаар их жийлгэнэ ээ. Тэгэхээр нарийхан хөлтэй байсан би ганцхан зуны хугацаанд бүдүүн хөлтэй болсон. Булчин нь хөгжөөд тэр л дээ. Гэвч түүнээсээ ичээд л ... Тэр үед миний насныханд зориулсан тэмцээн байсан бол ормоор л байсан. Аавын хувьд намайг тамирчин болгох гэж биш бие, бялдрын хөгжлийг бодож тэгж их бэлтгэл хийлгэдэг байсан байх.

-Та сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан гэсэн. Өсвөр, идэрчүүдийн УАШТ-д оролцож, олон медаль хүртэж байсан юм билээ. Ер нь та бага байхын л спортлог, эршүүд охин байсан уу?

-Дунд ангиасаа дээд үеийн эгч нарын тоглолтыг харж, орлон тоглогчоор тоглодог болсон. Долоодугаар ангиасаа гарааны тавд гарч эхэлсэн жилдээ хотын аварга болж, наймдугаар ангиасаа улсын аваргын хүрэл медаль хүртсэн. Тэр үеэс манай баг дунд сургуулиа төгстлөө өсвөр, идэрчүүдийн хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож медаль зүүдэг байлаа. Тухайн үед сурагчдын лиг гэж болдог байсан. Ер нь олон тэмцээнд оролцож амжилт үзүүлдэг баг болсон доо. Гэвч би Монголд аравдугаар ангиа, Японд арванхоёрдугаар ангиа ахлах сургуульд нь сурч төгссөн.

Тэр үед ангийн охидууд, баг хамт олноо үлдээнэ гэдэг хэцүү байсан. Мөн ид үедээ дуртай спортоо орхих маш хүнд байсан. Япон явахаасаа өмнөх хоёр жил хот, улсын аваргаас медаль хүртдэг байсан “Разно импекс” багийн дасгалжуулагч Сампилноровын Баярт-Од багшийнхаа удирдлага дор шигшээ багт тоглож явсандаа баяртай байдаг. Японд очих үедээ “Тэндхийн сургуульд сагсан бөмбөгийн баг байгаасай. Тэгвэл үргэлжлүүлээд Японы биш юмаа гэхэд мужийн аваргад тоглох юмсан” гэж бодсон. Гэтэл миний орсон сургуульд сагсан бөмбөгийн ойлголт үнэндээ байгаагүй. Сагсан бөмбөгөө санахаараа амралтын өдөр зааланд ганцаараа шидэлт их хийдэг байсан. Япон багш нар, сурагчид, бэйсболлын тамирын багш хүртэл миний ганцаараа хийдэг бэлтгэлийг хараад гайхдаг байсан. Тэнд байхдаа хайртай спортоо санаад зүүдэлж сэрсэн шөнө олон. Гэнэт хөндийрөхөөр тэгдэг юм билээ.

-Гэхдээ таныг сагсан бөмбөгнөөс илүү авто спорт илүү татсан болоод өдгөө энэ спортоор хичээллэж байна уу?

-Үгүй дээ. Японд ахлах сургуулиасаа ирээд МУИС-ийн ЭЗС-д орсон. Японд гоё зааланд ганцаараа шидэлт хийж, бэлтгэл хийдэг байсан хүн Монголдоо ирээд их сургуулийнхаа сагсны тэмцээнд оролцдог байв. Миний шидсэн шидэлт болгон оновчтой байж нэгдүгээр курсдээ сургуулийнхаа “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор шалгарсан. Гэвч МУИС-ийн ЭЗС гэдэг хүнд сургуульд орсон болохоор нэгдүгээр курстээ олон хичээлд түүртдэг болсон. Японд сурч байсан шигээ тааваараа хийх гэсэн боловч лекцээ ч бичиж амжихгүй баларсан. Ингээд би “Хичээлээ сонгох уу, бэлтгэлээ хийж сагсан бөмбөгийн спортын карьераа үргэлжлүүлэх үү” гэдэг сонголттой тулгарсан ч хичээлээ сонгосон доо. Сагсан бөмбөгийн спортод би одоо ч хайртай. Багийн спорт гэдэг надад их зүйл сургасан. Миний амьдралд шигшигдээд үлдсэн үнэнч найзуудтай минь энэ спорт холбосон. Яагаад гэвэл бид баг, хамт олон гэж юу байдаг вэ гэдгийг мэдэрч, тоглож өссөн. Одоо би авто спортод холын зайн ралли уралдаанд өрсөлдөж байхдаа замдаа унасан тамирчинд тусалж, саатсан техникт байгаа сэлбэг, уух ус, хүнсээ харамгүй өгдөг. Үүнийг бидэнтэй уралддаг тамирчид мэднэ. Чухамдаа надад энэ бүгдийг сагсан бөмбөгийн спорт л сургасан байдаг. Сагсан бөмбөгөө санахаараа хааяа заал авч тоглодог байлаа. Гэвч техникгүй хүмүүстэй тоглохоор бэртэл их авдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө хөлөө хугалснаасаа хойш заал руу зүглээгүй. Нэмж хэлэхэд, миний хорин жилийн өмнөх хайртай спортын минь дурсамжийг сэргээсэн сэтгүүлч танд баярлалаа. Та зочноо сайн судалсан байна.

-Эмэгтэй хүн эр зориг шалгадаг авто спортоор хичээллэнэ гэдэг хэцүү байх. Анхны мэдрэмж ямар байсан бэ?

-Авто спортод хөл тавьсны эхний хоёр уралдаан “SUV” буюу жийп ангилал байлаа. Өвөл нуурын мөсөн зам дээр анх уралдахад сагсны багшийн маань хэлдэг үг санаанд орсон.

-Ямар үг вэ?

-“Хамгаалан тоглоно гэдэг бүжиг. Мэдэр, бүжиглэ! Торгуулийн шидэлтээ 10-аас 10 оновчтой шидсэн нь бэлтгэлээ дуусгаад харьж болно шүү” гэдэг байсан үг. Би мөсөн дээр хаазаа мэдэрч бүжиглэхийг, бас тойргийн цагаа багасгах гэж өдөр, шөнөгүй тууштай бэлтгэл хийж, алтан медаль хүртэж байсан. Харин УАЗ-аар уралдахад мэдрэмжээс гадна руль болон олон речак хольж солих хүч, бяр шаардагдана.

-Авто спортын тамирчин хүн нүдний хараа сайн байхаас гадна самбаачлах чадвар өндөр байх ёстой болов уу. Мэргэжлийн тамирчны хувьд ер нь юунд анхаарах ёстойг хэлж өгнө үү?

-Мэдээж эрүүл байх хэрэгтэй. Хамгийн чухал нь сэтгэлзүй. 2021 оны “Baja Mongolia” тойргийн ралли уралдаанд гарааны эхний өдрөөс л цас орж, замын байдал хүндэрсэн. Уралдааны зам ч харагдахгүй цас хунгарлаж, хаана эрэг жалга, голын гарам, хад чулуу байгаа нь мэдэгдэхгүй болж, шавар шавхай хальтаргаа ч их болсон байлаа. Тэгэхэд олон залуу тамирчин уралдах шийдвэрээ цуцалж, зарим нь гараанаас гарах үгүй дээрээ тулсан. Уралдааны өмнөх өдөр цаг агаарын байдлаас болж, зам хүндэрснийг мэдсэн ч би үүрээр машинаа унаад л зам руугаа явсан. Зарим тамирчин надад “Очоод замын байдлыг харж байж гараанаас гарах үгүйгээ шийдэхгүй юу даа” гэж хэлсэн ч уралдааны өмнөх орой би машинаа унаад очсон л бол гараанаас гарна гэдэг шийдвэрээ гаргачихсан байсан. Хажуудаа учир мэдэх сайн чиглүүлэгч тамирчинтай ч биш, 18 настай уралдааны хоббитой бяцхан механик дүүгийн мөрөөдлийг биелүүлнэ гэсэн амлалтандаа хүрэх гэж нөгөө бяцханаа суулгачихсан “Гараанаас гарна аа” гээд хаазлаад зогсож байлаа (инээв.сурв). Тус уралдаанд УАЗ ангилалд 43 техник гараанаас гарч, 20 нь замаа амжилттай дуусгаж бариандаа орсон. Тэдний нэг нь бид хоёр. Мөн ФИНИШ медаль зүүсэн. Гарааны өмнө ахмад тамирчид, аваргууд ирж надад үнэтэй зөвлөгөө өгсөнд баярладаг. Тэд “Тэнд тийм хаван байгаа хаазаа хасаад ороорой, тэнд араагаа хүндрүүлээрэй, тэнд замынхаа зүүн талаа барьж яваарай” гээд л ... Зам хүнд байсан болохоор олон хүн надад санаа нь зовсон байх л даа. Сэтгэл гэдэг сайхан шүү. Энэ мэтчилэн сэтгэл зүйн хүчээр давж туулсан уралдаан надад олон бий.

-Авто хүлгээ тоноглохоос эхлээд зардал их байдаг байх. Та ягаан өнгөтэй машинаа үнэлбэл хэд болох бол ...

-Энэ онд би 30 дахь гараагаа хийнэ. 30-аад уралдаан гэдэг сэтгэл хөдлөл биш, хэлбэр ч биш гэдгийг минь нотлох биз ээ. Уралдах өдөр нь цөөхөн байлаа ч уралдаан болгоны минь ард машинаа засч, хүйтэнд хөрж, халуунд халж явсан өдөр хоног олон. Олон ч хүний мөн чанар танигддаг маш том шалгуур байдаг. Анх машинаа авч байсан үнэ, эдгээр 30-аад уралдааны дараах сервис болон уралдах зардал нийлээд 100 сая хол давсан болохоор би уралдахаа больсон ч машинаа зарахгүй, хадгална.

-Ивээн тэтгэгч байгууллагатай юу?

-Уралдаж эхэлснээс эхний гурван жил ивээн тэтгэгчгүй байсан. Ивээн тэтгэгч хайх ч бодол төрөөгүй. “Эхлээд өөрийнхөө хүчээр хэдэнтээ зүтгэ” гэж өөртөө хэлдэг байлаа. Харин 2018 онд Баянхонгор аймагт болсон “Хийморийн говь” мастер кросст Баянхонгор аймгийн “Цагаан зам” авто сервис, Сэлэнгэ аймагт болсон “Алтан намар” авто кросст Сэлэнгэ аймгийн “Ширхэнцэг хараа” ХХК намайг урьж, зардал хариуцаж оролцуулсан. “Ивээн тэтгэгчтэй уралдах ийм гоё байдаг юм уу. Одоо би ивээн тэтгэгч хайх цаг нь болсон” гэж өөртөө зөвшөөрөөд хайж эхэлсэн нь 2019 он байлаа. Мэдээж эхлээд найзууддаа хэлсэн. Тухайн үед Тайвань Улсад магистр хамгаалахаар сурч байсан Д.Амаржаргал найз маань “Би сургуулиа төгсөөд Монголдоо очоод найзыгаа заавал уралдуулна, ивээн тэтгэгч заавал олж өгнө” гэсэн чат бид хоёр их бичдэг байлаа. Найз маань Тайваньд сургуулиа төгсөж ирэнгүүтээ хэлсэндээ хүрч надад Өмнөговийн тээврийн компани “Говил” ХХК-тай холбож өгснөөр одоог хүртэл би олон ч уралдаанд ивээн тэтгэгчтэй уралдаж байна даа. Энэ бол найз, нөхдийн минь ач. “Энэ уралдаанд машин эвдэрсэн, машинаа унагангаа алдлаа, хасагдчихлаа” гээд хэлэхэд  “Машин яах вэ, өөрөө л эсэн мэнд, эрүүл энх байвал болоо доо, охин минь” гэдэг. Найзын минь олж өгсөн, миний ивээн тэтгэгч компанийн хамт олон үнэхээр сайхан хүмүүс байдаг.

-Орос тэрэг хатуу байдаг гэдэг. Танд хэр тухтай вэ?

-Хатуу. Би УАЗ-ыг зөөлөн машин гэж хэлэхгүй.  Яг үнэндээ эмэгтэй хүнд бүр ч хатуу шүү дээ. УАЗ бол туулах чадвар сайтай машин. УАЗ-ыг тогтоож уралдана гэдэг хараад, ярихтай адил амар зүйл биш. Намайг хараад олон ч охид бүсгүйчүүд УАЗ-аар уралдана гэж нэг хэсэг бужигнаад алга болсон. Уралдмаар байвал уралдаад үз, болохгүй юм байхгүй шүү дээ. Уралдаж үзэх өөр, тамирчин байх өөр асуудал гэдгийг туулаад ирэхийн цагт ойлгоно. Миний хувьд гараанаас гарсан болгон тамирчин биш. Урт удаан хугацаанд уралдах ёстой. Жинхэнэ тамирчин болъё гэвэл тууштай байх хэрэгтэй. Сидан буюу суудлын авто машин юм уу “UTV” ангилалд уралдаарай гэж бүсгүйчүүдэд би зөвлөе. Би мундагтаа биш ээ, УАЗ-ын хүнд хэцүүг туулж яваа хүний хувьд ингэж хэлж байгаа юм шүү.

-Энэ спортоор хичээллэх болсонд танай гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ. Ээж ааваас хэдүүлээ вэ. Эгч, дүү тань спортоор хичээллэдэг үү?

-Аав, ээж хоёр маань спортод элэгтэй. Залуудаа мэргэжлийн тамирчид байсан. Улсын аварга, шигшээ багт ч харьяалагддаг байсан хүмүүс шүү дээ. Эхэндээ охиноо эрсдэлтэй спортод хөл тавихад санаа нь их зовдог байсан бол одоо харьцангуй тайван болсон. Охиноо аливаа зүйлд тууштай, өөрийнхөөрөө бууж өгдөггүй зантайг мэдэхээс хойш хүлээн зөвшөөрөхгүй гээд яах вэ дээ. Би хоёр эгч, хоёр дүүтэй. Том эгч багш, удаах эгч хүний их эмч, охин дүү сэтгүүлч, эрэгтэй дүү маань хуульч. Манай гэрт над шиг ааштай, эрх дураараа, сахилгагүй хүүхэд байхгүй дээ (инээв.сурв)

-Өнөөг хүртэл хэдэн жил жолоо атгаж байна вэ. Бага байхдаа мэдээж аавынхаа машиныг унадаг байсан байх. Гэрийнхнээсээ нууцаар машиныг нь барьж байсан үе ч байдаг болов уу?

-Аавынхаа өвөр дээр сууж жолооны хүрд эргүүлдэг байсныгаа өөрөө их “Мундаг барьж явна” гэж боддог охин байж. Гурав, дөрөвдүгээр ангиасаа л аавынхаа “Батхүлэг”-т уралддаг УАЗ-ыг хөдөлгөөд ойр зуур явчихдаг байсан. Намайг 18 нас хүрээгүй байхад аав жолооны курсст суулгаж, төрсөн өдрөөр маань жолооны үнэмлэх бичүүлж авч өгсөн. Мөн Япон суудлын машин авч өгч байв. Аав маань олон ч машин сольж унасан. Унасан машин болгоноо маш цэвэрхэн байлгаж хэрэглэдэг байсан нь надад өвлөгдсөн байж мэднэ. Би машинаа ойр ойрхон угаалгаж, цэвэрхэн байхыг эрхэмлэдэг. Аав, ээжийнхээ машиныг ойр зуур чөлөөтэй л унаж хөдөлгөдөг хүүхэд байлаа. Ээж маань Монголд эмэгтэй жолооч цөөхөн байх үеийн л жолооч шүү дээ. Сайн ч барьдаг.

-Таны хэтийн зорилго юу вэ. Хамгийн сүүлд оролцсон болон одоо болох гэж байгаа тэмцээнийхээ талаар сонирхуулна уу?

-Уралддаг тамирчин бүр л Дакарыг мөрөөддөг нь зүйн хэрэг болов уу. Дакараас гадна надад нэг нууцхан хүсэл байдаг. 2018 онд БНХАУ-д болсон  “Formula” ДАШТ-ийг үзээд “Onroad” буюу засмал зам дээр уралдах юмсан гэдэг мөрөөдөл тээж, гэртээ ирсэн. Эмэгтэй хүнд гоё, мэдрэмжийн асуудал юм шиг санагдсан. Хамгийн сүүлийн уралдаан гэвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Монголын авто мастеруудын холбооны “Автохим” мастер кросст уралдсан. Машиндаа олон ч удаа сервис хийж, хүнд юм өргөснөөр нуруунд суулт өгсөн байсан. Донсолгоо мэдэрч дийлэхгүй болсон тул эрүүл мэндийн асуудлаас үүдэн маш муу уралдсан. Туг мөргөж, торгуулийн туг тойрч яваад хэсгийн гараанаас хасагдсан. Дээр би “Эрүүл байж уралдана шүү” гэж хэлсэн минь энэ. Манай холбооны цуврал тэмцээнд уралдах тамирчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хаана шударга ёс байна тэнд хөгжил явагддаг нь зүйн юм. Кросс буюу тойргийн уралдааны бөөн гараанд олон тамирчин зэрэг гараанаас гарах нь өөрөө эрсдэл байдаг. Тиймээс холбооны зүгээс нэг тойрох замын тойргийн уртыг нэмэгдүүлж, бөөгнөрч мөргөлдөх, шүргэлцэх эрсдэлийг багасгасан нь зөв гэж бодож байгаа. Гэвч миний хувьд байтугай эрэгтэй тамирчдад ч зам хүндрээд рулиэ дийлэхгүй байх асуудалтай боллоо. Гар цуцаж байна гэдгээ нуулгүй хэлцгээж байгаа. Мастер кроссын нэг тойргийн урт таван км болсон. Нэг тойрогт 30-аад туг эргэлт хийнэ. Эргэлт болгоны ихэнх нь хаван цохиотой. Зам бол үнэхээр хүндэрсэн. Мастер кроссын дүрэмд хэсгийн гараа таван тойрог, хагас шигшээ долоон тойрог, шигшээ гараа есөн тойрог уралддаг. Шигшээ гараа хүртэл уралдах тамирчин нийт 21 тойрог, 105 км замд 600 гаруй тугны эргэлтийг УАЗ машинаар хийнэ гэдэг амаргүй даваа. Тиймдээ ч  “Мастер кросс” гэдэг том “дэвжээнд” хэр баргийн аавын хүү аваргалдаггүй юм болов уу. Тэглээ гээд холбоонд би зөвхөн надад тааруулсан зам хийхийг хүсэлтэй биш, өөрийгөө сайжруулах талд илүү ажиллах хэрэгтэй гэдгээ ойлгож, өөртөө дүгнэлт хийж сууна. Ирэх гуравдугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт болох “Чингис” мастер кросст тоосоо өргөхөөр хувийн бэлтгэлээ хангаж байна.

-Одоо та хэн гэдэг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?

-Би багшгүй. Мөн аль нэг клуб болон галд харьяалагддаггүй. Мэдээж багштай болох юмсан суралцах юмсан гэж хүсэлгүй яах вэ. Багш, шавь болно гэдэг хадаг, мөнгөн аяга барих төдий зүйл байж болохгүй. Миний хувьд багш бол багш шиг, шавь бол шавь шиг хэзээд хэнийхээ төлөө бат зогсдог амь нэгтэй, сэтгэл нэгтэй, үг болон үйлдэл нэг явахыг хүсдэг. Тиймээс энэ спортод хөл тавиад олон он жилийг ардаа үдсэн ч би одоогоор багшгүй явна. Аль нэг клубт орж, гарч явсангүй. Хүссэн нэг нь хүссэн үедээ орж, хүссэн үедээ гарч яваад байх зүйл ч биш. Миний хувьд энэ бол зарчмын болон ёс зүйн асуудал гэж үздэг. Тиймээс би Монголын авто мастеруудын холбоогоороо овоглодог цөөн тамирчдын нэг. Үнэ цэнэ, цензур гэж надад байдаг болохоор багшийн талаар нухацтай  бодож яваа. Гол нь үр дүн шүү дээ. Муу явахыг хүн ганцаараа ч чадна.

-Авто уралдаанд эрэгтэй, эмэгтэй хүний өрсөлдөх чадвар юугаараа онцлог байдаг бол ...

-УАЗ ангиллын хувьд яах арга үгүй эмэгтэй хүний хүч, бяр дутагдах юм аа. Ялангуяа кросс уралдаанд илүү мэдрэгдэнэ. Үндсэн болон туслах хропны хоёр речакийг зэрэг түлхэх гээд гар хүрэхгүй эсвэл дийлэхгүй байх жишээтэй. Бусад ангиллыг бол тэгж хэлэхгүй. Харин ч эмэгтэй хүн эрсдэл багатай илүү хашир явдаг нь давуу тал болно. Эрэгтэй тамирчид өөрсдөө машинаа янзалж чадаж байгаа нь надаас давуу тал юм болов уу. Би хааяа “Та нар гарын хүчээрээ надаас илүү ч гэлээ сэтгэлзүй, тэсвэр тэвчээр, хатуужлаараа би илүү учир нэг гараанд зогсож байгаа юм” гэж өөртөө хэлдэг.

-Тэмцээнд оролцох үед жин барих шаардлагатай гэх юм билээ. Мөн биеийн хүчний бэлтгэл ч хийдэг гэж зарим тамирчин ярьдаг. Харин та үүнд хэрхэн анхаардаг вэ?

-Зарим тамирчин машинаа хөнгөлөх талд л толгой нь ажиллаад байдгаас өөрийнхөө жинд анхаарахгүй байгаа санагддаг. Хэт тарган бол амархан цуцна шүү дээ. Надаас ч хурдан цуцах байх. Булчинлаг биш шөрмөслөг байх хэрэгтэй. Цар тахлын улмаас биеийн бэлтгэлээ сүүлийн хоёр жил орхигдуулсан. Кроссын зам ч хүндэрсэн нь эмэгтэй хүний хувьд илт мэдрэгдсэн болохоор хувийн бэлтгэлдээ анхаарна аа. Миний хувьд өдий хүртэл зүтгэчхээд руллиэ дийлэхгүй байна гээд одоо шантарна гэж байхгүй.

-Спортоос гадна ямар хоббитой вэ?

-Ном унших, цэцэг тарих. Багадаа тоглож байсан төгөлдөр хуураа гэртээ аваад ирчихсэн байгаа. Зав зай гарвал тоглож сэргээнэ ээ.

-Цуглуулга бий юу?

-Эмэгтэй хүнийхээ хувьд би цүнх, гутал, үнэртэй ус, ээмэг, бөгж гэх мэт зүйл цуглуулдаг. Уралдахаасаа өмнө их л эдийн шуналтай байж дээ. Одоо бол хор нь гарчихсан амар ч юм уу даа (инээв).

-Уралдахаас гадна ямар ажил эрхэлж байна вэ?

-МУИС-ийн ЭЗС төгссөн гэж дээр хэлсэн. Мөн МУИС-ийн гадаад хэлний анги төгссөн. Одоо би эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж яваа оюутан. Уралдааны дараа хичээл дээрээ ядраад унтчих гээд байх талтай. Ачаалал ихтэй завгүй л гүйж явна. Би Японы хоёр байгууллагатай гэрээтэй. Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Олон ч төсөл, судалгааны ажилд оролцож ажилласан. Япончуудтай ажиллаад олон жил болсон болохоор зарчим их ярьдаг байж магадгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ариунтуяа: Би энэ онд 30 дахь гараагаа хийнэ  
Үзсэн: 3246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй