Шууд Chart

Их биеийн тэнцэл гэдэг нь

2022-02-24 08:49:53

Их бие шоо дөрвөлжин биш ч гэлээ тэгш өнцөгт хэлбэртэй байхыг их биеийн хайрцаг сайтай гэдэг. Тухайн адуу багавтар биетэй байж болох ч гол нь хайрцаг сайтай байх ёстой. Их биеийн хайрцаг зөв байна уу, үгүй юу гэдгийг би хувьдаа өвчүүний бүдэрхийгээс шонтгор мөрний товгор дээгүүр дамнуулаад ташаан толгойны үзүүр хүртэл буюу хамгийн өндөр цэгт хүргэж бариад, сэрвээний хамгийн өндөр цэгээс доош бэрэвхийний дээд үе хүртэл буулган хэмждэг. Энэхүү хоёр хэмжээс хоорондоо тэнцэж байвал их биеийн хайрцаг сайтай гэж ойлгодог юм. Энэ ганц миний арга биш. Бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлалт Монгол хэмжээс юм. Европ тийшээ арай өөрөөр хэмждэг юм билээ.

Монгол хэмжээсээр хэмжихэд бэрэвхийний дээд үе дээр тэнцдэг адуу бас тийм олон биш. Ихэнх морьд бэрэвхийний үенээс хоёр, гурван хуруу дутдаг. Миний ажигласнаар бэрэвхийний үенээс дээшээ хэмжээстэй байгаа морь уралдахдаа дөрвөн мөчөө савчуулж, олигтой амжилт үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, суучихаад байдаг юм билээ. Үенээс нэг юм уу, хоёр хуруу доошоо илүү буусан хэмжээстэй адуу унахад сайн боловч хурдлаад шальдаггүй. Ер нь бэрэвхийний үенээс доошоо буусан хэмжээстэй адуу эдэлгээ даахдаа сайн байдаг тул тэр талаар ашиглах нь илүү үр дүнтэй.

Гавлын хайрцаг гэдэг нь:

Гавлын хайрцаг тэнцэнэ гэдэг нь магнай, түүш өргөн, хайрцаглахад дөрвөлжин хэлбэр үүсэхийг хэлж байгаа юм.

Цээжний хайрцаг гэдэг нь:

Шонтгор мөр, дал, улаан суга, өвчүүг ерөнхийд нь харахад дөрвөлжин хайрцаг үүсгэнэ.

Бөгсний хайрцаг гэдэг нь:

Шонтгор өгзөг, ахар сүүлний уг, олон уулзах, ташаан толгой зэргийг араас нь харахад дөрвөлжин хэлбэр үүсгэхийг хэлж байгаа юм.

Монгол Улсын манлай уяач Г.Батчулуун


Их биеийн тэнцэл гэдэг нь  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй