Шууд Chart

Хайртыгаа, хуулийг, хуульчийг хүчирхийлэгч

2014-06-11 10:24:41

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

-*-

Хайртыгаа, хуулийг, хуульчийг хүчирхийлэгч

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэх энэ үг сүүлийн үед ихээр хэрэглэгдэх боллоо. Өмнө нь огтхон ч байгаагүй зүйл гэнэтхэн гараад ирэв үү гэвэл үгүй. Эхнэр, илжиг хоёрыг сардаа нэг удаа зодож байх хэрэгтэй гэсэн хаанаас ч юм, хэн ч юм хэлсэн үг бидний мэдэхгүй тэр нэгэн хаалттай нийгмийн үед хэрэглэгдэж байлаа. Тиймээс тэр үеийн хүчирхийлэл яван явсаар энэ үеийн дарангуйлал болон илэрч байна. Энэ хүчирхийлэл гэр бүлийн буюу нэг тогоон доторх асуудал мэтээр харагдаж байгаа ч аль хэдийнээ нийгмийг, улс орныг бүрхэн аваад байна.

 Гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн олон аймшигтай зүйлсийг бид сонсож байсан. Хаалттай нийгмийн үед хаалганы цаана байдаг байсан хүчирхийлэл өнөөдөр нээлттэй боллоо. Найз бүсгүйгээ аборт хийлгэснийг нь мэдсэн найз залуу нь “Би чамайг одоо очиж ална” хэмээн сүрдүүлсээр байж алтан аминд хүрлээ. Түүнийг амиа хорлосон хэмээн хэргийг хаасан ч дахин  хэргийг сэргээн шалгаж эхэлсэн нь амиа хорлолт биш байсны нотолгоо биз. Нөхөртөө хацраа хутгаар зүсүүлэн их хэмжээний цус алдаж, ухаан алдсан эмэгтэй ес хоногийн дараа амиа алдав. Дөрвөн хүүхдийн эх энэ эмэгтэй хэтэрхий их цус алдсанаас болж гүн шоконд орон ухаан орохгүй байсаар хорвоог орхисон. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн шарх, түр зуурын ухаан алдалт гэж гарчээ. Есөн хоног ухаан орохгүй байх нь түр зуурын ухаан алдалт мөн үү. Энэ бүхний цаана хэн хохирсон бэ. Үлдэж хоцорч байгаа үр хүүхэд, гэр бүл. Харин хэн цэвэрхэн үлдсэн бэ. Хуулийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй хүний аминд хүрсэн харгис этгээдүүд.  Хамгийн сүүлийн жишээ бол Г.Алтанхүү гэх залуу найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөсөн гэх хэрэг. Одоо нийгэмд  “Алтанхүү” гэх нэр “хүчирхийлэл” гэсэн үгтэй утга нэгэн сонсогдох болжээ.

Хайртай бүсгүйгээ, ханиа хүчирхийлэгч

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй ихэвчлэн энэ талаараа бусдад хэлдэггүй. Олгой хагаравч тогоон дотроо гэгчийн адилаар аль болох чимээгүйхэн өнгөрнө. Нэг, хоёр удаагийн гар хүрсэн тохиолдлыг “хаалга мөргөөд” гээд хөнгөхөн аргална. Гэвч энэ бүхэн нэмэгдсээр одоо бидний хэлээд байгаа хүчирхийлэл буюу байнгын давтамжинд шилжинэ. Гэсэн хэдий ч үүнийгээ хэлж цагдаагийн байгууллагад хандаж өөрийнхөө эрхийг хамгаалуулах зориг гаргах эмэгтэй ховор. Учир нь энэ бүхний цаана гэр бүл, үр хүүхэд, нэр хүнд гэсэн олон асуудал давхар хөндөгдөж байдаг. Тиймээс л гэр бүлийн дарангуйлагчид “давран даварсаар давгийн оронд очив” гэгч болж байгаа нь тэр. Учир нь эхнэртээ, хүүхэддээ, хамтран амьдрагчдаа, найз бүсгүйдээ гар хүрлээ гээд тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлага нь алга. Хамгийн ихдээ л гэхэд согтуу байвал эрүүлжүүлэхэд аваачиж хийнэ, хэдэн төгрөгөөр торгоно.  Өөрөөр тэдэнд хариуцлага тооцох эрхзүйн орчин өнөөгийн Монголын нийгэмд алга. Тэд хуулийн цоорхойг ашиглаж байна.

Хуулийг хүчирхийлэгч

Ингэж тэд хуулийн цоорхойг ашиглаж байгаагаараа хуулийг хүчирхийлэгч болон хувирч байгаа юм. Дээрх жишээнд дурдсанчлан тэдний гэм буруутайг нь тогтоох хангалттай нотолгоо байдаггүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хүртэл үхлийн шалтгааныг нь “хөнгөн гэмтэл” гэж гарч байгаа хойно яах ч билээ. Хэрэв гэр бүлийн биш хоёр хүн хоорондоо гар зөрүүлсэн бол санаатай гэмтэл учруулсан, гоо сайханд нөлөөлсөн гээд ихээхэн хэмжээний мөнгөөс эхлээд хорих ялаар хүртэл шийтгэнэ. Харин ханилж суусан гэргий, хайртай бүсгүйд нь энэ хуулийн заалтууд үйлчлэхгүй. Үхсэн хүн ямар үг хэлэх биш гэгчийн адилаар асуудалд хандана. Солонгосын  гэр бүлийн тухай хуульд гэр бүл салсан тохиолдолд буруутай тал нь “залуу насны хохирол” гэх ихээхэн хэмжээний мөнгөн хохирлыг барагдуулдаг юм билээ.  Харин манайд бол том алаг нүдийг толигор байхад нь авч суучихаад бүхий л насаар нь үг хэл, үйл хөдлөлийн хүчирхийлэлд өртүүлсэн хойноо ганц бие, өрх толгойлсон эмэгтэй болгоод үлдээнэ. Шүүх цагдаа дээрээ тулвал бараг л хүчирхийлэлд өртөгч өөрөө буруутан мэтээр хэрэг шийдэгдэж дуусна. Тэр ч байтугай “яасан их цагдаад өгдөг юм “ гээд дахин дарамтална. Ингээд зарим нь гэр орноосоо дүрвэн хамагаалах байранд очих дээрээ хүртэл тулна. Овоохон мөнгөтэй, танил талтай нэгний өмнө бол өөрөө буруутан болно. “Гөрийн өмнө сөөм хариугүй” гэгчээр хүчирхийлэл өртсөн эмэгтэй өөрөө л хохироод дуусна.

Хуульчийг хүчирхийлэгч

Ингэж хэлсний учир тодорхой. Найз бүсгүйгээ хүч хэрэглэн хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Г.Алтанхүү хүний эрхийн хуульч М.Ичинноровыг “гэмт хэрэг хийгээгүй байхад гүтгэлээ” гэсэн үндэслэлээр цагдаад өгөөд байгаа. Хүний эрхийн төлөө олон жил тэмцэж яваа хуульчийг хүчээр сүрдүүлж зоригийг нь мохоох гэсэн оролдлого болов гэлтэй. Мөнгөтэй хүн хүчтэй гэдгийг харуулах гэсэн санаа ч юм уу. Гэхдээ энэ бүхэнд хуульч өөрөө шантралгүй харин ч өөрийг нь хурцалж байгааг хэлсэн. Өмнө нь өмгөөлж байгаа талынхаа хуульчийг цагдаад өгч байсан тохиолдол би харж байсангүй. Олон арван хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийж байсан энэ хуульч үүнийхээ хэрээр нийгэмд эерэг үр дагавар авчирч байсан. Харин өөрөө ингэж хүчирхийлэгчийн гарт хүчирхийлүүлж байсан түүх байхгүй. 

Хэдийгээр Г.Алтанхүү өөрийгөө хэрэгт буруугүй гэж байгаа ч олон жилийн дадлага туршлагатай хуульчийн хувьд хангалттай нотлох баримт, хэргийн гэрч байгаа гэдгийг ам бардам хэлж байгаа. Монголын өнөөгийн нийгэмд ингэж нэг хүнийг, нийгмийг, хуулийг, хуульчийг хүчирхийлэлд өртүүлэхээ болих цаг хэзээ вэ. Тун удахгүй нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн тухай тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байгаа нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Хэрэв хүчирхийлэлд өртсөн бол хаана хандах вэ, хүнд болон хөнгөн хэлбэрээр хэн нэгнийг хүчирхийлэлд өртүүлсэн бол яах вэ гэдгийг тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Ингэж байж бид хамгийн их тархсан дарангуйллын жижиг хувилбарыг дарж чадна. Энэ хууль манай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй болжээ гээд хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Э.Хулан /Times.mn/


Хайртыгаа, хуулийг, хуульчийг хүчирхийлэгч  
Үзсэн: 2370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2014-06-11 16:49
NEG UDAA GAR HUREH UIM BOL ZUU HONOG ALBADAN AJIL HIILGEDEG BAIH HEREGTEI

Бидэнтэй нэгдээрэй