Шууд Chart

Х.Лхагвасүрэн: Мянган сайн сургууль төгссөн ч хүний мөс, ёс жудаггүй хүн олон дотор хөлөө олохдоо тиймхэн л харагддаг

2022-03-04 12:03:13

Монгол Улсын гавьяат тээвэрчин Халиуны Лхагвасүрэн хэмээх эрхмийг уншигчид гадарлах биз ээ. Эдүгээ гавьяаны амралтаа эдэлж суугаа түүнтэй уулзлаа. Тэрбээр, “Залуус та нар минь зориод ирэхэд ахмад хүний хувиар их баярлах юм. Өвгөн ах нь энд ээжийнхээ бор гэрийг барьчихаад л аж төрж сууна даа ...” хэмээн угтав. Дамбадаржаад байрлах зуслангийн хашаандаа тэр олон төрлийн жимсний бут тарьжээ. Басхүү саглайсан өндөр гацуурууд ч харагдана. “Анх энд газар авахдаа олны хөлөөс хол буйдхан зуслантай боллоо гэж бодсон. Гэтэл хэдхэн жилийн дотор хотын төв шиг өргөжлөө ... Нөхцөлийг нь сайн хангаад таривал мод маш хурдан ургадаг юм байна. Энэ гацууруудыг хар даа ...” гэж гэртээ орох зуур хашаан доторхоо танилцуулснаас эхлээд бидний яриа өрнөсөн билээ.

-Зүтгүүрийн депогийн дарга, дараа нь албаны дарга гээд тодорхой албанд та томилогдон ажиллаж байсан юм билээ. Өнөөдөртэй харьцуулахад ямар санагдаж байна вэ?

-Тэрэг, техникүүд нь жилээс жилд шинэчлэгдэж хөгжөөд сайхан л санагдах юм. Миний үед бол юм ховор, тэрэг техник ч тэнхээ муутай байлаа. Тухайн цаг үеийн л нөхцөл нь тэр. Ёстой л алхам бүртээ төмөр замаа бодож явдаг сан. Сэлгээний ТЭМ1, гол замын ТЭ2 серийн тэргүүд гэдэг уурын тэрэгний дараагийн үеийнх шүү дээ. Тэдгээр тэргийг ёстой л Монгол хүний ухаанаар сэлбэж, тордож явуулсан даа. ТЭ2-ын поршин, подшибникүүдийг сэргээнэ, цутгана, зорно гээд л сэргээдэггүй эд анги нэг ч байгаагүй. Нэг серийн илчит тэрэгний эдэлгээний дээд хугацаа 25 жил л юм билээ. ТЭМ1, ТЭ2-ын дараа 2ТЭ62УМ орж ирсэн. Орос руу явуулж засуулна л даа. Гэхдээ яг зах зээлийн шилжилтийн дараах 4-5 жилд нэг ч тэрэг завод засварт явуулаагүй, нэг ч сэлбэг шинээр орж ирээгүй. Зүтгүүрчин бүр хуурайдахыг нь хуурайдаж, хөрөөдөхийг нь хөрөөдөж байж тэргээ сэлбээд замд гаргадаг сан. Хийхгүй юм гэж үгүй. Тэр үед их бардам санагддаг байж билээ. Гарт баригдаж, нүдэнд харагдахаар юм хийж бүтээчихээд түүнийгээ харж бүгдээрээ баясдаг үе. Улсын хэмжээнд олон байгууллага татан буугдаж байхад манай депо нэг ч хүний орон тоог цомхотголгүй ард гарсан. Бүр болохгүй бол урт хугацааны чөлөө өгнө. Ер нь тэр үеэс зүтгүүрчид БНСУ-д ажилладаг болсон шүү дээ. Одоо бол юм бүхэн бэлэн, ирээдүй гэрэлтэй сайхан байна аа. Би хаана ч явсан төмөр замаа, төмөр замчдаа сайн сайхнаар нь дурсаж, магтаж ярина шүү. Амьдрал болсон хойно, сайн, саар зүйл байлгүй яах вэ.  Залуус та нар азтай улс. Бүх зүйл бэлэн. Тэгээд тэр үү, өөрсдөө хийж чадах зүйлийг хийхгүй. Зарим засварын хэрэгслээ хаясан ч сураг сонсогдог. Хэлмээр л санагдах юм.  Өөрөө оролцохгүйгээс хойш хошуу нэмэрлээд ч яах вэ дээ. Төмөр зам, ер нь их өгөөжтэй, буянтай байгууллага. Хүнийг хүний дайтай хүн болгон төлөвшүүлж, бойжуулдаг газар даа.

-Улаанбаатар татах хэсгийн даргаар ажиллаж байх үедээ нэвтрүүлж байсан тэргүүн туршлагуудаасаа залуучууддаа хуваалцана уу?

-Бид илчит тэрэгний бэхэлгээг анх санаачилсан. Сэлгээний бригадынхан сайхан шүү дээ. Дөрвөн бригадад нэг тэрэг хариуцуулаад өгчихнө. Тэр тэрэг эвдэрвэл тэд цөмөөрөө ажилгүй гэсэн үг. Ингэхээр тэргээ ёстой бөөцийлнө. Өмнө нь, нэг ээлжинд гараад ирэхдээ л тэрэгний гэрэл нь хүртэл алга болчихдогсон. Ингэж нэг цэгцэнд нь оруулсан юм. Бас нэг сайхан ажил санаачилсан нь түрээсийн гэрээ. Социализмын үед түрээсийн гэрээний ойлголт ч байгаагүй. Сонгинын карьерт ажилладаг байсан ТЭ2 серийн илчит тэрэг гараа болгондоо эвдэрч төлөвлөгөө таслаад болдоггүй. Тэгэхээр нь түрээсийн гэрээ гээч зүйлийг зохиогоод. Ингээд л ёстой жимбийсэн дээ. Энэ мэтээр завсар зайг нь олж харвал ажлын зүг чиг олдоно. Сүүлдээ бүх тэргээ бэхэлгээтэй болгоно гээд. Ажилчид бие биеэ маш сайн мэднэ. Нэг тэргэнд туршлагатай ахмад машинчийг бэхлээд л “Чи өөрийнхөө бригадыг сонго” гэхэд хамгийн сайнуудаа авчихна. “Одоо та нар туслах машинчаа сонго” гэхэд нэг тийм но-той нөхдүүд үлдэнэ. Нөгөөдүүлийг засвар руу оруулчихна.

-УБТЗ-ын мэргэжлийн инженерүүдээ үйлдвэрлэлд бага тушаалаас эхэлж бэлтгэдэг гэсэн. Тэрхүү дэг жаягаар та алба, зэрэг ахьсан болов уу гэж таамаглаж байна ...

- Өө, тэгэлгүй дээ. Бусдын жишгээр засварчин, туслах машинч, машинч, зааварлагч машинчаар олон жил ажилласан. Тэр үеийн улс төрийн тогтолцоо ч их нарийн дэг журамтай байж дээ. Намайг депогийн даргаар томилохын өмнө манай гэрт Төмөр замын намын хорооны нарийн бичгийн дарга, Замын орлогч дарга хоёр ирдэг юм. Тэд “За, номын сан чинь хаана байна вэ” гээд номнуудыг минь үзэж, асууж сонжоод л гарч байлаа. Тухайн үед “Том дарга нар манайхаар орлоо” гэж бодсоноос цаад зорилгыг нь мэдэхгүй шүү дээ. Ингэж л ар гэрийн байдал, хувь хүний үзэл санаа, ажилласан туршлага уншдаг ном, хувь хүний төлөвшил, үзэл бодол гээд олон талаас нь судалж байж удирдлагаар томилдог үе байсан.

-Төмөр замчид, ялангуяа зүтгүүрчид “Манай Лхагваа дарга ёстой л эр хүн шиг эр хүн дээ ...” гэж ярихтай таарч байлаа. Ер нь эр хүн шиг эр хүн гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?

-Эр хүний хувиар ажил албаа, амин хувийн амьдралаа нэр төртэй авч явахын үндэс суурь нь өссөн орчин, гэр бүлийн хүмүүжлээс эхлэн бүрэлддэг юм шүү дээ. Мэдээж, сурсан эрдэм ном зөв амьдрахад тус нэмэр бололгүй л яах вэ. Гэхдээ ямар ч ажил хийсэн хүнд зөв ухаан, хүн чанар, ноён нуруу байвал өмнөх зам дардан явдаг. Мянган сайн сургууль төгссөн байлаа гээд хүний мөс, ёс жудагггүй улс олон дотор хөлөө олохдоо ч тиймхэн л харагддаг. Түүнээс биш тухайн хүнийг хатуужил үзүүлнэ гээд цэрэгт явуулж дэглүүлээд л, онолын хэмжээнд бүх мэдлэгийг нь олгоод л, төгс бэлтгэдэг юм биш. Би цэрэгт яваагүй. Эрүүл бие бялдрыг төрсөн нутаг минь өгсөн байх гэж үргэлж залбирч явдаг. Жил бүр нутагтаа очдог. Дээр нь, аав ээжийн буянаар зөв бодолтой өссөн юм даг уу. Монгол ахуй, соёл, уламжлал гэдэг агуу зүйл шүү дээ. Бусад улс үндэстэнд байдаггүй үзэл бодол, оюун ухаан, мэдрэмж Монголчуудад бий. Дээдсээ дээдлэнэ, ахмад настнаа хүндэлнэ, хүнд муу зүйл хийхгүй, аль болох бусдад тус хүргэхийг бодно. Тус болдоггүй юм аа гэхэд тээр болохгүйг хичээнэ гэдэг зөвхөн Монгол эр хүнд л байдаг зан. Яах вэ, захын ийм ухагдахууныг мэдэхгүй. “Тийм юм байдаг юм уу” гэж мугуйрсан хүмүүстэй тааралдаж л байсан. Анхнаасаа тийм үзэл бодолтой өссөн хүнд зааж сургана гэж байдаггүй юм. Түүгээрээ л дуусдаг.

-Таны хөдөлмөрлөж байсан зүтгүүрийнхэн ажил ихтэй, ачаалал ч мундахгүй юм билээ. Чөлөө зав хэр гардаг байсан бэ?

-За, тун бага даа. Би өөрийгөө эргээд харахад “Үүнийг би хийх ёстой” гэсэн зарчмаар албан ажилдаа махран зүтгэж ирсэн юм билээ. Гэр орны нарийн ширийн ажлын талаар эргэцүүлэн бодох цаг хугацаа надад байгаагүй. Харин албан ажлын хажуугаар яах аргагүй бодол санаанд байн байн орж ирээд яалт ч үгүй араасаа гүйлгэдэг зүйл бол хөдөө байгалийн үзэсгэлэнд явах. Тухайн үед дандаа арын ажил бодогдоод тухтай явж чаддаггүй байсан. Харин гавьяаны амралтад сууснаасаа хойш ёстой чиг сайхан явж байна даа. Дуртай газраа хонож, өнжөөд л явна шүү дээ. Хааяа “Эртхэн шиг тэтгэвэртээ гараад тэнэж явахгүй яав даа” гэж бодогддог л юм. Тэр үед нь “Нүгэл гэм...” гээд л өөрийгөө зэмлэдэг.

-Эрчүүдийн нөхөрлөлийн тухай таны бодол?

-Манай депогийнхон, төрсөн нутгийнхан гээд сайхан нөхөрлөж ирсэн эрчүүд бий. Нутаг усныхан бол найз нөхөр гэхээсээ илүү хамаатан садан шиг л элэгтэй хандана шүү дээ. Хүнтэй нөхөрлөхөд сэтгэл нийлнэ гэж юм бий. Насаараа хамт ажиллаад ч санаа бодол нийлдэггүй нь байхад ганц цаг хамт цай ууж суугаад л үй зайгүй нөхөрлөдөг сайхан хүн алийг тэр гэх вэ. Олон жил нөхөрлөсөн найзыгаа хүн тэр бүр ялгаж салгаж боддоггүй. Хүнд үе тохиолдоход л харин ч нэг хар цагаанаараа ялгарна даа.

-Таны амьдралд тэгэж хар, цагаанаар ялгарах тохиолдол гарч байв уу?

-2005 онд юм. Зарим нэг хүний явуулгаар би “Аавынд” 14 хоноод гарсан хүн. Тэгэхэд би хүн гээч амьтан хэчнээн муухай болохыг ойлгосон. Тэндээс гарч ирэхэд өмнө нь намайг “Лхагваа ах аа” гээд өргөхөөс наахнуур хүндэлдэг байсан хүн “Хөөе Лхагваа” гэчихсэн зогсож байхыг харсан. Буцаад албан тушаалаа авч, ажлаа хэвийн үргэлжлүүлээд эхлэхэд “Лхагваа ах аа” гээд л сүйд болно. Гэхдээ намайг ямар ч үед орхиогүй нөхөд, сайхан дүү нар хавьгүй олон байгаа. Ингэж л ялгардаг. Ажил хийж байгаа үед хамгийн том дэм тус болдог хүмүүс бол нарийн бичиг, жолооч хоёр. Намайг ажил авахын өмнө гавьяаны амралтад суусан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Гэсэржав гуайн нарийн бичгээр ажиллаж байсан Дүгэрээ гэдэг буурал гавьяаны амралтаа авахдаа “Энэ л чамд сайн нарийн бичиг болно доо. Англи хэлтэй ч юм” гээд нэг хүүхэд зааж өгсөн. Нээрэн ч тэр хүүхэд надад их дэм болсон доо.

-Нөхрийн чанар өчүүхэн зүйл дээр танигддаг гэх юм ...

-Тийм шүү дээ. Сурагч байхаасаа нөхөрлөж, нутаг усаараа ч айл саахалт өссөн Дашдэлэг гээд найз бий. Сүүлдээ генерал болсон цэргийн хүн л дээ. Би тэр найзыгаа нөхөрлөж ирсэн хүмүүс дундаасаа маш тодоор санаж явдаг. Анх удаа жижиг тэрэг аваад ах, дүү хамаатан саднаараа орж мялаалгаад л их хөөрцөглөв өө. Найзууд руугаа ч давхиад очлоо, урмын үг сонсчих санаатай. Тэгэхэд чин сэтгэлээсээ баяр хүргэх хүн ер гарддаггүй юм билээ. “Сайхан машин байна. Чи ч удахгүй эвдэх биз ээ” гэж хэлэх хүн ч байсан. Харин Дашдэлэг маань өөрөө машин авснаас илүү баярлаж. Хоёулаа хонон өнжин онгирч давхисансан. Найз нөхөд олон боловч жинхэнэ нөхөр гэдэг өөр гэдгийг би тэндээс ухаарсан. Ер нь тэгээд хүний амьдралд хамгийн үнэт сургамжийг аав ээж л өгдөг юм даа. Өөр хэн ч биш. Манай аав хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл чанга ч дуугарахгүй. Дандаа урам өгнө. Чимээгүй байж байгаад нэг үг хэлэхдээ өндөсхийтэл хэлнэ. Олон ч сайхан үгийг надад хэлж сургадаг байсан даа, аав минь. Надад хамгийн тод үлдсэн нь “Бусдад дэмтэй яваарай” гэдэг үг. Ээж бол эсрэгээрээ. Захаас нь авахуулаад л загнана. Дандаа зүйр үг холбоод л авч өгнө шүү.

-Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шүү дээ. Та “Аавынд 14 хоносон” тухайгаа яривал болох уу?

-Манай ажлыг мэдэхгүй хүмүүс бол их мөнгө иддэг газар гэж боддог юм шиг байна билээ. Тэр ч бодолдоо хөтлөгдөөд “Энэ мэдээж тэгсэн байж таарна” гэж хардаж сэрддэг тохиолдол бишгүй таарсан. “Энэ нөхрийн албан тушаалд нь томилогдоод сайхан бэлжих юмсан” гэсэн бодолтой нөхдүүд ч захаасаа л байсан. Тэдний атаа жөтөөнд ороогдож, талийгаач орос даргатай хамтран мөнгө идсэн гэдэг гүтгэлгээр тийшээ орсон. Гэвч хар цагаанаараа ялгагдсан. Ажил албаар минь төдийгүй хувийн амьдралаар минь ч оролдсон хүндхэн үе таарсан шүү. Сүүлд контрактын гэрээ дүгнэнэ гээд улирал тутамд үндсэн цалингаасаа давсан мөнгөн урамшуулал өгдөг байлаа. Улирал тутамд 4,8,9 сая гаргаад авна. Тэр мөнгийг өсгөж үржүүлэх ухаан надад хомсхон. Шүүгээндээ хийчихээд л сууж байдагсан. Хүүхдүүд бие даачихсан, ганц бие хүнд мөнгө үрээд байх хэрэг гарахгүй. Тийм хэмжээний цалин авч байгаа хүнд илүү дутуу идэж уух хүсэл төрнө гэж үү. Хянадаг, шалгадаг нөхдүүд давхиж орж ирээд шүүгээ савыг минь нэгжихэд нөгөө хэдэн төгрөг л гарч ирсэн. Тэд “Энэ нөхөр нээрэн ч мөнгө завшдаг юм байна" гэж бодсон байх. Надаас өөр төрлийн шуналтай хүн бол гадаадад эдлэн авч, хаус бариулаад л шуугиулах байсныг үгүйсгэхгүй. Надад харин гадаадад бүү хэл Монголдоо олигтойхон байшин барих юмсан гэсэн бодол байсангүй. Тус дэм болмоор санагдсан хүнд тэр мөнгөнөөсөө аваад л өгчихдөг байлаа. Одоо зарим нь надад их талархдаг. Ер нь, тэгж цацсанаараа буян үйлдсэн дээ гэж би дотроо бодож явдаг.

-Таны ажил албанаас гадна сонирхол гэх үү, хобби гэвэл юу байх вэ?

-Ан хийх хэрэгсэл. Одоо хэр нь сайхан буу сонжоод өгөөч гэвэл өөрөө хэрэглэхгүй мөртлөө дагаад л шогшчихно. Миний хобби гэвэл энэ л байх. Хэрэглэж байсан буунуудаас хамгийн гоё нь “Тигр”. Амьтан харааны сэтэрхийд багтаж харагдах төдий зайнаас дурангүй буудаад авч л явлаа. Бас л тэнгэртэй буу шүү дээ. Залуу байхад хараа ч сайн байж. Хоёр жилийн өмнө Хэнтий аймгийн Биндэр суманд нэг сайхан залуутай тааралдаад “Тигр”-ээ бэлэглэчихсэн. Ёстой л гал руу гараа хийхээс буцахгүй хүү. Барьж байгаа бууных нь гол төмөр юу ч үгүй шувтарчихсан байхаар нь өгөхгүй байж чадаагүй. Тэр хүү баярласан гэж тоймгүй. Эхнэр нь “Таныг буу бэлэглэснээс хойш манай хүн гэртээ тогтохоо байлаа” гээд л ярьдаг юм. “Яах вэ явж л байг” гэж хэлдэг. Дүү хүү надад хоёр жилийн идэш явуулсан шүү. Бид хоёр наймаалцаагүй. Эрчүүдийн л хувиар бие биедээ бэлэглэсэн. Би Төмөр замын техникумд сурч байхдаа токарийн багштайгаа нийлээд калибр тайрч байсан. Тэр үеэс л буунд хорхойссон. Бүртгэл энээ тэрээ ч гэдэггүй үе байлаа. Тайрсан калибрыг 25 метрийн тусгалд оруулдаг юм билээ. Би тайрсан буугаараа 50 метрт шүдэнзний хайрцагны голыг нь оносон цагтаа болно гэж үздэг байсан. Хамгийн сүүлд нь тэр зайндаа шүдэнзний мод тас буудаж оноод л болжээ гэж боддог байлаа. Би багштайгаа дөрвөн калибр тайрч, нарийн тусгалд оруулсан шүү.

-Сайн ажилтан, сайн дарга байх нэг хэрэг. Сайн аав, сайн хань байхыг та юу гэж дүгнэн хэлэх вэ?

-Сайн эцэг шүү, би. Ах нь, хоёр хүүхэдтэй хүнтэй сууж, ахиад хоёр хүүхэдтэй болсон. Тэр дөрөв минь одоо бүгд хүний дайтай хүн, айлын дайтай айл болцгоосон доо. Энэ бол эцэг хүний бахархал биз дээ. Бидний хооронд хүний, өөрийн гэсэн ялгаа зааг огт гардаггүй. Аав минь аливаа зүйлийг голж шилдэггүй гүдэс зантай, хэний ч хүүхдийг магтаж, хайрлаж, урамшуулдаг хүн байсан даа. Би тэр занг нь дуурайсан ч юмуу манай дөрвөн хүүхэд төдийгүй хамаатан садны маань хүүхдүүд одоо ч над дээр ирэх дуртай. Би 2000 онд хүүхдүүдийнхээ ээжээс тусдаа амьдарсан. Айл гэрийн ноён нурууг эр хүн л авч явах ёстой.

-Төмөр замд Халиун гуайн гурван сайхан хүү ажилладаг гэж сонсож байлаа. Та чанга, хатуу ах уу?

-Чи яагаад намайг “Чанга, хатуу” ах гэж дүгнэв. Ах нь гаднаасаа тэгж харагддаг байхаа. Би долоон хүүхдийн хоёр дахь нь. Нэг эгчтэй. Дүү нар маань намайг их хүндэлнэ шүү. Ээж, аавын ачийг бол хэзээ ч хариулж барахгүй. Аав минь 1993 онд бурхан болсны дараа ээж их гэрээ хурааж, охидынхоороо л яваад байсан. Би дүү нартайгаа ярилцаж байгаад 1995 онд ээждээ дөрвөн ханатай гэр барьж өгсөн. Нэг очтол ээж маань авдарнаасаа хүүхдүүдэд чихэр гаргаж тараагаад л сайхан харагдаж билээ. Ээжийгээ хараад миний баярласан гэж нөхцөлгүй. Ээжийг бурхан болсны дараа гэрийг нь аваад хураачихсан. Нэлээн олон жилийн өмнө барьсан юмаа, дүнзэн байшинд маань ус алдаж мөөгөнцөртөөд буулгачихлаа. Тэгээд л ээжийнхээ гэрийг бариад орчихлоо доо.

-Өөрийнхөө амьдралд тохиолдсон сургамжаас та үр хүүхдүүддээ хэлж захидаг уу?

-Үгүй. Би хүүхдүүдээ хэрхэн амьдрах талаар юу ч хэлдэггүй. Өөрсдийнх нь санааг л дэмждэг. Намайг депогийн дарга болсон жил аав маань манай ажлаар ороод гарч билээ. Хонины нэг зүсэм хуйхалсан сүүлийг нэг том гамбирны завсар хавчуулчихсан гаргаж ирээд өгч байгаа юм. Намайг эргэж яваа нь л тэр юм байлгүй, хөөрхий. Тэгээд “Танай граажийн арын булан үгүй мөн муухай харагдаж байна аа” гэж хэлсэнсэн. Намайг цэвэрлэ гэж зандраагүй. Зүгээр л хэлчихээд гараад явсан. Би тэр дор нь цэгцэлсэн. Аав хүний ухаан тийм л байдаг юм билээ.

-Депод дийлэнх нь эрчүүд ажилладаг гэсэн. Хүнд хүчир ажилтай. Энэ утгаараа ч тэр үү, зарим үед эрчүүдийн хооронд шийдэх тохиолдол гарна биз?

-Машинчийн мэргэжил хүндтэй алба. Бид Оросын школоор явсан хүмүүс. "Ажлын нөхцөл нь ч дуу чимээ ихтэй, хэт халуун, хүйтэн болохоор хүн л болсон хойно нойр хоолны дэглэм алдагдуулахгүй сайн амраа, өндөр цалин өг. Ингэж гэмээнэ машинч нарыг сайн ажиллуулна" гэдэг зарчмыг Оросууд мөрддөг. Миний хувьд ч энэ уламжлалыг дэмжиж, даган хөгжүүлсэн. Машинч нарын талаар янз бүрийн л яриа гардаг. Би бол хэдэн бор зүтгүүрчдээ хаана ч өмөөрнө.  Нэг удаа Чойрын амрах байрнаас “Танай нэг машинч тэмээний махтай хоол идэхгүй гээд байна. Хоол идээгүй машинчийг чинь аялалд гаргах уу, яах вэ” гээд ярьсан. Дараа нь Төмөр замын намын хороонд намайг зүтгүүрчдийн минь хамт дуудаж ирүүлээд ёстой нэг хуйхалж өгч билээ. Мах ховор цагийг хэлэх үү “Энд жирэмсэн эмэгтэйчүүд амрах байрнаас хоол идье гээд явж байна. Тэнд танай машинч нар тэмээний мах голж байна” гээд л ... Нээрэн ч харьцуулаад үзэхэд тийм. Гэхдээ хүнээсээ л болно л доо. Энэ их хайр хүндэтгэлийг ямба шиг хүлээж авдаг хүмүүс бий. Бусдад ихэрхээд “Би л ийм байх ёстой” гэсэн өвчнөөр өвчлөөд ... Нөгөө талдаа төмөр замынхаа хайрыг залбирч авдаг хүмүүс ч байна. Тийм машинч бол хол явна шүү. УБТЗ-аас төрсөн 14 баатарын 12 нь машинч. Ингэж амжилт гаргадаг юм. Машинчаа амжилттай ажиллуулахын тулд бид жил бүр гэр бүлийн зөвлөгөөн хийнэ. Тааруухан гэргийд нь зөвлөнө. Маруухан машинчаа гэргийнх нь өмнө загнана. Тэр зөвлөгөөнөөс их хөөрхөн ярианууд гарна аа. “Танай энэ машинч явж, явж ирээд л унтаад өгдөг. Хоол цай, хувцас хунараа бэлтгүүлж аваад л явдаг. Ар гэр, амьдралдаа оролцдоггүй. Үүнийг нь хэлэхээр “Чамд хангалттай л мөнгө авч ирж өгдөг биз дээ” гэдэг гээд л эхнэрүүд нь гомдолно. Социализмын үед машинчийн цалин үнэхээр мундаг байлаа шүү дээ. Сайн эрчүүд бол бий бий. Тэр үед “Аав”-аас суллагдсан нөхдийг "Халамжлан хүмүүжүүл" гээд байгууллагуудад хуваарилдаг байлаа. Тэд нарт сайн сайхан юм яриад хэрэггүй, ухуулга сурталчилгаа ч тус болохгүй. Ганц чангахан гар л тохирно. Тийм арга барилаар ажиллаж байсан хүн надтай олон таараагүй.

 -Эргээд санахад Улаанбаатар татах хэсгийн даргаар ажилласан үедээ “Дутуу үлдээж дээ” гэж бодогдох зүйл гардаг уу?

-Манай депогийн өргөтгөл 1987 онд эхэлж, 1989 оны сүүлчээр дууссан. Тэр ёстой хүнд ажил байсан. Хуучин барилгыг өргөтгөнө гэдэг шинээр барьснаас долоон дор юм билээ. Тэр үед боломжийнхоо л хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж, зохион байгуулалт хийсэн. Дуудлагын ганцхан тэрэгтэй байсан депо бүрэн хэмжээний авто грааштай, ээлж бүртээ дуудлагын тэрэгтэй болсон. Төвийн халаалтын системд холбогдсон гээд л. Хийе дээ гэж олон жил бодоод чадаагүй, одоо ч манай зүтгүүрчид хийж чадахгүй байгаа зүйл бол засварын байрыг автоматжуулах ажил. Сүүлд албаны даргаар ажиллаж байхдаа Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт эрхэлсэн орлогч дарга Н.А.Гуктай элбэж зүтгээд ч дийлээгүй. Төсөл бичсэн, уг нь болчих байсан л даа. Би ер нь өмнөх ахмадуудынхаа ургуулсан сайхан үндэс суурин дээр депогийн даргаар томилогдсон. Тэр үед туршилтын цех гэж байлаа. Хоромдоно, никельдэнэ гээд л ёстой хийж чадахгүй зүйл байгаагүй. Монгол Улсад машин техникээр юм хийдэг хамгийн том үйлдвэр нь манай депо байсан. Би нэг удаа “Зургийг нь аваад ирвэл бид онгоц угсарч чадна” гэж онгироод загнуулж байлаа. Ардчиллаас ч өмнө санагдана. Аймгуудын цахилгаан станц эвдрээд байна гэхээр нь “Зүтгүүрийн генератор тавиад өгье” гэсэн санал гаргасан. Тухайн үедээ Замын захиргаа бидний саналыг ойшоогоогүй л дээ. Хэрэв ажил хэрэг болгосон бол аймгийн цахилгаан станцуудын сэлбэг нь ч тасрахгүй сайхан болох байсан. Резин, хуванцар, цутгуурын цехүүд гээд бүгд байсан. Одоо нэг нь ч үлдээгүй гэнэ. Харамсалтай шүү. Тэр технологийг бүгдийг нь хөгжүүлсэн бол машин угсрах байтугайг хийх байлаа. Бэлэн сэлбэг худалдаж аваад тавьчихдаг болсонтой л холбоотой юм болов уу.

-Цахилгаан зүтгүүртэй болох төслийг таны үед хийж байсан гэдэг байх аа?

-1998 онд тэр төслийг хийж байлаа. Тухайн үеийн ханшаар бол дизель зүтгүүрээс 7-8 дахин хямд өртөгтэй болж байсан. Зөвхөн тээврийн өртөг нь ийм хэмжээнд хямдарч байгаа юм чинь зүтгүүрийн эвдрэл гэмтэл бараг үгүй болж засварын цехийн оронд цахилгааны ганцхан цех л үлдэнэ. Дээр нь хос дугуйгаа л хий эргүүлчихгүй бол хэд л бол хэдэн тонн ачаа татна. Ийм л үр дүнтэй ажил. Бэлэн төмөр замд цахилгаанжуулалтын төсөл хэрэгжүүлэх шинээр нь барьснаас хамаагүй амар.

-Нэгэн насны хөдөлмөр зүтгэлээ зориулсан депогоороо ойрд оров уу?

-Би тэтгэвэрт сууснаасаа хойш огт очоогүй. Залгамж халаа болсон залуус маань ажиллаж байхад миний хэрэг юу байх вэ дээ. Тэдэнд тээр болж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Лхагвасүрэн: Мянган сайн сургууль төгссөн ч хүний мөс, ёс жудаггүй хүн олон дотор хөлөө олохдоо тиймхэн л харагддаг   
Үзсэн: 2585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй