
МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзол уралдааныг зарлаад буй. Шилдгээр шалгарсан нь Ханжуогийн Азийн наадам үзэх эрхээр шагнуулах энэхүү аяны хүрээнд тухайн орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх юм.
Арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар байлцав.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн “Парис” олимпын зөвлөлийн дарга Ш.Энх-Амар “МҮОХ, БТСУХ, БШУЯ, Монголын үндэсний олимпын академиас зарласан болзолт уралдааны хүрээнд “Парис” олимпын зөвлөл, аймгийн Боловсролын газар, Биеийн тамирын газар хамтран гурвалсан гэрээ байгуулж, төлөвлөгөөгөө гарган ажлаа эхлүүлээд байна. Бид зөвлөлдөж байгаад МҮОХ-ны музейгээс бамбараа асааж, олимпын аварга Э.Бадар-Ууганаас гардаж авъя гэж шийдсэн.
Манай аймаг олимпын медальтангүй. Олимпын аваргаас гардан авсан галт бамбар Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн хүрээнд бүх сумаар тойрон аялж, үүнд аймгийн бүх залуу тамирчин хамрагдана. Энэ нь тэдэнд урам зориг өгч, ирээдүйд олимпын наадамд оролцох, медаль авах сэтгэлийн дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.
Анх 2002 онд олимпын зөвлөлүүд байгуулагдаж, нэрсээ сугалаагаар сонгоход манай аймагт Парис хот таарсан. Харин одоо 2024 оны олимп Парис хотод зохиогдох гэж байна. Манай аймгийн тамирчид 2024, 2028 оны олимпод амжилттай оролцож, медаль авахыг бэлгэдэн энэхүү галт бамбарын аяныг эхлүүлж байна” хэмээн ярилаа.
Харин МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган үлгэр жишээ аяныг эхлүүлж буйд баяр хүргэж, Сүхбаатар аймгаас олон олон олимпын медальтан төрөн гарахыг ерөөв.
Сүхбаатар аймгийг тойрох галт бамбарын аялал МҮОХ-ноос эхэллээ | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.