Шууд Chart

Хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд Европын холбоо дэмжлэг үзүүлнэ

2022-03-15 16:48:38

Европын холбооны SWITCH-Asia programme хөтөлбөрийн 1.76 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих “Switching on green economy” (SOGE), “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төслийн хүрээнд газар тариаланд суурилсан хүнс, ус, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид (БЖДҮ), борлуулагчдыг доорх арга замаар дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Үүнд:

  • БЖДҮ, борлуулагчдын бүтээгдэхүүн үйлчилгээг ногоон шошготой болгон баталгаажуулах
  • Тэдэнд чиглэсэн ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Илүү байгальд ээлтэй, үр ашигтай ажиллах, эдийн засгийн сайн туршлагыг дэлгэрүүлэх юм.

Хэрэглэгчдийн дотоодод үйлдвэрлэсэн ногоон шошготой хүнс, ус, ундааны худалдан авалт нэмэгдсэнээр үндэсний үйлдвэрлэл хөгжих, үндэсний үйлдвэрлэгчдийн тогтвортой байдал хангагдах суурь нөхцөл бүрдэх юм.

“Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ)” төсөл нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 22,7%-иар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хувь нэмэр оруулах бөгөөд Монгол Улсын газар тариалангийн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй Свич Эйшиа хөтөлбөрийн анхны төсөл аж. Тус төслийг Пипл ин Нийд (ПИН), Каритас Чех Репаблик (КЧР) болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), Хөгжлийн шийдэл ТББ-ууд хамтран хэрэгжүүлж хүнс, ус, ундаа үйлдвэрлэдэг 1,500 БЖДҮ, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн 30 холбоо болон 750 борлуулагчидтай ажиллах юм.

“Энэхүү төсөл нь “Европын холбооноос дэвшүүлсэн Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна. “Эдийн засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төсөл нь байгаль орчны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй хүнсний нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнс, ундааг сурталчлах болно” гэж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз төслийн ач холбогдлын талаар дүгнэж хэлжээ.

Мөн "Бид эдийн засгийг сэргээхийн зэрэгцээ илүү ногоон болгоход онцгой анхаарах ёстой. Энэхүү төсөл нь Европын холбооны “Тариаланчаас таны ширээнд” зарчим, Европын холбооны Ногоон хэлцэл (farm-to-fork strategy, EU Green Deal) болон дэлхийн бусад шилдэг туршлагуудаас нэвтрүүлэх замаар Монгол Улсын ногоон хөгжилд дэмжлэг үзүүлэх юм. Энэ чухал ажлыг бидэнд итгэж даатгасан Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар, хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад гүнээ талархаж байна” гэж ПИН-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тим Женкинс гэь.

Хүнс үйлдвэрлэлийн салбарын байгаль орчинд учруулах нөлөө үлэмж учраас нүүрстөрөгч буюу хүлэмжийн хийн ялгарлыг багасган тус салбарыг тойрог эдийн засагт шилжүүлэх замаар ядуурлыг хурдацтай бууруулах хэрэгцээ шаардлага ихэссээр байна. Төслийн хүрээнд Европын Комиссын хэрэгжүүлж буй байгалийн нөөцөд хэмнэлттэй шинэлэг арга зам болох “Тариаланчаас таны ширээнд” зарчмаас суралцаж Монгол Улсад нутагшуулах боломж бүрджээ.

Түүнчлэн

Ташрамд дуулгахад, Switch Asia (Свич Эйшиа) хөтөлбөр нь Азийн орнуудын нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Ази дахь тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээний хэв маягийг дэмжих, Ази, Европын хоорондох нийлүүлэлтийн сүлжээг илүү ногоон болгох зорилготойгоор хэрэгждэг юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд Европын холбоо дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй