
Хасах хэмийн хүйтэнд иргэнийг гадаа шонгоос гавласан зураг, бичлэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цахим орчинд тарсан. Гэрэл зураг, бичлэг дээрх иргэнийг хасах хэмийн хүйтэнд гадаа гавлаж удаан хугацаанд байлгасан нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл хэмээн олон нийт бухимдацгаасан юм. Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулан Завхан аймаг дахь Цагдаагийн газар тухайн иргэнээс хүлцэл өчсөн байна.
Тодруулбал, “2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян айраг багт оршин суух иргэн “М” нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл /Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е /Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирхааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох/ дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.
Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Завхан аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна.
Хасах хэмийн хүйтэнд гадаа шонгоос гавлуулсан иргэнээс хүлцэл өчлөө | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.