Шууд Chart

Б.Эрдэнэбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Залуу хүүхэд хэрнээ ямар олон амжилт гаргасан юм бэ” гэж хэлсэн

2022-03-31 08:41:56

Өнгөрсөн долоо хоногт 13 дахь удаагаа зохион байгуулагдсан Тэрбээр өнгөрсөн 2021 онд БНХАУ, БНСУ, Австрали, Данийн вант улсад зохион байгуулагдсан олон улсын бүжигчдийн уралдааны тэргүүн, дэд байрт шалгарснаас гадна “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгэн жүжгийн "Хүн тамга"-ны дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн юм.

-Тантай жил хүрэхгүй хугацааны өмнө ярилцаж байсан. Тэр ярилцлагаас хойш та салбарынхаа тэргүүний ажилтан болж, Төрийн дээд одонгоор шагнуулж, “Мөнгөн мод” наадмын тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр шалгарлаа. Мөн цөөнгүй олон улсын бүжигчдийн уралдаанаас дахин тэргүүн, дэд байрын шагнал хүртжээ. 2021-2022 он таны аз, одтой жил байсан гэхээс илүү урт хугацаанд хөдөлмөр зүтгэл тань оргилон гарч гэж бодож сууна.

-Маш их баярлалаа. Амжилт ололттой жил байлаа. Манай багш Монгол Улсын Гавьяат жүжигчин Шагдарын Одонтуяа эрэгтэй бүжигчдэд дасгалынх нь үеэр “Эрэгтэй хүн 25 насандаа нэг унавал нэлээн сайн унадаг, нэг өндөрлөгт гарвал нэлээн сайн манддаг. Тиймээс хичээх хэрэгтэй. Хэрвээ хичээж чадвал 25 насандаа өндөрлөгч гарч, мандаж чадна” гэж хэлж байсан.

-Нээрээ, та 25 настай юм байна.

-Тийм ээ. Би тавдугаар сард 26 хүрнэ. Бэлтгэлийн урт удаан хугацаандаа бодож, мөрөөдөж ирсэн мөрөөдлийнхөө том том шатуудаар алхсан жил байлаа. Мэдээж Сүхбаатарын одонт Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын нийт хамт олон, Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулгын хамт олныхоо халуун дулаан уур амьсгалд хөглөгдсөний хүчинд өнөөдрийн амжилтуудыг гаргажээ. Бас аав, ээжийн минь хайр, тус дэмийг дурдахгүй өнгөрч болохгүй. Би гэртээ яг л зочид буудалд байгаа юм шиг л амьдарч байгаа. Өглөө гараад явна, орой ирээд оройн хоол идвэл иднэ, идэхгүй бол шууд унтчихаад л өглөө нь гараад явчихна. Мөн миний том амжилтуудын ихэнхэд нь найз охин минь тусалсан. Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход найз охин минь надад зөвхөн бэлтгэлдээ л цаг заваа зориулах боломжийг гаргаж өгдөг. Бусад бүх ажлыг миний өмнөөс амжуулчихдаг. Бас намайг тусалж дэмждэг “Мөнгөн пресс” хэвлэлийн компанийн ах, эгч хоёртоо маш их баярлалаа.  Энэ бүхний үр дүнд би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Миний хамгийн анх удаа оролцсон мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаан “The 16th Seoul international dance competition” байсан. 2019 онд энэ уралдаанд орж тэргүүн байр эзэлснээс хойш Монголд болон гадаадын улсуудад зохион байгуулагдсан нийт 19 тэмцээнээс долоон цом, гран-при болон тэргүүн, дэд байрын шагнал хүртсэн байна. Үүнээс 9-10 тэмцээнд нь 2021 онд оролцсон.

-Та Соёлын тэргүүний ажилтан болсныхоо дараа маш богинохон хугацаанд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Салбарынхаа болон Төрийн дээд одонг хэрхэн хүлээн авсан бэ?

-2021 оны есдүгээр сарын 9-нд Соёлын яамны Ч.Номин сайдаас соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг авсан. Дөрвөн сар гаруйн дараа Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Залуу хүн хичээж чадвал байгууллага нь, харьяа яам, Төр засаг хичээл зүтгэлийг нь үнэлдэг юм байна. Төрийн ордонд хамгийн ахмад нь 98 настай буурай, хамгийн залуу нь би Ерөнхийлөгчөөс шагнал авлаа. Тэр үед маш их хүндлэл, хариуцлага давхацсан мөн эмээсэн. Гэхдээ шагналыг ташуур гэж хүлээж авсан. Мэргэжлийн бүжигчний хувьд хувь хүнийхээ карьераа хөөхөөс илүүтэй Монголынхоо бүжгийн урлагийн хөгжилд чадахаасаа чадахгүй хүртлээ өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм байна гэсэн зорилго төрсөн дөө.

Төрийн ордонд Монгол Улсын Төрийн тэргүүнээс “Алтан гадас” одон авах мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Залуу хүүхэд хэрнээ ямар олон амжилт гаргасан юм бэ” гэж хэлсэн. Мөн их гоё урам зориг хайрласан үг хэлсэн. Тэр үгийг нь өөртөө л хадгалдаг.

-Монголын бүжгийн урлагийг дараа дараагийн түвшинд гаргахын тулд залуу бүжигчний хувьд ямар ажлуудыг хийх вэ?

-Нэгдүгээрт, мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаан гадаадын орнуудад ойр ойрхон зайтай, тогтмол зохион байгуулагддаг ч Монголд мэдээлэл нь тэр бүр ирдэггүй. Хоёрдугаарт, мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаанд этник /ардын/ төрөлд оролцоод цом, шагнал авсан уран бүтээлчдээ үнэлдэггүйг мэдэрсэн. Мэргэжлийн бүжигчдийг төрөл жанраас нь шалтгаалаад өөр өөрөөр үнэлдэг байдлыг ижил үнэлэмжтэй болгоосой гэж хүсдэг.

Миний хувьд олон улсын тэмцээний мэдээллийг Монголынхоо бүжигчдэд цаг тухайд нь түгээх, тухайн уралдаануудад оролцогчдод арав гаруй олон улсын уралдаанд оролцож, гран-при, тэргүүн, дэд байрт шалгарсан туршлагатайн хувьд тэмцээний бүртгэл, үе шатуудынх нь тал дээр мэдэх, чадах бүхнээрээ зөвлөх, туслах үйлчилгээ үзүүлэх, гадаадын мэргэжлийн бүжгийн олон улсын уралдаан зохион байгуулагчид, холбоодтой харилцаа холбоо тогтоож монгол уран бүтээлчдээ том фестиваль, тоглолт болон тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт нь оролцуулах чиглэлээр ажиллана.

-Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн, уралдаанаас цом, медаль хүртсэн уран бүтээлчдэд Засгийн газраас мөнгөн шагнал олгодог. Та А зэрэглэлийн  уралдаануудаас цом, медаль хүртсэн ч мөнгөн шагнал авч байгаагүй юм билээ. Танд болон олон улсын А зэрэглэлийн уралдааны этник төрлийн цом, медальтай бүжигчдэд мөнгөн шагнал нөхөж олгох болов уу?

-Нөхөж олгоосой гэж хүсч байна. Мэргэжлийн бүжигчдийн олон улсын А зэрэглэлийн уралдааны этник төрөлд байр эзэлсэн миний мэдэхийн 5-6 уран бүтээлч байгаа. Тэдэнтэй уулзаж ярилцсан. “Бид нар мөнгөн шагнал авахгүй байсан ч яахав. Дараа дараагийн үеийн уран бүтээлчдийнхээ төлөө хамтарч хүсэлт гаргая” гэж ярилцсан. Миний хувьд мөнгөн шагнал олгодог тэмцээн уралдаануудын жагсаалтыг шинэчлэх хүсэлт Соёлын яаманд гаргахаар төлөвлөж байна. Ямартай ч жагсаалт нь шинэчлэгдэж 2-3 уралдаан нэмэгдсэн юм билээ.

-Таны 2021 онд БНХАУ, БНСУ, Австрали, Данийн вант улсад зохион байгуулагдсан олон улсын бүжигчдийн уралдаанаас тэргүүн, дэд байр эзэлсэн амжилтыг үнэлэн тайз, дэлгэцийн шилдэг бүжигчин “Мөнгөн мод” цом, шагнал олгосон. Өнгөрсөн оны шилдэг бүжигчин, “Мөнгөн мод” цомын эзэн болсонд халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Би Монгол Улсын Консерваторийг 2014 онд төгсөхдөө ““Мөнгөн мод” цом атгана” гэж мөрөөддөг байлаа. Манай Сүхбаатарын одонт Монгол Улсын Үндэсний урлагийн их театраас долоон бүжигчин “Мөнгөн мод” шагнал хүртсэн. Би найм дахь нь. Мөн “Мөнгөн мод” шагналын эзэн болсон мэдрэмжээс гадна цомоо гардаж авах мөч маш сайхан байсан. Учир нь намайг бүжигчин мэргэжлээр төгссөн Цэгмидийн Алтангэрэл багш, миний бүжиглэж байсан “Сүлдэт тэнгэр” бүжгийг дэглэж өгсөн Алтангэрэлийн Даваахүү багш, олон улсын мэргэжлийн бүжигчдийн тэмцээний бүх бүжгийг минь дэглэж өгсөн, миний аав шиг, ах шиг минь дотны багш Алтангэрэлийн Батхүү гэсэн Монгол Улсын гавьяат жүжигчин гурван багшаасаа мөрөөдөж ирсэн “Мөнгөн мод” цом, шагнал гардаж авсан нь туйлын их зол завшаантай явдал болсон.

Мөн миний онлайнаар этник төрөлд оролцсон Берлиний бүжгийн олимпын дүн өнгөрсөн долоо хоногт гарч мөнгөн медаль хүртлээ.

-Таны олон улсын уралдааны амжилтуудаас гадна “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн "Хүн тамга"-ны дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн “Мөнгөн мод” цомын эзнээр тодруулсан. “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгэн жүжгийн талаар болон "Хүн тамга"-ны дүрийн талаараа яриач?

-“Босоо цагаан гурвалжин” бол маш өвөрмөц тавилттай бүжгэн жүжиг. Соёл, урлагийн их сургуулийн судалгаанд суурилсан инновацийн бүтээл учир зөвхөн СУИС-ийн багш, уран бүтээлчид, төгсөгчид, оюутнуудын хүрээнд найруулж, дэглэж болох байсан. Харин Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар багш Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, ЦЕГ-ын “Сүлд” чуулга, Улаанбаатар театраас 1-2 бүжигчин оролцуулж, “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийг найруулж, дэглэсэн. Түүнчлэн бүжгийн урлагийн этник, балет, контемпорари, жазз, break бүжигчнийг нэгтгэснээр нэгэн том уур амьсгал, давлагаа үүсгэсэн.

Би "Хүн тамга" буюу эсрэг талын гол дүрийг бүтээлээ. Миний бүтээж буй хамгийн анхны эсрэг дүр байсан болохоор өөртөө үүсгэчихсэн ханыг эвдэх шаардлага гарсан. “Хүн тамга”-ны дүр үзэгчдэд сайн хүрсэн байна лээ. Тиймээс би өөртөө үүсгэсэн ханыг эвдэж чадсан юм болов уу гэж бодсон. Учир нь аливаа уран бүтээлийн эсрэг дүр сайн байх тусам эерэг дүрээ тодотгож өгдөг. Хэрвээ эерэг талын дүр үзэгчдийн санаа сэтгэлд нийцээгүй бол эсрэг талын дүр сайн ажиллаагүй байх талтай. “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийг 21 аймгийн үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд энэ сарын дундуур хамгийн эхний аймагтаа буюу Төв аймгийн Монгол туургатан театрт тоглогдсон.

-Та олон улсын бүжгийн багшаар багшлах эрх авсан Монголын анхны бүжигчин болжээ. Шавь нартай болсон уу?

-“IAKT-2021” олон улсын гоцлол бүжигчдийн “А” зэрэглэлийн уралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин өрсөлдсөн. Би Монгол Улсаа төлөөлөн онлайнаар оролцож, “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом хүртсэн. Тус тэмцээний үеэр олон улсын бүжгийн холбооноос өмнө нь оролцсон олон улсын уралдаан, тэмцээнүүдийнх нь дүнг нэгтгэн үзээд Олон улсын бүжгийн багшаар багшлах эрхийг надад болон БНСУ-ын эрэгтэй балетчинд олгосон. Олон улсад багшлах эрхтэй бүжгийн багш болсноор Монголын бүжгийн урлаг дэлхийд гарах нэг хаалга нээгдэж байна гэж хувьдаа харж байгаа.

Би өнгөрсөн долоо хоногоос дэлхийд алдартай “Нарны цирк”-ийн уран нугарагчтай хамт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд бүжгийн сургалтын төв ажиллуулж, эхэлсэн. 3-8, 9-15 гэсэн хоёр насны ангиллаар уран нугаралт, бүжгийн хосолсон ангид элсэлт авч суралцагчдынхаа суурийг балет буюу бүжгэн жүжгээр тавьж байгаа. Мөн суралцагчдаараа сонгуулж орчин үеийн болон ардын бүжиг заана.

Бүжгээр хичээллэсэн бүх хүүхэд мэргэжлийн бүжигчин болохгүй ч гэлээ оюун ухаан, бие сэтгэхүйн хөгжилд нь том түлхэц өгөх, хүүхэд бүртэй тулж ажилласан чанартай сургалт явуулахыг зорьж байна. Мэргэжлийн бүжгийн урлагаар хичээллэсэн хүүхэд биеэ зөв авч явах, бусадтай зөв боловсон харилцах соёлд суралцдаг. Мөн өөртөө итгэлтэй, зоригтой, урлагийн өндөр мэдрэмжтэй бие хүн болж өсч хүмүүждэг.

-Гадаадын орнуудад мэргэжлийн бүжигчдийн бэртэл гэмтлийг анагаадаг эмч мэргэжилтэн, орон тоо хангалттай хэмжээнд хүрэлцээтэй байдаг юм билээ. Монголд хэр байдаг вэ. Монголын бүжигчид гэмтэж бэртэхээс хэрхэн сэргийлдэг вэ?

-Голыг нь олоод хэллээ гэдэг шиг асуулт байна. Гадаадад мэргэжлийн бүжигчин дасгалжуулагчаасаа гадна нарийн мэргэжлийн эмч нартай. Спортын, тамирчдын эмч гэж байдаг шиг зөвхөн мэргэжлийн бүжигчдийг үзэж, эмчилдэг эмч нар гадаадад байдаг.

Миний хувьд нэлээдгүй бэртэж, гэмтэж байсан. Одоо ч өвдөг гэмтсэн, хоёр хөлийн эрхий хуруу хугарчихсан эдгэж байгаа. Хөл л их бэртдэг. Бэртэл гэмтлээ хүндрүүлэхгүйн тулд бүжгийнхээ дасгал хөдөлгөөний хуваарьтаа л өөрчлөлт оруулдаг.

-Мэргэжлийн бүжигчид хэчнээн жил тайзан дээр бүжиглэдэг вэ. Мөн бүжигчний карьер нь дууссаны дараа ямар ажил мэргэжил эрхэлдэг вэ?

-Ахмад бүжигчдээс сонссоноор Монголд бүжигчид театр, чуулгадаа дунджаар 20 жил бүжиглэдэг. Сайн бүжигчин бол дараа нь дасгалжуулагч багш, дэглээчийн өгөгдөлтэй, дэглэсэн бүжиг нь үзэгчдэд хүрвэл дэглээчээр ажиллах боломжтой. Миний хувьд тайзан дээр долоон жил бүжиглэж байна. Бүжиг дэглэх, өөрийн бүжгэн жүжигтэй болох хүсэл бий. Гэхдээ маш өргөн цар хүрээтэй судалгаа хэрэгтэйгээс гадна надад бүжиг дэглэх өгөгдөл бий юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Бүжиг залуу насны урлаг. Нас явах тусам дараагийн үеийн авьяастай мундаг бүжигчид гарч ирнэ. Тиймээс би залуу насаа тайзан дээр амьдарч өнгөрүүлэхийг хүсдэг. Олон улсад багшлах эрхтэй болохоор хожим хойно тайзнаас хөндийрөх насандаа багшлаад явах боломж гарах байх.

Олон улсын жишгээс харахад мэргэжлийн бүжигчид 30 нас хүртлээ өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээнд оролцдог. Тэгэхээр одоо надад үндсэндээ дөрвөн жил л үлдсэн гэсэн үг. Энэ хугацаанд дэлхийн бүжгийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг, Төрийн далбааг аль болох олон удаа өндөрт мандуулахыг хүсч байна. Манай театр ч намайг маш сайн дэмждэг. Надад сурч мэдэх зүйл асар их байна, мөн өөрийгөө өдөр, шөнөгүй л бэлдэх хэрэгтэй.

-Та 25 насандаа хүрсэн, одоогийн өндөрлөгтөө сэтгэл хангалуун байна уу?

-Мэдээж сэтгэл хангалуун байна. Хөдөлмөр зүтгэлээ салбартаа, Төрдөө үнэлүүлээд Үндэсний урлагийн их театртаа нэр төртэй ажиллаад явж байгаадаа баяртай байгаа. Харин мөрөөдлийн тухайд том мөрөөдөл рүүгээ шат шатаар ахиж л явна. Том мөрөөдөлдөө хүрч байж л сэтгэл ханана.

-Том мөрөөдлөө задруулж болох хэмжээнд дэлгэж болох уу?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гарын арван хуруунд багтах тооны дэлхийн шилдэг балетчид гэж бий. Тэр дунд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ах багтдаг. Үүнтэй адил олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг этник бүжигчдийн нэг болохыг, тэр дунд монгол бүжигчнийг багтаахыг хүсдэг. Мөн нэг холын мөрөөдөл минь дэлхийн том театруудын тайзан дээр гарах. Монголын дуурийн дуучин ах нар дэлхийн том театруудын тайзан дээр дуулж байгаа шиг Монголын этник бүжигчид дэлхийн тайзан дээр гарах боломж бүрэн бий.

-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Байгууллага, хувь хүмүүс урлаг, соёлынхныг элдэв хүлээн авалт, баяр найртаа урьж, дуулуулж бүжиглүүлдэг. Гэтэл тайзан дээр бүжигчид бүжиглэж байхад тухайн арга хэмжээнд байгаа хүмүүс нь тоохгүй хоорондоо ярилцах, хоол унд идэх нь сэтгэл эмзэглүүлдэг. Үүнд анхаарал хандуулж, бүжгийн урлагийг зөвхөн театр, чуулга, концертын танхимд нь л үзэх эсвэл хүлээн авалтад урьсан бол зохион байгуулалтандаа анхаарах гэх мэтээр өөрчлөх хэрэгтэй. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн, хэдий монгол гэрээс эхлэлтэй ч хөгжсөөр тайзны хэлбэрт шилжиж, дэлхийн тайзан дээр тоглогддог ардын бүжгийн урлагийг энэ байдлаараа хэтэрхий үнэ цэнгүй болгох вий гэж залуу бүжигчний хувьд эмээдэг. Үндэсний дархлаа, өв соёлоо ингэж үнэгүйдүүлж болохгүй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Эрдэнэбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Залуу хүүхэд хэрнээ ямар олон амжилт гаргасан юм бэ” гэж хэлсэн  
Үзсэн: 2466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй