
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2, нийт 8 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүн нас барсан байна.
Тодруулбал, Нийслэлд явган зорчигч мөргөсөн 5 осол бүртгэгдэж, 5 хүн, автомашин мөргөлдсөн нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтжээ. Харин орон нутагт автомашин мөргөлдсөн нэг осол гарч хоёр хүн гэмтсэн бол явган зорчигч мөргөсөн нэг осол бүртгэгдэж нэг хүүхдийн амь хохирчээ.
Гэр хорооллын хашаанд, байрны гаднах зогсоол, тоглоомын талбайд, хөдөө айлын гадна зогсож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх, зогсох үед тухайн хэсэгт тоглож байгаа хүүхдэд аюул, осолтой байдал бий болгохгүй байхыг жолооч нар болон эцэг эх, асран хамгаалагч нар анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Мөн эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даалган замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Түүнчлэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Үүнээс гадна энэ сарын 02-03-нд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 183, орон нутагт 62, нийт 245 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Зам тээврийн ослын хор уршиг цагдаагийн байгууллагад бус иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЦА: Хүүхдүүдийг зам тээврийн аюул ослоос хамгаалаарай | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.