Шууд Chart

Э.Отгонбат: Оюутан байхдаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд түрүүлж, ОХУ-ын Дотоод хэргийн сайдаас шагнал авсан

2022-04-06 14:36:36

Volgograd academy of The Ministry of The interior of Russia”-ийн Үндэсний аюулгүй байдал хангах эрх зүйчийн болон “Michigan state university”-ийн эдийн засгийн удирдлагын бакалавр,

-Амрыг эрье. Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Цагдаа болох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

-Би Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийг 2013 онд төгссөн. Багадаа ондоо мэргэжил эзэмших бодолтой байсан л даа. Ахлах сургуулиа төгсөх жил манай ангийн, сургуулийн хэд хэдэн хөвгүүн Хууль сахиулахын их сургууль буюу одоогийн Дотоод хэргийн их сургуульд элссэн. Хууль сахиулахын их сургууль маш нэр хүндтэй. Мөн сонсогч нарынх нь дүрэмт хувцас их гоё харагддаг. 14 дүгээр сургууль Хууль сахиулахын их сургуультай ойрхон болохоор сонсогч нартай нь байнга таарна. Ер нь нөлөөлөл дунд нь байсан гэж хэлэхэд болно.

Ахлах сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгч нийгмийн ухааны хичээлээр 740 оноо авсан санагдаж байна. Оноогоо харчихаад гэрийнхэнтэйгээ ярилцаад Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэх шийдвэр гаргасан. 2013 оны зун Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд 430 хүүхэд элсэх хүсэлтээ гаргаснаас сэтгэл зүй, бие бялдрын гээд маш олон шалгалт авч 30 хүүхэд шалгаруулж авсан. Дүнгээ харах гээд очсон 30 хүүхдээр улаан шугам татчихаж, би өөртөө жаахан итгэлгүй хүүхэд байлаа. Хойноос нь өөрийнхөө нэрийг хайлаа сүүлийн 20 хүүхэд дунд байдаггүй ээ. “Тэнцээгүй юм байна даа гээд 6-10 хүртэлх нэрийг харсан бас байдаггүй. Тэгсэн харин хоёрдугаарт жагссан байсан.

-Та ОХУ-д Цагдаагийн сургуульд тэтгэлгээр сурч төгссөн юм билээ.

-Цагдаагийн академид элсээд нэг сар Баянчандманьд хээрийн сургуулилтад гарч, Цэргийн тангаргаа өргөж ирээд Цагдаагийн сургуулийн сонсогч болсон. Арван жилдээ яг онц сурдаг хүүхэд байгаагүй ээ, Цагдаагийн сургуульд ороод онц сайн сурч эхэлсэн. 2014 оны хавар “Volgograd academy of The Ministry of The interior of Russia”-д сурах тэтгэлэг зарлагдлаа. Энэ тэтгэлэгт өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Орос, англи хэл, бие бялдрын гээд маш олон шалгалт өгсөн. Цагдаагийн сургуулийн сонсогч, энгийн иргэд гээд нийт 111 хүн материалаа илгээж, шалгалт өгснөөс зургаан элсэгч сонгоход нь хоёрдугаарт бичигдсэн.

ОХУ-ын Волгоград хотод нэг жил хэлний бэлтгэлд сураад Воронеж хотод ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа академид элссэн. Цэргийн зохион байгуулалттай цагдаагийн сургууль. Манай ангид орос оюутнуудаас гадна Бурунди, Өмнөд Осети, Азербайжанаас ирсэн болон надтай нийлээд таван монгол оюутан байсан. Хэдий хэлний бэлтгэлд хамрагдсан ч гэлээ төрөлх хэлээрээ сурч судлаагүй учраас хичээлээ сайн ойлгохгүй байх зэрэг асуудал эхэн үедээ гарсан. Олон улсын болон ОХУ-ын эрх зүйн хичээл судална. ОХУ-ын хуулийн хэллэгийг орос хэлний гүнзгий мэдлэггүй бол ойлгоход их хүнд. Гадаадын улсад Төрийн тэтгэлгээр сурч байгаа учир хичээлдээ маш их мэрийсэн. Орос хэлээ, хичээлээ сайн нухсаар байгаад гурван сар гаруйн дараагаас хичээл сурлага ч эрс сайжирч нэгдүгээр курстээ ОХУ-ын хошууч генерал Александр Паблович Нахимовын нэрэмжит шагнал авсан.

ОХУ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН САЛБАРЫНХАН МОНГОЛЫН ИХ ЗАСАГ ХУУЛИЙГ ИХ СУДАЛДАГ  

-Хойд хөршид оюутан байхдаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд түрүүлж, ОХУ-ын Дотоод хэргийн сайдаас шагналаа гардаж авснаас гадна сургуулийнхаа Алтан самбарт нэрээ бичүүлсэн анхны монгол оюутан болсон юм билээ. Энэ талаар ярьж өгөөч?

-Гадаад оюутан хичээлүүдээ бүрэн дүүрэн судалж, цаашлаад илүү их амжилт гаргахын тулд маш их мэрийх шаардлагатай. Учир нь төрөлх хэлээрээ сурч, судалж буй оюутнууд ч тэр бүр чаддаггүй. Хоёрдугаар курсээсээ эхлээд ОХУ-ын хууль, эрх зүйн сэдэвтэй эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж эхэлсэн. Тэр дундаас “ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зааварчилгаа” өгүүлэл минь оюутнуудын хичээл судлахдаа үздэг сурах бичиг болж хэвлэгдсэн. ОХУ-д хэлний бэлтгэлийн нэг жилээс гадна “Volgograd academy of The Ministry of The interior of Russia”-д Үндэсний аюулгүй байдал хангах эрх зүйч мэргэжлээр бакалаврт таван жил сурсан. Энэ хугацаанд багцлаад хэлэхэд 53 холбооны шалгалт өгч төгсдөг. Бүх шалгалтаа 100 хувь “А” үнэлгээтэй өгч 4.0 голчтой төгссөн.

Гуравдугаар курсээсээ Москва, Санкт-Петербургт зохион байгуулагддаг олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад сургуулиа, Воронеж мужаа төлөөлж оролцож эхэлсэн. Гадаад оюутанд олон улсын эрдэм шинжилгээний хуралд сурч буй сургууль, тухайн мужаа төлөөлөөд оролцож, ОХУ-ын хууль эрх зүйн салбарынхан, доктор, профессор, тэргүүтэй эрдэмтэн судлаачидтай санал бодлоо хуваалцана гэдэг маш том нэр төрийн хэрэг. Тэр дунд 2016 онд Санкт-Петербургт болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлж, цом авч байсан. ОХУ-ын хууль эрх зүйн салбарынхан Монголын Их засаг хуулийг их судалдаг. Бүр ерөнхий боловсролын сургуулийнх нь хичээлийн програмд тодорхой хэмжээнд үздэг юм билээ. 2016 онд Санкт-Петербургт болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд би монгол хүнийхээ зүгээс Их засаг хууль, нэмэлт журмыг тайлбарлаж, Зеневскийн “Монголын эзэнт гүрний хууль, дэг журмууд” номтой практик талаас нь дүйцүүлж, харьцуулсан судалгаагаараа тэргүүлж, ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевоос цом, шагнал авч байсан.

“Volgograd academy of The Ministry of The interior of Russia”-ийн үүдээр орохоор Алтан самбар бий. Энэ Алтан самбарт сургуулиас нь төрөн гарсан эрдэмтэд, доктор, профессор, ОХУ-ын Баатар цол болон Төрийн дээд шагнал хүртсэн хүмүүсээ алдаршуулдаг. Би тавдугаар курстээ сургуулийнхаа Алтан самбарт нэрээ бичүүлж байсан. Одоо хүртэл миний нэр байдаг.

Мөн “Volgograd academy of The Ministry of The interior of Russia”-д сурахынхаа хажуугаар 2018 онд “Michigan state university”-д элсэж, онлайнаар сурч эдийн засгийн удирдлага мэргэжлээр бакалаврын дипломоо 2020 онд хамгаалсан. “Volgograd academy of The Ministry of The interior of Russia”-г төгсөж ирээд 2020 оноос цагдаагийн байгууллагад ажиллаж байна.

1995, 2012, 2013 ОНД ГЭРЭЭСЭЭ ГАРААД ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ИРГЭДИЙГ ОЛЖ ТОГТООСОН

-Та олон жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины гурван ч хэргийг энэ оны нэгдүгээр сард илрүүлж, буруутай этгээдийг олж тогтоосон юм билээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. 1995, 2012, 2013 онд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон иргэдийг олж тогтоосон.

-Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 101 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан идэвх зүтгэл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдад өнгөрсөн сард цол, шагнал гардуулсан. Та ямар шагналаар шагнуулсан бэ?

-2022 оны гуравдугаар сарын 18-нд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласныг минь үнэлж Цагдаагийн ерөнхий газрын Хүндэт жуухаар шагнасан. ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болдоос гардаж авсан.

-Цагдаагийн алба хаагч учир байнгын бие бялдрын бэлтгэлтэй байдаг байх. Үүнээс гадна спортоор хичээллэдэг үү. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юу?

-Сурагч байхаасаа л усан сэлэлт, хийн буудлагаар хичээллэсэн. “Ковид-19” гарахаас өмнө ажлын завсар зайгаар хөнгөн атлетик, фитнесс, гольф, хүчний спортоор хичээллэдэг байсан.

Яг үнэнээ хэлэхэд эрдэм шинжилгээний ажил орхигдчихоод байна. Одоо зав чөлөө муутай байгаа ч цаг гаргаж герман хэл судалж байгаа. Герман хэл Европын оронд хэрэглээгээрээ англи, орос хэлний дараа ордог. Герман хэлний өнгө аяс, аялга надад таалагдсан. Ер нь аливаа хэл сурахад өөрөө сонирхолтой байх хэрэгтэй юм билээ.

-Таны ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Ерөнхийдөө сурсан мэдсэнээ улс эх орондоо чадах бүхнээрээ л зориулах зорилготой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Отгонбат: Оюутан байхдаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд түрүүлж, ОХУ-ын Дотоод хэргийн сайдаас шагнал авсан  
Үзсэн: 3545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тулга [127.0.0.xxx] 2023-11-27 18:35
Чи манай дүүгээр тоглодог хэн бэ
Зочин [127.0.0.xxx] 2023-11-27 18:34
гал гал
огино [127.0.0.xxx] 2023-11-27 18:33
үнэн гэсээн
Өүлэн [127.0.0.xxx] 2023-11-27 18:32
Улаан дипломтой төгссөн гэсэн үнэн үү???
Gerlee [127.0.0.xxx] 2023-11-27 18:29
Olon ohinii zurhiig zussen zaluudaa
Монгол Монгол [127.0.0.xxx] 2023-11-27 18:29
ёстой л ард түмний хүү байна даа
Gerlee [127.0.0.xxx] 2023-11-27 18:27
Crushladag shu oppa
Зочин [127.0.0.xxx] 2023-11-27 18:27
Монголын шилдэг офецируудын нэгдээ амжилт хүсье
Огиноо [127.0.0.xxx] 2023-11-27 18:21
хөөрхөн бацаан
gangssign [127.0.0.xxx] 2023-11-27 18:23
би эхээст төрөхдөө гавны түлхүүр атгаж төрсөн гэж хэлэхгүй дээ
отгонбат [127.0.0.xxx] 2023-11-27 18:23
яах гэсэн юм бэ? устгачих аа

Бидэнтэй нэгдээрэй