
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
- * -
Амьдралын рейнгиний алтан дүрэм зөрчигч
Амьдралын рейнгин дээрх хүч тэнцвэргүй "тулалдаан"-ы хамгийн эмгэнэлтэй, аймшигтай төгсгөлийг сүүлийн хэдэн сар монголчууд үзлээ, харлаа, сонслоо. Боксын рейнгин дээр өрсөлдөгч хоёр нэгийгээ нам цохиод унагахад үзэгч олон баярлаж, уурхайлан түрдэг. Үүнийх нь төлөө алт, мөнгө, хүрэл медаль өгч алдаршуулдаг.
Тэгвэл амьдрал гэх их сорилгын рейнгинээ нэгнээ хайрлах, энэрэх, халамжлах, үр хүүхэд ирээдүйнхээ төлөө хамгийн сайн тэмцсэн, гар, сэтгэл нийлсэн нь аз жаргал гэх алтан медалийн оосроос атгадаг билээ. Залуу хосууд гараанаас гарахдаа яг үүний төлөө хөтлөлцөн тэмцдэг. Гэвч замын дундаас нэгийгээ орхих, хүч хэрэглэн дарамтлах, буруу эргэлт хийж хөл алдах гээд олон асуудлаас анхны зорилгоо умартдаг. Ийнхүү амьдрал рейнгиний алтан дүрмийг гажсанаар хослон амьдрах, элэг бүтэн амьдрах хувь заяа дутна.
Энэ дүрмийг мөрдүүлэх гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг хууль, Хүний эрхийн үндэсний комисс болон төрийн бус олон байгууллага цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарлагдан ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэж буйгаар гэр бүлийн хүчирхийллээс амьдралын энэхүү алтан дүрэм зөрчигдөж байна. Гэр бүлд хүчирхийлэл байж болохгүй гэдэг. Гэхдээ яагаад хүчирхийлэл монгол гэр бүлд айдас, эмгэнэл дагуулсаар бугшсаар байгаа, хэрхэн ангижрах гарцыг өнөөдрийг хүртэл олж чадаагүй л байна.
Энэ хугацаанд олон сайхан бүсгүй нөхөр, хайртай залуугийнхаа гарт амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч, олон хүүхэд өнчирч, олон ээж аавын сэтгэл зүрх эмтэрч байна. Тэр бүрт ийм сайхан бүсгүй хайртай залуугийнхаа гарт ингэж ингэж зодуулан, дарамтлуулан амиа алдлаа, эрүүл мэндээрээ хохирлоо хэмээн үйл явдлыг жигших биш суртал ухуулга мэтээр хэвлэлээр мэдээлсээр. Адаг сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл гаарах болсон нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хангалтгүй байгаагаас гэсэн ойлголтод хүрэхэд хүргэсэн. Мэдээж нийгэмд хүчирхийлэл байгаа цагт хууль батлаж мөрдөх хэрэгтэй. Хайртай бүхэндээ адгуус мэт хандаж байгаа нөхдийг хуулиар далайлгаж, хатуухан шийтгэх нь зөв. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуультай болсон ч хуулийн хамгаалалтыг энгийн иргэн авах нь байтугай хууль хяналтын байгууллагын албан хаагчид ч төдийлөн хэрэглэхгүй, мэдэхгүй явсаар найман жил өнгөрсөн гэдгийг энэ салбарт ажиллаж буй төрийн бус байгууллагынхан хэлж байна. Тиймээс энэ хуулийг сайжруулахаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа ярьсан.
Амьдралын рейнгиний алтан дүрэмд хөтлөгдөн яваа сэтгүүлчийн хувьд бодоход хуулийн зэрэгцээ хүүхдүүдийг зөв хүн болгохын төлөө өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй. Монголчуудын хэлдгээр гэр бүлийн хүмүүжил, сургуулийн өмнөх боловсролоор хүчирхийлэл гэгчийг таслан зогсоож болох юм. Ирээдүйгээ бид хэрхэн зөв хүмүүжүүлж, амьдралын зөв хэвшилд сургаж чадна амьдралд буруу эргэлт хийхээс сэргийлнэ. Тэр цагт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиа чангатгах, нэмэлт өөрчлөлт оруулах гэж ухаанаа зарах хэрэггүй болно.
Амьдралд өвдөг шороодсон бүсгүйчүүд
Эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмд 10 гаруй бүсгүй хоригдож байна. Тэдний яриаг сонсож суухад гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж чадалгүй олон жил ханилсан ханиа хөнөөсөн гэх аймшигтай хэрэг үйлджээ. Гэхдээ тэдний яриа энд нэг бүрчлэн дурдаж, аймшигтай хэргийг нь жигшүүлэх гэсэнгүй. Харин хүчирхийлэл хэдий далд, хурц хэлбэрт орохоороо үр дүн нь яаж гардгийг мэдрүүлэх гэв. Хамгийн бат бөх гэгдэх бүсгүй хүний сэтгэл, тэвчээр энэ олон жилийг үдсэн ч аргагүйн эрхэнд ийм алхам хийхэд хүргэсэн. Аргагүй хамгаалалт байсан гэдгээ мэдүүлсэн ч хүний амийг Эрүүгийн хуульд хэрхэн зүйлчилсэн тэр л зарчмаар хэргийг нь шийдсэн байна. Тэгэхээр хүчирхийлэгчийн золиосонд өртсөн бүсгүй хүн хүчирхийлэгч, хамгийн харгис хүчирхийлэгч болж хувирдаг жишээ.
Хамгийн гол нь эдгээр бүсгүйчүүд 10-20 жил буюу залуу насаа хүчирхийлэгчийн хохирогч болж өнгөрүүлсэн бол амьдралын хамгийн идэвхтэй насаа гэмшил, гутралд дарагдан, харгис хүчрхийлэгчийн дүрд хувиран өнгөрүүлэх болж байгаа юм. Үүнийг ч хуулиар зөв гарцаар шийдэх гарцыг давхар шийдэхгүй бол ирээдүйд олон бүсгүйн хувь заяа ингэж шийдэгдэнэ.
Тэд буруугүй
Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн эмгэнэлтэй хохирогч нь хөгшид, хүүхэд. Аав ээжийн алдааны золиос болсон хүүхэд хүчирхийллээс зугтааж гудамжинд гарсан жишээг 1990-ээд оноос бид харсаар ирсэн. Үүнд жишээ баримт дурдаад байх шаардлага байхгүй болов уу. Мөн сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэсэн хэргийг ч бид олныг уншсан. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хувьд заяа хэрхэн шийдэх, авч үлдэх нь мөн л хуулийн цоорхойгоор унаад гээгдчихсэн. Ингэж гээгдсэн хүмүүсийн нэг өндөр настнууд. Батсүмбэр дэх өндөр настны асрамжийн газарт алдааны золиос болсон хөгшчүүл олон очих болсон. Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл алсын бараа ширтэн хэн нэгэн ирэхгүй гэдгийг мэдсээр байж хүлээсээр суудаг эмээ өвөө нарыг харахаар сэтгэл эмзэглэнэ.
Б.Анхцэцэг /Times.mn/
Амьдралын рейнгиний алтан дүрэм зөрчигч | ||
Үзсэн: 2774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.