Шууд Chart

Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох “Ногоон сум” аянд ахмадууд нэгдлээ

2022-04-30 14:33:22

О.Бямбаа гуай хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигч болсон өөрийн туршлагаа нийслэлийн ахмадуудтай хуваалцлаа. Түүний илтгэлээс олон хүн хувьцаа авах хүсэл эрмэлзэлтэй болсноо онцоллоо. Түүнчлэн өчигдөр болсон ахмадад зориулсан өдөрлөгт ХААН банк болон үнэт цаасны компанийн төлөөлөл оролцож ахмадуудад хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг түгээлээ.

ӨНДӨР НАСТАН О.БЯМБАА ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

УБТЗ-ын ахмадын холбооны 150 гаруй ахмад настан өчигдрийн өдөрлөгт оролцлоо. Тэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг олж авсандаа олзуурхаж байна. Өдөрлөгийн үеэр “Ногоон сум” аяны анхны реалити шоуны оролцогч О.Бямбаа ахмадуудад зориулж туршлагаа хуваалцсан нь тэдэнд ирээдүйд хувьцаа худалдаж авах итгэл найдвар төрүүлжээ. МҮОНРТ хөрөнгийн зах зээлийн өгөөжийг иргэдэд танилцуулах “Ногоон сум” реалити шоуг 2017 онд зохион байгуулж байсан. Төсөлд 5 хүн оролцсоны нэг нь Сүхбаатар дүүргийн өндөр настан О.Бямбаа. Тэрбээр “Ногоон сум” төслөөс хойш биржийн арилжаанд идэвхтэй оролцож, одоо 10 гаруй компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Ингэхдээ тэтгэврийн мөнгөнийхөө тодорхой хувиар арилжаанд оролцдог аж. Тэтгэвэрт гарсан, 10 гаруй компанийн хувьцаа эзэмшдэг тэрбээр хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвхтэй оролцож, санал зөвлөгөөгөө хэлдэг.

ХУВЬЦАА УРТ ХУГАЦААНД ӨГӨӨЖӨӨ ИЛҮҮ ӨГДӨГ  

“Ногоон сум” аяны оролцогч О.Бямбаа:  “2017 онд “Ногоон” сум төсөлд оролцож байх үедээ 5 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж ердөө хоёр сарын хугацаанд 6170000 төгрөг болгож өсгөжээ. Хөрөнгийн зах зээлийн өгөөжийг ингэж хүртсэн учраас тэтгэврийн мөнгөнийхөө тодорхой хувиар үндэсний компаниудынхаа хувьцааг тогтмол авч хэвшсэн. Хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшихэд заавал их мөнгөтэй байх шаардлагагүй, цалингаас гадна орлогоо өсгөх боломж учраас залуустай хувьцааны талаарх мэдээллээ хуваалцдаг.

Үндэсний томоохон хувьцаат компанийн хөрөнгийн зах зээлийн орчин сэргэх төлөв байгаа учраас одоо банкны хувьцаа нэмж авахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалт бүхэн шууд өсөлт үзүүлж, өндөр ашиг өгдөггүй ч урт хугацаанд хувьцаа үр ашигтай гэдгийг өнгөрсөн хугацааны туршлагаараа мэдсэн. Хөрөнгө оруулалт хийхдээ үнэт цаасны компанид хандаж зөвлөгөө авч хэвшсэн минь хөрөнгийн биржийн арилжаанд амжилттай оролцох боломжийг нэмэгдүүлдэг”.

Мэдлэгтэй иргэн санхүүгийн чадамж, орон зайнаас үл хамаарч шинээр хувьцаа гаргах компанийн хувьцааг худалдаж авна. Ирээдүйд хувьцаанаас ашиг хүртэх боломж ахмадуудад илүү хүртээлтэйг өчигдөр өдөрлөгийн үеэр сургалт орсон мэргэжлийнхэн ярьж байлаа.

Дийлэнх ахмад “Хувьцааны талаарх ойлголт байхгүй. Байсан ч ашиглаж үзээгүй. Үр шимийг нь ч хүртэж үзээгүй байна. Харин сургалтанд сууж, хөрөнгийн зах зээл, хувьцааны  талаар ойлголттой болсны дараа тэтгэврээсээ гадна орлоготой болж болохыг ойлгоод гарлаа.  Тэд  даруйхан  данс нээлгэж, арилжаанд оролцоно. Үйлчлүүлдэг банкныхаа  эзэд нь болно” гэж байлаа.

ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ БОЛОМЖ ХҮН БҮРТ БИЙ

Өдөрлөгийн үеэр “Ногоон сум” аяны хамтран ажиллагч ХААН банк ахмадуудын дунд асуулт хариулт явуулж шалгарсан гурван хүнд гарын бэлгээ гардууллаа. Ирэх 6 дугаар сарын 30-наас өмнө арилжааны топ таван банк хувьцаагаа иргэдэд нээлттэй арилжсан байх ёстой. Тиймээс ХААН банк иргэн бүрт хувьцаагаа санал болгож байна.

Ташрамд дуулгахад, “Ногоон сум” аян ирэх долоо хоногт Дархан, Эрдэнэт хотод үргэлжилнэ.  

Нийтэлсэн: "Ногоон сум" аян

Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох “Ногоон сум” аянд ахмадууд нэгдлээ  
Үзсэн: 2251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй