Шууд Chart

ТЦА: Эцэг эх, асран хамгаалагч болон жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийг бүрэн дүүрэн мөрдөнө үү

2022-05-02 12:27:15

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу өнгөрсөн сарын 30-н, энэ сарын 1-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 568 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11, орон нутагт 7, нийт 18 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна. 

Тодруулбал, Нийслэлд автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн бол явган зорчигч мөргөсөн 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ. Харин орон нутагт автомашин онхолдсон 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон, явган зорчигч мөргөсөн 3 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон 5 хүүхэд гэмтсэн байгаа юм. Мөн “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэх”-ээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1.4 настайгаас 14 хүртэлх насны 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Үүнээс гадна тээврийн хэрэгслийн хурдыг хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км байхаар зааж өгсөн боловч жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас 2 хүүхэд осолд өртөж гэмтсэн байна. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан байдаг тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг нь ханган урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 247, орон нутагт 58, нийт 305 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж  хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЦА: Эцэг эх, асран хамгаалагч болон жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийг бүрэн дүүрэн мөрдөнө үү  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй