Шууд Chart

“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлт боллоо

2022-05-14 12:37:47

Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” Монгол Улсад болж байна.

“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол хүндэтгэлтэй боллоо. Ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн тэргүүн Г.Мягмарсүрэн тэргүүтэй хүндтэй эрхэм оролцов.

Тус арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нээж, хэлсэн үгэндээ “Энэхүү гүйлтэд оролцсоноор өөрт байгаа нөөц, боломж, чадвараа нээн илрүүлж улмаар эрч хүчтэй, эрүүл чийрэг байх, гүйлтийг амьдралынхаа хэвшил болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, баяр баясгалан, хүсэл тэмүүллээ олох билээ” хэмээлээ.

Энэхүү гүйлт Монгол орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм. Гүйгчид галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах ач холбогдолтой. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялжээ. Галт бамбарыг Сүхбаатар дүүргийн гүйгчид хүлээн авч, улмаар Хан-Уул дүүрэгт шилжүүлэх бөгөөд цааш Төв аймаг буухиалах юм байна. Бамбарыг буухиалах аялал 54 хоногт өрнөж, долдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд бариандаа орно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлт боллоо  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй