
Тус чуулга уулзалтад Монгол Улсаас төр болон бизнес, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцон, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөв болон бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны цаашдын олон боломжийн талаар санал, мэдээлэл солилцсон юм. Мөн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, оролцсон билээ.
Дээрх чуулга уулзалтын Нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илтгэгчээр оролцон хэлсэн үгэндээ сүүлийн үед Оросын холбооны улсаас Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний импортын төлбөрийн шилжүүлэг хийгдэхгүй буцаагдах тохиолдлууд тогтмол гарч байгаа нь Монгол Улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомстол үүсэх эрсдэлийг бий болгож болзошгүй байгаа тул хоёр орны хооронд төлбөр тооцоо хийх найдвартай шинэ гарцыг бий болгох шаардлагатай байгааг онцолсон.
Харин Буриад улсын Тэргүүн Алексей Цыденов ОХУ, Монгол Улс хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр буюу рубль-төгрөгөөр хийх хэлбэрт шилжсэнээр манай хоёр улсын эдийн засагт олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Мөн Монгол Улс, ОХУ хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоог төгрөг-рублиэр хийх саналыг ОХУ-ын талын удирдлага, албан тушаалтнууд дэмжиж байгаа гэв.
Мөн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Волвач 2022 оны эцэс гэхэд Монгол, Оросын гадаад худалдааны эргэлт хоёр тэрбум ам.доллар давж магадгүй гэдгийг тоо баримтууд эш татан дурдлаа. Тэрбээр “Монгол Улс ОХУ-ын маш чухал стратегийн түнш. Сүүлийн үед Монгол, Оросын худалдааны эргэлт нэмэгдэж байгаа учир 2022 оны эцэс гэхэд хоёр тэрбум ам.долларын босгыг давах бүрэн боломжтой" хэмээв.
Түүнчлэн ОХУ-ын Монгол дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев “Орос, Монгол хоёр орны гадаад худалдаа 2026 он гэхэд 5 тэрбум ам.доллар давах боломжтой” гэлээ.
“Монгол, Оросын худалдааны эргэлт 2022 оны эцэст хоёр тэрбум ам.доллар давах боломжтой” | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.