Шууд Chart

Улаан-Үд хотын Нисэх онгоцны үйлдвэрийн нисдэг тэрэг, бага оврын онгоцны үзэсгэлэн худалдааг Монголд зохион байгуулна

2022-06-01 14:20:28

Тус чуулга уулзалтад Монгол Улсаас төр болон бизнес, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцон, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөв болон бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны цаашдын олон боломжийн талаар санал, мэдээлэл солилцсон юм.

Мөн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцсон билээ.

Тус анхдугаар чуулга уулзалтын Нэгдсэн болон салбар хуралдаанууд зохион байгуулагдсаны дараа Буриад улсын тэргүүн Алексей Цыденов “Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” анхдугаар чуулга уулзалтыг сурвалжлахаар очсон Монголын сэтгүүлчдийн баг болон Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом”-ын төлөөлөгчийг ажлын өрөөндөө элгэмсэг дотноор хүлээн авч, сонирхсон асуулт бүрт мэдээлэл өглөө.

Энэ үеэр Буриад улсын Тэргүүн Алексей Цыденовын монголын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс тоймлон хүргэе. Тэрбээр "ОХУ, Монгол Улс хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр буюу рубль-төгрөгөөр хийх хэлбэрт шилжсэнээр манай хоёр улсын эдийн засагт олон талын ач холбогдолтой" гэв. Мөн Монгол Улс, ОХУ хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоог төлбөр-рублиэр хийх саналыг ОХУ-ын талын удирдлага, албан тушаалтнууд дэмжиж байгаа гэсэн юм.

Түүнчлэн ОХУ Монгол Улсаас мах импортлох шийдвэр гаргасныг дуулгаж, шаардлага стандарттай холбоотой дагалдах дүрэм журмууд боловсруулагдана. ОХУ-д арьс шир, нэхий, ноос ноолуурын эрэлт хэрэгцээ өндөр байгаа учир Арьс, нэхий боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээ хийгдсэн гэдгийг хэлэв.

Үүнээс гадна Монгол, ОХУ хоёр улс анагаах ухааны салбарын шинэ нөхцөл байдалд түншлэлээ ахиулах боломжтойг хэллээ. Тухайлбал, ОХУ-ын анагаах ухааны салбарын эрдэмтэд хорт хавдрын эсрэг шинэ төрлийн эм бэлдмэл, эмчилгээний технологийг гаргаж авсан бөгөөд Буриад улсад байгуулагдаж буй Цөмийн анагаах ухааны оношилгооны төв хорт хавдраар шаналж буй хүмүүст эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд бэлэн болсон гэдгийг дуулгав.

Төгсгөлд, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаевтай өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн уулзалтаар ярилцаж төлөвлөсөн Буриад улсын Улаан-Үд хотын Нисэх онгоцны үйлдвэр ( Улан-Удэнский авиационный завод )-ийн бага болон том оврын нисдэг тэрэг, бага оврын онгоцны үзэсгэлэн худалдааг ирэх есдүгээр сарын сүүлээр Улаанбаатар дахь “Русский дом”-ын гаднах талбайд зохион байгуулахаар тохиролцсон гэлээ.

Ташрамд дуулгахад, Буриад улсын тэргүүн Алексей Цыденовтой уулзахаасаа өмнө Монголын сэтгүүлчдийн баг болон Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом” төлөөлөгчид нэг жилийн өмнө байгуулагдсан Буриад телевизээр зочилсон юм.

Энэ үеэр Буриад телевизийн удирдлагын зүгээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран уран бүтээлийн болоод бусад төсөл хөтөлбөрүүд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол болон Буриад улсын үүх түүх, өв уламжлал, амьдрал ахуй, хэл соёлтой холбоотой телевизийн кино, нэвтрүүлэг, бусад контентын солилцоог эхлүүлэхийг санал болгов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаан-Үд хотын Нисэх онгоцны үйлдвэрийн нисдэг тэрэг, бага оврын онгоцны үзэсгэлэн худалдааг Монголд зохион байгуулна  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй