Шууд Chart

“Робокон-2022”: Монголын инженер, зохион бүтээгчид өөрсдийн зохиосон бүтээсэн роботоор “тулалдаж” аваргаа тодрууллаа

2022-06-06 11:32:48

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар салбарт ажиллах үндэсний шилдэг инженерүүдийг чадваржуулах зорилгоор жил бүр “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.

МҮОНРТ-ээс Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг “Робокон” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн роботын тэмцээн өчигдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Спорт цогцолборт боллоо.

Боловсрол шинжлэх ухааны яам болон бизнесийн байгууллагууд коллеж, их, дээд сургуулийн багш, оюутан залуусын туслалцаа дэмжлэгээр 22 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээнд есөн их, дээд сургууль, коллежийн арван баг өрсөлдөж, гуравдугаар байрт ҮБХИС-ийн “Аравт”, Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Соёмбо” баг орж шагналыг “Робокон-2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээний шүүгч нар гардуулав.

“Робокон-2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээний дэд байрт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн “Монхорус” баг маш бага онооны зөрүүтэй шалгарсан бөгөөд шагналыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар гардууллаа.

Ийн 22 дахь удаагаа зохион байгуулагдсан “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээний ялагчаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “SCIT” баг тодорч Энэтхэг улсад болох “ABU Robocon–2022” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон бөгөөд шагналыг Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох гардуулсан юм.

Ташрамд дуулгахад, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнийг 2019 оны наймдугаар сард Монголд анх удаа зохион байгуулж, 16 орны 17 баг өрсөлдсөн байдаг.

Мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)–ноос зохион байгуулдаг 2021 онд БНХАУ-д болсон “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнд  Монгол Улсын баг хоёр дахь удаагаа дэд  байр / өмнө нь 2004 онд мөн дэд байр эзэлж байв/-ын эзэн болсон билээ.

“Робокон-2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээний шүүгч нар

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Робокон-2022”: Монголын инженер, зохион бүтээгчид өөрсдийн зохиосон бүтээсэн роботоор “тулалдаж” аваргаа тодрууллаа  
Үзсэн: 2606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй