Шууд Chart

А.Долгормаа: Миний хийж буй ажлын үр дүн зуу зуун хүүхдийг баяр хөөртэй болгодог болохоор үнэхээр сайхан

2022-06-08 10:35:57

“Veloo” сан Монгол Улсад “Нарны хүүхдүүд - 1, “Нарны хүүхдүүд – 2” (260 дугаар цэцэрлэг) цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 350 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход хувь нэмрээ оруулснаас гадна Гандигийн олон нийтийн номын сан, Оёдлын цех ажиллуулж, “Тэтгэлэгт сурагч”, “Өдөр өнжүүлэх” хөтөлбөр, “Дүүлэх тогоруу” зуны зуслан болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

“Veloo” сан дээрх төсөл хөтөлбөрүүдийг хамтран ажилладаг болон ивээн тэтгэдэг байгууллагууд, сар бүрийн ивээн тэтгэгчид /Monthly sponsors/, “Gobi gallop” зэрэг хандивын морин аяллын аялагчдын тусламжтай хэрэгжүүлдэг бөгөөд “Blue wolf totem” буюу “Хөх чонын сүлд” хандивын морин аялал яг одоо Монгол Улсад үргэлжилж байна.

НАСТАЙ ГАДААД ЭМЭГТЭЙ ӨӨРИЙНХ НЬ НЭРИЙГ Ч МЭДЭХГҮЙ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХААР ХЭДЭН МЯНГАН КМ ГАЗРЫГ МОРИОР ТУУЛЖ БАЙГААГ ХАРААД БИ ӨӨРӨӨСӨӨ ИЧСЭН. УГ НЬ БИ ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ...

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч, ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийнхөө тухай болон “Veloo” сангийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сайн байна уу, баярлалаа. Намайг Амгаланбаатарын Долгормаа гэдэг. Би “Вэлүү” сангийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Манай сангийн үүсгэн байгуулагч Жүли Вэлүү болон түүний нөхөр Чэлвин Вэлүү 2010 онд Монголд нүүж ирээд 2011 онд Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэгт очиж тэнд байсан хүмүүст тусалснаар манай сангийн үйл ажиллагаа анх эхэлсэн. Тэд 2011 онд хогийн цэгт байдаг хүүхдүүдэд хувцас, халуун хоолоор тусалж хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсоох, боловсролын тэгш боломж олгох, хогийн цэгээс амьдралаа залгуулдаг өрхүүдэд туслах зэрэг ажил хийж байгаад 2013 онд Гэр цэцэрлэг, Өдөр өнжүүлэх төв нээж 40-55 хүүхдийг амттай, шим тэжээлтэй хоолоор хангаж хичээл заадаг болсон.

“Вэлүү” сангийн үүсгэн байгуулагч Жүли Вэлүү болон түүний нөхөр Чэлвин Вэлүү

МАШ ОЛОН ХҮҮХДЭД ТЭДНИЙГ АНХААРЧ ХАЛАМЖИЛЖ, ЗААЖ ЗӨВЛӨХ ТОМЧУУДЫН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Та яагаад “Veloo” санд ажиллахаар шийдсэн бэ. Ажлаасаа авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

-Настай гадаад эмэгтэй тэтгэврийн круз аялалдаа явахаас татгалзаад Монголд өглөө, оройгүй өөрийнх нь нэрийг ч мэдэхгүй монгол хүүхдүүдэд тэгш боломж олгох гээд хандивын морин аялал зохион байгуулж, хандив босгохын тулд өөрөө тэр морин аялалдаа аялагчидтай хамт хэдэн мянган км газрыг мориор туулаад яваад байгааг хараад би өөрөөсөө ичсэн. Уг нь бол би хийх ёстой шүү дээ...

Мөн би 15 настай байхдаа 24 цагийн цэцэрлэгт очиж, хүүхдүүдэд үлгэр уншиж өгдөг байлаа. Тэр цэцэрлэгийн хүүхдүүд ихэвчлэн аав, ээж нь маш завгүй болохоор эсвэл асрах, харах хүн байхгүй учир таван өдрийг 24 цагийн цэцэрлэгт өнгөрүүлдэг байсан. Ажлын таван өдрийг буюу нийт 120 цагийг цэцэрлэгт өнгөрүүлдэг болохоор хүүхдүүд гэрээ санана, уйлна харин би богинохон үлгэр уншиж өгөхөөр инээгээд надаас асуулт асууж эхэлдэг. Яг юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй шулганаад юм яриад байдаг нь маш хөөрхөн, хайр татам байдаг. Би 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэр уншиж өгснөөрөө зөвхөн хүүхдүүд бус би өөрөө ч гэсэн маш их аз жаргалтай болдог байснаа дараа нь оюутан болоод ойлгосон. Одоо ч гэсэн маш олон хүүхдэд тэднийг анхаарч халамжилж, зааж зөвлөх томчуудын буюу насанд хүрсэн хүмүүсийн тусламж хэрэгтэй байна.

Миний одоо хийж байгаа ажил 15 настай үеийнх шиг минь өдөр болгон хүүхдүүдтэй ажилладаггүй ч гэлээ энэ ажлын минь үр дүн зуу зуун хүүхдийг баяр хөөртэй болгож, хамгийн чухал нь тэдэнд тэгш боломж олгож байгаа гэдгээрээ үнэхээрийн сайхан.

-Танай “Veloo” сан өнгөрсөн хугацаанд ямар төсөл хөтөлбөр, аяныг хэрэгжүүлсэн бэ?

-2015 онд манай “Нарны хүүхдүүд” цэцэрлэг ашиглалтад орж тэр хавийн 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгож эхэлсэн бөгөөд одоо ч “Вэлүү” сан үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг. 2018 онд 200 хүүхдийн багтаамжтай “Нарны хүүхдүүд - 2” цэцэрлэгийг Сонгинохайрхан дүүргийн удирдлага болон Нямбаатар сантай хамтран барьж улсад хүлээлгэн өгсөн бөгөөд одоогийн Улсын 206 дугаар цэцэрлэг юм.

Мөн бид “Тусчхан” оёдлын цехтэй. Оёдлын цехдээ 4 хүнийг сурган ажлын байраар хангасан. 2021 онд Гандигийн нэрэмжит олон нийтийн төв болон номын санг ашиглалтад оруулсан. Манай номын сан бүх насныханд ном уншлагаас гадна  хичээлээ давтах анги танхим, онлайн хичээл сургалт үзэх интернет орчноор үнэ төлбөргүй үйлчилдэг. Мөн тэр хавийн оршин суугчдад гар урлал, хүнсний ногоо тариалах сургалт зэрэг иргэдийн аж амьдралыг дэмжих олон хөтөлбөр, сургалт зохион байгуулж байна.

Үүнээс гадна жил бүрийн Цагаан сар буюу Сар шинийн баяраар бид амьдралын түвшин доогуур 100-150 өрхөд хүнсний багц, хичээлийн шинэ жил бүрээр тусламж хэрэгтэй 120 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, “Өвлийн дулаан дээл” төслийн хүрээнд 500 дээл зургаан аймгийн 11 сумын хүүхдэд хүргэсэн. Мөн сурлага сайтай ч ар гэрийн боломжгүй хүүхдүүдэд ерөнхий боловсролын хувийн сайн сургуульд суралцах тэтгэлэг олгодог. Энэ тэтгэлэгт өдгөө хоёр хүүхдэд хамрагдаж байгаа. Үүнээс гадна  манай сангийн “Дүүлэх тогоруу” зуны зуслан хүүхдүүдийг амрааж, Монгол ахуй соёлыг зааж сургахаас гадна гадаадын зуслангийн амрагч хүүхдүүдтэй соёлын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.

Дээрх бүх төсөл үйл ажиллагааг бид жил бүр зохион байгуулдаг морин аялал, сайхан сэтгэлт хувь хүмүүс болон албан байгууллагуудын тусламж, хандиваар бодит ажил болгон тэгш боломжийг бий болгохоор ажилладаг. Манай сан өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 900 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоод байна.

-Хамтран ажилладаг болон ивээн тэтгэдэг байгууллагууд, сар бүрийн ивээн тэтгэгчдийнхээ талаар мэдээлэл өгч болох уу?

-Дээрх төслүүд бүгд сайхан сэтгэлт монгол, гадаад хувь хүмүүс болон албан байгууллагуудын тусламжтайгаар бодит үйл хэрэг болсон. Бидний үйл ажиллагааг дэмжин тусалж ажилладаг Лондонгийн Гандис сан манай Номын сан, Олон нийтийн төвийн барилгын төслийг дэмжсэн.  Мөн тавилга, компьютер болон үйл ажиллагааны хоёр жилийн зардлыг “Рио Тинто”, “Тусчхан” оёдлын цехийн төслийг Канад сан санхүүжүүлсэн. Манай Оёдлын цехэд даавуун тор, үндэсний хувцасны захиалга өгдөг Улаанбаатар дахь Бритиш сургууль, Томио Монголиа, Жэм интернешинл, Туушин зочид буудал,  АПУ компани болон зураач Д. Дуулал, Г.Жааханхүү, С.Заяасайхан, мөн  олон олон сайн дурын ажилтан гээд маш олон сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бид жил бүр 250-300 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгож, мөн 25 хүний ажлын байр бий болгон үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна жил бүр бид хандивын морин аялал зохион байгуулдаг.

ЭНЭ ЖИЛ БИД ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ БУЮУ 3600 КМ ГАЗРЫГ 84 ХОНОГТ МОРИОР ТУУЛАХ ХАНДИВЫН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА

-Хандивын морин аялал гадаадын улс орнуудад хэр түгээмэл зохион байгуулагддаг вэ. Монголд энэ төрлийн аялал зохион байгуулахын давуу тал болон онцлог?

-Гадны олон орнуудад янз бүрийн аялал, хандивын арга хэмжээ олноор болдог. Манай сан жил бүр 700 км газрыг 10 хоногт туулах “Гоби галлоп” аялал зохион байгуулдаг бөгөөд тогтмол 10-20 аялагч оролцдог. Тэд аяллын үеэр өдөр бүр морин дэл дээр 70 км газар туулдаг гэсэн үг. Энэ аялал манай захирал Жүлий Вэлүүгийн санаачлагаар 2013 онд анх зохион байгуулагдсан. Уг аялалд морь унаж оролцох оролцогчид ихэвчлэн гадаадын унаачид байдаг бөгөөд аялагч тус бүр хандив босгон манай “Вэлүү” санд хандивладаг. “Гоби галлоп” аялал маань цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсардсан. Энэ жилийн “Гоби галлоп” аялалд 20 оролцогч бүртгүүлчихсэн байгаа. Аялал Хэнтий аймгаас Хэрлэн голын хөвөөнөөс эхэлж, есдүгээр сарын 11-22-нд үргэлжилнэ. Аяллын хаалтын үйл ажиллагааны гала үдэшлэгт Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамны төлөөлөгчид, зочид мөн манай сангийн үйл ажиллагааг дэмжихийг хүссэн сайхан сэтгэлт хүмүүс оролцдог.

Мөн энэ жил бид “Хөх чонын сүлд” нэртэй дэлхийн хамгийн урт буюу 3600 км газрыг 84 хоногт мориор туулах хандивын аяллыг “Содон морин аялал” компанитай хамтран зохион байгуулж байна. Энэ аялалд Канад, АНУ, Их Британи, Франц зэрэг орны  27-71 насны 17 аялагч оролцож байгаа.

Монголд зохион байгуулагдаж байгаа “Хөх чонын сүлд” хандивын арга хэмжээ маань дэлхийн хамгийн урт хандивын морин аялал гэдгээс гадна босгосон хандив нь 100 хувь Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Нарны хүүхдүүд – 1” цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал болон зарцуулагдана гэдгээрээ онцлог.

“Хөх чонын сүлд” хандивын морин аяллын оролцогчдын хувьд Монгол орны түүх соёлоор цаг агаарын эрс тэс өөрчлөлт, газар нутгийн гайхамшигт өвөрмөц тогтоц, онгоц дагшин байгалийг харж Чингис хааны эрэмгий зоригтой морьтон цэргүүд шиг тал нутгаас Алтайн өндөр нурууд руу морьтой давхиж яваа. Энэ мэдрэмж, түүхийн жимээр аялж буй дурсамж, тэдний хувьд төсөөллөөс нь ч илүү гайхамшигтай байна гэж хэлж байсан.

“Хөх чонын сүлд” дэлхий дээрх хамгийн урт хандивын морин аялал маань 5 дугаар сарын 2-нд говиос эхэлсэн. Аялагчид 84 хоногийн хугацаанд зүүн болон төвийн аймгууд, тайгаар яваад долдугаар сарын 17-нд Баян-Өлгий аймагт буюу Алтай таван богдод хүрч аяллаа дуусгана. Өнөөдөр аялагч нар маань Архангай аймгийн Эрдэнэмандал сум өнгөрч яваа бөгөөд хэдийн 1705 км газрыг мориор туулаад 37 дахь өдрөө аялж байна.

ЭМЧ АРЛЭНЭГ  НЭГ САР МОРЬ УНАХГҮЙ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨСӨН. ГЭСЭН ХЭДИЙ Ч ТЭР “БИ ДАРАА ДАХИН МОНГОЛД ИРЖ МОРЬ УНАЖ АЯЛНА” ГЭЖ ХЭЛСЭН

-“Хөх чонын сүлд” хандивын морин аяллын нэг унаач гэмтсэний улмаас аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэсэн. Тухайн аялагч ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

-Сүүлийн өдрүүдэд салхи шуурга ихтэй байсан. Канадаас ирж манай аялалд оролцож байгаа 70 настай Арлэнэ Рийсийн унаж явсан морь урд хөлөөрөө нүх рүү гишгээд Арлэнэ мориноосоо унаж хавиргаа гэмтээсэн. Тухайн өдөр хүчтэй шуургатай байсан болохоор морин дээрээ тогтож амжаагүй юм билээ. Арлэнэг Улаанбаатар авчирч эмнэлэгт үзүүлсэн. Эмч түүнийг нэг сар морь унахгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөсөн.

Гэсэн хэдий ч Арлэнэ сэтгэгдэл өндөр байгаа. Тэр “Хааяа зарим асуудал гэнэт бий болдог. Би дараа дахин Монголд ирж морь унаж аялна” гэж хэлсэн. Ер нь л манай оролцогчид бүгд тодорхой шалгуур давж байж хандивын морин аялалд тэнцдэг. Тухайлбал, хэр удаан хугацаанд морь унасан, бартаат аялалд оролцож байсан зэрэг туршлагыг нь харгалзан үзээд аяллын багтаа оруулдаг болохоор бүх оролцогч морин аялалд оролцох тодорхой хэмжээний туршлагатай гэж хэлж болно.

 -Гадаадын влоггер “Хөх чонын сүлд” хандивын морин аяллын тухай контент бэлдсэн юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Тиймээ, “Simple wild living” нэртэй Youtube сувагтай Өмнөд Африкийн влогер Ашли Гладвин болон түүний гэр бүл манай экспедицийн талаар видео контент хийсэн.

МАНАЙ ЗАХИРАЛ 62 НАСТАЙ Ч МЯНГА МЯНГАН КМ ГАЗРЫГ МОРИОР ТУУЛАН БОСГОЖ БУЙ ХАНДИВААРАА ОГТ ТАНИХГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХААР ХИЧЭЭЖ ЯВАА УУДАМ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН

“Veloo” сангийн үүсгэн байгуулагч Жүли Вэлүү

-Танай сангийн захирал аялагчидтайгаа хамт аялж байгаа юм билээ. Та захирлынхаа талаарх өөрийн сэтгэгдлийг хуваалцаж болох уу?

-Манай захирал Жүлий Вэлүү Канад эмэгтэй л дээ. Гэхдээ заримдаа бид түүнийг гадаад хүн гэдгийг мартчихдаг, тийм дотно мэдрэмж төрүүлдэг. Жүлийгийн монгол хэл гайхалтай сайн. Мөн тэр сайхан сэтгэлтэй, бусдыг маш сайн сонсож ойлгож, хүн бүрт боломж харамгүй олгодог. Тэр мөн моринд эрэмгий.

Манай захирал Монгол оронд үнэхээр хайртай. Түүний хувьд “Хөх чонын сүлд” хандивын морин аялал мөрөөдөл нь байсан. Жүли энэ аяллын бэлтгэлийг гурван жил хангаж, отоглох газар, бүр туулах жим бүрийг өөрийн биеэр урьдчилан явж маршрут гаргасан.

Тэр 62 настай ч мянга мянган км газрыг мориор туулан босгож буй хандиваараа монгол хүүхдүүд тэр дундаа хотын захын гэр хорооллын өөрийн огт танихгүй хүүхдүүдэд туслах, тэдний боловсролд тэгш боломжийг олгох гэж хичээж яваа уудам зүрх сэтгэлтэй хүн. Би хувьдаа түүнээс маш их зүйл сурч байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Намайг ярилцлагынхаа буланд урьсан та бүхэнд баярлалаа. Бидний ярилцлагыг уншиж байгаа уншигчдад “Хүн бүхэнд бусдад туслах боломж байдаг. Та өнөөдөр тэр боломжоо ашигласан уу?” гэж хэлмээр байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Долгормаа: Миний хийж буй ажлын үр дүн зуу зуун хүүхдийг баяр хөөртэй болгодог болохоор үнэхээр сайхан  
Үзсэн: 2289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй