Шууд Chart

Б.Баатархүү: Мах экспортлох зөвшөөрөлгүй хятад компани ямар зорилготой дулааны аргаар мах боловсруулсныг шалгаж тогтооно

2022-06-08 14:30:36

Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" гэх компани маханд химийн бодис хийж бэлтгэж байсан гэсэн мэдээллийг neguun.mn сайт анх мэдээлсэн. 2022 оны тавдугаар сарын 10-нд энэ мэдээлэл нийтлэгдэж Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээсэн. Тус компанийн мах боловсруулах үйлдвэрт хадгалж байсан мах болон үйлдвэрийн байраас авсан дээжид Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийлгэж, тавдугаар сарын 19-нд шинжилгээний дүн гарсан байна. Мэргэжлийн хяналтын газар чиглэлийнхээ дагуу энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан. Шинжилгээний дүнгээр тус үйлдвэрийн маханд нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн. Мөн үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс формальдегид гэсэн нэршилтэй бодис илэрсэн үндэслэлээр дээрх асуудал гэмт хэргийн шинжтэй гэж Мэргэжлийн хяналтын газар үзсэн.

Энэ хэрэгт энэ зургаадугаар сарын 2-нд прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.12 буюу Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх болон 24.3 буюу Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэдэг зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлсэн.

Зургаадугаар сарын 7-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээн авсан. Эрүүгийн цагдаагийн алба хэргийг хүлээн аваад харьяалал тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Уг мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах зүйл тогтоогдсон.

"Эм Ди Си Пи" компани БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Тус компани БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.

Тус компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234.8 тонн мах байсан.

Дулааны аргаар боловсруулсан "ХКҮ" компанийн хаяг, шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах хадгалж байсан нь илэрсэн.

Хаяг, шошгогүй ямааны мах 4604 хайрцаг буюу 92 тонн, ямааны шулсан мах 7964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7980 кг, хонины гулууз мах 1500 ширхэг буюу 30 тонн тус тус байсныг анх Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөрчлийн хэрэг нээж шалгахдаа битүүмжилсэн. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн учир мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын битүүмжилсэн лацыг  онгойлгож, хуулийн дагуу дахин битүүмжлэхэд Мэргэжлийн хяналтын газрын битүүмжилсэн тоо хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан” гэв.

Мөн “Өмнө хэлсэнчлэн "Эм Ди Си Пи" компанийн агуулахад "ХКҮ" компанийн хаяг, шошготой 4842 хайрцаг мах байсан. Мах экспортлох зөвшөөрөлгүй компанид "ХКҮ" компанийн хаяг, шошготой мах байсан учир шалгалтын ажиллагаа явуулах шаардлага үүсч, өчигдөр нийт таван байршилд буюу "Эм Ди Си Пи" компанийн захирлын оффис, гэрт болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг "ХКҮ" компанийн оффист прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн.

Түүнчлэн “ХКҮ” компани “Мах импекс” компанийн барилгын хашаан дотор байдаг. Тиймээс зөвхөн “ХКҮ” компанид л нэгжлэг хийсэн, “Мах импэкс” компанитай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа, нэгжлэг хийсэн ямар ч асуудал байхгүй” гэлээ.

Үүнээс гадна Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалтууд одоо хийгдэнэ. Мөн Мах экспортлох зөвшөөрөлгүй мөртлөө "Эм Ди Си Пи" компани ямар зорилготой дулааны аргаар мах боловсруулсныг, "ХКҮ" компанийн хаяг, шошготой мах яагаад тухайн компанийн агуулахад байгааг шалгаж тогтооно гэж мэдээллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Баатархүү: Мах экспортлох зөвшөөрөлгүй хятад компани ямар зорилготой дулааны аргаар мах боловсруулсныг шалгаж тогтооно  
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй