
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутаг болон мужуудын Амбан захирагч нартай хийж буй уулзалт сүүлийн хоёр долоо хоногийн туршид үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн хийсэн ажлын үр дүнгээ тайлагнасан талаар Буриадын "Байкал-Daily" агентлаг мэдээллээ.
Энэ үеэр Буриад улсын тэргүүн А.Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан Буриадын их, дээд сургуулиудын баазыг түшиглэн Монгол Улс, БНХАУ-ын Хойд хэсэг болон Солонгосын оюутнуудад зориулсан орчин үеийн оюутны цогцолбор хотхон байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн энэ талаараа энэ сарын 6-нд “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев тэргүүтэй эрхмүүдийг хүлээн авч уулзалт хийхдээ ярилцжээ.
Тус уулзалтын дараа Буриад улсын тэргүүн А.Цыденов өөрийн албан ёсны цахим хаягаараа “Улаан-Үд хотод оюутны орчин үеийн хотхон байгуулснаар Монголын оюутнуудад тав тухтай суралцах, амьдрах, оюутан ахуй насаа зугаатай өнгөрүүлэх боломж нээгдэнэ.
Иж бүрэн, цогц дэд бүтэц бүхий бүс нутгийн хамгийн том оюутны хотхон байгуулахыг Оросын Ерөнхийлөгч дэмжиж, уг ажлын холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд туслуулахаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг Улаан-Үд хот руу томилох үүрэг өглөө” гэж мэдээллээ.
Тус хотхон ашиглалтад орсноор Монгол Улсаас элсэгчдэд таатай орчин нөхцөлд орос хэлний дамжаанд суралцах, улмаар ОХУ, Буриад улсын их, дээд сургуулиуд үргэлжлүүлэн суралцах зэрэг олон боломж нээгдэх юм байна.
Харин “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев өөрийн цахим хаягаараа энэ ажил ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулийн элсэгчид чанартай боловсол эзэмших боломжийг нээж байна. Мөн Буриад улсын Тэргүүний зүгээс Буриадын боловсролын байгууллагуудад Монголын багш нарыг дадлагажуулахад буцалтгүй тусламж, тэтгэлэг үзүүлэхээр зорьж буйгаа илэрхийлсэн гэдгийг онцоллоо.
Буриад улсын тэргүүн А.Цыденов болон “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев нар өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард уулзалт хийж хэд хэдэн зүйлийг ярилцаж төлөвлөсөн бөгөөд тухайлбал, Буриад улсын Улаан-Үд хотын Нисэх онгоцны үйлдвэр ( Улан-Удэнский авиационный завод )-ийн бага болон том оврын нисдэг тэрэг, бага оврын онгоцны үзэсгэлэн худалдааг Монголд зохион байгуулах ажил ирэх есдүгээр сарын сүүлээр Улаанбаатар дахь “Русский дом”-ын гаднах талбайд болохоор болсон юм. Үүнээс гадна боловсролын салбарын хүрээнд ярилцаж төлөвлөсөн зүйлс ийн ажил хэрэг болж байгаа аж.
Буриадын Улаан-Үд хотод олон улсын оюутны цогцолбор хотхон байгуулахаар болжээ | ||
Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.