Шууд Chart

“Tech invest 2022”: Монголчууд технологийн салбараасаа ашиг орлого олох боломжтой

2022-06-13 16:46:48

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц ойлголт өгөх зорилгоор "Ногоон сум" аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. Монголын хувьцаат компаниудын хувьцаа анхны нэрлэсэн үнээс 2-3 дахин өссөн. Энэ өсөлтөөс зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л ашиг хүртжээ. Тэгвэл МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны гол зорилго нь хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх бөгөөд тус аянд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк, Хаан банк зэрэг Монгол Улсын топ брокер дилерийн төв, банк оролцсон билээ.

Эх орны өнцөг булан бүрт суугаа малчид, орон нутгийн иргэд, гэрийн эзэгтэй, тэтгэврийн ахмад хэн бүхний өмнө нээлттэй зах зээлээс ашиг хүртэх боломжийг энэхүү аянаар нээж байгаа юм. Учир нь 1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 объектыг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбар болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэн хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл “Ногоон сум” арга хэмжээнд оролцсоноор иргэд өөрийнхөө болон аав, ээжийнхээ цэнхэр, ягаан тасалбарыг аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, банкyудын хувьцааг худалдан авах боломжтой.

Түүнчлэн хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, санхүүгийн арвин мэдлэгтэй хүн оролцох бус цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашиг хүртэх юм.

МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт  иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэсэн билээ.

Тэгвэл “Оролц, бүтээлц, хөрөнгөж уриатай “Tech invest 2022” арга хэмжээ энэ сарын 11-нд “Zaisan hill complex”-ийн Event hall-д боллоо. Тус арга хэмжээний үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, технологийн салбарын хүчирхэг тоглогчид, үүсгэн байгуулагчид тус арга хэмжээнд очсон хүмүүс, телевиз үзэгчидтэй хамт хөрөнгө оруулалтын цоо шинэ түүхийг эхлүүлэн, мэдлэг мэдээллээ солилцон, үр өгөөжтэй нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

“Tech invest 2022” технологийн салбарт өөрийн биеэр oролцон, хүчирхэг компаниудыг бүтээлцэх зорилготой, хөрөнгөжих эрмэлзэлтэй хүн бүрт зориулагдсан арга хэмжээнд “АНД глобал” группийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ, “Бюти секретс”-ийн гүйцэтгэх захирал, Д.Энххорвоо”, “Тапатрип”-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл, “Ондо”-ийн гүйцэтгэх захирал Ч.Анар, “Ондо”-ийн Маркетингийн газрын захирал Б.Мандуул “Сэндли”-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Райнос инвестмент”-ийн дэд захирал Н.Цэвэгмид оролцож өөрсдийн компанийн технологийн танилцуулснаас гадна хөрөнгө оруулалт компаниудад хэчнээн чухал хийгээд хөрөнгө оруулалтаасаа ямар үр ашиг хүртэх боломжтой талаар илтгэл хэлэлцүүллээ.

Түүнчлэн “Өлзий&Ко капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр модераторын  “Tech invest” болон МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа модераторын “Эмэгтэйчүүд ба мөнгө” хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Tech invest 2022”: Монголчууд технологийн салбараасаа ашиг орлого олох боломжтой  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй