Шууд Chart

Ч.Оюунцэцэг: БНАСАУ-ын их сургуулийн оюутан байх үед Ю.Цэдэнбал дарга айлчлалаар очихдоо хоёр зүйл даалгаж, итгэл хүлээлгэсэн

2022-06-15 16:44:56

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн ахмад уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад

-Танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэндийг урьдчилан хүргэе. Таны амьдралын зам мөр хэрхэн радио хэмээх их айлтай золгосон бэ?

-Би 1939 онд төрсөн юм.

-Халхын голын дайны жил төржээ та?

-Тийм ээ, Халхын голын дайны жил төрсөн. Эмээ нь долоон настай сургуульд орж, аравдугаар ангиа төгсөхөд Монгол ардын хувьсгалт намын Төв хорооноос Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад сэтгүүлч мэргэжлээр сурах томилолт өгсөн юм.

-Та бараг БНАСАУ-д сурсан анхны монгол оюутан байх шүү. БНАСАУ-д сурах томилолт аваад ямар мэдрэмж төрсөн бэ?

-БНАСАУ-д болсон дайны үед өнчирч хоцорсон 40 орчим хүүхдийг 1953 онд Монголд авч ирж Зайсан толгойн аманд одоо ч байдаг даа хоёр цагаан барилгад Төрөөс тусгай асрагч, үйлчлэгч, багш гаргаж асарч байсан юм. Тэр үед би арван жилийн сурагч байлаа. Солонгос хүүхдүүдийг асарч буй цэцэрлэгт сайн дураараа очиж хүүхдүүдийг харж асардаг байлаа. Арван жилээ төгсөөд БНАСАУ-д оюутан болно гэхэд тэр хүүхдүүд бодогдож, тэр орон их л дотно санагдсан.

Зүүн гар талаас хоёрдугаарт БНАСАУ-ын Пхеньян хотын их сургуулийн оюутан Ч.Оюунцэцэг

-Монголын радиотой холбогдсон болон ажилласан он жилүүдээ дурсаач?

-Би 1956 онд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод тус улсын удирдагч Ким Ир Сений нэрэмжит их сургуульд сурах томилолттой очиж, таван жил сурч сэтгүүлчийн дипломоо өвөртлөөд эх орондоо, ээж аав дээрээ ирсэн. Төв хорооноос намайг “Та Монголын радиод ажилла” гэж томилсон. Монголын радиод ажиллах томилолтоо бариад анх хаалгыг нь татаж орсон мөч буюу 1961 оны есдүгээр сар миний амьдралын хамгийн баярт мөч. Надад “Та Монголын радиогийн анхны мэргэжлийн сэтгүүлч боллоо” гэдэг баяртай мэдээ дуулгаж, намайг хүндэтгэлтэйгээр хүлээж авсан тэр цаг үе одоо ч сэтгэлд хадаатай байдаг юм. Тухайн үед Монголын радиогийн Зундуй дарга “Та мэргэжлийн сэтгүүлч хүн. Эзэмшсэн мэргэжлээрээ Монголын радиодоо олон жил үр бүтээлтэй ажиллаж эх орондоо ихийг бүтээх хэрэгтэй шүү” гэсэн даалгавар өгч намайг анх Үйлдвэр, худалдааны редакцад сурвалжлагчаар томилж ажиллуулсан. Хожим би редактор болсон.

Монголын радио намайг хөдөлмөрийн жимд хөтөлсөн. Мөнгөний Чимэд гуайгаас эхлүүлээд олон хүн “Мэргэжлийн сэтгүүлч юуг анхаарч, яаж ажиллах вэ гэдэг зорилт өөртөө тавих хэрэгтэй” гэж хэлж байлаа. Монголын радиодоо ажиллахдаа миний баримталсан хамгийн гол зорилт их сургуульд сурсан мэдсэн радио нэвтрүүлэг хийх онолынхоо дагуу Монголд радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн анхны жим гаргах байлаа.

Энэ дагуу радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга хэлбэрийг баяжуулж, ур хийцийг сайжруулах, сонсогч түмнийг соён гэгээрүүлэхээр бүтээлч санаа, шинэ шийдэл эрэлхийлдэг, аливаад ажил хэрэгч ханддаг байсан. Сэтгүүл зүйн нарийн чимхлүүр бүтээл болох хэлэлцүүлэг, нийтлэлийн төрөл жанр бэлтгэх үйлсэд сурсан мэдсэнээ зориулсан. Мөн улс ардын аж ахуйн салбар тэр дундаа үйлдвэр худалдаа, холбоо, тээврийн салбараас анхны нэвтрүүлгийг бие даан бэлтгэж, радиодоо цоо шинэ хэлбэрийн “Дуслаас далай”, “Суръя, бүтээе” зэрэг цуврал бүтээл бий болгож, сонсогчдоос олон зуун захидал хүлээн авдаг байсан даа. Сэтгүүлч хүний нэг чухал үүрэг сэтгүүл зүйн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх байдаг. Энэ үүргээ гүйцэтгэж радио сэтгүүлзүйн шинэ төрлүүдээр бүтээл бэлтгэдэг байсан. Мөн сэтгүүлч хүн өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ тэлэх нь чухал. Эмээ нь ч мөн тэгж л ажиллаж ирсэн. Тухайлбал, Улс ардын аж ахуйн салбарыг хамарсан нэвтрүүлэг бэлтгэдгийн хувьд эдийн засаг, техникийн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Удирдах ажилтны дээд курст сурч төгсч байлаа.

Мөн шүүмжлэлт нэвтрүүлгүүд, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр улс орны бүтээн байгуулалт дэвшилд шинэ санаа өгөхүйц далайцтай нэвтрүүлгүүд бэлтгэсэн. Анх санаачлан Монголын радиодоо “Долгион”, “Зүмбэр гурван өнгө”, “Миний нутаг” зэрэг радио сэтгүүл, “Эх түүхээ эргэн харахад” тэргүүтэй тусгай хөтөлбөр, “Говь” гэх мэт радио хэлэлцүүлэг, сурвалжилгууд, “Их бүтээлийн дуудлага” цуврал бэлтгэжээ. Төр засгийн мэдээллийн “Соёмбо” хөтөлбөрийг бэлтгэж байхад олон зуун сонсогч, мөн холбогдох салбаруудын хүмүүс ам сайтай байсан. Үүнээс зөвхөн “Долгион” радио сэтгүүлийн л гэхэд 369 дугаарыг Монголын радиогийнхоо Алтан сан хөмрөгт оруулсан.

Сонсогчдын дунд Радио уралдаанууд зохион байгуулахаас эхлүүлээд орон нутагт өөрийн санаачилгаар олон ажил өрнүүлж байлаа. Үүнээс гадна радиогийн уран бүтээлч, ажилтнуудын дунд зохион байгуулсан Шуурхай мэдээ шалгаруулах болон Уран монтажны уралдаан, мөн төр засгаас, салбаруудаас зохион байгуулсан ажил хөдөлмөрийн уралдаануудад тэргүүн, дэд байрт шалгарч байсан. Би Монголын радиодоо 34 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Гэхдээ эмээ нь тэтгэвэртээ гарчихлаа гээд зүгээр суугаагүй. Өөрийнхөө сурсан эрдмээ эх орондоо зориулахаар солонгосчуудтай хамтран компани байгуулсан.

-Уг нь тэтгэвэрт гарахыг гавьяаны амралт гэж нэрлэдэг биз дээ?

-Монголын радиодоо зүгээр суулгүй, гар хумхилгүй ажилласаан ажилласан. Би улсдаа амьсгал тасартлаа ихийг бүтээх өртэй хүн гэж боддог. Тийм дээ ч тэтгэвэрт гараад ч улс ардын аж ахуйн салбарын нийтлэл нэвтрүүлгүүд бэлтгэсэн 40 шахам жилийнхээ туршлагад түшиглэн Монголын үйлдвэрүүдийн шийдвэрлэх асуудлуудад гарц шийдэл эрэлхийлэх болоод бүтээгдэхүүнээ боловсруулах, хэрэгцээт зах зээлд хүргэх зэрэг асуудалд гадаадын амжилттай туршлагыг нэвтрүүлэх улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар Солонгосын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулж, дэд захирлаар нь ажилласан.

Эмээ нь радиогийн сэтгүүлч, редактораар 40 шахам жил ажиллах хугацаандаа, түүний дараа буюу тэтгэвэртээ гараад орчуулагчаар болон ажил хэргээр солонгосчуудтай хамтран ажилласан. Намайг Монголын радиод сэтгүүлчээр, редактораар ажиллаж байх хугацаанд дуудаж Монгол - БНАСАУ, Монгол - БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлс, найрамдалт харьцааны арга хэмжээ, уулзалт, гэрээ хэлцэлд орчуулагчаар ажиллуулдаг мөн Их, бага хурлууд, олон улсын хэмжээний хурал чуулганы үйл ажиллагааг шууд синхрон орчуулж, төлөөлөгчдөд хэлмэрчлэх зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэдэг байлаа. Үүнээс гадна Намайг Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн оюутан байхад Ю.Цэдэнбал дарга БНАСАУ-д айлчилж, манай сургуулийн оюутнуудтай уулзсан юм.  Их сургуулиа төгсөөд Монголын радиод ажиллаж байхад Ю.Цэдэнбал дарга БНАСАУ-д дахин айлчлахад би айлчлалын баг бүрэлдэхүүнд сурвалжлагчаар ажиллаж байлаа. Мөн Ким Ир Сен Монголд айлчилж байсан. Монголын төлөөлөгчид БНАСАУ, БНСУ-д ч айлчилдаг. Тэр бүхэнд намайг орчуулагчаар ажиллуулсан. Эмээ нь Монгол, Солонгос улс хоорондын найрамдалт харьцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахаар хүчин зүтгэж ирсэн, одоо ч өөрийн хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэж байгаа.

-БНАСАУ-д Ю.Цэдэнбал дарга тантай уулзахдаа юу гэж хэлж байв. Бал даргын талаар дурсаач?

-БНАСАУ-д оюутан болж очсоны дараахан юм даа Ю.Цэдэнбал дарга БНАСАУ-д айлчилж Ким Ир Сений нэрэмжит их сургуульд сурч буй гадаад оюутнуудыг хүлээн авч уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. Тэр олон оюутантай уулзаад дунд нь зогсож байхдаа намайг Монголоос ирсэн оюутан болохоор ч тэгж хэлсэн үү “Халхын хүүхэд мундаг сургуульд сурахаар иржээ. Аль болох хичээж их ном сурна шүү. Ялангуяа солонгос хэлийг маш сайн сурах хэрэгтэй” гэдэг үгийг нэг ёсны даалгавар, хоёрдугаарт надад итгэл хүлээлгэж байгаа юм байна гэмээр хэлсэн. Энэ л хоёр зүйлийг хэлсэн дээ. Ю.Цэдэнбал дарга өөр өөр орны олон оюутантай уулзаж байгаа учир надтай удаан хугацаагаар ярилцаж болохгүй шүү дээ.

-БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сентэй ч мөн та уулзаж байсан байх?

-Ким Ир Сен дарга Монголд айлчлахдаа галт тэргээр ирсэн юм. Их дөлгөөн, ярилцах үедээ амьдрал ахуй асуудаг. “Ажил их байна уу? , Ямар бэрхшээл тулгарч байна? , Аав, ээж нь сайн уу ? энэ тэр гээд их дотно, нутгийнхаа хүнтэй ярилцаж байгаа юм шиг их элэгсэг ярьдаг хүн байсан.

-Ким Ир Сен БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Жон Уны өвөө нь шүү дээ, тиймээ. Та Ким Чен Иртэй уулзаж байсан уу?

-Тийм, өвөө нь шүү дээ. Би Ким Чен Иртэй уулзаж байгаагүй ээ. Харин БНАСАУ-д их сургууль төгссөнийхөө дараа хэзээ хойно дахин очсон юм. Тэр үедээ багадаа Монголд асарч байсан солонгос хүүхдүүдтэйгээ боломж олдвол уулзах хүсэлтэй байсан. Бүгдийнх нь нэрийг мэдэж байсан юм. Даанч тэд нийслэлээсээ нэлээд хол зайтай хот тосгодод байсан болохоор уулзаж чадаагүй ээ, боломж гараагүй.

-Таныг МҮОНРТ-ээс болон Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулахаар хэд хэдэн удаа тодорхойлсон юм билээ. Таныг Төрөөс энэ цол, тэмдгээрээ шагначихсан л гэж бодоод байсан юм?

-Тийм ээ. “Монголын радиогийн анхны мэргэжлийн сэтгүүлч” гэсэн мундаг тодорхойлолтууд хоёр, гурван ч удаа Ерөнхийлөгчийн Тамгын газар руу явуулсан байдаг юм. Сая дахиад Ахмадын хорооноос тодорхойлсон байна лээ.

Байгууллага маань, Улс маань миний хөдөлмөрийг их үнэлж “Алтан гадас” Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан, Радиогийн тэргүүний ажилтан тэргүүтэй гавьяа шагналуудаа өгсөн. Дурсгалт үйл явдлуудынхаа нэвтрүүлэгт ч урьж оруулдаг.

Би Гавьяат болсонгүй гэж гомддоггүй ээ.

-Цаг зав гарган, маш сонирхолтой яриа өрнүүлсэн танд гялайлаа.

-Одоогийнхоо насны өндөрлөгөөс эргээд харахад Монголын үндэсний олон нийтийн радиод ажилласан он жилүүд дурсамж дүүрэн, мартагдахын аргагүй...

Монголын үндэсний олон нийтийн радиодоо ухаан бодол, бие хүчээ зориулах сэтгэл одоо ч оргилдог хэвээрээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ч.Оюунцэцэг: БНАСАУ-ын их сургуулийн оюутан байх үед Ю.Цэдэнбал дарга айлчлалаар очихдоо хоёр зүйл даалгаж, итгэл хүлээлгэсэн  
Үзсэн: 4620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй