Шууд Chart

Г.Тэмүүлэн: Хүүхдэдээ зөв зүйтэй анхаарал хандуулснаар гэмт хэргийг хор уршиг үүсэхээс өмнө илрүүлэх боломжтой

2022-06-22 15:33:57

Цагдаагийн ерөнхий газрын

-Цахим орчинд сүүлийн үед ямар төрлийн гэмт хэргүүд түлхүү үйлдэгдэж байна?

-Залилах гэмт хэрэг цахим орчинд ихээр үйлдэгдэж байна. Тэр дундаа кибер халдлага хийх байдлаар залилах гэмт хэргийг давхар үйлдэх болсон. Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар халдан, эзэмшигчийн нэрийг барьж, ойр дотны, хүрээлэл бүхий иргэдтэй фэйсбүүкийн чат ашиглан харилцаж мөнгө зээлэх нэрээр хохирол учруулж буй гэмт хэрэг гарсаар байна.

Мөн иргэдийн цахим орчин дахь хувийн мэдээллийг цуглуулж, улмаар өөрийнх нь эсрэг ашиглах,  заналхийлэх, тодорхой үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Тухайлбал, гэмт этгээдүүд цахим орчинд ил байдлаар нийтэлсэн таны хувийн мэдээлэл, бүр цаашлаад зураг, нийтэд хуваалцсан пост, коммент зэргийг ашиглан нэр хүндэд халдах, эрх ашигт тань хохирол учруулж болохуйц нөхцөл байдалд оруулж, улмаар мөнгө нэхэх, тодорхой үйлдэл хийхийг шаардах зэрэг гэмт хэргүүд үйлдэгддэг.

Түүнчлэн иргэдийн интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, дансанд байгаа мөнгийг тань хэний ч зөвшөөрөлгүйгээр хулгайлах гэмт хэргийн үйлдэл гарсаар байна.

Үүнээс гадна гадаад улс орнуудаас Монгол Улс руу чиглэсэн кибер болон цахим орчин ашиглан залилах гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Жишээ нь цахим орчинд үйлдэгдэж байгаа хэргүүдийг дурдвал зээлийн залилан, романс залилан, өв залгамжлалын залилан зэрэг олон төрөл бий.

Зээлийн залилангийн хэргийн хувьд их хэмжээний гадаад валютыг бага хэмжээтэй хүүгээр тодорхой хугацаанд зээлдүүлэх саналыг хуурамч фэйсбүүк хаяг ашигласан гадаад иргэд олон нийтийн сүлжээнд тавьж холбогдсон иргэдтэй гүүгл транслэйт орчуулгын программ ашиглан харилцаж зээлийн гэрээ байгуулах болон олгох гэж буй зээлийн шимтгэл, тухайн орны шаардлага зэрэг өөр бусад шалтгаан нөхцөл хэлэн урьдчилгаа мөнгө шилжүүлэн авч залилан иргэдийг хохироож байгаа асуудал ихээр гарч байгаа.

-Иргэд болон албан байгууллагууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх шаардлагатай вэ?

-Иргэдийн фэйсбүүк рүү халдаж буй гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогч нараас өөрөөс нь фэйсбүүкийнх нь нэвтрэх нэр, нууц үгийг авсан байдаг. Тодруулбал, хохирогчийн тухай анхан шатны мэдээллүүд дээр үндэслэн фэйсбүүк хаягийг нь олоод утсаар, интернэтээр өөртэй нь холбогдож “Таны утсанд мессежээр код очсон уу. Тэр кодыг хэлээд өгөөч” гэж хэлж аваад фэйсбүүк рүү нь нэвтэрчихсэн тохиолдлууд байдаг. Өөр хэд хэдэн хувилбарууд ч бий. Хамгийн гол нь цахим орчин дахь нууцлал, аюулгүй байдлаа иргэд өөрсдөө маш сайн хамгаалах хэрэгтэй.

Мөн дээрээс нь нэгэнт хаягаа алдчихлаа гэж бодъё, таны хаяг руу гэмт этгээд нэвтрэн орж ойр дотны, хүрээлэл бүхий иргэдтэй таны өмнөөс харилцаж мөнгө зээлээч гэх байдлаар залилах гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэх явцыг хохирогч нар өөрсдөө бүрэн таслан зогсоох боломжтой. Өөрөөр хэлбэл хэн нэгэн танаас өөрийн дуу хоолойгоор утсаар, дүрсээ харж ярилцахгүйгээр дэлгэцийн цаанаас учир битүүлэг шалтгаанаар мөнгө гуйсан тохиолдолд заавал тухайн хүнийг мөн эсэхийг нь нягталж байж мөнгө шилжүүлэх шаардлагатай байна. Мөн залилагч гэдгийг илтгэх нэг мэдээлэл бол хохирогчийн таньдаг хүний дансыг бус ямар нэгэн шалтгаан хэлж өөр хүний дансаар мөнгө аваад байгаа шүү дээ. Үүнийг л иргэд сайн ойлгож, тухайн гэмт үйлдлээс болж хохирохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Харин интернэт банкаа бусдад алдсан хохирогчдын хувьд и-мэйл хаягаа маш амархан нууц үгээр хамгаалснаасаа болж гэмт этгээд нууц үгийг ямар нэгэн байдлаар төвөггүй олж аван улмаар таны и-мэйл хаягийг ашиглан арилжааны банкны тань интернэт банк руу шууд нэвтэрч байгаа юм. Тиймээс интернэт банкны нууц үгээ сар болгон сольж байх, фэйсбүүк болон и-мэйл хаягийнхаа “two-factor authentication” буюу давхар баталгаажуулалт хэсгийг идэвхжүүлэх хэрэгтэй. Давхар баталгаажуулалтыг идэвхжүүлснээр халдагч этгээд фэйсбүүк эсвэл и-мэйл хаягийн тань нэвтрэх нэр, нууц үгийг мэдсэн ч бүртгэлгүй төхөөрөмжөөс таны хаяг руу нэвтрэх үед бүртгэлтэй гар утас руу тань зөвшөөрөл шаардсан зурвас, мессеж очно. Тиймээс давхар баталгаажуулалтыг идэвхжүүлснээр цахим хаягаа 80-90 хувьтай хамгаалж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамд ашиглаж байгаа сошиал платформууд болон бусад апп-ууд өөртөө хамгаалалтын горимтой байдаг тул аль болох тэдгээрийг идэвхжүүлэх шаардлагатай. Дээрээс нь нууц үгээ тогтмол солих байдлаар нууцлал, аюулгүй байдлаа хангаж байх хэрэгтэй.

-Зарим хохирогч маш амархан нууц үг хэрэглэдгээс болж цахим хаягаа алддаг гэлээ. Энэ асуудал дээр зөвлөгөө өгөөч?

-Фэйсбүүк, и-мэйл хаягаа алдсан зарим хохирогчийн нэвтрэх нэр, нууц үг нь утасны дугаар нь байдаг. Ийм тохиолдолд халдагч этгээд таагаад маш амархан нэвтэрчихнэ. Тиймээс том болон жижиг үсэг, тоо холилдсон нууц үгтэй болох хэрэгтэй. Мөн нэг нууц үгээ дахин бүү ашигла. Тухайлбал, фэйсбүүк, и-мэйл хаяг, интернэт банк, өөр бусад цахим хаягтаа ч гэсэн тус бүрт нь өөр өөр нууц үг тохируулах хэрэгтэй.

-Гадны орноос үйлдэж буй залилах гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Гадаад улсаас үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тухайд нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй, яагаад гадаад улсад байгаа хүн Монгол Улсад байгаа хүнтэй өмнө нь нэг ч удаа харилцаагүй байж өв залгамжлал ч гэдэг юм уу, өөр бусад байдлаар мөнгө шилжүүлнэ гэж, мөн гадаад улсаас цахимаар онлайн гэрээ контракт байгуулж, бага хүүтэй, их хэмжээний мөнгө зээлүүлнэ гэж үү. Энэ талаар эхлээд маш сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй, мөн эргэлзээтэй санагдсан, тэгж санагдаагүй хэдий ч заавал хуульч, эсхүл чиг үүргийн мэргэжлийн байгууллага, нэгжээс тодруулж лавлах нь өөрийгөө энэ төрлийн хэргийн хохирогч болох, цаашлаад санхүүгийн болон, сэтгэл санааны хор уршигт өртөхөөс хамгаалж чадах юм.

-Албан байгууллагуудын удирдлага, мэргэжилтэн, ажилтнууд цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Албан байгууллагууд вирусийн эсрэг лицензтэй программ байнга ашиглах, үндсэн ашигладаг үйлдлийн болон хамгаалалтын системээ байнга шинэчлэх хэрэгтэй. Албан байгууллагын ашигладаг лицензтэй вирусийн программын лицензийн хугацаа нь дуусчихсан, сунгаагүй тохиолдолд гадны халдлага ямар нэг байдлаар тухайн байгууллагын компьютерт очиж байдаг, компьютер дээрх мэдээлэл хуулагдах эрсдэл үүсдэг.

-Бага насны хүүхдүүд цахим орчны хэрэглээнээсээ үүдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна гэсэн. Эцэг эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлэх үүднээс энэ асуудлаар мэдээлэл өгч болох уу?

-Эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдийн зан төлөв, ертөнц дэлхийг таних, мэдэх сонирхлыг хүлээн зөвшөөрдөггүй, үл ойшоодог байдлаас болж бага болон өсвөр насны хүүхдүүд нуугдмал, өөрт тохиолдсон үйл явдал, хэнтэй харьцаж, нөхөрлөж байгаагаа эцэг эх, асран хамгаалагч нартаа хэлдэггүй, зөвхөн ойр дотны хүн, найз нартаа л хэлдэг. Энэ асуудлаас болоод бага болон өсвөр насны хүүхдүүд гэмт этгээдэд уруу татагдах, хувийн мэдээллээ алдах, эрхшээлд орох эрсдэл үүсч байна. Хүүхдүүд гэмт хэрэгтний эрхшээлд орсноор зураг, бичлэгээ илгээх, улмаар уулзаж гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол гарсан.

Энэ хэрэгтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарыг нэгдүгээрт, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавих, хоёрдугаарт, хүүхэд нь, хүүхдийн тань найз нөхөд цахим орчинд байхдаа гэмт хэргийн хохирогч болсныг мэдээд уурлаж уцаарлах, хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмж (ухаалаг гар утас, суурин болон зөөврийн компьютер, таблет зэрэг ), цахим орчны хэрэглээнд хязгаарлалт тавих бус өөрт нь тулгарсан асуудлаа шийдэхийн тулд аав ээж, асран хамгаалагчаасаа туслалцаа хүсч байгааг нь зөвтгөж, магтан сайшаах хэрэгтэй. Яагаад гэвэл бүртгэгдсэн бага болон өсвөр насны хүүхэд хохирсон гэмт хэргүүд анхандаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байдаг. Хохирол улам ихсээд бусдад анзаарагдахуйц болсон үед эцэг эх, асран хамгаалагч нь мэдэж цагдаагийн байгууллагад ханддаг. Учир нь бага насны хүүхдүүд цахим орчинд байх үедээ гэнэн итгэмтгий зангаасаа болж гэмт хэрэгтний эрхшээлд орох, хохирогч болох тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдаа хэлэхээс айдаг. Дээр хэлсэнчлэн гар утас, цахим орчны хэрэглээнд нь хязгаарлалт тавина, найз нөхөдтэй нь уулзуулахаа болино, тодорхой хугацаанд гэрийн хорионд байна, тухайн асуудал шийдэгдсэн ч гэр бүлд нь таагүй уур амьсгал үүсэхээр эцэг эх, асран хамгаалагч нь дахин сөхөж (“Би чамд хэлсээр байтал юу боллоо, гар утсаа өдөр шөнөгүй битгий шагайгаад бай гэж хэлсээр байтал яасан билээ” гэх мэтээр) ярьдаг. Эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдэдээ зөв зүйтэй хараа хяналт тавьснаар цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг хор уршиг үүсэхээс өмнө буруутай этгээдийг илрүүлэх бүрэн чадамж, боломж бий.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахим орчинд элдэв гэмт хэргийн халдлагад өртөхөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхдүүд ихэвчлэн “Facebook”, “Instagram” “Tik Tok” “Likee” гэсэн апп ашиглаж хоорондоо харилцаж байна. Энэ сошиал хаягуудынх нь хэрэглээг шууд ил шалгах бус тодорхой хугацааны зайтай шалгалт тогтмол хийж байх хэрэгтэй. Мөн хүүхдийн тань сэтгэхүй, харилцаа нь өөрчлөгдөж байна уу, ямар хүмүүстэй харилцаж байна гэдэгт анхаарал хандуулж, шалгаж байгаарай. Мөн хүүхдэдээ “Муу, муухай санаатай хүмүүс цахим орчинд байдаг, тэд өөрийг чинь болон найз нөхдийг чинь ямар нэгэн байдлаар дарамтлаад байвал аав, ээждээ хэлж байгаарай. Аав, ээждээ хэлснээрээ муу, муухай хүмүүст хариуцлага тооцож чадна” гэсэн ерөнхий ойлголт мэдээлэл өгч байх хэрэгтэй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Тэмүүлэн: Хүүхдэдээ зөв зүйтэй анхаарал хандуулснаар гэмт хэргийг хор уршиг үүсэхээс өмнө илрүүлэх боломжтой  
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй