Шууд Chart

Олимпын өдрийн 128 жилийн ойг тэмдэглэлээ

2022-06-23 15:36:08

Олон улсын олимпын хороо байгуулагдсан зургаадугаар сарын 23-ны өдрийг дэлхий даяар Олимпын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Олимпын өдөрт зориулан ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ дэвшүүлснийг оролцогчдод сонирхуулсан бөгөөд МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцож байсан үе үеийн тамирчид, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Мөн энэ үеэр “Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад батламжийг нь гардуулж өглөө.

Ташрамд дуулгахад, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн энэхүү хөтөлбөрт байт харвааны Г.Хишигсайхан, боксын Б.Буяндалай, Х.Энхмандах, М.Намуун, туялзуур сэлэмний Б.Амарзаяа, жүдо бөхийн Г.Алтанбагана, Л.Сосорбарам, Ё.Басхүү, буудлагын Ц.Анударь, Э.Даваахүү, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл, Т.Тулга гэсэн 15 тамирчин хамрагдаж байна.

Үүнээс гадна олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан брэйк бүжгийн спортын залуус тус арга хэмжээнд хүрэлцэн оролцож бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулсан нь энэ өдрийн оргил мөч байв.

Мөн байт харваа, гольф, бадминтон, цанын холбооныхон спортоо сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Түүнчлэн Олимпын өдөрт зориулсан залуу тамирчдын гүйлтийн тэмцээн болж, 200 гаруй тамирчин хамрагдлаа. Тэднээс эрэгтэй, эмэгтэй төрөл бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдад сертификат, гарын бэлэг гардуулж өгөв.

Ийнхүү Олимпын өдрийн 128 жилийн ойн арга хэмжээ өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Олимпын өдрийн 128 жилийн ойг тэмдэглэлээ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй