Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж, Төсвийн зарлагын дэд хороо болон бусад Байнгын хороодод шилжүүллээ

2022-07-02 10:43:45

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.07.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар

УИХ-ын гишүүд урсгал зардал нэмдэг хөрөнгө оруулалтыг багасган, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь зүйтэй. Ингэж байж төсөвт орон зай гарган, түүнийгээ хөгжлийн хөрөнгө оруулалт руугаа чиглүүлэх боломжтой болно гэсэн байр суурьтай байлаа. Түүнчлэн төсвийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллахыг тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, энэ оны төсвийн орлогыг бид төлөвлөхөд хэт өөдрөг байна гэж шүүмжилж байсан. Төсвийн орлогын тухайд эрсдэлтэй тал бий ч хагас жилийн байдлаар гүйцэтгэл боломжийн яваа. Дэлхий нийтийг хамарсан хямралаас үүдэлтэй хүндрэлүүд үргэлжлэхээр байгаа ч бид төлөвлөж байсан орлогоо бууруулахгүйгээр төвлөрүүлэхээр зорьж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 43 их наядад хүрсэн. Төсөв 13-18 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь 1/3 гэсэн ерөнхий харьцаатай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийн нэг төгрөгөөрөө дотоодын нийт бүтээгдэхүүний гурван төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Цаашдаа төсвийн шинэчлэл хийж үр өгөөжийг дээшлүүлж, энэ энэ харьцааг өндөр болгоно гэсэн үг. Төсвийн нэг төгрөгөөр гүйцэтгэж буй төрийн үйлчилгээ, бүтээмжийг өндөр болгох юм. Үүнтэй холбоотойгоор бид сар гаруйн өмнө Төрийн хэмнэлтийн хууль гаргасан. Цаашдаа бүтээмжтэй, үр өгөөжтэй төсвийг төлөвлөж баталдаг болно.

Төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжил рүү илүү чиглүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байна. 2021 оны төсвийг ингэж зорьж хийсэн. 2021 онд дэд бүтцийн буюу зам, эрчим хүч, хот байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг зоригтой тавьсан. Гүйцэтгэлийн хувьд үнийн нэмэгдэл болоод бусад тодорхойгүй байдлаас болоод удаашралтай зүйл бий. Энэ зорилго, зорилтоо дараа дараагийн онуудад хадгалж явна гэсэн хариулт өгсөн. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, төсвийн алдагдал 2021 онд бараг гурван их наяд руу дөхжээ. Алдагдлыг багасгах талаар ямар бодлого боловсруулж байна вэ. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтыг яаж үр дүнтэй болгох вэ хэмээн асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын төсөв 2019 он хүртэл буюу ковидын нөхцөл байдал бий болохоос өмнө алдагдлаа үе шаттай бууруулж ирсэн. Ковидын улмаас тооцоолж, төсөвлөөгүй байсан зардлууд гарч, алдагдал нэмэгдэж ирсэн. Цаашид шат дараатай бууруулж, 2025 он гэхэд төсөв алдагдалгүй байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагуудаа бид хуульчилсан. Энэ шаардлагын хүрээнд ажиллаж байна. Төсвийн алдагдлыг бууруулахын төлөө байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн ажил олон жил сунжирч, өртөг нэмэгдэх асуудлууд гарч байна. Төсвийн алдагдал өндөр болж, өр зээл нэмэгдсээр байна. Энэ хүнд цаг үед бид асуудалд арай өөрөө хандан ирэх жилээс эхлэн төсвийн шинэчлэл хийх хэрэгтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, хөрөнгө оруулалтуудыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасан шалгуур шаардлагуудыг хангахгүй төлөвлөснөөс болоод үнэ өртөг нэмэгдэн, цаг хугацаа хойшилж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Жилээс жилд өртөг нь өндөрсөөд байдал хүндэрнэ. Аймгийн төв, нийслэл, сум, дүүрэгт буй 70 хувиас дээш гүйцэтгэлтэй сургууль цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрын барилгуудын хөрөнгө оруулалтыг ондоо багтаан шийдэж ашиглалтад оруулмаар байна. Өртөг зардал нэмэгдсэнээр төсөвт өртгөөс хэдий хэмжээний зөрүү гарч байна вэ гэлээ.

Б.Жавхлан сайд болон Сангийн яамны ажлын хэсгээс, хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд маш тодорхой бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Шинэ хөрөнгө оруулалтаас илүү өнөөдрийг хүртэл үнийн өсөлтөөс болоод саатсан, гэрээгээ хийсэн ч эхлүүлж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтыг шийдэхээр төлөвлөж байгаа гэдгийг тодотгосон. Энэ оны  04 дүгээр сарын нэгнээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1122 барилга 534-т нь барилгын материалын өсөлтийн магадлал хийх ажлыг Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан гэсэн хариултыг өгсөн. Барилгын материал бүр дээр нэг бүрчлэн магадлал хийхэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 534 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 274 тэрбум төгрөгийн барилгын материалын үнийн өсөлт гарсан нь тодорхой болсон байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын дэд хороо болон бусад Байнгын хороодод шилжүүллээ.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа нэгтгэх шаардлага бий болсон гэсэн үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.


УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж, Төсвийн зарлагын дэд хороо болон бусад Байнгын хороодод шилжүүллээ  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй