Шууд Chart

Байгаль орчны цогц мэдээллийг өгөх явуулын төв Орхон аймагт байгуулагдлаа

2022-07-03 12:36:35

БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд байгаль орчны талаарх мэдээллийг цогц байдлаар өгөх явуулын мэдээллийн төвтэй болох ажлыг эхлүүллээ.

Энэхүү төсөл нь Орхон аймагт хэрэгжиж байгаа бөгөөд тус төвийн үйл ажиллагаа нь хүүхдүүд, иргэд олон нийтэд  байгаль орчны эко системийн талаарх мэдээллийг авахаас гадна, хорхой шавжны онцлог, усны бохирдлыг хэмжих, хөрсний судалгаа хийх гээд бичил туршилтуудыг хийж үзэх боломжийг олгож байгаагаараа онцлог. Мөн виртуал байдлаар тухайн орон нутгийн байгалийн үзэсгэлэнт  газар, ан амьтадтай танилцах боломжтой.  

Эхний ээлжид Орхон аймагт энэхүү явуулын мэдээллийн төвийг байгуулсан бол Хөвсгөл аймагт танхимаар энэхүү мэдээллийг өгөх боломжийг олгож байна. Цаашид энэхүү хоёр загвараар бусад аймгууд, сумын төвшинд ч гэсэн байгаль орчны талаарх мэдлэг мэдээлэл олгох ийм төвүүдийг бий болгох боломжтойг албаныхан хэлж байна.

Бусад аймаг энэ төвөөс санаа авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой

БОАЖЯ-ны Хэлтсийн дарга Ц.Уранчимэг: 

“ТХБ-II” төслийн хүрээнд нийгэмд, байгаль орчинд, боловсролд ээлтэй хүртээмжтэй олон төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Байгаль орчны боловсролыг цогцоор өгөх зорилготой явуулын мэдээллийн төвийн төсөл. Энэхүү төслийн санхүүжилтийг Швейцарын хөгжлийн агентлаг болон Орхон аймаг орон нутгийн төсвөөсөө шийвэрлэсэн. Манай яамнаас хөтөлбөр боловсруулж баталж өгсөн. Энэхүү төвөөр зочилсон хүүхэд багачууд, оюутан залуучууд, эцэг эхчүүд байгаль орчны талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, сонирхолтой туршилтуудыг хийж үзэх боломжтой. Бусад аймаг энэ төвөөс санаа авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Виртуал байдлаар амьтан ургамалтай танилцах боломжийг олгож байна

Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг:

Явуулын сургалт мэдээллийн төвийн энэ жилийн үндсэн агуулга нь хөрс, усны асуудал. Усаа таньж мэдээгүй байж эрүүл хоол хүнс, эрүүл орчин нөхцөлийн талаар ярьдаг. Тэгвэл тухайн орон нутгийн иргэдийн хэрэглэж байгаа, мал амьтны ундаалж байгаа усны бохирдол ямар төвшинд байна вэ гэдгийг судалж үзэх, хоёрдугаарт тухайн орон нутгийн хөрс нь ямар онцлогтой, ямар бүтэцтэй байна вэ, тухайн газарт ямар ургамал, мод ургах боломжтой вэ гэдгийг судалж тогтоохыг зорьж байна. Мэдээж нарийн судалгааг хийж чадахгүй. Би тухайлбал хашаандаа ногоо тарих гэж байгаа бол хөрсөө таньж мэдэх хэмжээний хамгийн энгийн багаж хэрэгслүүд бий.

Хоёрдугаарт, виртуал байдлаар амьтан ургамалтай танилцах боломжийг олгож байна. Тухайлбал, Орхон аймгийн хэмжээнд байдаг ан амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэнт газруудтай энэ явуулын төвөөр зочилсон хэн бүхэн танилцаж болно гэсэн үг.   

 

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Байгаль орчны цогц мэдээллийг өгөх явуулын төв Орхон аймагт байгуулагдлаа  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй