Шууд Chart

Ц.Цэцэгээ: 19 настайдаа 300 гаруй хүнээс шалгарч радиогийн нэвтрүүлэгчээр ажилд орж байлаа

2022-07-08 13:23:01

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан

-Юун түрүүнд танд удахгүй тохиох Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа. Та нартаа ч мөн баярын мэнд хүргэе. МҮОНРТ-ийн бүх хамт олондоо сайн сайхныг хүсэн ерөөе.

-Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Би анх 1964 онд 19 настай хүүхэд радиогийн нэвтрүүлэгчээр шалгуулж тэнцээд ажилд орж байлаа.

Арван жилээ төгсөхдөө би дээд сургуульд орж чадалгүй, улаан шугамын гадаа үлдчихсэн юм. Оюутан болно гэж мөрөөдөж, бэлдэж байсан хүн чинь тийм юм болчихоор сэтгэлээр нэлээн уналаа. Тэгээд Улс нийтийн номын сан буюу одоогийн Монгол Улсын Үндэсний номын санд ойрын фондын эрхлэгчээр ажилд орсон. Уншигчидтай тулж ажилладаг буюу уншигчдад ном олгодог, эргүүлж хүлээн авдаг, номоо катологийн дагуу өрж бэлддэг ажил л даа. Энэ ажил минь оюутан болсон юм шиг л номтой нөхөрлөх, ном уншиж суух боломжийг олгосон. Ингэж нэг жил хэртэй ажилласны дараа үдийн цайгаа уучихаад эргээд ажил руугаа явж байтал намайг Номын санд ажил оруулсан холын хамаатан шахуу эгчийн нөхөр “Хүнсний хорь”-д тааралдаад “Радио нэвтрүүлэгч шалгаж авч байна. Баахан л хүн шалгуулж байна. Чи очиж шалгуулаач” гэж хэлсэн. Би “Радио хаана байдгийг ч мэдэхгүй” гээд өөрийгөө голс хийх маягтай хэлэхэд “Ах нь дагуулаад явъя” гээд цуг очсон юм.

Тэр үед Радио Төв шуудангийн баруун хаалганд байлаа. Очсон шалгуулж байгаа хүн ч цөөхөн байв. Тэгээд шалгалтад бүртгүүлэхэд гурван зуун хэдэд намайг бүртгэсэн юм. Маш олон хүн шалгуулчихсан байсан юм билээ. Шалгалтын комиссынхон эхэндээ намайг нээх тоогоогүй. Учир нь би дээд боловсролгүй, шалгуулахаар очсон хүмүүсээс насаар хамгийн бага нь л байсан байх. Өгсөн текстийг нь уншсан чинь шалгалтын комисс сая нэг намайг анхаарч “студи рүү явъя” гээд студид микрофонтой шалгасан. Тэгээд “Бид нийтдээ 300 гаруй хүн шалгасан. Үүнээс чамтай нийлээд зургаан хүн дараагийн шалгаруулалтад үлдэж байна. Гэхдээ энэ зургаа дотроос зөвхөн нэг л хүнийг радиогийн нэвтрүүлэгчээр авна” гэж хэлсэн.

-Ямар зургаан хүн үлдсэн бэ?

-Дан мундагчуул үлдсэн. Хуучин нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад нөхрөө орон нутагт ажиллахаар болоход нь дагаж явчихаад хотод ирэхэд нь эргээд хүрээд ирсэн нэвтрүүлэгч, их том мундаг Ардын зураачийн гэргий их сайхан хоолойтой нэвтрүүлэгч хүнд байх бүх л чадвар бүрдсэн хүн ч байсан. Бусад таван хүнээ бодохоор надад яаж тийм сайхан аз таарч, бурхан харсан юм болоо гэж боддог юм. Анх чинь би зургаад үлдсэн нь л их юм гэж бодож байлаа. Бид зургаа хоёр сар хэртэй шалгуулсан. Би “Миний радиогийн нэвтрүүлэгч болох ч худлаа болчихов уу даа” гэж бодож байтал намайг дагалдангаар ажилд авахаар болсон. Тэгж би номын санчийн ажлаасаа гарч, радиогийн дагалдан нэвтрүүлэгчээр ажилд орсон доо. Үе шаттайгаар зэрэг ахиулдаг, комисс байс хийгээд л шалгадаг байлаа. Зургаан сар дагалдан хийж, жинхлэгдсэн. Намайг анх ороход Монголын радиогийн 30 жилийн ой тохиож байсан юм байна. Улсын их дэлгүүрийн Соёлын ордонд 30 жилийнхээ ойг тэмдэглэж байсныг санаж байна.

Амьдралд хөлөө олоогүй яваа радиогийн талаар мөрөөдөж ч байгаагүй, мэдэгдэхүүн ч байхгүй жаахан хүүхдийг тосож аваад гэгээн өндөр босгоо алхуулаад хүлээн зөвшөөрөөд сайхан хамт олныхоо дунд багтаасанд одоо хэр нь баярладаг. Ар, өврийн ямар ч хаалгагүй, олон шат дараалсан шалгалтыг давсан л бол хүлээн зөвшөөрдөг, шалгалтын комисс нь үнэнчээр шалгадаг тийм л сайхан газар.

Тэр цагаас хойш миний амьдрал сүүдэр тусалгүй сайхан явсаар өдийг хүрчээ. Монголын радио надад тэргүүн зэргээ өгсөн. Итгэл хүлээлгэж Москва хотод хоёр ч удаа ажиллуулсан, Улс орны баяр ёслолууд дээр Төв талбай, Бунхант индэр, Төв цэнгэлдэх хүрээлэнд бүр Эрдэнэт үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, арга хэмжээнд, анхны холын зайн трансляция /нэвтрүүлэг/-т Г.Чулуунбат /Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн/, Доржсүрэн бид нарыг ажиллуулж байлаа шүү дээ. Намайг элгэмсэг сайхан угтаж, элэг зүрхэндээ тээж авч явсан газар бол Монголын радио. Үүнд нь их баярладаг. Монголын радиод ажиллаж байсан Д.Балжир /Соёлын гавьяат зүтгэлтэн/, манай Г.Чулуунбат /Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн/, Батцэрэн /Соёлын гавьяат зүтгэлтэн/ Гунгаа / Соёлын гавьяат зүтгэлтэн /, Баянмөнх, миний багш Дамиранжав , Ичинхорлоо мөн Цэвээндорж гэж алдартай мундаг хүнтэй ажиллаж, заалгаж, арга барилаас нь суралцдаг байлаа. Миний хамтран ажилладаг партнер болгон маань миний багш болж байсан.

Радиодоо ажиллаж байхдаа оюутан болох дээд мэргэжил эзэмших мөрөөдлөө биелүүлж Багшийн дээд сургууль /одоогийн Монгол Улсын Боловсролын их сургууль/-ийн монгол хэлний ангид сурсан. Учир нь нэвтрүүлэгч хүн аялгуу сайхан монгол хэлээ бүрэн дүүрэн эзэмших учиртай болохоор энэ мэргэжлийг сонгож суралцсан юм. Мөн ажил минь намайг багш болгосон. Ажлынхаа хажуугаар Радио, телевизийн дээд сургуульд багшилж байлаа.

Одоо бодоход ямар ваа нэгэн ажил төрөлд энэ хүн л чадах юм байна гэсэн ирээдүйг нь харж ажилд авбал тэр нэг хүний амьдралыг тэр чигээр нь өөрчлөөд, гэгээтэй гэрэлтэй сайхан болгодог юм байна гэдгийг би өөрөө биеэрээ туулсан. Хүүхдээ хөлд оруулах гэж эцэг эх яаж түшиж тулж, анхаарал халамж тавьдаг билээ радиогийн хамт олон яг тэгж л түшиж тулж намайг нэвтрүүлэгч болгосон.

Би одоо 80 дөхсөн хөгшин 19 настайгаасаа хойш “Нэвтрүүлэгч” нэрээр овоглож явна. “Нэвтрүүлэгч” нэрээр овоглодог хүмүүсийн тоонд багтаж явна гэдэг надад үнэхээр нэр хүндийн хэрэг.

-Таны үр хүүхдүүд, ач зээ нараас таны мэргэжлийг өвлөсөн үү?

-Байхгүй байхгүй. Миний санаанд нэг л хүрдэггүй л байсан юмаа. Би л голоод байсан юм байна даа гэж одоо боддог юм. Хүүхдүүдээс минь нэг нь л миний мэргэжлийг өвлөчихвөл сайхан юм даа гэсэн хүсэл бол байдаг байсан. Гэхдээ би мэргэжлээ их хүндэлдэг болохоор миний хүүхдүүдээс энэ мэргэжлийн хэмжээнд хүрэхгүй юм шиг, бэрхшээлийг нь давж туулж чадахгүй ч юм шиг санагддаг байсан. Үнэндээ миний зориг дутсан юм байна лээ. Тэр хэр хэмжээнд хүргэж болох л байсан юм байна лээ л дээ. Би өөрөө ямар хүрчихээд Радиод орсон биш, юу ч л мэдэхгүй орсон байж хүүхдүүдийнхээ нэгийг сайн бэлдээд мэргэжлээ эзэмшүүлчих байж гэсэн бодол төрдөг л юм.

-Таны хоолойг сонсоод таньж байсан тохиолдол бий юу?

-Таньдаг юм байна лээ. Айхтар сонсгол сайтай хүмүүс царайг минь хараагүй хэрнээ дуу хоолойгоор танина. Би нэг удаа хөдөөгүүр явж байгаад нэг жижиг хүнсний мухлаг руу орсон ямар ч хүн алга. “Өө хүнгүй газар ороод ирлээ” гээд өөртөө хэлсэн чинь худалдагч нь “Радио дуугарах шиг болов уу даа” гээд лангууныхаа доороос гараад ирсэн /инээв/. Радиогоор хань хийж, радио байнга сонсдог хүмүүст радиогийн нэвтрүүлэгч бидний дуу хоолой их ойр дотно байдаг юм билээ.

-Нэвтрүүлэгчийн ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байдаг вэ?

-Өөрөө дуртай болоод ч тэр үү дандаа л жаргалтай ажил гэж боддог доо. Гэхдээ өглөө хүмүүс унтаж байхад би гэрээсээ гардаг. Хүүхдүүдээ өглөө сэрэхэд нь би гэртээ байхгүй байна. Хүүхдүүдээ шөнө унтахад нь ч би гэртээ байдаггүй гээд гэр бүлээ тогтмол халамжилж чадахгүй байх үе олон. Хүмүүсийн унтаж босдог цагийн режим /тогтсон цаг/-ээс байнга зөрж ажиллана. Нэвтрүүлэгчдийг эфирт зургаан цаг суулгадаг. Радио 06:00 - 23:00 цаг хүртэл ажилладаг болохоор өглөө ээлжтэй үед 06:00-д ажилдаа бэлэн байхын тулд бүр л эрт босно, орой ээлжтэй үед шөнө 23:00 цагт ажил дуусч байгаа юм чинь бүр л шөнө харина шүү дээ.  Нэвтрүүлэгчдийн ажлын ихэнх цагаа өнгөрүүлдэг радио, телевизийн студи дуу чимээнээс хамгаалагдсан олон давхар тусгаарлалттай учир зузаан ханатай, агаар сэлгэлт явагддаггүй, байгалийн гэрэл нэвтэрдэггүй гээд хүнд нөхцөлд тооцогддог. 13 жил нэвтрүүлэгчээр ажилласан хүн тэтгэвэрт гарах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах эрх нь үүсдэг байлаа. Энэ асуудал арилж байгаа. Одоо техник технологийн хөгжлийг дагаад том цэлгэр цонхтой, агааржуулалтын системийг нь шийдчихсэн студи олон болсон.

Би 1964 оноос хойш одоо болтол нэвтрүүлэгчээрээ ажиллаж байна. Хэлж дуугарч буй үг бүр минь Монголын бүх ард түмэнд хүрдэг. Мэдээлж буй мэдээлэл бүхэн маань хүнд хэрэгтэй зүйл байдаг. Хүнд хэрэгтэй, хэрэг болох зүйлийг мэдээлэхийн тулд нэвтрүүлэгч, сурвалжлагч, редактор, найруулагч, техникийн албаныхан ажилладаг, зүтгэдэг дээ. Би гудамжинд явахад хэн ч танихгүй бусдын л адил хүн. Намайг таниад радиогийн нэвтрүүлэгч, телевизийн нэвтрүүлэгч байна шүү дээ гэж хэлдэг тэр хүндлэл надад шагнал болдог. Тэр хүндлэл шагналаас урам эрч хүч авч амьдарч ажиллаж байна.

-Та хэдэн жил нэвтрүүлэгчээр ажилласан бэ?

-Анх 19 настай Монголын радиод орсноос хойш 1991 онд тэтгэвэртээ гарсан ч гэлээ одоо ч хүртэл нэвтрүүлэгчээр ажиллаж л байна. Би 1971-1975 онд ЗХУ-ын радиод Энх тайван дэвшил станцад, 1987-1991 онд ЗХУ-ын радиогийн Монгол хэлний редакцад ажилласан. Хоёр Герман нийлээгүй байсан цаг л даа, манай гэр бүлийн хүн Баруун Германы нийслэл Боннын их сургуульд багшлахаар томилогдоод 1989 онд явсан юм. Би тэр үед Москвад ажиллаж байлаа. Дөрвөн жил ажиллах томилолттой байсан болохоор дундаас нь орхилгүй томилолтын хугацаагаа дуустал нь ажиллаад Монголдоо ирэхэд Ардын хувьсгалын 70 жилийн ой болж байлаа. 1991 онд Монголдоо ирээд тэтгэврээ тогтоолгочихоод Бонн хот руу явсан. 1993 онд нөхрийн Боннд ажиллах гэрээ дуусч бид Монголдоо ирэхэд би Монголын радиодоо үргэлжлүүлэн ажилласан. 1995 онд Монголын радиогийн нийслэлийн редакц Нийслэлийн радио болсон. Анх “Дөрвөн уул” нэртэй радио нээгдэж, сүүлд Улаанбаатар радио болсон юм. Би тэнд үргэлжлүүлж ажилласан. Улаанбаатар радиод ажиллаж байхад “C1” телевиз “Унагалдайн цаг” нэвтрүүлгийг хийхээр болж надад Үлгэрч эмээгээр ажиллах санал тавьж би зөвшөөрөхөд бүр миний биеийн хэмжээг авч надад зориулж, маш тухтай савладаг сандал хийж өгсөн. Үүнээс гадна Эрүүл мэндийн яам студи байгуулахад нь давхар ажиллаж байлаа.

Үндэсний телевизээр “Урам” нэвтрүүлэг анх цацагдахад нь ч хөтлөгчөөр нь ажилласан. Д.Амбасэлмаа гуай /Соёлын гавьяат зүтгэлтэн/, Р.Айлаахүү хөдөө явж, холын зам туулж “Аяны богц” зэрэг гоё нэвтрүүлгүүд хийнэ, намайг дуудаж, надаар уншуулна. Радио, телевизийн дээд сургуульд надаар хичээл заалгасан шавь нар маань төгсөөд фм, радиод ажиллахдаа намайг дууддаг, тэгж би “Лавайн эгшиг”, Жавзандамба хутагт төвийн “Зохист аялгуу” зэрэг бурхан шашны болон бизнес радионуудад нэвтрүүлэгчээрээ ажилласан.

-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Монголын радио, телевиздээ хамт олондоо, сонсогчид үзэгчиддээ үнэхээр их баярладаг. Чин сэтгэлээсээ хайртай шүү. Энэ үгийг ёс болгож хэлж байгаа юм биш шүү. Чин сэтгэл зүрхнээсээ хэлж байна. Энэ байгууллагадаа ажиллаад би олон сайхан хамт олонтой, олон сайхан найз нөхөдтэй, олон сайхан шавьтай болсон. Тухайлбал, би заагаад мундаг болгочихсон биш шүү өөрт нь байгалиас заяасан дуу хоолой, тэр сайхан авьяас өгөгдлөөрөө тодорсон Г.Отгон /Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн/, Шатархүү /Соёлын гавьяат зүтгэлтэн/ гэсэн Монгол Улсын хоёр сайхан Гавьяат цолтон намайг багшаа гэдэг. Би л шавь нараасаа суралцана уу гэхээс заасан юмаар маруухан.

Ахмадуудаараа, үе тэнгийн уран бүтээлчдээрээ, биднийг залгамжилж яваа хойч үеэрээ, шавь нараараа бахархаж бахаддаг. Миний хань монгол хэлний багш Д.Төмөртогоо /Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор/ гэж хүн бий. Гэр бүлдээ, хүүхдэдээ анхаарал хандуулж, халамжилж чадахгүй явахад арын албыг минь бүрэн даадаг ханьдаа баярлаж явдаг.

Намайг урьж ярилцсан та бүгдэд баярлалаа. Уншигч, сонсогч, үзэгчиддээ баярлалаа. Бүгдэд нь амьдралын хамгийн сайн сайхан, ажлын өндөр амжилт хүсч, хөгжил дэвшлийн оргилд хүрэх ерөөл өргөе өө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Цэцэгээ: 19 настайдаа 300 гаруй хүнээс шалгарч радиогийн нэвтрүүлэгчээр ажилд орж байлаа  
Үзсэн: 4383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй